|
|
Др., Проф. Г.Пүрэвбаатар |
2004 оны мөнгөний бодлогод хийсэн дүгнэлт, санал
Манай банк, барилга, харилцаа холбооны салбар сэргэж байна. Банк сэргэж хөгжих замдаа ороход луйвардах сэтгэлгээгээр зээл авдаг байсан нь зогссон, банкны захирал, ажилтан нар туршлагажиж барьцаа баталгаатай, хяналттай болсноос олгосон зээлийн 36-40 хувийг эзэлж байсан найдваргүй зээл 8-9 хувь хүртэл буурсан, арилжааны банкуудын өөрийн хөрөнгө нь нэмэгдэж төлбөрийн чадвар нь сайжирсан зэрэг эерэг хүчин зүйлс нөлөөлсөн байна.
Мөнгөний өсөлт, бүтэц
2003 оны 9 дүгээр сарын байдлаар нийт мөнгө 609,3 тэрбум төгрөг болж, 2000 оны мөн үеийнхээс 2,3 дахин өсчээ.
Мөнгөний бүтцийг авч үзвэл, зээлийн үлдэгдэл 353 тэрбум, иргэдийн хадгаламж 394,9 тэрбум, төгрөгийн харилцах данс дахь мөнгө 65,8 тэрбум, банкны гадуурх бэлэн мөнгө 148,7 тэрбум төгрөг байгаа бөгөөд нийт мөнгөтэй харьцуулахад 85; 64,8; 10,8; 24,4 хувийг тус тус эзэлж байна. Гадаад валютын нөөц 359,8 сая ам.доллар байна.
Мөнгөний бүтцийг ажиглахад нийт мөнгөний өсөлтийн 80 хувь нь иргэдийн хадгаламжийн өсөлт, 20 хувь нь бараа үйлчилгээний өсөлт байгаа нь эрүүл үзүүлэлт. Ард түмэн нь ерөнхийдөө чинээлэг хөгжингүй орнуудад иргэдийн хадгаламж нийт мөнгөний өчүүхэн хэсэг байдаг бол хүн амын 36 хувь нь нэн ядуу, 50 гаруй хувь нь ядуувтар манай оронд ийм их мөнгө хадгалуулаад байдаг нь чухам юунд байнаа гэвэл гадаадад ажиллаж буй хүмүүс ар гэртээ мөнгө явуулдаг /зөвхөн Өмнөд Солонгост ажиллаж байгаа хүмүүсээс жилд 100 сая ам.доллар ирүүлдэг гэсэн мэдээ буй/ Улаанбаатарт суудаг хөгшид голдуу ядуу айлууд орон сууцаа зарж, банкинд мөнгө хадгалуулж хүүгээр нь амьдардаг. Жижиг бизнес эрхлэгчид зарим үед мөнгөө банкинд хадгалуулдагтай холбоотой гэж үзнэ.
Хөгжингүй орнуудад хүмүүс мөнгөө банкинд тийм их хадгалуулдаггүй. Компанийн хувьцаа худалдан авч, ногдол ашиг авдаг бол манайд банкинд хадгалуулахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл компаниуд ногдол ашиг хуваадаггүй. Уг нь мөнгөө банкинд хадгалуулахын оронд хувьцаа худалдан авч компанид хөрөнгө оруулбал мөнгөтэй хүнд ч, эдийн засагт ч ашигтай л даа. Харамсалтай нь манай төр засаг бусдаас гуйж чаддаг, өөртөө байгаа бэлэн нөөцөө ашиглаж чаддаггүй болохоор хоёр жилд гадаадаас авдаг зээл тусламжаас хоёр дахин их иргэдийн хадгаламжийн 50 хувийг ч болтугай хөрөнгө оруулалт руу татах нөхцөл бүрдүүлэхгүй байгаа юм. Энэ нь шийдэхэд амархан, ногдол ашиг хуваадаг болох, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар компанийн хуульдаа өөрчлөлт оруулчихвал болно. Үнэт цаасны зах зээл ч буй болно.
Бүх мөнгөний нь дөрөвний нэг нь банкны гадуур гарчихсан орон манайхаас өөр байдаггүй байх. Банкны гадуурах мөнгө Монголбанк, төр засгийн “толгойн өвчин” байх ёстой байтал мэдлэггүйдээ тэр үү, эсвэл улс орны эрх ашгийг хайхардаггүйдээ тэр үү, ямар ч санаачилга гаргахгүй юм. Банкны гадуурх мөнгийг хяналтад авах арга бол бэлэн 100, харилцах дансан дахь 90, хадгаламж дахь 80 төгрөгийг шинэ нэг төгрөгөөр тус тус сольж мөнгөний реформ хийх явдал. Харин гадуурх мөнгийг банкинд оруулсны дараа гаргахгүй байх арга замыг бодох хэрэгтэй.
Зээл өсч, хүү нь төдий л буурахгүй байгаагийн шалтгаан
Зээл өсч, хүү нь төдий л буурахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь: манай эдийн засаг үйлдвэрлэл, хуримтлалд бус, арилжаанд тулгуурладаг. Компани, аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгө нь бизнес хийхэд хүрдэггүй, зээл авдаг /жаахан хуримтлалаар автомашин, орон сууц, техник төхөөрөмж худалдан авах, түрээсийн төлбөр төлөх, хүүхдээ гадаадад сургах гэх мэтэд зарж буй/. Сүүлийн жилүүдэд жижиг зээл ч ихээхэн олгох болсон. Зээлийн тодорхой эх үүсвэрийг татах хөрөнгө оруулалтын зээл байхгүйтэй холбоотой гэж үзнэ.
Гадаадын арилжааны банкуудын жилийн дундаж ашиг 8-11 хувиас хэтэрдэггүй бол манайх 3-4 дахин их юмуу 30-40 хувь байгаа нь манай арилжааны банкууд мөнгө хүүлж хуримтлал буй болгох шатандаа явааг нотолж байна. Ийм байдал тааламжтай орчин буй болгож, эдийн засгийг хөгжүүлэхэд саад болж байна.
Бага хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгох нөхцөл бүрдэхгүй байгаагийн гол шалтгаан нь: банкуудын өөрийн хөрөнгө бага, банкинд ихээхэн мөнгө байнга хадгалуулах эргэлтийн хөрөнгө, ашиг орлого сайтай компани, аж ахуйн нэгж бараг байхгүй, гадаадын урт хугацаатай томоохон эх үүсвэр манай банкуудад байршаагүй, инфляцийн төвшин хэвийн бус /жилийн инфляц 1-3 хувь бол хэвийн гэж үздэг/ зэрэгтэй холбоотой гэж үзнэ. Харин хувьчлагдсан банкууд гадаадаас томоохон капитал оруулж ирвэл хөрөнгө оруулалтын зээл буй болно. Гэвч, тэд манай нөхцөлийг ашиглаж мөнгө хүүлж ашиг олох гээд капитал оруулж ирэхгүй байж ч мэднэ. Урт хугацаатай зээл өгч болох ашиг орлого сайтай, ирээдүйтэй найдвартай аж ахуйн нэгж ч ховор байна.
Манай өнөөгийн нөхцөлд хөрөнгө оруулалтын зээл буй болгох нэг арга бол Олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй зээл авч арилжааны банкуудаар дамжуулан ирээдүйтэй, стратегийн ач холбогдолтой, экспортын чиглэлтэй, эдийн засгийн хоцрогдлыг багасгах, өндийж сэхэхэд хувь нэмрээ оруулах хувийн хэвшилд олгох явдал. Ийм зээлд шилжсэнээр Засгийн газар хандивын хүрээнд зээл авч, төрийн өмчийн аж ахуйн нэгжид олгодог үр дүн муутай, эргүүлж төлөх найдваргүй зээлийн дарамтаас салах болно. Харин зээлдэгчдэд тавих хяналтыг сайжруулах ёстой. Цаашид аль хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа өнөөгийн гадаадын зээлийг хувийн хэвшилд олгох урт хугацаатай зээлээр солих боломж бүрдэнэ.
Энэ дашрамд нэг зүйлийг өгүүлэхэд банк бус санхүүгийн байгууллага олширч буй нь мөнгөний зах зээлийн тодорхой орон зайг бөглөж, хэрэглээг хангах, өрсөлдөх сайн талтай ч, өндөр хүүгээрээ зээлийн хүү буурахад ямар нэг хэмжээгээр саад болоод зогсохгүй, ядуу жижиг зээлдэгчдийг хүүгээр мөлжих нь гаарч байна.
Инфляцийг мөнгөний бодлогоор бус, ядуурлаар тогтоон барьж байна
Үнэ нэмэгдэж, тэр хэмжээгээр мөнгөний ханш буурахыг инфляци гэнэ. Үнэ 10 хувиар нэмэгдвэл инфляци мөн 10 хувь болно. Инфляцийг тодорхой нэр төрлийн хэрэглээний бараа, үйлчилгээгээр тодорхойлдог.
Инфляцид дөрвөн гол хүчин зүйл шууд нөлөөлдөг. Нэгд, хэрэглээний бараа, үйлчилгээний хангамж /нийлүүлэлт/ муудвал үнэ нэмэгдэж мөнгө инфляфи болно. Манайд зуны улиралд мах, төмс хүнсний ногооны хангамж багасгах, үе үе шатахууны нийлүүлэлт тасалдахад үнэ нь нэмэгдэж төгрөгийн ханш бууруулдаг. Хоёрт, хүн амын мөнгөн орлого /цалин, тэтгэвэр тэтгэмж, бусад орлого/ бараа үйлчилгээний хангамжаас илүү гарвал үнэ нэмэгдэж мөнгө инфляци болдог. Манайд бараа, үйлчилгээний хангамж ихээхэн сайжирсан, хүн амын 36 хувь нь нэн ядуу, 50 гаруй хувь нь ядуувтар, товч хэлбэл, худалдан авах чадвар маш доогуур өнөөгийн нөхцөлд цалин тэтгэврийг ихээхэн нэмлээ ч үнийг нэг их нэмэгдүүлж төгрөгийг инфляци болгохгүй гэж ойлгож байна. Ингэхэд инфляцийг мөнгөний бодлогоор бус, ядуурлаар тогтоон барьж байна. Энэ бол бодит үнэн. Гуравт, бараа үйлчилгээний үнэ тарифыг нэмэгдүүлэхэд төгрөгийг шууд инфляци болгодгийг цахилгаан дулаан, шатахуун, нийтийн тээврийн тарифын нэмэлтээр жишээлж хэлж болно. Дөрөвт, гүйлгээн дэх бэлэн мөнгө байвал зохих тоо хэмжээнээсээ хэтэрвэл мөнгө инфляци болдог. Манай нийт мөнгөний дөрөвний нэг нь банкны гадуур бэлэн мөнгөөр байгаа ч мөнгө инфляци болгодоггүй бололтой.
Эдгээрээс гадна, мөнгөний ханшид шууд бусаар нөлөөлдөг олон хүчин зүйл байдгийн заримыг нэрлэвэл: төгрөгтэй хөрвөх гадаад валютын ханшийн өсөлт, төсвийн урсгал зардлын хэтрэлт /урсгал, алдагдал өсөх/ татварын ерөнхий төвшин нэмэгдэх гэх мэт.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын өсөлт бууралт нь дурдсан хүчин зүйлээс шалтгаалдаг, үнийг бүрэн чөлөөлсөн манай нөхцөлд тэдгээрийн өөрчлөлт нь зах зээлийн хуулиараа явдаг гээд бодоход 2004 оны мөнгөний бодлогоор Монголбанк инфляцийг таван хувь байлгана гэдэг нь бүтэхгүй зүйл. Мах, хүнсний ногоо, цахилгаан дулаан, шатахуун, талхны үнэ, тээврийн хөлс нэмэгдэх эсэхийг Монголбанк мэдэж зохицуулах болж байна уу? Харин инфляцийг нэмэгдүүлэхгүйн тулд Монголбанкны хувьд нийт мөнгийг зохистой хэмжээнд байлгах, ялангуяа банкны гадуурх бэлэн мөнгийг багасгах, төгрөг гадаад валюттай хөрвөх ханшийг бодитой байлгах гэх мэт мөнгө зээлийн салбарт өөрөөсөө шууд шалтгаалах, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Инфляцид нөлөөлдөг мөнгөний хүчин зүйлсийг нарийвчлан тогтоож, тэдгээр нь тус бүрдээ инфляцийн хэдэн хувийг эзэлдэгийг тодорхойлж, авах арга хэмжээг төлөвлөдөг болох хэрэгтэй юм.
Зах дээр мах хомсдох үеэр хямд үнээр борлуулж, үнэ нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газар мөнгө гаргаж мах бэлтгэдэг боловч, албан тушаалтан нар тэр махыг өндөр үнээр борлуулж дундаас завшихаас биш, үнийг зохицуулдаггүй нь өнгөрсөн жилүүдэд ажиглагдлаа!
Дутагдах гурил, хүнсний ногооны импортын гаалийн татварыг тодорхой хугацаанд хөнгөлдөг, эрчим хүчний зардлыг хорогдуулах, үнэ нэмэхийг түдгэлзүүлэх гэх мэт нь инфляцийн эсрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ бөгөөд мөнгөний бодлогын нэг хэсэг юм. Засгийн газар, Монголбанк, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан зөвшилцсөнөөр мөнгөний бодлого хэрэгжих тул зөвшилцөх бүтэц /механизм/ буй болгох хэрэгтэй.
Жилийн инфляци 1-3 хувь байвал жирийн “норм” гэж үздэг. 5-10 хувьд хүрвэл анхаарал татдаг. 10-аас дээш бол эдийн засаг, санхүү хямралтай байгааг нотолно.
Нийт үнийн төвшин зардлаас доогуур ортол буурахыг дефляц гэнэ. Инфляц мөнгөтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, Засгийн газрыг хохироодог бол дефляц нь бүх бараа материал, түүхий эд бүтээгдэхүүнийг үнэгүйтүүлдэгийн хувьд зардлаа минимум хэмжээнд хүртэл хорогдуулахгүйгээр үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй болгож, үйлдвэрлэл, аж ахуйн нэгжийг дампууруулж, улс орны эдийн засгийг сүйрүүлдэгээрээ инфляциас ч илүү аюултай байдаг.
Манай гадаад худалдаа алдагдалтай байхад валютын нөөц өсч байдаг
Манай гадаад худалдаа социализмын үед ч, зах зээлд шилжсэнээс хойш ч алдагдалтай /экспортоос импорт давахыг гадаад худалдааны алдагдал гэдэг/ явж ирсэн. Үүний язгуур шалтгаан нь эдийн засгийн хоцрогдол, экспортын чиглэлтэй олигтой үйлдвэрлэл байхгүй, хямд үнэтэй малын болон эрдэс түүхий эд экспортлодог, хүнсний бүтээгдэхүүн 70 хувь, аж үйлдвэрийн бараа, шатахууныг 100 хувь импортоор авдаг эдийн засгийн хараат байдал юм.
Сүүлийн жилүүдэд манай экспортын гол бүтээгдэхүүн ноолуур, алт зэсний гадаад зах зээлийн үнэ ихээхэн буурсан, ган зуд болсноос малын түүхий эд хорогдож экспорт багассан, үр тариа тарьж чадахгүй болсон, тариа ногооны ургац алдсанаас гурил, хүнсний ногооны импорт нэмэгдэж гадаад худалдааны алдагдлыг экспортын 50 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэв. Хэрэв бусад оронд гадаад худалдааны алдагдал экспортын 20-30 хувьд хүрэх юм бол эдийн засаг гүнзгий хямралд орлоо гэж сандарч, экспортоо нэмэгдүүлэх, импортоо хорогдуулах талаар тодорхой арга хэмжээ авдаг бол манайд хэн ч хэрэгсдэггүй, жирийн үзэгдэл мэт байх юм.
Гадаад худалдааны алдагдал нэмэгдэхэд валютын нөөц хорогдох ёстой байтал манайд өсдөг эдийн засгийн сөрөг хууль үйлчилдэг нь сонин. Энэ нь манай эдийн засаг зээл тусламж дээр тогтдог, зээл тусламжаар валют ирдэг, гадаадад ажиллаж буй хүмүүс ар гэртээ ихээхэн хэмжээний валют явуулдагтай холбоотойгоос зайлшгүй.
Валютын нөөц экспортоор бус, дурдсан эх үүсвэрээр /хангалттай/ бүрдэж байгаа нөхцөлд түүнийг төчнөөн хоногийн импорттой тэнцэх хэмжээнд байлгана гэдэг шалгуур үзүүлэлт хэрэглэх шаардлагагүй болж. Харин валютын орлого зарлагад хяналт тавьж, нөөцөө үр ашигтай зарах, гадаад валютын ханшийг хөөрөгдөхгүй байх хэрэгтэй.
Мөнгөний бодлогын хувилбар
Олон улсын практикаас үзэхэд мөнгөний бодлого хэрэгжүүлдэг үндсэн хоёр хувилбар байдаг. Нэг нь мөнгө зээлийн салбарыг хэвийн байлгаж, эдийн засаг, нийгэмд тааламжтай нөхцөл бүрдүүлэх. Нөгөө нь өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэдэг монотаризм буюу нийт мөнгийг нэмэгдүүлэх хорогдуулах замаар зээлийн хүүд нөлөөлж, хөрөнгө оруулалтыг ихэсгэж, эдийн засгийн өсөлтийг хангадаг хувилбар. Монотарист аргатай гаалийн болон албан татварын механизмыг хослон ашиглаж эдийн засгийг удирдаж зохицуулдаг. Улс орнууд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан мөнгөний бодлого хэрэгжүүлдэг хувилбарууд дангаараа бус, холимог саармаг байна.
Монотаризмыг давуу хэрэглэж мөнгөний бодлого явуулахад эдийн засгийн бүтэц, үр ашиг сайн, бизнесменүүдийн мэдлэг чадвар өндөр, мөнгөний бүтцийг /агрегатыг/ удирдаж зохицуулах төв банкны мэргэжлийн төвшин өндөр байхыг шаарддаг.
Эдийн засаг, мөнгөний зах зээлийн хөгжил сул, бага буурай орнуудад монотарист мөнгөний бодлого хэрэглэх боломж, хөрс суурь байдаггүй. Тэд өөрсдийн нөхцөл байдалд нийцсэн, хэрдээ тохирсон, үр дүнгээ өгөхүйц, мөнгөний бүдүүвч “саармаг” бодлого явуулдаг аж. Тухайлбал, микро төвшинд арилжааны банкуудыг төлбөрийн чадвартай байлгаж, мөнгө хадгалуулдагчдыг хохироохгүй байх, хадгаламж ба зээлийн хүүг зохистой байлгах /үүний тулд хадгаламжийн хүүгийн доод, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоодог орнууд ч байдаг/ эрсдэл, даатгалын сангууд байгуулах, банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, төлбөр тооцооны боловсронгуй арга хэрэгсэл нэвтрүүлэх гэх мэт ажлыг мөнгөний бодлогоор хэрэгжүүлдэг байна.
Макро төвшинд мөнгөний бодлогоор хэрэгжүүлдэг гол ажил нь нийт мөнгө, түүний бүтцийг зохистой хэмжээнд барих, ялангуяа инфляцид шууд нөлөөлдөг бэлэн мөнгийг хамгийн бага байлгах, улсын гадаад валютын нөөцөд хяналт тавьж зарцуулах, Засгийн газартай хамтарч мөнгөний болон үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, дотоодын хуримтлалаар хөрөнгө оруулах нөхцөл бүрдүүлэх; гадаад зах зээл дээрх бараа мөнгөний эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийг судалж, түүний өөрчлөлттэй уялдуулж үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих арга хэмжээг Төв банк Засгийн газартай хамтарч хэрэгжүүлдэг байна.
Мөнгөний бодлогоор хамарвал зохих асуудал
Мөнгөний бодлогоор хамарвал зохих асуудлын талаар саналаа хэлбэл:
1.Монголбанкнаас хэрэгжүүлбэл зохих асуудал
1.Макро төвшинд:
-
Нийт мөнгө, түүний бүтцийг зохистой хэмжээнд барих
-
Төгрөгийн гадаад валюттай хөрвөх ханшийг тогтвортой байлгах
-
Мөнгө-зээлийн захыг бэхжүүлж хөгжүүлэхтэй холбоотой асуудал
-
Банкны салбарт бүртгэл, мэдээлэл, тайлан, аналитик шинжилгээний нэгдсэн сүлжээ буй болгох
-
Монголбанк мөнгө-зээлийн салбарыг хариуцдагийн хувьд гадаадаас зээл тусламж авах бодлого боловсруулах, бүртгэх, мэдээлэх, үр ашгийг нь тооцох, төлбөр тооцоо хийх талаар санал дүгнэлтээ Засгийн газар, УИХ-д илэрхийлдэг болох. Ийм заалтыг зохих хуулинд тусгаж өгөх.
-
Олон улсын банк, санхүүгийн байгууллагатай тухайн жилд хамтран ажиллах чиглэл, арга хэлбэр
-
Банкны салбарыг боловсон хүчнээр хангаж бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх арга хэмжээ
б.Микро төвшинд
-
Арилжааны банкууд, Банк бус санхүгийн байгууллагын төлбөрийн чадварт хяналт тавьж, шууд ба шууд бус арга хэрэгслээр зохицуулах. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай уялдуулан арилжааны банкуудыг зохицуулдаг зарим арга механизмаа үр дүнгээ өгөхүйц шинэ арга механизмаар солих.
2.Засгийн газартай дараахь чиглэлээр хамтран ажиллах. Тухайлбал, үнэ нэмэгдүүлж төгрөгийг инфляци болгодог татваруудыг өөрчлөх; гадаад худалдааны тэнцлийг сайжруулж алдагдлыг багасгаж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монголбанкаас төсвийн алдагдлыг нөхөх зээл олгох үнэт цаас худалдах, цаасан мөнгө гүйлгээнд гаргах, банк санхүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг бусад хуультай уялдуулах, Олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөнгөлөлттэй зээл авч, стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл, экспортын чиглэлтэй аж ахуйн нэгжид урт хугацаатай бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгох.
3. Монголбанк мөнгөний бодлого хэрэгжүүлж, эдийн засагт тааламжтай нөхцөл бүрдүүлэх үүрэгтэйн хувьд дараахь чиглэлээр судалгаа хийх ёстой.
-
Үндэсний статистикийн газартай хамтарч ДНБ, гадаад худалдааны тэнцлийг /алдагдлыг/ бодитой тодорхойлох аргачлал боловсруулах.
-
Дэлхийн зах зээлийн үнэ, худалдааны өргөн харилцаатай Хятад, Оросын жишиг үнэ, Монголын дотоод зах зээлийн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын харьцаагаар төгрөгийн хөрвөх ханшийг тодорхойлж, дотоод зах зээл дээрх ам.долларын ханшийн хэлбэлзэл, бодит ханшийг тогтоох.
-
Дэлхийн зах зээл дээрх манай экспорт, импорттой ижил төрлийн бараа, нефть бүтээгдэхүүн, алт, зэс, ноолууран бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийг тэдгээр барааны үндэсний өртөг зардалтай харьцуулж судлах.
-
Банк санхүүгийн салбар дахь даяаршлын эерэг сөрөг тал манай оронд хэрхэн тусахыг судлах.
Мөнгөний бодлого хэрэгжүүлэх тухайн жилд Монголбанкны дүрмийн сан, орлого, зарлага, ашиг алдагдал, орон тоо, цалингийн сан, төсөвт оруулах орлого, гүйлгээнд гаргах цаасан мөнгө, төрийн санд худалдаж авах алт, үнэт чулуу бусад эдлэл зэргийг УИХ-аар батлуулж олон нийтэд мэдээлдэг болох хэрэгтэй юм.