Зээл, тусламжаас илүүтэй хөрөнгө оруулалтыг шүтэхийн учир

A- A A+
Зээл, тусламжаас илүүтэй хөрөнгө оруулалтыг шүтэхийн учир

Г.Отгонбаяр
(Сэтгүүлч, Зууны мэдээ сонины Улс төр, гадаад мэдээний албаны дарга)

Яг энэ өдрүүдэд Монголд хандивлагчдын уулзалт Японд болж өндөрлөв. Ийм уулзалтыг арав дахь жилдээ хийж буй нь энэ юм. Токиогийн уулзалтаас донор орнууд 2004 онд Монголд 335 сая ам.долларын зээл тусламж үзүүлэхээр амлажээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь нэг тэрбум ам.доллараас хэтэрдэггүй, эдийн засгийн багтаамж багатай манай улсын хувьд дээрх амлалтыг “чанга атгах”-аас өөр аргагүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улс зээл тусламжаас илүүтэй гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх болсон. Зээл тусламж гэдэг хойч үедээ өвлүүлж буй их өр. Харин гадаадын хөрөнгө оруулалт бол ирээдүйдээ зориулсан хөгжил. Монголчууд энэхүү аксиомыг ойлгож амьдралд мэдрэх болсон тул ийнхүү зээл тусламжаас “нүүр буруулсан” хэрэг. Тийм ч учраас Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг хуульчилж, энэ чиглэлийн чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохиогоод байна.

Өдгөө Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 72 орны 2300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний 70 хувь нь хамтарсан, үлдсэн нь 100 хувийн хөрөнгө оруулалттай. Ер нь Монголд хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр БНХАУ, БНСУ, ОХУ, Япон зэрэг улс тэргүүлдэг байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдлыг дараахь гуравхан зүйлээр тодотгож болж байна.

Төсвийн орлогыг бүрдүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулж байгаа л бол манай улсын хуулийн этгээд. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу Аж ахуйн нэгжийн орлогын, Нэмэгдсэн өртгийн, Хүн амын орлогын, Тээврийн орлогын албан татвар төлдөг. Бас эдгээр татварын заримаас чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэх эрхтэй. Гэхдээ л гадаадын хөрөнгө оруулагчид татвараар дамжаад Монгол Улсын жилийн төсвийн 20 хувийг бүрдүүлдэг. Харин нийслэлийн төсөвтэй шууд харилцдаг аж ахуйн нэгжүүдийн 80 орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид аж. Тэдгээр аж ахуйн нэгж зөвхөн 2002 онд 31,3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт нэмэрлэжээ.

Ер нь гадаадын хөрөнгө оруулагчид 1990 оноос хойш Монгол Улсад 800-гаад сая ам.долларын хөрөнгө оруулсан гэсэн тооцоо байдаг.

Ажлын байр бий болгож мэргэжилтэн бэлтгэдэг. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 2300 орчим аж ахуйн нэгж байгааг дээр өгүүлсэн.Тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 70 мянга гаруй монгол иргэн ажилладаг гэсэн статистик гарчээ. Шинэ техник технологио дагаад тэдгээрийг ажиллуулж сурах чиглэлд хэчнээн хүн албан бусаар мэргэжил эзэмшиж буйг тооцоолоход бэрх.

Хөрөнгө оруулалт Монгол Улсын гадаад сурталчилгаа болж шинэ техник технологи нэвтэрч байна. Монгол Улсын төр, засаг ч гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд чамгүй ажил хийдэг. Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 1997,1998, 2002 онуудад зохион байгуулав. 2002 онд болсон хамгийн сүүлийн чуулга уулзалтад 44 орны 530 бизнесмен оролцжээ.

Эдийн засгийн таатай орчноос гадна манай улсын хөрөнгө оруулалтын салбар ч дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн ордод Канадын “Айвенхоу майнз” компани хайгуул хийж хөрөнгө оруулж байгаа. Агууламж өндөртэй зэсийн баяжмал болон алтны нөөцөөрөө Оюутолгойн орд дэлхийн бусад орны уул уурхайн салбарт өнөөг хүртэл шуугиан дэгдээсээр байгаа юм. “Айвенхоу майнз” компани саяхнаас Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр HUGO нэртэй шинэ төрлийн хувьцаагаа борлуулж эхлэв. Шинэ хувьцаа ч эрэлт ихтэй, "Айвенхоу майнз" компанийн захирал Р.Фрейдланд ч олны анхааралд өртсөөр байна. Энэ канад эрийн бизнесийн нэр хүндийн энэхүү огцом өсөлт зөвхөн Монгол дахь Оюутолгойн ордтой холбоотой юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад шинэ техник технологи олноор нэвтэрч байгааг тоочвол нэлээд урт жагсаалт гарна. Ганцхан жишээ хэлэхэд Японы “Сумитомо” корпорацын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мобиком”-ын гар утсыг өнөөдөр Монгол Улсын 21 аймагт 250 мянга гаруй хүн хэрэглэж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аас анх 1994 онд баталжээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан тус хууль гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улсын эдийн засгийн орчин, улс төрийн тогтвортой байдлыг ихэд сонирхдог. Гэхдээ үүнээс илүүгээр татварын хөнгөлөлт тэдний сонирхолыг татдаг байна. Монгол Улсын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад татварын хэд хэдэн хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлдэг. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15, 40, Хүн амын орлогын албан татварыг 10, 20, 40, нэмэгдсэн өртгийн албан татварыг 15 хувиар төлдөг. Энэ нь харьцангуй бага хувь хэмжээ гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ. Азийн бусад оронд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ л гэхэд 28,30 гэсэн өндөр хувьтай байдаг аж. Чухам тийм учраас л оёдлын жижиг үйлдвэрүүд Монголыг чиглэдэг байна. Үүнээс гадна тухайн хөрөнгө оруулагч бүтээгдэхүүнийхээ 50-иас илүү хувийг экспортод гаргадаг бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас эхний гурван жил 100, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлдөг. Мөн газрын тос, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчийг эхний таван жил 100, дараагийн таван жил 50 хувь, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагчийг эхний арван жил 100, дараагийн таван жил 50 хувиар тус тус Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлдөг. Хэрэв тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөхгүйгээр дүрмийн сандаа нэмэгдэл хөрөнгө оруулж ирвэл түүнийг нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг байна. Хамгийн сүүлд буюу 2002 онд алтны экспортоос авдаг 10 хувийн татварыг тэглэж алтны нөөц ашигласны төлбөрийг шороон ордод 7.5, үндсэн ордод 2.5 хувиар тогтоожээ. Эдгээр хөнгөлөлтөөс гадна хоёр сая ам.доллараас дээш дүрмийн сантай хөрөнгө оруулагч өөрөө хүсвэл Засгийн газартай 3-5 жилийн хугацаатай тогтворшлын гэрээ байгуулах эрхтэй.

Одоогоор Засгийн газраас татварын хөнгөлөлтөөс гадна эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аж үйлдвэрийн үндэсний парк байгуулах зэргээр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ажлууд хийж байна.

Монгол Улс эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, газар зүйн байрлалын хувьд түгжигдмэл. Гэхдээ энэ онцлог нь бас хөрөнгө оруулалтыг татах нөхцөл болдог тохиолдол ч бий. Харин эдгээр онцлогоос гадна манай улсын байгалийн баялаг гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүү татдаг. Судлаачдын гаргаснаар бол гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын таван салбарыг илүүтэй сонирхдог байна. Үүнд:

-Уул уурхай, газрын тос
-Хөдөө аж ахуй, боловсруулах салбар
-Дэд бүтэц
-Мэдээлэл холбоо
-Аялал жуулчлал юм байна.

Үүнээс гадна арьс шир, ноос ноолуурын салбарыг сонирхдог байна.

Эцэст нь тэмдэглэхэд гадаадын хөрөнгө оруулалт Монголд чухам юу өгч байгааг энэхүү өгүүллийн эхэнд тэмдэглэсэн. Харин аж ахуйн нэгж тус бүрээр татварын хэмжээг гаргах нь тухайн компанийн бизнесийн нууц, нэр хүндтэй холбоотой тул энэ удаа татгалзлаа. Улсын төсвийн 20 хувь гэдэг том тоо. Энэ нь 2-3 аймгийн бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Гадаадын хөрөнгө оруулалттай нэг жижиг аж ахуйн нэгж л гэхэд Хүн амын орлогын татварт жилд 500-600 мянган төгрөгийн татвар төлдөг. Энэ нь нийслэлийн нэг дүүргийн эмнэлэгийн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээ.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгүүлснээр бол Монголд 29 мянган аж ахуйн нэгж бий. Тэдний 2300 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Математик утгаараа энэ бага үзүүлэлт. Хэдий тийм ч жил бүр “шилдэг 100” аж ахуйн нэгж шалгаруулахад тэдний дөрөвний нэг орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байдаг байна. Өнөө жил гэхэд гадаадын хөрөнгө оруулалттай хоёр аж ахуйн нэгж манай улсын эдийн засгийн салбарт шинэ амжилт тогтоов. ОХУ-ын хөрөнгө оруулалттай Чингис хаан банк хөрөнгө эдийн засгийн салбарт оруулсан хөрөнгийнхөө хэмжээ, иргэдэд өгсөн бага хүүтэй урт хугацааны зээлээрээ банкны салбарт, мөн “Алтан Дорнод Монгол” компани энэ онд анх удаа гурван тонн алт олборлосноороо “толгой” цохив.