АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн Монголын ард түмэнд хандан хэлсэн үг

A- A A+
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн Монголын ард түмэнд хандан хэлсэн үг

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн Монголын ард түмэнд хандан хэлсэн үг 

Амар байна уу? (Монголоор мэндчилэв)

Халуун дотно хүлээн авсанд талархаж байна. Элэгсэг дотноор хүлээн авсан Ерөнхийлөгч Танд талархаж байна. Халуун дотно хүлээн авсан Ерөнхий сайд Танд болон Засгийн газарт талархал илэрхийлье. Лорад дотно хандаж байгаад Тэргүүн хатагтайд талархаж байна. Танай сайхан оронд ирсэндээ туйлын баяртай байна. Америкийн ард түмний сайн сайхны ерөөлийг өвөрлөн ирлээ.

Би улс хоорондын чанартай нэгэн чухал үүрэг гүйцэтгэхээр энд ирлээ. Рамсфелд сайд бэлгийнхээ морийг ямархуу байгааг сураглаад ирээрэй гэсэн юм. Би танай оронд яг гэртээ байгаа юм шиг л байна. Танай орон бол манай Техас шиг тэнгэр газар нь цэлийсэн сайхан нутаг байна.

Намайг урьсанд та бүхэнд талархаж байна. Албаа хашиж байхдаа Монголд айлчилсан Америкийн анхны Ерөнхийлөгч болж байгаадаа би баяртай байна. Америк орон танай “гуравдахь хөрш” гэгддэгээрээ бахархдаг билээ.

15 жилийн өмнө монголчууд энэ их ордны гадаа хэдэн мянгаараа цугларч, тэсгим хүйтэнд ажралгүй эрх чөлөөгөө шаардаж, дарангуй дэглэмийг сөрөн зогссон билээ. Жагсагчдын дунд оюутнууд, ажилчид, лам нар, түүнчлэн эрх чөлөөний төлөө өлсгөлөн зарласан ардчилсан үзэлт хэсэг залуус байлаа. Итгэл үнэмшлийнхээ хүчээр тэд коммунист эрх баригчдыг засгийн эрхээс буулгажээ. Хэдхэн сарын дараа чөлөөт сонгуулиар эрх чөлөөт Монгол Улс мэндэлсэн байна. Энэ ордны гадаа өлсгөлөн зарлаж байсан залуусын нэг нь өнөөдөр энэ ордны дотор улс орныхоо Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улс коммунизмаас эрх чөлөөт нийгэм рүү шилжиж 15-хан жилийн дотор эрчимтэй ардчилагдаж, эдийн засгаа нээлттэй болголоо. Бүс нутагтаа болон дэлхий дахинд танай орон амжилтын үлгэр дууриал болж байна. Эрх чөлөөгөө олох нь ямагт амаргүй байдгийг би мэдэх бөгөөд та бүхний тэвчээр зоригийг америкчууд бахархдаг юм. Өдөр тутмын хүчин зүтгэлээрээ та бүхэн үр ач нарынхаа амьдралыг дээшлүүлж байна. Төв Азийн цээжинд чөлөөт нийгэм байгуулж байгаа та нартай Америкийн ард түмэн хамт байгааг хэлэхээр би ирлээ.

Саяхан миний эх орны өмнөд эрэг далайн хар шуурганы аюулд өртөхөд Монголын ард түмэн зүрх сэтгэлээрээ бидэнтэй хамт байсан билээ. Үер бүрэн татраагүй байхад танай Засгийн газар тусламж үзүүлж, тэргүүлэх бизнесменүүд хандив хуримтлуулсан нь үерт нэрвэгдэгсдийн түйвээгдсэн амьдрал ахуйг сэргээхэд дэм болж байна. Америкт гамшиг тохиолдоход монголчууд өгөөмөр сэтгэлээр тусалсанд миний эх орон талархаж байна.

Америк, монгол хүнд нийтлэг зүйл олон бий. Хээр талыг морин дэл дээр туулсан хүмүүс манай хоёр оронд анх нутагшжээ. Манай хоёр орон колоничлолын дарлалыг таягдан хаяж, чөлөөт нийгмийг амжилттай байгуулсан. Мөн эрх чөлөөний үйл хэргийг хамгаалах хариуцлага улсынхаа хилээр хязгаарлагдахгүй бөгөөд эх орон маань эрх чөлөөтэй байх эсэх нь бусад улс орон эрх чөлөөтэй орших эсэхээс шалтгаална гэдгийг манай хоёр орон мэднэ.

Энэхүү итгэл үнэмшилдээ хөтлөгдөн Монголын ард түмэн эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа нэгэнтэй эв санааны нэгдэлтэй байна. Монголын цэргийн албан хаагчид Баруун Сахар, Конгод НҮБ-ын ажиглагчаар ажиллаж ирсэн. Танай зэвсэгт хүчнийхэн Америк болон эвслийн хүчинтэй мөр зэрэгцэн чөлөөт Афганистаны зэвсэгт хүчнийг сургахад гар бие оролцож байна. Өнгөрөгч есдүгээр сард Монгол Улс тавдугаар ээлжийн цэргийн багаа Иракт илгээж тэнд Монгол цэргүүд албаа эр зориг, нэр төртэй хааж байна.

Иракт эр зориг гаргасан Монголын хоёр дайчин-ахлагч Аззаяа, ахлагч Самбуу-Ёндон нар энд байна. Иракийн өмнөд хэсэгт дүүрэн тэсрэх бодистой ачааны тэргээр эвслийн цэргийн гал тогоо руу дайрахыг завдсан амиа золиослогчийг амиараа дэнчин тавьж зогсоосон. Дайран ирсэн ачааны тэрэг рүү гал нээж, алан хядагчийг устган үй олон хүний амийг аварчээ. АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд би эдгээр эрэлхэг Монгол дайчдад болон терроризмын эсрэг дайны тэргүүн шугамд зүтгэсэн бүх хүнд талархлаа илэрхийлж байна. Монголын зэвсэгт хүчин эрх чөлөөний үйл хэрэгт зүтгэж байгаа бөгөөд ийм эрэлхэг дайчидтай мөр зэрэгцэн алба хааж байгаадаа Америкийн зэвсэгт хүчин бахархдаг.

Монголын цэргийн албан хаагчид Иракийн бахдам шилжилтийг бодитой болгоход тус болсон юм. Энэ оны эхээр чөлөөт сонгуулиар иракчууд удирдагчдаа сонгосон. Өнгөрөгч сард тэд сонгуулийнхаа хэсэгт дахин ирж, эрх чөлөөт Иракийн ардчилсан үндсэн хуулийг батлах саналаа өгсөн. Мөн хэдхэн долоо хоногийн дараа үндсэн хуулийн дагуу ирэх дөрвөн жилд төр барих засгийн газраа иракчууд сонгох гэж байна. Харгис бурангуй засаг дахин хэзээ ч тогтохгүй, зөвхөн эрх чөлөө л Иракийн ирээдүй байна гэдгийг ард түмэн нь саналын хуудсаараа дэлхий дахинд тод илтгэн харуулж байна.

Олон арван жилийн дарангуй дэглэмийн дараа анх удаа саналаа чөлөөтэй өгсөн баярт мөчөө одоо ч санах хүн та бүхний дунд олон байгаа бизээ. Хэнээр засгаа бариулах, хэнийг засгаас буулгахын ид бахыг та нар мэднэ. Үг хэлэх, хуран цуглах, хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг хувь хүний эрх чөлөөг баталгаажуулсан Үндсэн хуулийн дагуу амьдрахын сайхныг та бүхэн мэдэж байгаа. Харин одоо Монгол болон эвслийн орнуудын дайчдын эр зоригийн ачаар Иракийн ард түмэн ийм баяр бахдлыг амсах боллоо.

Иракт эрх чөлөөг бэхжүүлэхийг эсэргүүцэгч шийдсэн дайсан, алуурчны суртлыг баримтлагчид исламын шашныг улс төрийн харгис санаагаа гүйцэлдүүлэхэд ашиглаж байна. Тэд улс төр, шашны аливаа эрх чөлөөг үгүйсгэгч тоталитар дэглэм тогтоох зорилгодоо хүрэхийн тулд гэмгүй хүмүүсийг хөнөөж байна. Коммунист суртлын нэгэн адилаар исламын эрс үзлийг олон түмний нэрийг баригч бүлэг этгээд залж чиглүүлж байна. Коммунист суртлын нэгэн адилаар исламын эрс үзэл өөрсдийн харгис зорилгод хүрэхийн тулд гэмгүй хүмүүсийг алж хядахыг номлодог. Коммунист суртлын нэгэн адилаар исламын эрс үзэл эрх чөлөөт хүмүүст дургүй бөгөөд тэднийг үлбэгэр дорой гэж басамжилдаг. Исламын эрс үзэл коммунист суртлын нэгэн адил мөхөх жамтай. Учир нь эрх чөлөөтэй амьдрах гэсэн түгээмэл эрмэлзлийн дэргэд бусдыг захирах эрмэлзэл хүчин мөхөсддөг.

Эрх чөлөөт хүмүүс хүйтэн дайнд нугараагүй шигээ терроризмын эсрэг дайнд ч нугарахгүй. Террористуудын эсрэг саналаа өгсөн Ирак, Афган хүмүүсийн эр зоригоос , хушт далбаагаа намируулан харийн хүчийг эх нутгаасаа шахан гаргасан эгэл ливанчуудын эр зоригоос, 15 жилийн өмнө өөрсдөө эрх чөлөөгөө олж өнөөдөр бусдад эрх чөлөөгөө олоход нь тусалж байгаа монголчуудын эр зоригоос эрх чөлөөтэй амьдрах ийм шийдмэг эрмэлзлийг бид олж харж байна.

Эрх чөлөөг хүртэхэд нь бусдад туслахын зэрэгцээ та бүхэн улс орондоо чөлөөт нийгмийг цогцлуулан байгуулсаар байна. Энэ замаар замнахад тань Америк хамтдаа алхах болно. Энэ оны эхээр терроризмын эсрэг дайнд Америктай мөр зэрэгцэн тэмцэж яваа Монгол зэрэг улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэх Эв нэгдлийн шинэ санаачилга дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улсад 11 сая доллар олгох бөгөөд энэ нь танай улс Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, улмаар энх тайван, эрх чөлөөний үйл хэрэгт бидэнтэй хамтран зүтгэхэд чухал нэмэр болох юм.

Монгол Улс улс төр, эдийн засгийн шинэчлэлийг хийж байна. Чөлөөт сонгууль удаа дараа явуулж, засгийн эрхийг нэг намаас нөгөөд хоёр ч удаа тайван замаар шилжүүлжээ. Энэ нь ардчиллын амжилтын илэрхийлэл юм. Энэ жил Монгол Улс НҮБ-ын Авилгын эсрэг конвенцийг соёрхон баталсан бөгөөд уг гэрээг хэрэгжүүлэх үүднээс Авилгалын эсрэг хуулийг баталж гаргахыг би танай парламентад уриалж байна. Хэдэн арван жил төвлөрсөн төлөвлөгөөгөөр явсны эцэст улсын үйлдвэрийн газруудын 80 гаруй хувийг хувьчилжээ. Өнгөрсөн жил Монголын эдийн засаг 10 гаруй хувиар өссөн байна.

Танай дэвшлийг үнэлж, шударга засаглалтай, иргэддээ хөрөнгө оруулдаг, эдийн засгийн эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг улсуудад туслах зорилготой Америкийн шинэ хөтөлбөр-Мянганы сорилтын сангаас тусламж авах эрх бүхий орнуудын тоонд Монголыг оруулсан билээ. Манай Засгийн газар танай улстай аль болох ойрын хугацаанд Мянганы сорилтын сангийн гэрээг эцэслэн тохирч, Монголын ард түмэнд шинэчлэлийн замналд нь туслахын тулд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа.

Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг танай улс ирэх онд тэмдэглэх гэж байна. Таван хөвгүүндээ нижгээд сум өгсөн эхийн тухай монгол домог бий. Тэр эх хөвгүүдээ сумыг нэг нэгээр нь хугал гэхэд тэд хугалжээ. Харин таван сумаа багцлаад хугал гэхэд нь тавуулаа нийлээд ч хугалж эс чадсан байна. Тэгээд тэр эх: “Ахан дүүс ганцаараа байхдаа ганц сум шиг хэврэг, харин нэгдэж чадвал багц сум шиг дийлдэшгүй” гэж сургасан тухай домогт өгүүлдэг. Өнөөдөр Монгол Америк хоёр эрх чөлөөний үйл хэрэгт ахан дүүс шиг хамтдаа зогсч байна. Эрх чөлөөт улсууд нэгдэлтэй байх аваас харгислал, аллагын аливаа хүчин биднийг мохоож чадахгүй.

Эрх чөлөөний үйл хэрэгт та бүхний оруулж буй хувь нэмэрт талархах гэж, мөн Америкийн ард түмэн та бүхний эр зоригийг үнэлдэг, нөхөрлөлийг тань дээдэлдэг шүү гэдгийг хэлэх гэж би энд ирсэн юм. Нийт америкчуудын нэрийн өмнөөс их баярлалаа. Та бүхнийг Бурхан ивээх болтугай. Баярлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийг Монголын ард түмэнд хандаж үг хэлэхийг урихдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үг
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа,
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Монгол Улсад албан ёсоор айлчилж байгааг баяртайгаар мэдэгдье.

Энэ бол түүхэн айлчлал. АНУ-ын тэргүүн Монгол Улсад анх удаа  айлчилж байгаа нь энэ айлчлалыг түүхэн ач холбогдолтой болгож байна.

АНУ, Монгол Улсын, Монголын ард түмний ардчиллаар олсон ололт амжилтыг үргэлж дэмжиж байгаагаараа энэ айлчлал түүхэн ач холбогдолтой.
Энэ айлчлал Монгол Улсыг гурав дахь ч хөрштэй гэдгийг нотолсноороо түүхэн ач холбогдолтой юм. Энэ айлчлал монголчууд цаашдаа эе эвээ хичээж, улс орноо хөгжүүлэх эрч хүч олгосноор ач холбогдолтой.

Дэлхийн дахин АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийг сайн мэднэ. Түүний дотор монголчууд бүр сайн мэднэ. Буш Ерөнхийлөгчийн терроризмын эсрэг явуулж байгаа тэмцэл, дэлхийн дахинд ардчиллыг түгээх зүтгэл нь түүний өөрийн бус та бидний хамтын тэмцэл зүтгэл учир монголчууд Буш Ерөнхийлөгчийг сайн мэдэх юм.

Ерөнхийлөгчийн алба амаргүй ээ. Тэр тусмаа дэлхийн хамгийн том гүрний Ерөнхийлөгчийн ажил бүр ч амаргүй. Тийм учраас энд байгаа бүх хүмүүс, нийт Монголын ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Бушид амжилт хүсье.

Ерөнхийлөгч Бушийг бид сайн хүү, сайн хань, сайн аав гэж мэднэ. Энэ завшааныг ашиглан түүний гэр бүлийнхэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

Монгол Улс, АНУ-ын хамтарсан мэдэгдэл (2005.11.21)
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жорж Буш нар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын уламжлалт найрсаг харилцааг өнөөдөр дахин баталж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2004 оны долдугаар сарын 15-ны өдрийн Хамтарсан мэдэгдэлд тунхагласан ардчилсан хоёр орны хамтын үнэт зүйлс, стратегийн нийтлэг эрх ашигт тулгуурласан иж бүрэн түншлэлийн удирдах зарчмыг тодорхойлж, цар хүрээг нь өргөтгөхөөр тохиров. 
Катрина хар шуурганд нэрвэгдэгсдэд халуун сэтгэлээр хандаж, санхүүгийн өгөөмөр туслалцаа үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Монгол Улс хүний эрх, иргэний эрх чөлөөг хүндэтгэсэн, хувийн хэвшил зонхилсон чөлөөт зах зээлийн эдийн засгийг бэхжүүлж, боловсронгуй, тогтвортой ардчиллыг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсдээ ахиц дэвшил гаргаж байгаад Ерөнхийлөгч Ж.Буш баяр хүргэв. 
Тэрээр Мянганы сорилтын сангаас тусламж авахаар шалгарсан Монголын ард түмэнд Америкийн ард түмний өмнөөс баяр хүргэв. Эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулж, улс төр, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлээ цаашид хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын тууштай бодлогыг тусгасан гэрээг Мянганы сорилтын сантай амжилттай байгуулна гэж найдаж буйгаа тэрээр мөн илэрхийлэв.
Хуулийг дээдлэх, сайн засаглал, ил тод байдлыг хангах, төрийн хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх нь ардчиллыг бэхжүүлж, улс орныг хөгжүүлэн цэцэглүүлэхэд ач холбогдолтой болохыг харгалзан Авилгалын эсрэг НYБ-ын Конвенцийг Монгол Улс соёрхон баталсныг Ерөнхийлөгч нар өндрөөр үнэлэв. 
Ерөнхийлөгч нар Монгол Улсыг бүс нутгийн болон олон улсын улс төр, эдийн засаг, санхүүгийн бүтцүүдэд хамруулах боломжийг эрэлхийлж хамтран ажиллахаар тогтов. Хүн наймаалах, мөнгө хуурамчаар үйлдэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг зохион байгуулалттай, үндэстэн дамнасан бүх төрлийн гэмт хэргийн эсрэг хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр тэд тохиров.
Монгол Улс нь үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг зогсооход чиглэсэн Аюулгүй байдлын санаачилгыг дэмжиж, Зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх тухай НYБ-ын конвенцид гарын үсэг зурж, соёрхон батлахаа илэрхийлснийг Ерөнхийлөгч Ж.Буш сайшаав.
Ерөнхийлөгч нар Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцээд, эдгээр арга хэмжээ нь хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааг улам бэхжүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч нар шувууны болон бусад төрлийн гоц халдварт ханиад нь хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүйг харгалзан, Шувууны болон гоц халдварт ханиадны эсрэг Олон улсын түншлэлийн хүрээнд хоёр болон олон талаар хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй тэмдэглэв.   
Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ж.Буш нар олон улсын энх тайван, аюулгүй байдалд занал учруулж буй терроризмын эсрэг тэмцэх шийдвэр төгс байгаагаа цохон тэмдэглэв. Афганистан, Иракт байдлыг тогтворжуулах, сэргээн босгох болон Ирак дахь энхийг сахиулах олон үндэстний цэргийн хүчинд Монгол Улс оролцож байгаад Ерөнхийлөгч Ж.Буш талархал илэрхийлэв. Монгол Улс, АНУ хоёр олон улсын энх тайвныг дэмжих хүчин чармайлтад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаар тохиров. 
Чөлөөт, ардчилсан Ирак Улсыг байгуулах нь Ойрхи Дорнодын ардчилал, энх тайван, тогтвортой байдалд чухал бөгөөд эл үйл явцад НYБ тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой гэж тэд мөн санал нэгтэй тэмдэглэв. Хоёр орны удирдагч нар олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг тэмдэглэхийн сацуу НYБ-ын үр өгөөжийг дээшлүүлэх үүднээс тус байгууллагын шинэчлэлийг үргэлжлүүлэхийн ач холбогдлыг цохон дурдав.
Түүнчлэн Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ж.Буш нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаарх зургаан талт хэлэлцээнд оролцогч талуудын 2005 оны 9 дүгээр сарын Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч нар хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд боловсрол, соёлын солилцоо чухал ач холбогдолтойг нотлоод, хоёр орны иргэдийн шууд хэлхээ холбоо, боловсролын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээр тохиролцов.
Ерөнхийлөгч Ж.Буш АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, чанартай боловсролыг оюутан сурагчдад олгох чадавхи бүхий Улаанбаатар хотын Олон улсын сургуулийн тухай хоёр талын хэлэлцээрийг соёрхон баталсанд талархал илэрхийлэв. Ерөнхийлөгч нар Энх тайвны корпус Монгол Улсад хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, Монголын хөгжилд нааштай хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.
Ерөнхийлөгч нар Монгол Улс, АНУ-ын харилцаа нь бие биенээ хүндэтгэсэн, эрх тэгш түншлэлд тулгуурлан цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, энэ нь хоёр орны  үндэсний эрх ашигт нийцнэ гэдгийг дахин нотлов.

Улаанбаатар хот
2005 оны 11 дүгээр
сарын 21-ний өдөр