Монгол дахь архины хэрэглээний талаарх судалгааны зарим үр дүн

A- A A+
Монгол дахь архины хэрэглээний талаарх судалгааны зарим үр дүн

Л.Дамдинсүрэн  /ШУТИС-ийн Тэргүүлэх профессор, доктор/

 

Манай оронд архидалт газар авч, ил, далд архичидтай, тэдгээрт үйлчилдэг сүлжээ буй болсон талаар бидний хэсэг судлаачид хэвлэл, мэдээллийн ажилтнууд болон олон нийтэд энэ оны 7 дугаар сарын эхээр мэдээлж, бодит байдлыг тодотгох судалгааны ажилдаа орсон билээ. Судалгаа, тандалтын зарим  хэсгээс танилцуулъя.

 

Монгол Улсад 2006 онд спиртийн 15 үйлдвэр,  архины 114 үйлдвэр, дарсны 15 үйлдвэр албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, жилд  4032,9 мянган литр спирт,  10719,6 мянган литр архи үйлдвэрлэжээ. Архины үйлдвэрүүд суурилагдсан хүч чадлын 30,5 хувь, спиртийн үйлдвэрүүд 13,9 хувийг ашиглаж байгаагаас үзвэл цаашид энэ чиглэлийн үйлдвэр нэмж байгуулах нь бизнесийн ирээдүйгүй болохыг харуулж байна. Согтууруулах ундааны дотоод зах зээлийн   47 хувийг  архи, 33 хувийг  пиво, 18 хувийг  спирт, нэг хувийг  дарс эзэлж байна. Спирт, архины зүйлийн импорт 1995 оноос эхлэн багассаар 2006 оны байдлаар дэлхийн брэнд виски, конъяк, ликёр   нийт 84,0 мянган литр, дарс 288,1 мянган литрийг импортоор авчээ. Эдгээр тоо баримт нь архины дотоод зах зээлийг үндэсний үйлдвэрлэл эзэмших болсныг нотолж байна. Архины үйлдвэрийн тоо, суурилагдсан хүч чадалтай харьцуулахад архины экспорт эрчимтэй бус байгаа боловч 2006 онд 78,2 мянган литр болж, өмнөх оноос 2,6 дахин нэмэгдэжээ.

 

 

 

Зураг 1. Зах зээл дэх архины бүтэц

 

 

Манай зах зээлд борлогдож байгаа архины зүйлийг зураг 1-ийн дагуу ангилж, тэдгээрийн хэрэглээ ямар байгааг нийслэлийн 5 дүүрэг, Дархан-Уул, Орхон, Завхан, Баянхонгор аймгийн нийт 1782 хэрэглэгчийн дунд “санамсаргүй түүвэр”-ийн аргаар судлав. Улаанбаатарын хэрэглэгчдийн 70,6 хувь, хөдөөгийнхний 73,6 хувь нь архийг хааяа хэрэглэдэг, өрхийн хэмжээнд сард 1-2 лонх архи хэрэглэгсэд  нийслэлд 69,5 хувь, хөдөөд 63,6 хувь байна. Нийслэлээс судалгаанд хамрагсдын 69,5 хувь нь сард 1-2 удаа, 26,6 хувь нь 7 хоног бүр, 3,8 хувь нь архийг байнга хэрэглэдэг гэсэн бол хөдөөд энэ үзүүлэлт 75,1:21,7:3,0 байна.  Хот, хөдөөгөөс судлагдсан нийт хэрэглэгчдийн 48,1 хувь нь “Хараа” болон  орон нутгийн цагаан архи, 38,4 хувь нь “Гранд Чингис”, “Чингис” зэрэг үндэсний брэнд, харин 13,3 хувь нь виски, конъяк, ром мэтийн гадаадын архи хэрэглэдэг бол 48,2 хувь нь 3500-4500 төгрөгийн үнэтэй архи, 24,2 хувь нь 2000 төгрөгөөс доош үнэтэй \зур.1 сегмент 4\ архи хэрэглэж байна.    Олон газраас нэг дор цугласан 20 хүнээс асуулга авахад 55 хувь нь “мянгын” архины хэрэглээ их, түүнийг борлуулах гол цэг нь дэлгүүр, агент, зах болохыг нотолж байна.

 

Дундаж нэг хэрэглэгчид  ногдох согтууруулах ундааны хэрэглээг тооцох аргачлал, үнэлгээний жиших үзүүлэлт /хэрэглээний стандарт хэмжээ/-ийг тогтоох зорилт “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан боловч хэрэгжээгүй байгаа учраас согтууруулах ундааны хэрэглээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр янзбүрийн тоо дурдагдаж, олон нийтийн дунд тайвшрал, айдасын аль алиныг төрүүлсээр байна. Иймд ДЭМБ-ын судалгаа, зөвлөмж болон өөрийн судалгааны үр дүнд тулгуурлан согтууруулах ундааны хэрэглээг тооцох аргачлалыг боловсруулсан юм. Бидний аргачлалаар статистикийн албан ёсны тоо баримтыг үндэслэн тооцоход манай улсад 2006 оны байдлаар 21-ээс дээш насны дундаж хүн жилд 3,48 литр  этилийн /усгүй/ спирт буюу 380-тай 9,16 литр архи хэрэглэж байна. Энэ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээтэй ойролцоо байгаа боловч шимийн архи, айрагны үйлдвэрлэл, хэрэглээний статистик мэдээлэл байхгүй, түүнээс гадна далд аргаар бэлтгэгдэн зах зээлд борлогдсоор байгаа “мянгын архи”, “найрка”, гэрийн нэрмэл /самогон/, архичдад зориулан захын дэргэд зардаг “бакусын шилт” зэрэг зүйлс энд тооцогдоогүй учраас этилийн спиртийн нэг хүнд ногдох хэрэглээний талаар шууд дүгнэлт хийхэд бэрхшээл учирч байна.

 

Архины зах зээлийн 24 хувийг эзэлж байгаа “мянгын архи” гэдэгт чухам ямар зүйл ордог талаар  исгэлтийн үйлдвэрийн мэргэжилтнүүд, төр, захиргааны ажилтнууд, архины хэвийн болон хэтрүүлэн хэрэглэгчид энэ зах зээлийн харилцаанд шууд болон шууд бусаар оролцогчдын зэрэг янз бүрийн төлөөлөлтэй ярилцаж, судалгааг гүнзгийрүүлэхэд сонин дүр зураг гарлаа.