Г.Отгонбаяр
(Сэтгүүлч)
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх нэртэй тус хуулийг 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна. Энэ өдрөөс эхлэн хөөрөг гаанс өвлүүлдэг үе өнгөрч, Монгол Улс нийт газар нутгийнхаа 0,9 хувийг иргэддээ үнэгүй өмчлүүлэх болов. Нийт газар нутгийн 99,1 хувь төрийн мэдэлд хэвэээр үлдэнэ. Гэхдээ газрыг иргэдэд бус, гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэхээр заасан. Мэргэжилтнүүд 885 мянган гэр бүл газар өмчилнө гэсэн тооцоо гаргаад байгаа юм. Газрыг үнэгүй өмчлүүлэх хугацаа хоёр жил. 2005 оны тавдугаар сарын 1 хүртэл газрыг гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй өмчлүүлж, түүнээс цааш газрын дуудлага худалдаагаар өмчлүүлэхээр хуульчилжээ.
Нэг гэр бүлийн хэрэгцээнд үнэгүй өмчлүүлэх газрын хэмжээ нийслэлд 0,07,аймгийн төвд 0,35, сумын төвд 0,5 га байх юм. Иргэд ингэж газраа өмчилснөөр газраа худалдах, өвлүүлэх, бэлэглэх, банкны барьцаанд тавьж зээл авах эрх зүйн орчин нээгдэж байна.. Гэхдээ иргэд газраа заавал өмчлөхгүйгээр эзэмшээд явж болох эрхийг ч бас хуульчилсан. Газраа өмчилбөл үл хөдлөх хөрөнгийн татвар, эзэмшвэл газрын төлбөр төлнө. Өмчлөх болон эзэмших эрхийг давхар эдэлж ч болно.
Гэвч газраа өмчлөхөөс өмнө бодох юм бас бий. Энэ нь таны өмчлөх газар ямар үнэтэй, банкууд таны газрыг барьцаалж зээл олгох уу, өмчилсөн газартаа Үл хөдлөх эд хөрөнгийн ямар хэмжээтэй тавар төлөх бол, эсвэл өмчлөхгүй эзэмшээд газрын төлбөр төлөөд явах нь эдийн засгийн хувьд хямд байна уу гэх мэт олон асуулт хариулт нэхэж байгаа. Эдгээр асуултад ч Засгийн газар ээлж дараатай хариу өгч байна. Тухайлбал, өмчлөх газрын суурь үнэлгээ, түүнийг тогтоох аргачлалыг Засгийн газраас тогтоогоод байна. Өөрөөр, хэлбэл таны өмчлөх болон худалдаж авах газар ямар үнэтэйг тодорхойлох юм. 1997 онд орон сууцыг хувьчилж эхлэхэд “таны байр ийм үнэтэй шүү” гэж улсаас үнэ тогтоож байсантай яг адил.
Уг тогтоолоор бол таны өмчлөх газрын нэг ам.метр талбай нийслэлд бүс тус бүрээс хамаарч 13.2-44 мянган төгрөг байх юм. Нийслэлийг дөрвөн бүсэд хуваасан. Харин нийслэлд ойр, дэд бүтэц сайтай, төвлөрөл ихтэй Дархан-Уул, Орхон гэх мэт зарим аймагт энэ хэмжээг 9-30 мянга, бусад аймагт 2-4 мянга, сумдын төвд нэг мянган төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээ нь өмчлөх газрын нэг ам.метр талбайн үнэ бөгөөд тухайн газрынхаа байршил, бүсээс хамааран хэлбэлзэнэ. Жишээлбэл, та нийслэлд 0.07 га буюу 35х20 метр газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй. Энэ нь нийтдээ 700 ам.метр талбай юм. Таны газар байрлал тийм ч сайн биш, хамгийн бага буюу 13.2 мянган төгрөгийн үнэлгээтэй бүсэд багтдаг гэвэл үнэгүй өмчлөх 0.07 газар тань нийтдээ есөн сая 240 мянган төгрөгийн үнэтэй болж байна. /0.07 га буюу 700 ам.мерийг 13.2 мянгаар үржүүлэхэд 9.240000 төгрөг болно/. Хэрэв таны газар байрлал сайтай, хамгийн дээд зэрэглэлийн бүс гэвэл 0.07 га газар тань 30 сая найман зуун мянган төгрөгийн суурь үнэтэй болох юм. Суурь үнэлгээ тогтоох энэхүү аргачлал нь мөн газрын дуудлага худалдааны анхны үнэ болох юм байна.
Харин тариалангийн газрын хувьд нэг га тайлбайгаар суурь үнэлгээ тогтоох юм байна. Тариалангийн газрын үнэлгээнд ямар нэгэн хэлбэлзэл байхгүй, тариалангийн бүсүүдийг дөрөв ангилж, бүс тус бүрт нь нэг л үнэлгээ тогтоожээ. Тогтоолд дурдсанаар нэг га тариалангийн талбай хамгийн өндөр зэрэглэлийн бүсэд 3859.0, хамгийн доод зэрэглэлийн бүсэд 1738.0, нөгөө хоёр бүсэд нь тус бүр 2253.0, 3843.4 мянган төгрөг байх нь.
Засгийн газрын энэ тогтоолтой хамт газар эзэмших гэрчилгээгээ бусдад шилжүүлэхэд төлөх хураамжийг тогтоожээ. Одоогоор газар эзэмших гэрчилгээгээ бусдад шилжүүлбэл нийслэлд 26 мянга, аймагт 12-15 мянган, сумдад найман мянган төгрөгийн хураамж төлөх юм.
Иргэд газраа өмчилбөл татвар, эзэмшвэл төлбөр төлнө гэдгийг дээр дурдсан. Өмчилсөн тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлнө. Одоо мөрдөж байгаа хуулиар бол үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс 0,6 хувиар бодож татвар авдаг. Тухайлбал, таны нийслэлд өмчилсөн 0,07 га газар есөн сая төгрөгийн үнэтэй гэвэл түүний 0,6 хувиар татвар төлөх нь. Харин УИХ 2004 оны нэгдүээр сарын 9-нд үл хөдлөх эд хөрөнгийн татварын хуульд өөрчлөлт орууллаа. Энэхүү өөрчлөлтөөр бол иргэд өмчилсөн газартаа 95-98 хувийн татварын хөнгөлөлт эдлэхээр болов. Өөрөөр хэлбэл, нэг гэр бүл өмчилсөн газрынхаа нийт үнийн дүнгийн 0,6 хувьд татвар бодуулж, уг татварынхаа 95-98 хувийг хөнгөлүүлнэ гэсэн үг. Жишээлбэл, таны өмчилсөн газрын нийт үнэ есөн сая төгрөгийн үнэтэй гэвэл түүний 0,6 хувь нь 54 мянган төгрөг болно. Үүнийхээ 95 хувийг хөнгөлүүлнэ гэ вэл 2700 төгрөгийн татвар жилд төлөх болж байгаа юм.
Татварын хөнгөлөлтийн энэ хувь нийслэлд 95, аймагт 97, сумын төвд 98 байх ажээ.