Г.ӨЛЗИЙ /сэтгүүлч/
Дэлхийн банкны судалгаагаар манай улсын далд эдийн засгийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувьтай тэнцэж байна гэсэн тооцоо гарчээ. Энэ оны төлөвлөсөн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй үүнийг харьцуулбал, 1.9 их наяд төгрөг бөгөөд жилийнхээ төсвөөс давахуйц хэмжээнд хүрээд буй. Манайд бүртгэгдээгүй, албан бус секторын эзлэх хувь ихээхэн жин дарж байгаа гэдэг ч яг тодорхой тоог хэлэх боломжгүй гэсэн. Дээрх 30 хувиас дээш тоо хэлдэг судалгааны байгууллагууд ч бий.
Наад зах нь манайд бүртгэлтэй 60 мянган аж ахуйн нэгжийн 50 орчим хувь нь Х тайлан буюу үйл ажиллагаа явуулаагүй тайлан гаргадаг гэсэн тооцоо байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй мөртлөө оршин тогтноод байгаа нь эргэлзээтэй.
Өнгөрсөн жил хэрэгжсэн Ил тодын хуулиар дөрвөн их наяд 510 тэрбум 887 сая төгрөгийг ил гаргаж тавьсан. Өөрийгөө илчлэн татвар төлөгчдийн гаргаж ирсэн энэ их мөнгийг татварын байгууллага өнгөрсөн жилүүдэд яагаад илрүүлсэнгүй вэ?
Энэ мэтчилэн хяналтаас гадуур яваа бэлэн мөнгө их. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өөрийгөө тодорхойлж төлдөг одоогийн татварын системд манайх төдийлөн шилжиж чадахгүй байгаагийн шинж байж ч болох. Татвараа төлөх нь иргэний үүрэг хэмээн Үндсэн хуульд тунхагласан ч энэ нь нийгмийн сэтгэлзүйд бүрэлдэн тогтож чадахгүйгээс хуулийн гадуур амьдрагсдын хүрээг тэлсээр байгаа юм.
Удахгүй гар дамжсан бэлэн мөнгөний худалдааг бүртгэлжүүлэх эрх зүйн орчныг бий болгох гэнэ. Энгийнээр тайлбарлавал, бид өдөр тутам дэлгүүр, үсчин, такси, ресторан, кинотеатрт мөнгөө үрдэг хэрнээ үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс ямар нэгэн баримт авдаггүй. Тэд татвар төлдөг ч юм уу, бүү мэд.
Тэгвэл энэ харилцааг зохицуулах нэгэн хуулийг санаачлаад буй ажээ. Бэлэн мөнгөний төлбөр тооцоог бүртгэж, иргэдэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл боловсруулахаар Засгийн газраас ажлын хэсэг томилогдоод байгаа аж. Уг хуульд зааснаар бэлэн мөнгөний төлбөр тооцоог бүртгэлжүүлэх тогтолцоонд хэрэглэгч, аж ахуйн нэгж, бэлэн мөнгөний гүйлгээний оператор, татварын алба гэсэн дөрвөн субьект оролцоно. Аж ахуйн нэгж нь хэрэглэгчид төлбөр хийсэн тухай тасалбар заавал өгөх үүрэгтэй. Бэлэн мөнгөний гүйлгээний оператор компани нь тухайн гүйлгээнд үл давтагдах зөвшөөрлийн дугаар олгон, гүйлгээний талаарх мэдээллийг Татварын албаны мэдээллийн баазад дамжуулах юм.
Оператор нь бэлэн мөнгөний төлбөр тооцооны гүйлгээг бүртгэж, татварын албанд мэдэгдсэний төлөө гүйлгээ тутмаас татварын албанаас төлбөр авна. Гүйлгээний улирал тутмын дүн 500000 төгрөг ба түүнээс дээш болсон тохиолдолд Татварын алба хэрэглэгчийн тасалбарыг компьютерт буй мэдээлэлтэй тулгаж, дээрх тоонд хүрсэн бол хоёр хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох юм.
2001 оноос бэлэн мөнгийг кассын машинаар хянах гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй. Засгийн газрын хоёр тогтоол, Нийслэлийн Засаг даргын хоёр захирамж, ҮТЕГ-ын даргын тушаалаар батлагдсан журмаар хэрэгжүүлэх гэж зүтгээд ч бараагүй. Бусад орны туршлагаас үзэхэд кассын машин ашиглах ажлыг журмаар биш, хуулиар шийддэг гэнэ.
Харин дээрх хууль нь хоцрогдсон кассын машиныг халж, илүү боловсронгуй шат руу яваа ажил гэж татварын мэргэжилтнүүд ярьж байна. Гэхдээ татварын албаны ачаалал ихэсэж болзошгүй гэсэн болгоомжлол байна.
Хэрвээ хууль батлагдан гарвал 127 нэр төрлийн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд борлуулалтын орлогынхоо талыг нууж, талыг нь л илчилж тайлангаа гаргадаг үзэгдэл багасаж магадгүй юм. Түүнчлэн иргэд өдөр тутмын эдийн засгийн харилцаанд тооцоотой, мэдлэгтэй оролцоно. Бэлэн мөнгөөр хийх төлбөр тооцоог бүртгэлжүүлж урамшуулснаар татвар төлөгчдийн орлого, зарлага бодитой болно. Ингэснээр татварын орлого өсөж, улсын төсөв бүрдүүлэлт сайжрах магадлалтай.
БНСУ дөрвөн жилийн өмнө бэлэн мөнгийг хянах тогтолцоонд шилжсэнээр бэлэн мөнгөний гүйлгээнийхээ 95 хувийг бүртгэлжүүлж үр дүнд хүргэж чадсан гэнэ.
Ийнхүү далд эдийн засгийг ил гаргах гэсэн зорилго үр дүндээ хүрэх эсэх нь хууль батлагдан гарсны дараа л тодорхой болно. Ямартаа ч энэ хууль хэрэгжвэл бид гаргаж буй зарлагаасаа урамшуулал эдэлж, компаниуд олж буй орлогоосоо татвар төлдөг механизм бий болно гэсэн үг юм. Дөнгөж эхлэлийн төдий байгаа энэ хуулийн төсөл ч олон шатыг дамжин илүү боловсронгуй болох биз. Иргэдийг идэвхжүүлж, бизнесменүүдийг шударгаар орлогоо мэдээлж татвараа төлдөг болгох нөхцөлийг бүрдүүлсэн хууль батлагдах эсэх нь эрх баригчдаас хамаарна. Эцэст нь хэлэхэд бүх зүйл мэдээллийн санд бүртгэгдэнэ гэдэг хууль ёсны болох нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Ингэснээр бид хууль ёсны үйлчилгээ хүртдэг хүмүүс болох буй.