Мянганы сорилтын сангийн Үндэсний зөвлөл 2005 оны дөрөвдүгээр сарын 29-нд Монголын хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал хийлгэв. Хэвлэлийн бага хуралд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн /МСК/ улс хариуцсан захирал, ноён Дариус Нассиру оролцож мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар Монголын талаас Мянганы сорилтын корпорацид боловсрол, эрүүл мэнд, зам, бизнесийн хөгжил гэсэн дөрвөн гол чиглэлийн хүрээнд дөрвөн төсөл өргөн барьсан байна. Тухайлбал, бизнесийн хөгжлийг дэмжих хөтөлбөр, оношлогоо, эмчилгээний төв байгуулах, УБ-Лүн-Эрдэнэсантын чиглэлд 176 км хатуу хучилтай замд шинэчлэл хийх, боловсролын салбарт мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх болон англи хэлний сургалтын төслүүдийг өргөн барьсан хэмээн МСС-ийн Үндэсний зөвлөлийн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Гэхдээ хэвлэлийн бага хурал дээр МССҮЗ-ийн дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн Ч.Хүрэлбаатарын мэдэгдснээс үзвэл Монголын тал одоо эдгээр дөрвөн чиглэлийн хүрээнд эцсийн үр дүн гарахуйц эдийн засгийн үр ашигтай төслүүдийг боловсруулах ажил ид үргэлжлэх юм байна. Жишээлбэл, замын төслийн хувьд эдийн засгийн үр өгөөжийн судалгаа хийх зайлшгүй шаардлага тавигдаж байгаа бол бизнесийг хөгжүүлэх төслийн хувьд хэрэв мөнгө орж ирвэл Монголын эдийн засгийн шингээх чадвар ямар байх, бусад салбарт гажуудал үүсгэх эсэх талаар эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийх шаардлагатай байгаа аж. Эрүүл мэндийн төслийн тухайд гэвэл цаашдаа Засгийн газар, хувийн хэвшил хоёр хамтраад явах уу, эсвэл хувийн хэвшил дангаар хэрэгжүүлэх үү гэдэг дээр судалгаа тооцоо хийх болсон байна. Эндээс үзвэл юутай эдгээр дөрвөн чиглэлийн хүрээнд Монголын тал төсөл боловсруулахаар болжээ.
Эцсийн зорилго бол Монголын эдийн засгийн бодит өсөлт, ядуурлыг бууруулах асуудал учраас эдгээр төслүүд нь хоорондоо нягт уялдаатай, цогц хөтөлбөр байдлаар хэрэгжих учиртай гэж ноён Ч.Хүрэлбаатар тэмдэглэн хэллээ. Түүнийхээр Монголын тал зургадугаар сарын 30 гэхэд МСК-тай харилцан ярилцсаны үндсэн дээр төслүүдээ сайжруулаад өргөн барихаар төлөвлөөд байна. Бүүр эцсийн хугацаа бол 11 дүгээр сар гэж тэрбээр мөн онцоллоо. Гэхдээ хэрэв эдийн засгийн тооцоо, судалгаа сайтай, эцсийн үр дүн гарч чадахуйц төсөл өргөн барьж чадахгүй бол энэ ажил үргэлжлээд л байна. Бүх юм Монголчуудаас, биднээс шалтгаална гэж ноён Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ.
Харин Мянганы сорилтын корпорацийн улс хариуцсан захирал, ноён Дариусын Нассиругийн мэдээлснээр тус корпораци төслүүдийн хэрэгцээ шаардлага, эдийн засгийн үр ашиг, дизайн зэргийг голчлон авч үздэг байна. Гол нь үр дүн гэдгийг тэрбээр онцлон хэлж байлаа. Бодит утгаараа Монголд мөнгө хэдийд орж ирэх бол гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа, МСК-ийн шийдвэр гаргах үйл явц хэд хэдэн үе шатыг дамждаг бөгөөд хугацааны хувьд тийм ч хурдан, бас тийм ч удаан байдаггүй гэв. Хэдийгээр тодорхой хугацаа заах боломжгүй авч Мадагаскар зэрэг бусад орны туршлагаас харахад 6-12 сар шаардагдаж байжээ.Монголын хувьд эхний үе шатандаа явж байна гэж Д.Нассиру мэдэгдсэн болно.
МСС-ийн Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд 2005 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн захирамжаараа өргөтгөн өөрчилсөн байна. Тус зөвлөлийн даргаар СЭЗЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, гишүүдээр УИХ-ын гишүүн С.Оюун, Р.Амаржаргал, Н.Энхболд нар, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Намхайжанцан, Ерөнхий сайдын зөвлөх Г.Цогтсайхан, ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Батсайхан, ҮХЯ-ын газрын дарга Д.Зоригт, ГХЯ-ны газрын дарга Б.Одонжил, БСШУЯ-ны газрын дарга Р.Бат-Эрдэнэ, ЭМЯ-ны хэлтсийн дарга Т.Болормаа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүх, СЭЗДС-ийн тэнхмийн эрхлэгч Ж.Үнэнбат, МУИС-ийн ЭЗДС-ийн багш Ч.Хашчулуун, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, “Монэнзим” ХХК-ийн ерөнхий захирал М.Алтанцэцэг, “Бенедакт” ХХК-ийн ерөнхий захирал Д.Тунгалаг, Эмэгтэйчүүдийн ТББ-ын үндэсний сүлжээний ерөнхийлөгч Д.Балжинням, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь товчооны захирал Ж.Чимэг, “Байгаль 21” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхзориг, Авилгалын эсрэг ТББ-ын эвслийн гүйцэтгэх захирал Т.Нэргүй нар ажиллахаар болжээ. Орон тооны ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргаар О.Энхтуяа ажиллах юм байна.
Д.Гантуяа