Энэ асуултад хариулт өгөх зорилготой судалгааг Нээлттэй Нийгэм Форум, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт бүхий “Эдийн засгийн бодлогын шинэчлэл, өрсөлдөх чадвар” төслийн санаачилгаар “Deloitte & Touche” санхүүгийн байгууллагын зөвлөх Деннис Грабын тэргүүлсэн баг хийжээ. Тэд энэ судалгааныхаа үр дүнг танилцуулах уулзалтыг саяхан зохион байгууллаа. Энэхүү судалгаанаас одоогоор Монголд хувийн хөрөнгө оруулалттай сан байгуулах нөхцөл хараахан бүрдээгүй ч эдийн засаг болоод хууль, эрхзүйн орчинд хурдацтай өөрчлөлт хийж чадах аваас ойрын ирээдүйд байгуулагдах боломж байгааг үгүйсгээгүй үр дүн гарсан ажээ.
Ноён Денис Грабын танилцуулснаар Монгол Улсын хувьд олон улсын жишгээр бол 20 сая ам. долларын хөрөнгө оруулалттай жижиг сан байгуулах боломжтой гэнэ. Гэхдээ ийм сан нь дан ганц хөрөнгө оруулагч байгууллагын өмч биш, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан байх ёстой. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд байнга дутагдаж байдаг хөрөнгийг бий болгох, үнэт цаасны зах зээл дээр дахин хувьцаа гаргах, хөрөнгө оруулах боломжоор бүрэн хангагдсан байх учиртай аж.
Хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах эдийн засгийн орчныг авч үзэхэд Монголын хувьд юуны өмнө хөрөнгийн зах зээлийн түвшин тун хангалтгүй байгаа дүр зураг гарчээ. Манай хөрөнгийн бирж, зах зээл нь бусад орон, ялангуяа Европын түвшинд хүртэл хол өдий байгаа бололтой. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 400 гаруй компанийн ердөө 2,5 хувь нь бодитоор хувьцаагаа арилждаг бөгөөд ерөөс манайд данс нээгээд хөрөнгө оруулаад, түүнийхээ хувьцааг ил тод арилжаалах боломж байгаа эсэх нь анхаарал татахуйц байна. Түүгээр ч үл барам хөрөнгө оруулалтын зах зээл нь Засгийн газраас ихээхэн хамааралтай гэсэн дүгнэлт хийгджээ. Хөрөнгө оруулагчид, нэн ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид дэлхийн хаана ч байсан өдөр бүр бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны хэлбэлзэл, тухайн компанийн хувьцаа нэг центээр уналаа гэхэд тэр нь хэнд ямар үр дүнтэй байх тухай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц, хүртээмжтэй мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл ийм мэдээллээр манай хөрөнгийн бирж төдийлөн хангаж чадахгүй байгаа төдийгүй хөрөнгийн зах зээлийг гол зохицуулагчийн хувьд санаачилга гардаггүй байна. Ийнхүү судалгааны тайланг сонсч суухад 1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж эдүгээ 13 дахь жилийхээ нүүрийг үзэж буй боловч илт зогсонги байдалд орсон нь мэдрэгдэж байв.
Харин хөрөнгийн биржээс олохооргүй мэдээг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авч болох тухай илтгэгч өгүүлэв. МХАҮТ-д 28 мянга гаруй компани, аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд тэдний мэдээлэлд түшиглэн шийдвэр гаргах, албан ёсоор зах зээлийн хэмжээг тогтоох боломж байгааг ноён Д.Граб үгүйсгэсэнгүй. Гэхдээ энэ мэдээ бас л хангалтгүй байсан бололтой. Хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад хамгийн шаардагдах мэдээллийг банкуудаас авсан болохоо тэрбээр хэллээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлын мэдээллийг олохын тулд судлаачид нь бие даасан нягтлан бодогчид, татварын албаныхантай уулзсан аж. Тэдний тусламж үнэхээр хэрэгтэй байсан гэж ноён Д.Граб онцлон дурдаж байв. Энэ бүхний эцэст тэрбээр Монголын хувьд хамгийн ирээдүйтэй байж болох, аж ахуй нь нэмэгдэх хандлагатай салбаруудыг жагсаажээ.
Ерөнхийд нь авч үзвэл үйлдвэрлэлийн салбараас барилгын салбар /хувийн хэвшилд хөрөнгийн хамгийн их эх үүсвэртэй салбар нь барилга бөгөөд хоёр жилийн дотор хөрөнгийн эх үүсвэр нь 50 орчим хувиар нэмэгдсэн/, боловсруулах үйлдвэрлэлээс уул уурхай, бас жижиг худалдааны салбар нэлээд ирээдүйтэйд тооцогдож байгаа аж. Гэхдээ уул уурхайн салбар нь эрсдэл ихтэй төдийгүй үр өгөөж нь удаан мэдрэгддэг гэдгийг сануулж байв. Эдгээр салбарын дараагаар харьцангуй мэдээлэл олж авах боломжтойгоороо ноолуур, аялал жуулчлалын салбар орж байгаа бололтой. Нэлээд боломжийн салбарт боловсрол, үйлчилгээ, химийн лаборатори, мах боловсруулах, эрүүл мэнд, эм тарианы үйлдвэрлэл, харилцаа холбоо, интернет, программ хангамжийн салбар тооцогдож байна. Ялангуяа мах боловсруулах үйлдвэрлэлийн хувьд хувийн хөрөнгө оруулалт хийвэл малын тоо толгой өндөр учир өгөөжөө богино хугацаанд олох сайн талтай ч эрэлт нийлүүлэлтийн зах зээлээ урьдчилан сайн судалсан байх шаардлагатай аж. Харин банкуудын хувьд гэвэл хөрөнгө оруулагч нартаа тайлагнах нь учир дутагдалтай тул хүндрэл учруулдаг гэж судалгаанд дурдсан байна. Судлаачид энэ бүхнийг тооцоолохдоо Монголын бизнесменүүдийн авхаалж самбаа гэсэн нэлээдгүй чухал хүчин зүйлийг огт авч үзээгүй болохоо мэдэгдэж байлаа.
Хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах эрсдлийн тухайд тодорхой хугацаанд зах зээлээсээ гараагүй, эсвэл тухайн компанийн хувьд илүү эрсдэлтэй ч хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, үйл ажиллагааны цар хүрээ, хөрөнгө оруулагчдын сонирхол, эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, бие даасан хөрөнгө оруулагчдыг татах хүчин зүйл бүрдсэн эсэхийг судлах хэрэгтэйг судлаачид сануулж байна. Эдгээр хүчин зүйлийн талаар хангалттай хариу авахад нэлээд эргэлзээтэй байгаа ажээ.
Эцэст нь тэмдэглэхэд хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулахад Монголд хууль эрхзүйн орчин мөн л хангалтгүй гэсэн дүн авчээ. 1999 онд анх компанийн тухай хууль батлагдаж, бусад хууль тогтоомж гарсан хэдий ч хувьцааны харьцааг тодорхойлсон үнэт цаасны тухай хуулийг сайжруулан өөрчлөх төдийгүй нягтлан бодох бүртгэл, тайлагнах зарчим, татвар /нийт төсвийн хэдий хэмжээ нь нэмүү өртгийн татвараас бүрддэг болохыг тогтоох/ болон дампуурлын зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм байна. Энэ бүх эрхзүйн өөрчлөлтийг хийхэд нэг жилийн хугацаа шаардагдах магадлалтай гэж судлаачид үзсэн байна.
Судалгааны багийнхан Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдалтай танилцаж баримтжуулах, тэдний санаа бодлыг судлах үүднээс банк, санхүү, бизнес, хандивлагч зэрэг 75 гаруй байгууллагын удирдлагатай уулзаж ярилцжээ. Ингээд Монголд хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах цаг хугацаа болоод салбарын судалгаа, шинжилгээг үргэлжлүүлэн хийх, сангийн санхүүгийн урсгал, хөрөнгө оруулалтын шалгуур үзүүлэлтийг боловсруулах, бизнесийнхэнтэй зайлшгүй байх харилцаа холбоо, гадны дэмжлэг бүхий менежментийн компанийг үүсгэн байгуулах зэрэг асуудлаар цаашид үргэлжлүүлэн судлах хэрэгтэй болохыг зөвлөсөн байна.
Д.Гантуяа