Татварыг өөрчилж шинэчлэх хувилбар

A- A A+
Татварыг өөрчилж шинэчлэх хувилбар

Доктор Г.Пүрэвбаатар
/Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх
 эрдэмтдийн зөвлөлийн гишүүн/

Өнөөдөр манайд албан татварын 11, төлбөрийн 5, хураамжийн 1, татвар хураах, хяналт тавихтай холбогдсон 2, нийт 19 хууль хууль мөрдөж байна. Манай татварын ерөнхий төвшинг авч үзвэл, өндөр хөгжилтэй орнуудынхаас доогуур, буурай ядуу орнуудынхаас дээгүүр буюу дундаж төвшинд байгаа юм. Ерөнхийдөө нэмэгдсэн өртгийн, цалин хөлсний болон ашигт малтмалын нөөц ашигласны татвараас бусад татвар манай эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд тохирч байгаа гэж хэлж болно.
Нэр төрлийн хувьд зах зээлийн эдийн засагтай орнуудад байдаг бараг бүх төрлийн татвар, төлбөр хураамжийг хэрэглэж байгаагийн зарим нь харьцангуй өндөр, зарим нь харьцангуй доогуур байна. Ийм байдал нь манай эдийн засаг, нийгмийн өвөрмөц нөхцөл байдал, татварын тогтолцооны онцлогтой холбоотой юм.
Хөрөнгө оруулалтыг дэмжиж үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, эдийн засгийн хурдан өсөлтийг хангаж, ажлын байр олноор буй болгож  ядуурлыг бууруулахын тулд ялангуяа, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг минимум хэмжээнд байлгах хэрэгтэй л дээ. Гэтэл өнөөдөр манайд тийм боломж алга. Яагаад гэвэл, эдийн засаг маань улс орны хэрэгцээ шаардлагаас хэт хоцорчихсон, гадаадаас зээл тусламж авч байгаа ч санхүүгийн эх үүсвэр дутагддаг. Боловсрол. эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, засаг захиргааны нүсэр зардлаа улс орон даахгүй болчихсонд байгаа юм. Төсвийн орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, даахгүй болчихсон зардлаа зоримог хорогдуулах талаар УИХ, Засгийн газар шийдэмгий арга хэмжээ авахгүй татвараа тонгочуулах, гадаад дотоодынхыг гаалийн татвараас чөлөөлөх, олж авсан зээл тусламжаа үр дүн муутай ашиглах зэргээр хоног сар өнгөрүүлж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Гаалийн татвараас чөлөөлөх нь улсын төсвийн орлогоос тэдэнд өгч байгааг анхаарч, аль болохоор татвараас чөлөөлөхгүй байх хатуу зарчим баримтлах хэрэгтэй.
Гадаадын хөрөнгө оруулалтад хэтэрхий шүтэж, тэдэнд маш их ашигтай (хөнгөлөлттэй),  Монголд ашиггүй шударга бус хуулиуд мөрдөж байгаагаас улсын төсөвт мэдэхүйц орлого оруулахгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай алтны уурхайнууд гэхэд л ашигт малтмалын нөөц ашигласны 2,5 хувь, газар эзэмшил, усны төлбөр төлөхөөс төдий л хэтрэхгүй байгаа. Тэдэнд эхний таван жил татвар төлөхгүй, дараагийн таван жилд 50 хувийг нь төлөх хөнгөлөлт үзүүлж буй нь эхний таван жилд хөрөнгө оруулалтын зардлаа бүрэн нөхөж, дараагийн жилүүдэд сул орлого олж, ард түмний баялгийг үнэ төлбөргүй завшаад зогсохгүй, уул ус, байгаль орчныг маань сүйтгэж давхар хохирол учруулж байна. Ганцхан баримт хэлэхэд, Канадын хөрөнгө оруулалттай Бороогоулд алтны уурхай ганцхан жил ажиллахдаа 8 тонн алт олборлож, 984 сая ам.доллар буюу 1,2 тэрбум төгрөгийн орлого олохдоо хуулийн дагуу ямар ч татвар төлсөнгүй. Тус уурхай татвар төлөхгүй,   хагас  төлөх хугацаанд  хэдэн   арван тонн  алт олборлож үнэ төлбөргүй зөөх нь ойлгомжтой. Бас болоогүй. 2008 оноос манай аж ахуйн нэгжийн орлогын татварын дээд төвшинг 20-25 хувь болгоно гэж бодоход гадаадын хөрөнгө оруулагчид 10-12 хувийн татвар төлөх нь.
Гадаадын хөрөнгө оруулалтын болон ашигт малтмалын тухай хуулиудыг яаралтай өөрчлөх, нөөц ашигласны төлбөрийг 15 хувь болгох нь зүйтэй байна.
Бусад оронд гадаадын хөрөнгө оруулалт дагнасан, хамтарсан аж ахуйн  нэгжийн санхүүгийн албанд татварын албаны төлөөлөгчийг заавал ажиллуулж, хяналт тавьдаг бол манайд үгүй байгаа нь тэд орлогоо нууж татвараас зайлсхийх, ашгаа хууль бусаар хил давуулах, түүгээр ч барахгүй мөнгө угаах өргөн боломж олгож байна.
Эхлээд татварын бодлогыг авч үзье. Өнөөдөр Монголын эдийн засаг, нийгмийн хурц хурц асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн татварын оновчтой бодлого байхгүй гэж хэлж болно. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг татвараар хөхиүлэн дэмжиж хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, аж байдлыг дээшлүүлэх, тэднийг гадаадын хүчтэй өрсөлдөгчөөс хамгаалах, эдийн засаг, нийгмийн асуудлыг татвар, төлбөрөөр зохицуулах, гаалийн тариф, нийгмийн даатгалын шитмгэлийг хамтад нь авч үзэж, татварын дарамтыг жигд хуваарилах, тодорхой төрлийн татвар төлбөрийг орлоготой нь нягт уялдуулах, үзүүлбэл зохих зүйл дээр татвар төлбөр, гаалийн татварыг хөнгөлөх, тарифын шинэчлэлийг тодорхой хугацаанд хийж, тогтвортой мөрдөхийн оронд байнга нэмэлт өөрчлөлт оруулж, татварын нэгдмэл тогтолцоог эвддэг зэргийг дурдаж болно. Ер нь Монголын татварын тогтолцоо нь шинжлэх ухааны үндэслэл муутай тогтолцоо гэж хэлж болно.

Өнөөдөр   манай   улсын  төсвийн   орлогыг  импортын   барааны   гаалийн татвар,   Эрдэнэт,   АПУ,   Спирт   бал   бурам,   гар   телефон   утасны   томоохон кампаниуд гэх мэт хэдхэн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн  өртгийн  албан  татвар /НӨАТ/ хүн  амын  орлогын  албан татвараар бүрдүүлж байгааг харгалзан албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тэдгээрт ялгавартай хандах хэрэгтэй юм.
1. Гадаад худалдааны алдагдлыг багасгах, валютын нөөц хэмнэх, үүднээс  дотооддоо  үйлдвэрлэх боломжтой импортын барааны гаалийн татварыг нэмэгдүүлэх. Ер нь хэрэглээ, шаардлагыг харгалзан, импортын гол нэр төрлийн барааны гаалийн татварыг шинэчлэн тогтоох. 
2. Малын    түүхий    эдээ   дотооддоо    бүрэн    боловсруулж,   экспортыг нэмэгдүүлэх,  ажлын  байр буй  болгож,  ядуурлыг бууруулах зорилгоор  эцсийн бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн хэвээр байлгаж, арьс шир, ноос ноолуур,    тэдгээрээр    үйлдвэрлэсэн    хагас    боловсруулсан    бүтээгдэхүүний экспортын  гаалийн татварыг нэмэгдүүлэх. Жишээлбэл, одоо нэг кг түүхий ноолуурын гаалийн татвар 4 мянган төгрөг байгааг 10 мянга болгох. Тодорхой нөхцөл, тодорхой улиралд түүхий эдийн экспортод тарифын бус хязгаарлах арга хэрэглэж ч болох юм.
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг шатлалгүй болгох талаар
ярьж байна. ОУВС, Дэлхийн банк ч шатлалгүй татвар хэрэглэх тухай зөвлөсөн сурагтай.
Шатлалгүй татвар хаана байдаг юм бэ гэвэл, үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологийн төвшин, ашиг орлогын норм нь жигдэрсэн өндөр хөгжилтэй орнууд болон үйлдвэрлэл үйлчилгээ, ашиг орлого гэх юм бараг үгүй туйлын хоцрогдсон орнуудад хэрэглэдэг юм байна. Манайх эдгээр орны алинд ч хамаарахгүй орон.
Манай үйлдвэрлэл үйлчилгээний техник технологийн төвшин, ашгийн норм янз бүр. Жишээлбэл, барилга, гар утасны компаниуд 100 төгрөгийн зардал гаргаж 100-150 төгрөгийн ашиг олж байхад худалдаа үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэлийн ашиг 5-20 хувь байна. Ийм их ялгаатай нөхцөлд аж ахуйн нэгжийн орлогын татварыг шатлалгүй болговол бага орлоготой компаниудын татварын дарамт хэтэрч, их орлоготой компаниудынх хэтэрхий хөнгөн болно. Түүнээс гадна, бага ашиг орлоготой аж ахуйн нэгжүүд илүү их хөрөнгө оруулах шаардлагатай байдаг бол хэдэн зуун сая, хэдэн тэрбумын орлоготой компанийн хөрөнгө оруулах шаардлага харьцангуй бага байдаг юм.
Энэ бүх бодит байдлыг харгалзан манай аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь ядаж 3-4 шатлалтай байвал илүү тохиромжтой. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудаар 2-3 шатлалтай тогтоовол бүр илүү тохиромжтой бөгөөд шударга болно. Мэргэжлийн бус зарим хүн шатлалгүй татварыг шударга татвар гэж ярьж байгаа нь бүдүүвч буруу ойлголт. Татварын дарамтыг жигд хуваарилсан, бага орлогоос бага, их орлогоос их татвар хураахыг шударга дэвшилттэй татвар гэдэг юм.
Ойрын 4-5 жилд төсвийн орлогын эх үүсвэр мэдэгдэхүйц нэмэгдэхгүй, харин боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хамгаалалтын зардал өсөх хандлагатайг бодолцож, аж ахуйн нэгжийн орлогын татвар, импортын гаалийн татварыг бууруулж болохгүй гэж ойлгож байна. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс, тэднээс хураадаг татварыг минимум хэмжээнд хорогдуулж болох юм. Ингэлээ гээд төсвийн орлогод нэг их нөлөөлөхгүй байх.
4. Манайд хамгийн өндөр татвар нь хэрэглэгчдээс хураадаг НӨАТ. Манай хүн амын 40 шахам хувь нь нэн ядуу, 50 гаруй хувь нь ядуувтар юм уу, ядуурлын
ирмэг дээр байгааг харгалзан НӨАТ-ыг 5 юмуу 7 хувь болгож, татвараар
ядуурлыг нэмэгдүүлдгээ зогсоох хэрэгтэй. Засгийн газар нэг гараараа ядуурлын эсрэг дайн зарлаж, нөгөө гараараа ядуурлыг нэмэгдүүлэх үл ойлгогдох бодлого явуулж байна.
 


5. Хоёр дахь өндөр татвар нь цалин хөлснөөс хураадаг албан татвар. Манай нэг гэр бүл дунджаар 4 ам бүлтэй. Сайнаар бодоход нэг хүн ажил хийж сард 60-100 мянган төгрөгийн цалин авч, 4 хүнийг тэжээж хувцаслаж, сурах, эмчлүүлэх болон орон сууц, түлш, цахилгаан, тээврийн зардлыг төлж, ядуу зүдүү амьдарч байгааг бид мэднэ. Энэ хүнд амьдралыг жаахан ч болтугай хөнгөвчлөх үүднээс 100 мянган төгрөгөөс доош цалинг татвараас чөлөөлж, 10-30 хувиар авч буй татварыг 50 хувиар хорогдуулбал төсвийн орлогод нэг их нөлөөлөхгүй байх.

6. Гурван тохиолдолд онцгой албан татвар хэрэглэдэг. Нэгд, хэрэглээг нь хязгаарлаж багасгах архи, тамхи гэх мэт бараанд зориуд өндөр үнэ тогтоодог. Хоёрт, үйлдвэрлэл, үйлчилгээний зардал ашиг нь борлуулах үнээс хамаагүй бага бүтээгдэхүүнд, гуравт, татварын механизмыг ашиглахад тус тус хэрэглэдэг. Хоёрдахийг үндэслэж 100 төгрөг зарж 100-150 төгрөгийн ашиг олдог орон сууцны барилга, гар утасны үйлдвэрлэлд онцгой албан татвар ногдуулдаг болох. Мөн гуравдахийг үндэслэж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах, замын түгжрэлийг бууруулах үүднээс авто машины онцгой албан татварыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзнэ. Дурдсан онцгой албан татвар нь ядуу дундчуудыг хохироохгүй,  чинээлэг цөөн хүмүүсийн орлогод төдий л  их  нөлөөлөхгүй  нь гэж ойлгож байна.

7. Бүхий л төрлийн албан татвар, төлбөр хураамж, гаалийн татвар, төрөл бүрийн даатгал, ялангуяа хувь хүн, аж ахуйн нэгжүүд төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээтэй  хамт авч  үзэж,  нийлбэр дарамтыг нь тогтоож, хоорондын    нь   уялдааг   хангах   хэрэгтэй    гэж   үзнэ.    Эдгээрийг   заавал уялдуулахын учир гэвэл тэдгээрийг шууд ба шууд бус замаар аж ахуйн нэгж, хувь хүн төлдөгт байгаа юм.
Өнөөгийн нийгмийн даатгалын шимтгэлээр төвлөрүүлсэн хөрөнгө нь тэтгэвэр тэтгэмжийн зардалдаа хүрэхгүй, 40 хувийг нь төсвөөс авч байгаад дүгнэлт хийж, тэтгэвэр тэтгэмжийн тогтолцоог өөрчилж шинэчлэх шаардлагатай болжээ.
8. Гадаад, дотоодын   хөрөнгө   оруулалтын   нөхцөл,   хөнгөлөлтийг  ижил болгох талаар ярьж байна. Гэхдээ гадаад, дотоодын бүхий л хөрөнгө оруулалтыг ижилтгэж болохгүй нь ойлгомжтой. Тухайлбал, үндэсний хөрөнгө оруулагчид хэрэгжүүлэх бүрэн  боломжтой  гадаадын хөрөнгө оруулалтад хөнгөлөлт олгох хэрэггүй, дотоодынхтой ижил нөхцөлөөр ажиллуулж болох юм.
Техник, технологийн хувьд монголчууд хэрэгжүүлэх боломжгүй хийгээд манай эдийн засаг, нийгэмд үлэмж ач холбогдолтой эрчим хүч, агаарын тээвэр, төмөр зам, өнгөт ба хар төмрийн үйлдвэр, машины ба электрон техникийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулалтад илүү хөнгөлөлт олгох ёстой л доо. Хөнгөлөлт олгохдоо өнөөгийнх шиг эхний гурав буюу таван жилд татвараас бүрэн чөлөөлж, дараагийн гурав буюу таван жилд 50 хувийн татвар төлөх бүдүүвч баримжаа нөхцөл байж болохгүй. Дурдсан чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт тус бүрийн эдийн засгийн үр ашгийн тооцоонд үндэслэн олгох хөнгөлөлт нөхцөлийг тогтоож, гэрээ хийх нь зөв юм. 
Алт олборлох гадаадын хөрөнгө оруулалтад олгодог хөнгөлөлт, нөхцөл нь Монголын талыг хэтэрхий хохироож байгааг Бороо гоулд алтны уурхайд оруулсан Канадын хөрөнгө оруулалт нотолж байна.
Өртөг зардал, үр ашиг, мөнгө валют болон гадаад зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшийн талаар мэргэжилтэй хүмүүс дутмаг, судалгаа мэдээлэл муу манай орны хувьд уул уурхайн салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулагчтай 50:50 хувиар бүтээгдэхүүн хуваах нөхцлөөр хамтран ажиллах нь хамгийн тохиромжтой, харилцан ашигтай хувилбар юм. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөнгөн болон спирт архи тамхинаас бусад хүнсний үйлдвэр шинээр байгуулахад гадаад дотоод гэж ялгаварлахгүй, ашиглалтад орсны дараах нэг жил татвараас чөлөөлж болох юм.