Ашигт малтмалын тухай хуулийн төсөл анхаарлын төвд байна (2005.11.16)
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эдүгээ олны анхаарлыг ихээхэн татаж байна. Өнөөдөр энэ хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Энэ асуудалд хамаарах хоёр том арга хэмжээ өчигдөр болсны нэг нь УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн явдал бол нөгөө нь Үйлдвэр, худалдааны яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хамтран зохион байгуулсан Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болно.
УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үөэр нэлээдгүй маргаан өрнөсөн талаар өдөр тутмын сонинууд мэдээлжээ. УИХ-ын гишүүн О. Энхсайхан энэ хуулийн төслийг иргэний эрхийг зөрчсөн хэмээн үзжээ. Тэрбээр “АЭ” сонинд /¹225/ өгсөн ярилцлагадаа, лиценз эзэмшчихээд арав гаруй жил ямар ч төлбөр төлөөгүй хүмүүст лиценз эзэмших болон төлбөр төлөх эрхийг нь таван жилээр сунгах гэж байгаа нь төр чадамжгүйгээ илэрхийлж буйн том жишээ хэмээн үзэж байна. Социализмын үөд ашиглаж байсан орд газруудыг 20 гаруй жил ямар ч төлбөргүйгээр ашигладгийг хуульчилж болохгүй хэмээн тэр мэдэгджээ. Түүнтэй ижил байр суурийг УИХ-ын гишүүн Батж.Батбаяр мөн илэрхийлсэн байна. Тэрбээр үзэхдээ, тухайн орд газрыг хувь хүн, хувийн компани эзэмших нь утгагүй, орд газар бол төрийн өмч. Улсын төсвөөс зуун хувь зардлыг нь гаргачихаад бусдад үнэгүй өгч байна. Гэтэл зарим нь орд газраа зарна гээд сууж байна гэж мэдэгджээ. Төлбөр төлөх хугацааг таван жилээр сунгана гэж хуульд оруулсан нь утгагүй хэрэг гэж УИХ-ын гишүүн Батж.Батбаяр үзэж байна.
Энэ талаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Д.Одхүү “АЭ" сонинд ярихдаа “энэ бол суурь хууль биш юм. Суурь хууль нь Ашигт малтмалын тухай хууль гээд О.Энхсайхан болон бусад гишүүний дэвшүүлж буй саналын санаа нь зөв. Төлбөр төлөөгүй тохиолдолд тухайн орд газрын лицөнзийг хураах тухай саналыг дэмжсэн. Гэхдээ хэрэгжүүлэхэд хэцүү гэжээ. Яагаад гэвэл ийм заалттай хууль эргэн үйлчлэхэд хоёр нөхцөл тулгарна гэж тэр хэлжээ. Түүнийхээр төрийн хуулийн дагуу лиценз эзэмшигчдийн ашиг сонирхлыг хөндсөн бол тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгарах гэнэ. Тэгээд ч төр аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж болохгүй гэж УИХ-ын гишүүн Д.Одхүү мэдэгджээ.
Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1997 онд батлагджээ. Уг хуулийн долдугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 1997 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг шинэчлэн тогтоох, төсөвт нөхөн төлөх журмыг баталсан аж. Энэхүү журмын дагуу 1998-2005 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар нийт 95 аж ахуйн нэгжтэй нийт 9615.8 мянган ам.долларын гэрээ байгуулж, 4925.1 мянган ам.долларыг төсөвт төвлөрүүлсэн бөгөөд 28 аж ахуйн нэгж төлбөрөө бүрэн хийсэн. 2005 оны эхний байдлаар гэрээт хугацаандаа төлбөрөө хийгээгүй 40-өөд аж ахуйн нэгж 1260.1 мянган ам.доллар төлөөгүй учир холбогдох газарт өгчээ. Цагдаад дуудуулж, өр ширээ нэхүүлсэн компаниудаас "Их тэмүүлэл" ХХК, "Их хөвчийн жонон" ХХК, "Монгол газар" ХХК төлбөрөө бүрэн, "Ти Си Эйч" ХХК, "СС Монгол" ХХК зэрэг таван аж ахуйн нэгж өрөө хэсэгчлэн дарсан байна. Одоогийн байдлаар 33 аж ахуйн нэгж гэрээт хугацаанаасаа хоцрон төлбөрөө хийсэн бол 23 аж ахуйн нэгж нийт 692.9 мянган ам.долларын төлбөрөө огт төлөөгүй байгаа ажээ.
Үйлдвэр, худалдааны яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хамтран Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлгийг мөн өдөр бас зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын 60 шахам компанийн төлөөлөгчид оролцож, хуулийн төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа солилцжээ. Тухайлбал, "Эрдэнэт", "Монгол-Росцветмет", "Айвенхоу майнз", "Алтан дорнод Монгол", “Газар холдинг", "Адамас майнинг", "Монполимет", "Бороо гоулд" зэрэг энэ салбарын томоохон компаниуд оролцсон байна. ҮХЯ-ны ажлын хэсэг уг төслийг таван сарын хугацаанд боловсруулсан бөгөөд уг хуулийн 14 зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулсан гэж “ЗМ” сонинд мэдээлжээ. Тэрчлэн УИХ-ын гишүүн О.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар тус тусдаа хуулийн төсөл боловсруулаад өргөн бариад байгаа ажээ.
Хуульд оруулах томоохон өөрчлөлтүүд нь тус сонинд мэдээлснээр бол Эрдэс баялагийн зөвлөл байгуулах тухай болон лицензтэй талбайд ашигт малтмал хайх, ашиглах зайлшгүй шаардлагаар иргэн, хуулийн этгээдийг нүүлгэх, эд хөрөнгө, барилга байгууламжийг зөөхөд хүрвэл түүнд шаардагдах зардлын нөхөн олговрыг лиценз эзэмшигч төлөх, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан, ашигласан талбайгаа нөхөн сэргээгээгүй тохиолдолд лицензийг нь хүчингүй болгох, улмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт зэрэг ажээ.
Хууль зөрчигчдөд хүлээлгэх торгуулийн хэмжээг 10 дахин өсгөхөөр төсөлд заажээ. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд торгуулийн дээд хэмжээ 250 мянган төгрөг байгааг 2.5 сая болгохоор тусгажээ. Хайгуулын лицензийн эхний гурван жилийн төлбөрийг мөн 10 дахин нэмэгдүүлэхээр тооцсон байна. Харин ашиглалтын лицензийн төлбөрийг га тутамд 15 ам.доллар болгож нэмэх санал боловсруулжээ. Энэ бол өмнөхөөс таван ам.доллараар илүү гэсэн үг. Лицензийн төлбөрийн 50 хувийг орон нутгийн төсөвт оруулж байхаар хуульчлах гэнэ.