Монголын парламентын түүхэнд байгаагүй тохиолдол (2005.11.11)

A- A A+
Монголын парламентын түүхэнд байгаагүй тохиолдол (2005.11.11)

Монголын парламентын түүхэнд байгаагүй тохиолдол (2005.11.11)

УИХ-аар  2006 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Төсвийг хэлэлцэх явцад нэгэн нэн “хачирхалтай” байдал үүссэн нь УИХ-ын гишүүд 2006 оны төсвөөс  тойрогтоо тус бүртээ 100 сая төгрөг хуваарилахаар болсон явдал юм. Анх энэ саналыг УИХ-ын  гишүүн Ж.Наранцацралт лхагва гаригт хуралдсан Төсвийн байнгын хорооны хурал дээр гаргасан нь тэр даруйдаа байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авсан төдийгүй пүрэв гаригт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаас дийлэнх олонхийн саналаар хоёрдугаар хэлэлцүүлгээр төсөвт суулгахаар болжээ.  Өдөр тутмын сонинуудын мэдээлснээр бол эрхэм гишүүд 100 сая төгрөг өөрийнхөө нэр дээр авч, тойрогтоо зарцуулахаар болж байгаа  ч нийгэм дэх хэл амнаас болгоомжлон үүнийгээ "Орон нутгийн хөгжлийг дэмжих нэмэлт хөрөнгө оруулалт" гэж томъёолохоор тогтсон ажээ.

Орон нутгийг хөгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт хийх 7.6 тэрбум төгрөгийн саналыг УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Б.Жаргалсайхан, Р.Бадамдамдин нарын таван гишүүнээс бусад нь зөвшөөрчээ. Ялангуяа  УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл энэ саналын эсрэг нэлээд хатуу байр суурь илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ, “УИХ-ын гишүүд 7.6 тэрбум төгрөгийг тойрог тойрогтоо тэгшитгэх байдлаар хувааж байх шиг. Төсөв батлах зарчим ингэж явдаггүй. Зайлшгүй хэрэгцээтэй гэсэн салбартаа л төсвөөс төлөвлөн хөрөнгө оруулалт хийдэг” гээд  “УИХ-ын гишүүд хэдэн төгрөг хувааж авах тухай ярьж байсан түүх Монголын төрд байгаагүй юм шүү” хэмээн мэдэгджээ. 

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн  мэдэгдсэнчилэн Монгол Улсын парламентын түүхэнд байгаагүй жишиг тогтох алхам нэгэнтээ тавигджээ. Жишиг гэсний учир нь өмнөх УИХ-ын үед парламентын гишүүд тус бүртээ 10 сая төгрөг хуваарилуулан нийт 760 сая төгрөгийг төсвөөс зарцуулдаг байсан. Гэтэл энэ жишиг арилах нь байтугай  энэ удаа  тоо нь даруй 10 дахин нэмэгдсэнд оршино. Тэр үед /2000-2004 он/ парламентад сөрөг хүчин бараг байхгүйтэй адил байсан хийгээд түүнийг төлөөлөн сууж байсан дөрвөн гишүүн энэ шийдвэрийг бид эсэргүүцээд дийлээгүй хэмээн ярьдаг байсан. Харин өнөөдөр мөн л сөрөг хүчингүй, яагаад гэвэл сонгуульд оролцсон улстөрийн хүчнүүд парламентад тэнцүү суудалтай болсон, тэгээд ч зөвшилцөлөөр бүх асуудал шийдэгдэж байгаа. Манай зөвшилцлийн талаар улстөрчид, шинжээчид болоод хэвлэл мэдээллийнхэн элдвийг л ярьдаг, бичдэг. Харин энэ удаа улстөрчид лавтайяа дуугарахгүй бололтой. Үүнийг манай монголчууд “хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг юм билээ.