Шууд бус татвар нэмэгдэж байгаа нь бага орлоготой хүмүүст хүндээр тусахаар байна

A- A A+
Шууд бус татвар нэмэгдэж байгаа нь бага орлоготой хүмүүст хүндээр тусахаар байна

 

Н.Дорждарь

Өнөөгийн байдал

Манай улсын татварын тогтолцооны сүүлийн жилүүдийн статистик мэдээг судлан үзвэл компаниудын орлогоос хурааж буй татварын харьцангуй хувь хэмжээ буурч, харин хүн амын орлогоос хурааж буй хувь хэмжээ өсч байна. Энэ байдлыг Хүснэгт 1-ээс харж болно.

Хүснэгт 1. Татварын орлогод тухайн төрлийн татварын эзлэх хувь хэмжээ

Түүнчлэн шууд бус гэгддэг нэмүү өртгийн болон онцгой албан татварын хувь хэмжээ өсч, харин шууд гэгддэг аж ахуйн нэгжийн болон хүн амын орлогын албан татварууд буурч иржээ. Энэ байдлыг Хүснэгт 2-оос харж болно.

Хүснэгт 2. Шууд болон шууд бус татварын нийт татварт эзлэх хувь хэмжээ

Татварын багц хуулийг энэ хаврын чуулганаар шинэчлэхээр бэлтгэл ажил хийгдэж байгаа тухай Засгийн газраас мэдээлж байгаа. Уг шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа ба танилцуулга материалд компанийн орлогын татвараас олох төсвийн орлого 45,3 тэрбум төгрөгөөр буурахаар, хүн амын орлогын татвараас олох орлого 3,8 тэрбум төгрөгөөр буурахаар, нэмэгдсэн өртгийн татварын орлого 5,6 тэрбум төгрөгөөр өсөхөөр, харин онцгой албан татварын орлого өнөөгийн хэмжээнд байхаар тооцоо хийжээ. Өөрөөр хэлбэл, шууд бус татварын хэмжээг нэмэгдүүлж, шууд татварыг багасгах бодлого үргэлжлэн явах төлөвтэй байна. Үүний үр дагавар ямар байх вэ?

Бодлогын асуудал

Шууд бус татварын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх бодлого бусад олон улс оронд явагдаж байгааг дурдах хэрэгтэй. Гэхдээ энэхүү хандлага нь тухай улс орны засгийн газар төсвийн орлогоо бүрдүүлэхийг урьтал болгохгүй гол нь эдийн засгаа хөгжүүлэх бодлого баримталдгаас улбаалдаг.

Шууд татварыг бууруулах бодлогын гол давуу тал нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улмаар урт хугацаанд нэмэлт ажлын байр бий болгоход нөлөөлдөг гэж үздэг. Гэвч өнөөгийн өсөн нэмэгдэх төлөв бүхий татварын тогтолцооны хүрээнд татварын зөвхөн дээд шатлалыг бууруулсны шууд үр шим нь өндөр орлоготой компаниудад илүү хүртээмжтэй байх нь тодорхой. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй манай орны хувьд дээрх компаниудын хувьцааг эзэмшдэг ядуу буюу бага орлоготой хүн бараг байхгүй учир тэдэнд үр шимээ өгөхгүй юм.

Орлогын (компанийн болон хувь хүмүүсийн аль алины) татварыг бууруулах нь хоёр үр дагавар бий болгодог ба юуны өмнө илүү ажиллаж илүү их ашиг олох сонирхол бий болно. Харин зарим хүмүүсийн хувьд олж байсан орлогоо өмнөхөөсөө бага цагаар ажиллаж олох бололцоотой тул амралт зугаа цэнгэлд илүү цаг зарцуулах сонирхол нь их байж болох юм. Энэ хоёр сонирхлын аль нь илүү байхаас шалтгаалан орлогын татварыг бууруулах, мөн шууд бус татварыг нэмэгдүүлэхийн үр дүн харилцан адилгүй байдаг. Манай орны хувьд орлого харьцангуй доогуур түвшинд байгааг бодолцвол илүү их цагаар (эсвэл илүү өндөр хөдөлмөрийн бүтээмжтэй) ажиллах сонирхол давамгайлах болов уу.

Харин шууд бус татвар нь хураахад харьцангуй зардал багатай, хуримтлал бий болоход нөлөөлдөг, мөн тодорхой хэрэглээг (тухайлбал архи тамхи хэрэглэх, байгаль орчин сүйтгэх зэргийг) зохицуулах бололцоог олгодог зэрэг олон давуу талтай ч бага орлоготой хүмүүст илүү хүнд тусдаг. Өөрөөр хэлбэл, худалдан авч буй бүтээгдэхүүн болон хэрэглээндээ хүн бүр ижил тэнцүү хэмжээний шууд бус татвар төлж байгаа учир орлого өндөртэй хүмүүстэй харьцуулахад орлого багатай хүмүүс өөрсдийн орлогын илүү их хувийг шууд бус татварт төлдөг. Мөн эрэлт нийлүүлэлт нь үнийн мэдрэмж ихтэй (өөрөөр хэлбэл үнэ бага зэрэг хэлбэлзэхэд худалдан авалт буюу нийлүүлэлт ихээхэн өөрчлөгддөг) бүтээгдэхүүний хувьд шууд бус татварын ачааг үйлдвэрлэгчид илүүтэй үүрдэг. Харин манайд олон салбарын хувьд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмж тийм ч өндөр байдаггүйг, өөрөөр хэлбэл олон чухал салбар цөөн компанийн ноёрхолд байдгийг (тухайлбал шатахуун) бодолцох хэрэгтэй.

Дээрхээс дүгнэхэд компанийн татварыг бууруулж, хэрэглээний татварыг нэмэгдүүлж байгаа нь бага орлоготой, тэр дотроо ядуу хүмүүст илүү хүндээр тусах ба хүн амын орлогын татварын хэмжээ даган буурахгүй, харин ч нэмэгдэхээр байгаа нь ажлын байр бий болгох үйлдвэрлэгчдийн сонирхол хувь хүмүүсийн нэмэлт ажил хийх сонирхол төрөхгүй байдалтай зөрчилдөхөд хүргэхээр байна.