Монголбанкны Ерөнхийлөгч О.Чулуунбат : Хандивлагчдаас өгсөн мөнгөн туслалцаа жинхэнэ эзэндээ хүрэхгүй байна (2005.11.14)
Монголбанкны Ерөнхийлөгч О. Чулуунбат «Зууны мэдээ» сонины /¹ 272, 2005-11-14/ сурвалжлагчид ярилцлага өгөхдөө ийнхүү мэдэгдсэн байна. Тэрбээр хэлэхдээ, «Монгол Улс 1990 оноос эхлэн ОУВС-тай хамтран ажиллаж, тэдний өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ирлээ. Олсон амжилт их бий. Юуны урьд жинхэнэ зах зээлийн зарчим дээр үндэслэсэн зах зээлийг удирдах дэд бүтцийг бий болгосон. Гэвч ядуурал, ажилгүйдэл их хэвээрээ байна» гэжээ. Түүний хэлснээр бол Монгол Улсын хэрэгцээний мөнгө 50-60 биш, 500-600 сая ам.доллар байгаа ажээ. Ийм хэмжээний мөнгийг хандивлагчдаас Монголд оруулах бодлогыг л ОУВС дэмжих ёстой болов уу гэж би боддог хэмээн О.Чулуунбат хэлжээ.
Монгол банкны Ерөнхийлөгч О.Чулуунбат цааш нь ярихдаа, жишээ нь ОУВС мөнгөний нийлүүлэлтийг жилийн 12 хувиас хэтрүүлж болохгүй гэдэг. Энэ зөвлөмжийг дагаад л явсан бол бид 400 сая ам.доллартай л байх байсан. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос гурав дахин бага мөнгөтэй байна гэсэн үг. Их мөнгөтэй байж байж л ахиу орлоготой, олон хүнийг ажилтай болгоно. ОУВС Аргентинд дөрөв, БНСУ-д 40 тэрбум ам.долларын зээл, тусламж өгсөн баримт бий. Монголд дөрвөн тэрбумаа байг гэхэд 400 саяыг өг л дөө. Тэдний тусламж үзүүлсэн улс орнууд арван жилийн дотор л хөл дээрээ боссон. Гэтэл Монгол Улс 15 жил тэдний зөвлөмжөөр явсан ч ядуурлаас гарч чадаагүй л байна. Нэг бол тэдний хэрэгжүүлж буй хөтөлбөр Монголд тохирохгүй байна. Эсвэл монголчууд мунхаг тэнэг байна. Ард түмэн мунхаг тэнэг байна гэж байхгүй. Тэгэхлээр бүх юм тодорхой байгаа биз дээ. Монголчууд бид байнгын ядуу амьдрах хувь тавилантай ард түмэн биш шүү дээ гэж хэлсэн байна.
Түүний өгсөн ярилцлагаас үзвэл сүүлийн 4-5 жилд макро эдийн засаг тогтворжиж төсөв, мөнгөний тогтвортой байдал бий болсон аж. Төсвийн алдагдал ДНБ-ий 12 хувьтай тэнцэж байсан бол одоо 1.8 хувь хүртэл буурсан гэж ноён О.Чулуунбат мэдэгджээ. Харин инфляц таван жилийн дунджаар таван хувьтай байгаа бөгөөд төгрөгийн ханш таван жилд арав орчим хувиар унажээ. Арилжааны банкин дахь үлдэгдэл мөнгө зургаа дахин буюу 600 хувь өссөн бол төлөгдөөгүй зээлийн хэмжээ зургаан хувьтай байгаа аж. Арилжааны банкуудад одоо байгаа мөнгө төсвөөс хоёр дахин илүү чадвартай боллоо гэж О.Чулуунбат үзэж байна. Түүний үзэж байгаагаар зээлийн эрэлт их байгаа боловч хангалт нь эрэлтээ гүйцэхгүй байгаа аж. Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 300-гаад сая ам.доллар байгаа гэж О.Чулуунбат мэдэгдэв. Монголбанк түүнийг дэлхийн зах зээлд эргүүлж, жилдээ 10 орчим сая ам долларын ашиг олдог ажээ.