Г.Пүрэвбаатар
(Доктор, профессор)
Банкны урт хугацаатай, бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээл буй болгож, эдийн засгийг дэмжих талаар Монгол банк, УИХ-ын эдийн засгийн байнгын хороо арга зам хайж байгаа нь цаг үеэ олсон чухал асуудал. Эдүгээ Засгийн газар Олон улсын банк санхүүгийн байгууллага, улс орнуудаас 5-10 жилийн хугацаатай, харьцангуй өндөр хүүтэй арилжааны зээл; 20-40 жилийн хугацаатай, жилийн 0,75 хувийн хүүтэй хөгжлийн зээл авч байна. Эдгээр зээл нь ганц нэг аж ахуйн нэгжийг эс тоолбол бүхэлдээ эргүүлж төлөх эх үүсвэргүй, эдийн засгийн үр ашгийн тооцоонд үндэслэгддэггүй, зөвхөн тодорхой зардлыг нөхөөд л бүхэлдээ Засгийн газрын өр болж үлддэг. Одоо ийм өр 2,2 тэрбум ам.доллар байна. Банкны урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл үнэхээр үгүйлэгдэж байна.
Зах зээлийн нөхцөлд үндсэн гурван эх үүсвэрээр хөрөнгө оруулдаг. Нэгд, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүд хуримтлалаараа өөрсдөө юмуу бусдад мөнгө, техник төхөөрөмж, байшин барилга, газрыг урт хугацаагаар хүүтэй зээлдүүлж; хоёрт, ард иргэд ногдол ашиг авахын тулд хураасан мөнгөөрөө компани, банкны хувьцаа худалдан авч; гуравт, арилжааны банкууд, аж ахуйн нэгж, ард иргэдэд урт хугацаатай зээл олгож тус тус хөрөнгө оруулдаг байна. Банкны хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа 1-10 жил, хүү нь 6-12 хувь байдаг бөгөөд зээл олгож буй объектын үр ашиг, буцааж төлөх боломжийг харгалзан хугацаа, хүү нь янз бүр байна. Хамгийн тохиромжтой, дээд хугацааг таван жил гэж үздэг. Өнөөдөр манайд хөрөнгө оруулалтын сүүлийн хоёр хувилбар байхгүй байгаа нь үнэт цаасны зах зээл байхгүй, санхүүгийн зах зээл бүрдэл болоогүйтэй холбоотой юм. Үнэт цаасны зах зээл буй болохгүй байгаа гол шалтгаан нь компаниуд жижиг, зах зээлд зохих байр сууриа олоогүй, ашиг орлого нь доогуур, ашигтай ажиллалаа ч ногдол ашиг хуваадаггүй, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан хууль байхгүй, ард иргэд үнэт цаасны талаар мэдлэггүйтэй холбоотой. Үнэт цаасны зах зээл буй болгох талаар төр, засаг шийдэмгий арга хэмжээ авахгүй, цаг алдаж байна.
Арилжааны банкууд урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл олгох эдийн засгийн орчин бүрдээгүй байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, дараахь хүчин зүйлс саад болж байна.
1. Хамгийн ноцтой саад болж байгаа нь инфляци. Жилийн инфляци хэвийн бус /буюу 1-2 хувийн хэмжээнд хүрээгүй/ нөхцөлд олгосон зээлийн нэлээд хэсэг нь алдагдал болдог. Богино хугацаатай зээлийн хувьд өндөр хүүгээр инфляцийн алдагдлыг нөхөөд ашигтай ажиллаж болдог бол жилийн 6-12 хувийн хүүтэй 5-10 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээлд тийм боломж байдаггүй, зээлдүүлсэн мөнгөө бүхэлд нь алддаг. Инфляци нь зээлдэгчид ашигтай, зээлдүүлэгчид хохиролтой болдог байна.
2. Хоёрдахь саад болж буй хүчин зүйл нь богино хугацаатай зээлийн хүү өндөр байгаа явдал. Зээлийн эрэлт их, эх үүсвэр хүрэлцээгүй, банкуудын өөрийн хөрөнгө бага, иргэдийн хадгаламжийн хүү харьцангуй өндөр гэх мэт шалтгаанаар богино хугацаатай зээлийн хүү төдий л буурахгүй байна.
3.Урт хугацаатай зээл аваад буцааж төлөх найдвартай, төлбөрийн чадвар сайтай, зах зээлд зохих байр сууриа эзэлсэн ирээдүйтэй компани, аж ахуйн нэгж, мэргэжлийн өндөр төвшинд бизнес эрхлэх дадлага туршлагатай эзэд, захирал ажилтан ч ховор байгаа.
4.Урт хугацаатай зээл олгоход арилжааны банкууд жижиг, өөрийн хөрөнгө нь бага, ажилтан нарын нь туршлага дутагдах тал буй.
5.Хөрөнгө оруулалтын зээлийн өвөрмөц онцлогт нийцсэн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл, амьдралд яг таг нийцсэн хууль, найдвартай хүчтэй шүүх, мэргэжил чадвартай, шударга шүүгчид дутагдаж байна.
Банкнаас хөрөнгө оруулалтын урт хугацаатай зээл олгох боломжгүй өнөөгийн нөхцөлд юу хийх ёстой вэ гэвэл, Засгийн газар, Монгол банк зуучилж Олон улсын банк, санхүүгийн байгууллага, улс орнуудаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авч, арилжааны банкуудаар дамжуулан юуны өмнө стратегийн ач холбогдолтой, экспортын чиглэлтэй, хөгжих ирээдүйтэй компани, аж ахуйн нэгжүүдэд олгох явдал. Энэ хувилбарыг үнэхээр бүтээлч, ажил хэрэгч бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлж чадвал гадаадаас Засгийн газрын авдаг эдийн засгийн зээлийг хувийн хэвшилд олгох зээлээр орлуулж, төр засгийн зээлийн ачаалал, өр төлбөрийг хөнгөвчлөх нэг чухал алхам болно. Харин төр, засгийн хатуу хяналттай хэрэгжүүлэх ёстой.
Арилжааны банкууд болон бусад зээлдүүлэгчээс олгох урт хугацаатай зээлд Монголбанк юмуу, эсвэл Засгийн газар баталгаа гаргаж өгөх тухай Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбаттай санал төдийлөн оновчгүй юм. Яагаад гэвэл элдвийн шалтгаанаар эрсдэлд их өртдөг урт хугацаатай зээлийн алдагдлыг Монголбанк, Засгийн газар нуруун дээрээ үүрэх нь байж болохгүй зүйл. Өөрөөр хэлбэл, зээл олгосон банк, авсан аж ахуйн нэгжийн алдагдлыг хариуцна гэсэн үг. Монголбанк, Засгийн газар зарим нэг зээлд баталгаа гаргаж өгснийхөө гашуун сургамжийг амсч байгааг мартаж болохгүй.
Зээл бүхэн үр ашгийн тооцоонд үндэслэдэг
Урт богино хугацаатай ямар ч зээл барьцаа баталгаагаар зогсохгүй, үр ашгийн тооцоо, зээлдэгчийн найдвартай чанарт үндэслэдгийг бид мэднэ. Зээлдэгчийн найдвартай чанар нь ямар ч барьцаа баталгаанаас илүү ач холбогдолтой байдаг ч манай банкууд зээлдэгч хувь хүнийг судалдаггүйгээс найдваргүй зээл минимум хэмжээнд буюу 3 хувь хүртэл буурахгүй байгаагийн нэг шалтгаан болж байна. Зээлдэгч ба зээлдүүлэгч хоёр этгээд өгч авах зээлээ эдийн засгийн үр ашгийн тооцоонд заавал үндэслэх ёстой. Энэ бол зээлийн хатуу зарчим. Үр ашгийн тооцоонд үндэслээгүй зээл бол түүнийг юунд хэрхэн зарцуулах, ямар ашиг орлого олох, эргүүлж төлөх боломжийг урьдчилан төсөөлөөгүй, зөвхөн мөнгө /хөрөнгө/ өгч авах тохиролцоо юм.
Богино хугацаатай зээлийн үр ашгийг тооцох тун амархан. Жишээлбэл, арилжааны банкуудын хувьд хадгаламжийн хүүд юу төлөх, банк ямар зардал гаргах, инфляцийг нөхөөд татвар төлөөд ямар ашиг олохыг тооцож олгох зээлийн хүүг тогтоож, үр ашгаа тодорхойлно. Зээлдэгчийн үр ашгийг тодорхойлох нь мөн хэцүү бус. Жишээлбэл, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх юмуу, наймаа хийхэд /татвар, төлбөрийг оролцуулан бүх зардлын нийлбэр дүнгээр/ 100 төгрөгийн зардал гаргахад 15-20 хувийн ашиг олдог гэж бодвол 4-5 хувийн хүүтэй зээл авахад л ашигтай ажиллана.
Эрсдэлд илүү их өртөмтгий, урт хугацаатай, бага хүүтэй хөрөнгө оруулалтын зээлийн үр ашгийг түүнд нөлөөлөх эерэг сөрөг хүчин зүйлсийг урьдчилан харж тооцох боломж байдаггүй. Иймд зээлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн тооцоог баримтлахаас өөр аргагүй болдог. Харин зээл олгогч банк тэрхүү төслийн эдийн засгийн үндэслэл, үр ашгийн тооцоог нарийвчлан шалгаж улам сайжруулах хэрэгтэй. Монгол банк яамдтай хамтарч хөрөнгө оруулалтын эдийн засгийн үндэслэл, үр ашгийг тооцоход баримтлах эдийн засаг, санхүүгийн нормативууд боловсруулж, Засгийн газраар батлуулах хэрэгтэй.
Анхны мэдэгдэхүүн олгох үүднээс урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авснаар зээлдэгч ямар ашиг олохыг хийсвэр жишээгээр үзүүлье. Нэг компани 100 сая төгрөгийн үнэтэй байрыг жилийн 12 сая төгрөгөөр түрээсэлж ашигладаг гэж санъя. Тийм хэмжээний байр барихаар банкнаас 100 сая төгрөгийн зээлийг 10 жилийн хугацаатай, жилийн 12 хувийн хүү төлөхөөр авчээ гэж бодвол байрны түрээст төлдөг мөнгө зээлийн хүүд төлнө. 100 сая төгрөгөөрөө 1-2 жилд байр барьж ашиглана. Дараа нь байрны үнийг элэгдэл хорогдлын шимтгэлээр үйлдвэрлэл үйлчилгээнийхээ өртөгт шингээж 12 жилийн эцэст “үнэгүй” байртай болно. Авсан зээлийг цувуулж төлөхөд хүүгийн төлбөр жил жилээр хорогдоно. Зээлээр хөрөнгө оруулсны үр ашиг үүгээр зогсохгүй, барилга объектын үнэ нэмэгдэнэ. Авсан зээлийн ханш инфляциар буурч, сул орлого орно гээд бодоход хөрөнгө оруулалтын үр ашиг ирээдүйд гардаг нь харагдаж байна.
Банкны зээлээр хөрөнгө оруулж чадсан орон хөгждгийг Япон улс нотолсон. Харин зээлдэгчээс маш их ухаан чадвар овсгоо шаардагддаг аж.
Урт хугацаатай зээлийн эрсдэл их байдаг
Богино хугацаатай зээлийг бодвол урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл илүү их эрсдэлтэй байдаг. Зээлдэгч ба зээлдүүлэгчийг эрсдэлд оруулдаг олон хүчин зүйл байдгийн заримыг тоочих төдий өгүүлбэл: зээлдэгчийн мэргэжил чадвар дутагдаж буруу бизнес хийж дампуурах, улс орны эдийн засаг, санхүү хямрах, гадаад дотоод зах зээлийн эрэлт үнэ ханшийн тааламжгүй өөрчлөлт, ган, зуд, газар хөдлөлт, хүн малын халдварт өвчин гарах гэх мэт. Зээлдэгч ба зээлдүүлэгчид энэ бүхнийг урьдчилан харж тооцох боломж байдаггүй. Харин тохиолдсон үед нь ухаалаг ажиллаж чадвал хохирол багатай гарч болно.
Урьдчилан харах боломжгүй эрсдэлийн хохирлыг зээлдэгч ба зээлдүүлэгч хуваалцах талаар зээлийн гэрээнд тусгадаг олон улсын практик байдаггүй. Харин эрсдэлийн болон даатгалын сангууд байгуулдаг түгээмэл практик буй. Эдгээр санг төрөөс дэмжиж татвараас чөлөөлдөг аж. Мөн урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийн үзэл баримтлал, хууль байж ч болох юм.