Д.Болдбаатар
(Монгол банкны Мөнгөний бодлогын хэлтсийн дарга)
Нэг жилээс дээш хугацаатай зээлийн хэмжээ зээлийн үлдэгдэл дүнгийн ердөө ес гаруй хувийг эзэлж байгаа нь зээлийн хугацааны асуудалд анхаарал хандуулах цаг болсныг бодитой илтгэж байна. Гэтэл хүү нь санхүүгийн зах зээлийн үнэ учраас түүнийг захиргаадах боломж үлэмж хязгаарлагдмал юм. Зээлийн хугацааг уртасгахад банк болон зээлдэгчийн тодорхой хугацааны тогтвортой харилцаа шаардлагатай бөгөөд ийм орчин бий болгохыг банк, зээлдэгч аль аль нь чармайж ажиллах хэрэгтэй байна. Харин төрийн бодлогын хувьд одоогоор хэрэгжиж эхлээд байгаа орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг ашиглан урт хугацааны зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, банкуудад урт хугацааны зээлтэй холбогдон үүсч болох эрсдлийг удирдах санхүүгийн дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллах нь тохиромжтой юм.
Зээлийн хүү буурахгүй байсан ч зээлийг урт хугацаанд хувааж төлснөөр зээл төлөлтийн дарамт багасч, зээлийн бүтээгдэхүүнүүдийг зээлдэгчийн мөнгөн орлогын хэв шинжид зохицуулах сонголтын хүрээ өргөждөг. Зээлийн хугацаа уртсахад эрсдэл нэмэгддэг учраас хүүгийн түвшин нэмэгдэнэ. Гэхдээ нэг удаад банкинд төлж байгаа мөнгө зээлдэгчийн орлогын бага хувийг эзэлж байвал хүүгийн бага зэргийн өсөлт хүндрэл болохгүй. Дээрээс нь урт хугацаанд банк-зээлдэгч хамтран ажиллах тусам эрсдлийг илүү бодитой үнэлж хүү бууруулах бодит үндэслэл бий болно. Банк-харилцагчийн хоорондын мэдээллийн ялгаа байхгүй тохиолдолд банк нь компанийн үйл ажиллагааны талаар хангалттай зөв мэдээлэлтэй байж, компанийн удирдлагын үйлдлийг баримжаалах, бүр таамаглах боломжтой болдог тул санхүүгийн зах зээлийн ойрын ирээдүйн талаарх өөрийн төсөөлөл дээр үндэслэн зээлийн эрсдлийг зөв үнэлж түүнийгээ тусгасан урт хугацаатай зээлийн хэлэлцээр хийх боломжтой болдог. Банк болон компанийн хоорондын харьцаа сайн байх нь компанийн зүгээс зөвхөн тухайн банкинд данстай байх, бэлэн мөнгөний орлогоо зөвхөн зээлдүүлэгч банкиндаа тушаах зэрэг банкны бусад бүтээгдэхүүнийг бүрэн ашиглах хэлбэрээр илэрнэ. Харин банк үүний хариуд компанийн мэдээллийн нууцыг чанд хадгалах, зах зээлийн өөрчлөлтийн төлвийн талаарх мэдээллээ хуваалцах, зөвлөгөө өгөх зэргээр хамтарч ажиллана. Ингэснээр зээлдэгчдэд илүү таатай зээлийн нөхцлийг бүрдүүлж, зээлдүүлэгчийн хувьд илүү бодитой мэдээллийг ашиглан зээлийн эрсдлийг зөв тооцоолох боломж нэмэгдэнэ.
Ингэхэд банк болон зээлдэгчийн хооронд урт хугацаанд хамтран ажиллах боломж бүрдсэн байна уу гэдэг асуулт гарах юм. Шинэ маягийн аж ахуй эрхлэх тогтолцоо үүсч эхэлснээс хойш 12 жил өнгөрлөө. Энэ жилүүдэд аж ахуйн үйл ажиллагаа шинэчлэгдэн тогтворжих бүрэн боломж төдийлэн байгаагүй. Хамгийн гол нь хүчтэй инфляци, хурдтай бүтцийн өөрчлөлт, эрх зүйн орчны шинэчлэлт, банкны хямрал, хөрөнгийн хуваарилалтыг захиргааны аргаар шийдвэрлэх оролдлого зэрэг тодорхой бус байдлыг нэмэгдүүлсэн хүчин зүйлсийн нөлөө хүчтэй байсан.
Хамгийн нөлөөтэй хүчин зүйл болох инфляцийн түвшин буурсан хэдий ч зээлийн хугацааг уртасгах тал дээр банкууд, зээлдэгчид болгоомжилсон хэвээр байна. Зээлийн түүх үүсээгүй, зээлдэгчийн бизнесийн амжилт тогтворжоогүй гэдгээр үүнийг голлон тайлбарлаж байгаа ч нөгөө талаас мэдээллийн ялгаатай байдлаас шалтгаалан зээлдэгчийг буруу сонгох, мөн зээлдэгч зээл авснаасаа хойш эрсдэлтэй асуудлыг шийдвэрлэх аргад бүрэн суралцаж амжаагүй, алдаа гарсан тохиолдолд шийдвэрлэх тогтсон горим үгүйлэгдэж буйтай холбоотой юм.
Зээлийн хугацаанд нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь эдийн засгийн бүтэц юм. Өндөр инфляцийн улмаас аль болох богино хугацаанд түргэн эргэлттэй, эсвэл улирлын шинжтэй салбарт зээл олгож байна. Нөгөөтэйгүүр алтны үйлдвэрлэлийн салбарын амжилт нь хомсдмол байсан санхүүгийн эх үүсвэрийг илүүтэй шингээн бусад салбарт олгогдох санхүүжилтийг бууруулсан. Үүний дүнд зээлдэгчдийн тодорхой хэсэг нь зээлийг удаан хугацаанд хэрэглэх сонирхолгүй, харин яг хэрэгтэй сардаа хэрэглээд эгүүлэн төлөх эрмэлзэлтэй болжээ.
Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг дагаад зарим салбар түргэн зуур ашиг олох боломжтой байхад нөгөө нь амжилт гаргахад нэлээд хугацаа шаардагддаг. Хэрэв компаниуд ээлж дараалан төлбөрийн чадваргүй болоод байвал, эсвэл эзэд нь байнга шинээр компани үүсгээд байвал банкуудад урт хугацаанд оршин тогтнох аж ахуйн байгууллагыг ялгаж аваад урт хугацаагаар санхүүжүүлэхэд нэн хүндрэлтэй болно. Банкны мэргэжилтнүүд ажлын туршлага, үндсэн бүтээгдэхүүнийхээ зах зээл дээр эзлэх байр суурь, санхүүжүүлэх бизнесийн үйл ажиллагааныхаа хэдий хэрийг өөрөө санхүүжүүлэх боломжтой, эрмэлзлэлтэй байна вэ гэдгийг чухалчилдаг. Эдгээр нь бүгд бизнесийн тогтворжилттой холбоотой. Санхүүгийн эх үүсвэр нь тогтворжсон компаниудын хувьд зээлийн хүүг бууруулах нь цаг хугацаанаас ч илүү чухал байдаг. Ер нь урт хугацааны зээл нь хүү бууруулах арга биш, зөвхөн нэг удаа банкинд төлөх төлбөрийн хэмжээг бууруулах арга юм. Ингэж зээл хүүгийн төлбөрийг хугацаанд хувааснаар мөнгөн хөрөнгийн дарамт багатайгаар аж ахуйгаа удирдана.
Зээлийн хүү өндөр хэвээр байгаа нь урт хугацаатай зээл авах эрмэлзлэлийг багасгаж байна. Гэхдээ зээлийн эх үүсвэр хомсдмол хэвээр байвал зээлийн хүү өндөр байсаар л байна. Зээл элбэг болсон үед хүү буурахгүй байвал банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгө өндөр зардалтай байна гэсэн үг. Тэрчлэн банкууд алдагдал ихтэй байвал зээлийн хүүг өндөр байлгаж алдагдлаа түргэн нөхөхийг эрмэлздэг. Банк хямралтай үед ингэж алдагдлаа нөхөхийг эрмэлздэг бол хямралыг шийдвэрлэсний дараа татан төвлөрүүлсэн хөрөнгийн зардал илүү чухал болдог.
Эцэст нь хэлэхэд банкуудын эх үүсвэрийн хугацаа богино байгаа нь үүнд нөлөөлж байна. Гэхдээ эх үүсвэрийнхээ хугацааг уртасгахад хадгаламжийн хүүгийн хувь хэмжээ өндөр байгаа нь садаа болж байгаа юм. Хадгаламжийн хүүгийн түвшин нь банкуудын өрсөлдөөний стратегийн сонголтоос хамаарна.Зарим шинэ банк зах зээл дээр эзлэх байр сууриа олж авахын тулд өндөр зардалтай маркетингийн стратеги баримталж байгаагаас хүү буурах боломжгүй болж байгаа. Гэхдээ ийм өрсөлдөөн нь банкуудад бүгдэд нь л хохиролтой, бүгд уралдаж хадгаламжийн хүүгээ өсгөвөл сайн зээлдэгч олж авах, харилцагчдадаа илүү таатай нөхцлөөр үйлчлэх боломжоо бүгд алдах болно. Нөгөө талдаа өндөр зардалтай татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй банкууд нь урт хугацаагаар хадгаламжийн гэрээ хийх боломжгүй болно. Тиймээс банкууд актив талын бодлогоо илүү сайжруулах, түүнтэй зохицсон маркетингийн бодлого явуулах нь зээлийн хугацааг уртасгахад чухал болно. Хэдийгээр татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа уртассан ч зээлийн хугацаа түүнээс бүүр урт байхыг шаардана. Ер нь аль ч улсад банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаанаас зээлийн хугацаа урт байдаг. Энэ зөрүүнөөс шалтгаалж болох эрсдлийг удирдах нь банкны ажил юм. Эрсдэлтэй байх нь банкны хувьд хүнд ажил биш, харин эрсдлийг яаж удирдах вэ гэдэг нь тэдний гол ажил юм. Манай орны хувьд ийм төрлийн эрсдлийг удирдах санхүүгийн зах зээлийн бүтэц тун дутагдалтай байгаа учраас ийм боломж хязгаарлагдмал байдаг. Иймд хугацааны зөрүүнээс үүсч болох эрсдлийг удирдах дэд бүтэц бий болгох нь чухал байна.
Зээлийн хугацаанд хамгийн хохиролтой зүйл болох инфляцийг мөнгөний бодлогын зорилт болгон сонгож зохистой түвшинд нь байлгах бодлого явуулж байна. Үр дүн нь ч муугүй байгаа. Мэдээллийн ялгааны нөлөөг арилгахад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг сайжруулсан нь тун сайн нөлөө үзүүлсэн. Харин банкууд зээлдэгчийн мэдээллийг байнга шинэчлэх, зээлдэгчийнхээ эрсдлийг зөв үнэлэхэд суралцах үлдээд байгаа. Бодит эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, компаниудын амжилтын тогтворжилт нь цаг хугацааны асуудал юм. Хэрэв төрийн бодлого нь бизнес эрхэлж, ажлын байр бий болгож, татвараа төлж, төрийн нийгмийн бодлогод зарцуулах хөрөнгө бүрдүүлж байгаа байгууллагуудаа хүндэтгэж чадвал тэдний үйл ажиллагаа улам хурдан тогтворжих юм.
Бодлого хэрэгжүүлэгчид зээлийн хугацааг уртасгахад ямар хувь нэмэр оруулж болох вэ? Урт хугацаатай зээлийн цоо шинэ, зах зээл дээр шалгагдсан бүтээгдэхүүнийг олж, хэвшүүлэх нь илүү зохимжтой шийдэл юм. Ийм бүтээгдэхүүн бол орон сууцны ипотекийн зээл (ОСИЗ) юм. ОСИЗ бол урт хугацаатай зээлийн хамгийн нийтлэг хэлбэр бөгөөд олон оронд хамгийн сайн төлөгддөг хэлбэр болохоо харуулсан. Үүнийг хэвшүүлснээр манай иргэд ирээдүйн орлогоо урьдчилан хэрэглэх боломж бүрдэнэ. Харин банкуудын өмнө урт хугацааны зээлийн эрсдлийг удирдах шинэ шаардлага бий болж, энэ чиглэлээр шинэ бүтээгдэхүүн бий болгох өргөн боломж нээгдэж байна. ОСИЗ-ийн төлөлтөөр баталгаажсан үнэт цаасыг бий болгон хөрөнгийн зах дээр төгрөгөөр, гадаад валютаар арилжаалж эхэлбэл банкууд хүүгийн эрсдлээ хөрөнгийн захын хөрөнгө оруулагчдад шилжүүлэх боломж бий болно. Ийм үйл ажиллагааг зохион байгуулах, манай орны байдалд тохирсон тогтолцоог бий болгох зорилготой Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Нэгэнт эрсдэл удирдах шинэ боломж нээгдвэл санхүүгийн зуучлалын өртгийг хямдруулж болно. Эрсдлийн удирдлагыг сайжруулах нь түүнийг алга болгох биш, харин уг эрсдлийг илүү сайн удирдах чадвартай хэсэгт шилжүүлэхийг хэлж буй юм. ОСИЗ-ийг хэвшүүлэхийн тулд хууль эрх зүйн хэмжээг тогтоох, маргаан шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байна.