Г.Өлзийсайхан
«Хөдөөгийн сумдын өрхүүд гэр бүлийн хэрэгцээнийхээ газрыг яагаад өмчилж авахгүй байна вэ? Энэ бол хэн ч авахгүй юмыг хэн ч авдаггүйн жишээ. Түүний оронд газар тариалан эрхлэх, хүнсний ногоо тариалах 0.5 га газрыг ав гэсэн бол аль хэдийнэ ашиг шимтэйг нь булаалцалдаж аваад дуусчихсан» хэмээн Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэн Бямбажав Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр хэллээ. Үүнийг өнөөгийн Монголын газрын шинэтгэлийн товч тодорхойлолт хэмээн дүгнэхэд нэг их буруутахгүй биз. Өнөөдрийн байдлаар тус сумын 614 өрхийн ердөө л ес нь гэр бүлийн хэрэгцээний газраа хувьчилж авчээ. Харин бусад өрхийн тухайд бол үр тариа, хүнсний ногоо тариалах 0.5 га газар өмчлөх сонирхолтой ажээ.
Газрын шинэтгэлийн хэрэгжилтийн талаар судалгаа хийсэн судлаач Р.Ганхуягийн үзэж байгаагаар бол газрын кадастр, бүртгэл хийгдээгүйн улмаас газар өмчлөлийн ажил удааширч байгаа аж. Гэхдээ хөдөө орон нутагт газрын хэрэгцээ бага учраас газар өмчлөл удаан, харин хот суурин газарт газар өмчлөл хэвийн явагдаж байна гэж тэрбээр дүгнэжээ. 2004 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 44993 иргэн 3760 га газрыг өмчилж авсан нь түрүү онтой нь харьцуулбал хоёр дахин өсчээ. Газрын үнэгүйгээр өмчлүүлэх хугацаа дуусахад зургаанхан сар үлдээд байхад явц нь ойролцоогоор 10 хувьтай байгаа аж. Нийслэлд Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, орон нутагт Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ аймаг газар өмчлөлийн хувиараа толгой цохиж явна.
Хуулийн хугацаа дуусах гээд байхад газраа яагаад өмчлөхгүй байна вэ гэвэл «Газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлтээ одооноос л гаргахаар төлөвлөж байгаа» гэж судалгаанд оролцогчдын 50 орчим хувь нь хариулсан байна. Түүнчлэн орон нутгийн удирдлагын санаачилга муу, хүнд суртал, чирэгдэл ихтэй, газрын хуваарилалт муу, газар олдохгүй байна гэж 15 хувь нь, хувийн эдийн засгийн чадавх сул байна гэж 15 хувь хариулжээ. Мөн татвар төлөх эдийн засгийн чадваргүй, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах мэдлэг муу, газрын зах зээлийн орчин бүрдээгүй, хөдөө орон нутагт газрын үнэлгээ бага, газар өмчлөх эрх хаагдмал гэдэг нь газраа өмчилж аваагүйн шалтгаан болсон аж. Үүнээс гадна иргэд хуулиа мэдэхгүй, бүр эзэмших, ашиглах гэдгээ ялгаж ойлгохгүй байгааг мэргэжилтнүүд ярьж байна.
Тэгэхээр бид газраа өмчилж авах цаг болсон уу? Уг асуултад судалгаанд оролцогчдын 59 хувь нь цаг нь болсон гэж үзсэн байхад, долоон хувь нь болоогүй гэж хариулжээ. Энэ бол «Монгол Улсын газрын шинэтгэлийн асуудал» судалгаанаас хийсэн асуулга юм.
Ер нь газраа өмчилж авах гэж бичиг цаасаа бүрдүүлэн, дугаарлан зогссоор өдрийг бардаг болон баримт дутуу гэж нааш цааш их явж чирэгдэл учруулдагийг жирийн иргэд ч ярьдаг. Тийм учраас энэ талаарх мэдээллийг иргэдэд өгөх групп байгуулбал зүгээр гэсэн санал уулзалтад оролцогчдоос гарч байв. Судлаач газар эзэмшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад гарч байгаа олон шат дамжлагыг багасгаж, нэг цэгийн үйлчилгээг явуулахад чиглэсэн өөрчлөлтийг хуульд оруулах талаарх саналаа тайландаа тусгасан байна.
«Хуульд зааснаар бол тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг өмчлүүлж болно гэжээ. Одоогийн байдлаар бага ч гэсэн хэмжээгээр газар өмчлөл явагдсан байна. Тэгэхээр юун дээр үндэслэж газар өмчилсөн юм бэ» гэж УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт асууж байв. «Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол нууц. Дарга нарын сейфэнд л байдаг» гэсэн хошигнол ч дуулдаж байв. Уг төлөвлөгөө иргэдэд хаалттай учраас өөрийнхөө өчнөөн жил цуглуулж буй болгосон мөнгөөрөө хаа нэгтээ байшингаа барьчихдаг. Гэтэл түүнийг нь цагдаагийн хүчээр буулгадаг гэсэн шүүмжлэлийг ч хэлэв.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд «Иргэд «гэр бүл»-ийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхтэй» гэж заасан байдаг. Тэгвэл гэр бүл гэж хэн бэ? Би юү, бид нар уу? Гэр бүлийн тухай хуулиар «гэрлэлтийн үр дүнд буй болсон эд хөрөнгийн бус, амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг» хэлдэг юм байна. Хэрвээ гэр бүл болоогүй л бол Монгол улсын иргэн байсан ч хамаагүй үнэгүй газар өмчлөх эрхгүй болж байгаа юм. Өнөөдөр гэр бүл болсон ч хуульд заасан өмчлөх эрхээ эдлэхгүй. Яагаад гэвэл 2002 оны зургаадугаар сарын 27-ноос өмнө гэж тооцсон хатуу хугацааг хуульд суулгаж өгчээ. «Гэр бүл»-д газар өмчлүүлэхтэй холбогдсон заалтыг өөрчилж Монгол Улсын иргэн бүрт үнэгүйгээр газар өмчлөх эрхээр хангахыг судлаач тэмдэглэжээ.
Тавдугаар сарын нэгэн гэсэн хуулийн хугацаанаас өрсч, гэнэтхэн л газраа өмчилж авахаа ойлгосон хүмүүс Газрын албанынхныг багагүй сандаргаж буй бололтой. Зарим аймаг, суманд Газрын албаныхан нь «Хүмүүсээ өргөдөл, материалтай нь бэлдээд байж бай, бид бүх юмтайгаа удахгүй очоод тавдугаар сарын 1-нээс өмнө газрыг чинь та нарт өгнө» гэсэн кампаничилсан ажил хийж буй сураг ч дуулдав.
Ер нь газрыг өмчлөх, эзэмшүүлэх эрх, хугацаа нь иргэдийн өмнө нээлттэй байх ёстой. Иргэд зөвхөн сонголтоо л хийнэ. Тодорхой цаг хугацааг зааж байгаа нь хүнийг албадаж буй хэрэг гэж үзэж байгаа хүмүүс ч багагүй байна. Үнэндээ бол өмчлөх, ашиглах, эзэмших нь тэдний л хэрэг байлтай. Үнэгүйгээр газар өмчлүүлэх хугацааг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгээд бүх иргэд /шинээр төрснөөс эхлээд/ нэг удаа хугацааны хязгаарлалтгүй, үнэгүйгээр газар өмчлөх эрхтэй болох талаар хуульд өөрчлөлт оруулахыг судлаач онцолж байлаа. Тухайн иргэний амьдарч байсан, амьдрах газрын байршлаас хамаарсан хязгаарлалтыг ч үгүй болгох хэрэгтэй гэдгийг тайландаа тусгажээ.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд буй нэг га тариалангийн газрын суурь үнэ 3859.0 мянган төгрөг байна. Тэгэхээр 200 га газрын суурь үнэ 771 сая төгрөг болох аж. Харин 200 га газрынхаа үнийг 50 жилийн дараа нөхөх гэнэ.
«Газар тариалангийн газрыг өмчлүүлэхдээ буруу аргыг сонгож авсан. Ихэнх орон тариачдадаа үнэгүй өгсөн байхад манайх л чи эзэмших гэж буй бол давуу эрхээрээ мөнгийг нь төлөөд ав, эсвэл дуудлага худалдаагаар ав гээд үнэрхсэн. өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд газар тариалангийн зориулалтаар 12-хон га газрыг өмчилж авсан байдаг» гэдгийг иргэн Бямбажав хэлсэн юм.
Судалгааны явцад ч гэсэн хөдөө аж ахуйн газрын үнэ өндөр байгаа. Тиймээс газар тариалангийн зориулалтаар хувьчилж авахгүй байж магад гэж дүгнэлт гарчээ. Тэгэхээр газрын татвар, төлбөрийн хэмжээг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэгч эх үүсвэр гэдгээр нь бус, газрын харилцааг зохицуулах эдийн засгийн гол хөшүүрэг гэдэг талаас авч үзэн уян хатан тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэхийг онцолсон байна. Газрын суурь үнэлгээг 1997 онд Засгийн газрын 152 тоот тогтоолоор гаргасан ба энэ нь зах зээлийн бодит үнээс эрс тэс зөрүүтэй байгаа гэнэ. Анх удаа Нийслэлд газрыг эзэмших эрхийг дуудлага худалдааны журмаар худалдсан. Уг газрын анхны үнэ 755 мянган төгрөг байсан бол дуудлага худалдаанд ялагч нь анхны үнээс 18 дахин их үнээр уг газар эзэмших эрхийг худалдан авч байжээ.
Эцэст нь хэлэхэд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль нь концепцийн хувьд болохгүй байна, иргэний газар өмчлөх эрхийг хаан боогдуулж, эрх зүйн ойлголтыг бүрхэгдүүлж байгаа гэдэг дээр ихэнх хүн саналаа хэлж байв.