Малчдын санаа бодлыг судалж байна

A- A A+
Малчдын санаа бодлыг судалж байна


Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн бодит байдал, ирээдүйн хөгжлийн талаар нийгмийн янз бүрийн давхаргын төлөөлөгчид, ялангуяа малчдын санаа бодлыг судлах, уг судалгааны дүнг бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх талаар төр засгаас явуулж байгаа эрх зүйн болон эдийн засгийн бодлого, хандивлагч олон улсын байгууллагууд, донор орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдалтай харьцуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ашиглах санал, зөвлөмж боловсруулах зорилгоор “Бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй” сэдэвт олон нийтийн санаа бодлын судалгааг Соросын сангийн “Нээлттэй Нийгэм Форум”-аас хэрэгжүүлж байгаа юм.

Судалгааны хүрээнд энэ сэдвээр гарсан хууль эрх зүйн баримт бичиг, төрөөс болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний талаархи малчдын ойлголт, тэдний орлого, зарлагын эх үүсвэр, амьжиргааны талаарх ард иргэдийн болон малчдын өөрсдийн бодол, мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй саад, бэрхшээл, малчдын сэтгэл ханамж зэргийг тодорхойлно.

Тэрчлэн байгаль, цаг уурын эрс өөрчлөлтүүдтэй холбогдон бэлчээрийн бүтэц, ургамлын бүлгэмдэл өөрчлөгдсөн эсэх, өөрчлөгдсөн бол мал аж ахуйн үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө, энэ талаарх малчдын санаа бодол, эрдэмтдийн ажиглалт, дүгнэлтийг судалж тогтоох, өмчийн харилцааны талаарх малчдын бодол, тулгамдаж байгаа асуудлуудаар тандан болон түүвэр судалгаа хийхийн зэрэгцээ малчин хүний нэн тэргүүний айдас /проблем/, түүнийг давах боломж зэргийг бүлэглэн судлах, тэдний хүсэн хүлээж буй хэрэгцээ, шаардлагыг эрэмбэлж тогтоох, мал аж ахуйг эрхлэх оновчтой хэлбэр, малчид амьжиргааны бусад сонголтыг хүсч байгаа болон ийм сонголт буй эсэх, түүнчлэн ойрын ирээдүйн зорилгыг тодорхойлохыг чухалчилж байна.

Судалгаанд нийт 12 аймаг, хотын 37 сум, дүүргийн нутаг дэвсгэрийг сонгон авч хамруулж байгаа хийгээд чингэхдээ байгаль, цаг уур, дэд бүтэц, зах зээлийн хөгжлөөр адил төстэй сумдаас нэгийг нь нөгөөг төлөөлүүлэх байдлаар сонгосон юм. Судалгаанд малчин өрх, сум, орон нутагт оршин суугчид, бодлого боловсруулагчид болон орон нутгийн удирдлага, мэргэжлийн хүмүүс буюу эрдэмтэд, судлаачид хамрагдсан болно.