МСС-ийн тусламж буюу Монголчуудын “алтан боломж”

A- A A+
МСС-ийн тусламж буюу Монголчуудын “алтан боломж”

Д.Нарантуяа
(Сэтгүүлч)

1990 оноос хойш Монгол улс нийтдээ 2.5 тэрбум ам.долларын зээл тусламжийг хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас авч амьжиргаагаа залгуулж иржээ. Өөрөөр хэлбэл, хэрэв та өрхийн тэргүүн гэж бодвол таны олж байгаа орлого танай гэр бүлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учраас та хэн нэгнээс мөнгө зээлжээ гэсэн үг. Хэрвээ танд хэн нэгэн сайн санаат хүн “амьдралдаа том хөрөнгө оруулалт хий, гэхдээ энэ хөрөнгө оруулалт чинь танай гэр бүлийн амьдралыг хөл дээр нь босгох төдийгүй ач, гучийг хүртэл сайхан амьдрах боломжийг тавьж өгөх ёстой шүү” гэсэн анхааруулгатайгаар мөнгө өгвөл яах? Магадгүй та тэр сайн санаат хүнийг сэрүүн зүүдэлж байна гэж бодож болох юм. Тэгвэл Монгол Улсын хувьд энэ сэрүүд зүүд бодит болох боломж олдоод байна. Энэ бол сүүлийн үед монголчуудын чихэнд сонсогдох болсон Мянганы сорилын сангаас авах тусламж юм.

Хоёр жилийн өмнө Мексикийн Монтерей хотноо болсон Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш “хөгжингүй орнуудын харамгүй тусламжийг хөгжиж байгаа орнуудын үүрэг, хариуцлагатай харилцан уялдуулж холбох зорилго бүхий даян дэлхийн хөгжлийн төлөөх шинэ тусламж” гэсэн санааг дэвшүүлэн тавьсан юм. Ерөнхийлөгч Бушийн санал болгосноор энэхүү шинэ маягийн тусламжийг Мянганы сорилын сан /МСС/ гэсэн хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд энэ сангаас тодорхой хэмжээний тусламжийг шударга, эрх зүйт төр засагтай, иргэддээ хөрөнгө оруулдаг, эдийн засгийн эрх чөлөөг хөхүүлэн дэмждэг улс орнуудад олгохоор болсон билээ. Мөн үүнийг түншлэлийн шинэ хэлбэр ч гэж бас нэрлэж байгаа. Энэ дагуу АНУ-ын Конгрессын шийдвэрээр Мянганы сорилын сангаас олгох тусламжийг зохицуулах үүрэг бүхий Мянганы сорилын корпорац /МСК/ байгуулагдсан. МСК-г АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэль толгойлж, Төрийн сангийн нарийн бичгийн дарга ноён Жон Сноу дэд даргаар ажиллаж байна.

АНУ-ын Конгресс 2004 оны санхүүгийн жилд нэг тэрбум ам.долларыг МСК-д баталж өгөөд байгаа бөгөөд 2006 оны санхүүгийн жилээс эхлэн энэ дансны тусламжийг хэмжээг таван тэрбумд хүргэхээр ерөнхийлөгч Ж.Буш амлаад байгаа юм.

Бидний эхэнд өгүүлсэн сэрүүн зүүд бодит болно гээд байгаа маань энэхүү нэг тэрбум ам.доллараас 2 сая 500 мянган монголчууд бид хүртэх эрхтэй болчихоод байгаатай холбоотой юм. Нэг тэрбум ам.доллараас хувь хүртэхээр дэлхийн 60 гаруй улс орнууд МСК-ийн тогтоосон 16 шалгуур үзүүлэлтээр өрсөлдсөнөөс эхний 16 улсыг өнгөрсөн 5 дугаар сарын эхээр МСК албан ёсоор зарласны дотор Монгол улс багтаад байна. Бидэнтэй нэгэн жагсаалтад Армен, Бенин, Боливи, Капе Верди, Гүрж, Гана, Гондурас, Лесото, Мадагаскар, Мали, Мозамбик, Никарагуа, Сенегал, Шри Ланка болон Вэнуэти улсууд бичигджээ.

Тусламж авах орнуудыг сонгосон 16 шалгуур үзүүлэлтийг Шударгаар удирдах, Эдийн засгийн эрх чөлөөг хөхүүлэн дэмжих, Иргэддээ хөрөнгө оруулах гэсэн гурван багц болгон авч үзсэн байна. Тавдугаар сарын 28-29-нд Монголд хоёр хоногийн айлчлал хийсэн МСК-ийн захирал, ноён Пол Апплегартын мэдэгдсэнээр “Монгол Улс шударга засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн чөлөөт байдлыг хангах болон ард түмэндээ хөрөнгө оруулалт хийх чиглэлээр сүүлийн жилүүдэд тууштай ажиллаж байсан” нь Монгол Улс тусламж авах эхний орнуудын тоонд багтахад нөлөөлсөнийг онцлон тэмдэглэсэн. Тусламж авах орнуудыг сонгох талаарх тайланд дурдсанаар Армени, Бенин, Гана, Гондурас, Мадагаскар, Мали, Монгол, Никарагуа, Сенегал, Вэнуэти зэрэг улс нь шалгуур үзүүлэлтийн гурван багц бүрийн тэн хагаст нь дундаж оноо авсан, хээл хахуультай тэмцэж байгаа, 16 шалгуур үзүүлэлтийн аль нэгэнд ч хэтэрхий доогуур оноо аваагүй нь сонгогдох гол үндэслэл болсон байна. /Сонгогдсон орнуудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг МСС-ийн интернэт дэх вэб хуудаснаас www.mcc.gov гэсэн хаягаар орж үзнэ үү/

Монгол Улс ийнхүү тусламж авах орны тоонд багтсан нь зөвхөн эхлэл юм. Одоо бид ийм зүйлд энэхүү мөнгийг зарцуулж, ийм үр дүнд хүрнэ гэсэн төсөл, тооцоог МСК-д илгээх ёстой бөгөөд бидний илгээсэн төсөл үнэхээр монголчуудын ирээдүйд хийх хөрөнгө оруулалт мөн гэж үзсэн нөхцөлд тусламж олгох юм. МСК-ийн зүгээс эдгээр төсөл нь Монголын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн, ажлын шинэ байр бий болгосон, үр дүнг нь олон хүн хүртэхээр байх гэсэн гол шаардлагыг тавьж байгаа юм. Ингэхдээ санал болгох төслүүдэд нийгмийн бүхий л давхарга, өргөн олон нийтийн санал бодлыг тусгасан байх гэсэн зарчмыг баримтлахыг тусламж авах орнуудад зөвлөмж болгож байгаа.

МСС-ийн тусламж авах төсөл хөтөлбөрийг боловсруулах, үүнд өргөн олон нийтийн санал бодлыг тусгах ажлыг зохицуулах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын захирамжаар Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийг өнгөрсөн тавдугаар сарын 14-нд байгуулсан. Үндэсний зөвлөлийн тэргүүнээр Санхүү, эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, зөвлөлийн орлогч даргаар Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимийн дарга С.Дэмбэрэл, зөвлөлийн гишүүдээр Монгол улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ё.Отгонбаяр, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Алтангэрэл, “Амаржаргал” сангийн тэргүүн Р.Амаржаргал, ШУА-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Галбадрах, М-Си-Эс группын захирал Ж.Оджаргал нар ажиллаж байна.

Монгол Улс чанартай бөгөөд үр ашгийг нь олон хүн хүртэх боломжтой төсөл санал болгож чадвал энэ 2004 ондоо 50 сая ам.доллараас дээш хэмжээний тусламжийг авах боломжтой хэмээн Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар зургадугаар сарын 3-ны өдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн. Төслүүдийг энэ ондоо багтаан МСС-д санал болгоно.
 
Төслүүдийг хүлээн авч, олон нийтээр хэлэлцүүлэн МСС-д санал болгох, хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ажиллах Үндэсний зөвлөл ажлаа хэдийнэ эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 18-нд хэлэлцүүлгийн нээлтийн ажиллагааг Азийн сантай хамтран Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.

“МСС - Эдийн засгийн өсөлт” нэртэй энэхүү анхны хэлэлцүүлэг болох тухай өдөр тутмын хэвлэлүүдэд зарлагдсан эхний хоёр өдөртөө оролцох хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн тоо зохион байгуулагчдын тооцож байснаас хамаагүй давсан байсан нь энэхүү тусламж монголчуудад хичнээн хэрэгтэй байгааг гэрчилнэ.

Хэлэлцүүлгийн зорилго нь МСС-ийн тусламжийг аль салбарт чиглүүлэх нь зүйтэй вэ, энэ нь Монгол Улсын өсөлтийг хэрхэн түргэтгэх вэ гэдэг дээр олон нийтийн санал бодлыг сонсоход оршиж байгааг Үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Хэлэлцүүлгийн үеэр төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлсөн 30 гаруй хүн саналаа илэрхийлсэн. Оролцогчдын гаргасан саналд хамгийн олон давхардаж байсан нь мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийг дэмжиж хөдөө орон нутгат олноор байгуулах, импортыг багасгаж экспортыг нэмэгдүүлэх, боловсролын тогтолцоог шинэчлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлуудад МСС-ийн тусламжийг чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Үүнээс гадна эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих, мал эмнэлгийг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий эмнэлгийн оношлогооны төв байгуулах, монгол хүмүүсийн хандлага, итгэл үнэмшлийг өөрчлөх, орон нутгийн өөр удирдах ёсны байгууллагуудыг чадавхжуулж илүү эрх мэдэл өгөх, мэдээлэл харилцааны салбарыг хөгжүүлэх зэрэг олон санал гарч байлаа.

Энэхүү хэлэлцүүлэг нь анхных бөгөөд үүний дараа дахин 2-3 ийм хэлэлцүүлэг зохиохоор төлөвлөөд байгаа тухай Үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар хэлсэн. Үүнээс гадна иргэд өөрсдийн санал, төслөө засгийн газрын www.opengovernment.mn болон Үндэсний зөвлөлийн www.mca.mn хаягаар ирүүлж болох юм.

Мөн Ч.Хүрэлбаатарын хэлснээр Үндэсний зөвлөл нь дороо зөвлөх эрх бүхий Хувийн хэвшлийн төлөөлөл, Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Доноруудын төлөөлөл гэсэн гурван бүлэг ажиллана. Төслүүдийг энэ 2004 ондоо багтаан эцэслэн сонгож Засгийн газарт танилцуулсаны үндсэн дээр МСК-д санал болгоно.

МСС-гээс авах тусламж нь агуулгын хувьд өмнө нь Монгол Улсын авч байсан тусламжаас ялгаатай болохыг Үндэсний зөвлөл онцолж байна. Өнөөг хүртэл Монгол Улсын гадаад улс орон, олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа зарим тусламжийн хөрөнгийн ихэнх нь тухайн хэрэгжүүлж байгаа улс орон, байгууллагын зөвлөхийг цалинжуулах, эсвэл компанид ажил гүйцэтгүүлсэн хөлс төлөх зэрэг хэлбэрээр буцаад гараад явчихдаг бол МСС-гээс авах тусламжийг бүхий л шатанд монголчууд өөрсдөө гардан хийж, бүрэн хариуцаж ингэснээр тусламжийн хөрөнгө нь Монголдоо шингэхээрээ онцлог юм.
 
Монгол Улс энэхүү тусламжийг авах болсон нь монголчуудад олдож байгаа “маш том боломж” гэж Үндэсний зөвлөлийн гишүүн Р.Амаржаргал онцолж байна. Энэ боломжийг алдахгүй байхын тулд хамтран ажиллахыг Үндэсний зөвлөл уриалж байгаа юм. Монгол Улс МСС-ийн тусламж авах эхний улсуудын тоонд багтсан нь АНУ-ын Иракт явуулж байгаа үйл ажиллагааг Монгол Улс дэмжсэний хариуд америкчуудын өгч байгаа “бэлэг” гэсэн яриа байгаа бөгөөд үүнийг Үндэсний зөвлөл няцааж “энэ бол 1990-ээд оноос хойш чөлөөт эдийн засгийн тогтолцоонд суурилсан, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн, ардчилсан, сайн засаглалыг цогцлуулахад Монголын ард түмний олсон бодит амжилтын үр дүн” хэмээн үзэж байгаа юм. МСК-ийн захирал ноён П.Эпплгарт өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо байх үеэрээ “Монгол Улс ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд өмнө нь хийж бүтээсэн ажлын “шагнал”, цаашид хийх ажлынх нь “урьдчилгаа” хэмээн мэдэгдсэнийг энд ишлэмээр байна.
 
Монгол, АНУ-ын харилцааны ирээдүйн төлөв эерэгээр харагдаж байгаа энэ үед Монгол Улс МСС-ийн тусламж авах орны тоонд багтсан нь “хоёр орны харилцаанд шинэ боломж олгож, харилцааны шинэ хэлбэрийг нээж, цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргах угтвар нөхцөл болж байгаагаараа ач холбогдолтой” гэж ГХЯ үзэж байгаа тухай Үндэсний зөвлөлийн гишүүн С.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Энд нэг зүйлийг онцлоход МСС-ийн тусламжийг хүлээн авагч нь тухайн улсын Засгийн газар байх бөгөөд МСС зөвхөн Засгийн газартай гэрээ байгуулна, түүнээс биш төслийг санал болгосон хувь хүн, байгууллагатай гэрээ хийхгүй.