Парламентын гишүүдийн тойргийн сэтгэлгээ ба дэмжигдээгүй 160 санал
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар 2006 оны улсын төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Энэ хуралдаанаас УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулахаар болоод байсан нийт 7.6 тэрбум төгрөгийг орон нутагт хандсан хөрөнгө оруулалт хэлбэрээр Монгол Улсын Шадар сайдын багцад тусгахаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ Шадар сайдын багцад орох энэ мөнгийг зарцуулахад парламентын гишүүд оролцох эрхтэй байх ажээ. Уг мөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын обьектыг жагсаалтаар гаргаж, УИХ-д оруулж батлуулахаар 7,6 тэрбумыг анхлан санаачилагч УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт бас нэг санал гаргасан боловч олонхи нь дэмжээгүй ажээ.
7,6 тэрбум төгрөг бол манай эрхэм гишүүдийн тойргийн сэтгэлгээг илэрхийлсэн агаад бараг бүгдээрээ /таван гишүүнээс бусад/ дэмжээд байгаа цорын ганц санал юм. Харин тэдний оруулсан160 орчим санал дэмжлэг авч чадаагүй байгаа ажээ. Төсвийн байнгын хорооноос дэмжлэг авч чадаагүй эдгээр саналын заримыг нь “АЭ” сонин 2005 оны 11 дүгээр сарын 18-ны 227 дугаартаа мэдээлжээ. Тус сонины мэдээлснээр УИХ-ын гишүүн Т.Очирхүү Говь-Алтайн Дарви сумын Засаг даргын Тамгын газрыг шинэ байртай болгоход зарцуулах 90 сая төгрөг, мөн ийм зорилгоор гишүүн Ч.Содномцэрэн Завханд 150 сая төгрөг, гишүүн Ж.Наранцацралт, Р.Раш нар Дундговийн Сайнцагаан суманд 30 сая төгрөг, гишүүн А.Бакей Баян-Өлгийн Улаанхус суманд мөн төдий хэмжээний төгрөг, гишүүн С.Ламбаа Архангай аймгийн Өлзийтэд 50 сая төгрөг олгохыг санал болгосон байна.
Харин зарим гишүүнийг тус сонин “соёлын төвийг мөрөөдөгсөд” хэмээн нэрлэжээ. Тэдний тоонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан, Д.Дондог, Т.Очирхүү, А.Мурат, А. Бакей, Ч.Раднаа, Ц.Цэнгэл, Л.Одончимэд, Ч.Авдай, Д.Арвин, У.Хүрэлсүх, Д.Лүндээжанцан нарыг дурджээ. Тэрчлэн баруун аймгаас сонгогдогсод нь баруун бүсийн босоо тэнхлэгийн замыг үргэлжлүүлэх, говиос ирсэн нь говьдоо, зүүн аймгийг төлөөлөгчид нь зүүн тал руугаа зам тавихыг хүссэн байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Л.Пүрэвдорж нар Ховдын Мөстөд жижиг оврын усан цахилгаан станц бариулах, Б.Эрдэнэбат, О.Энхсайхан нар Хөвсгөлийн хэд хэдэн сумыг өндөр хүчдэлд холбох, Ц.Жаргал, Р.Буд нар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нүүрсний уурхайг түшиглэн хийгээр ажиллах бага оврын эрчим хүчний үйлдвэрт 100 саяыг төгрөг, Д.Туяа, Ч.Содномцэрэн, Б.Батбаатар нар Тайширын усан цахилгаан станцаас Завханы Улиастай, Яруу сум хүртэл эрчим хүч түгээхэд 100 сая төгрөг гаргуулах саналыг гаргасан байна.