Нэг хувийн татварын механизм

A- A A+
Нэг хувийн татварын механизм

Г. Ундрал
Ардчиллын Боловсрол Төвийн захирал

“Нэг хувийн татварын хууль” гэх санаачилгыг анх Унгар улс 1996 онд Хүн амын орлогын албан татварын хуульдаа  өөрчлөлт хийн 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн  байна. Төв ба Зүүн Европын зарим орон энэхүү туршлагыг судалж, улмаар хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, 1999 онд Словак, 2000 онд Литва, 2003 онд Польш, 2004 онд Румын улс татварын хуулиндаа ийм  өөрчлөлт хийн хэрэгжүүлж байгаа бол Чех, Украин, Македони, Гүрж зэрэг улс энэ асуудлаар судалгаа хийж байгаа юм.

Нэг хувийн татварын хуулийн гол санаа нь “татвар төлөгч иргэн хүн амын орлогын татварынхаа /ХАОТ/ нэг хувийг нийгэмд ач тустай үйл ажиллагаа явуулж байгаа аль нэг ТББ-д зориулан нэр заан тодорхойлж өгөх” явдал юм. Өөрөө хэлбэл, татварынхаа 1%-ийг юунд зориулж өгөхөө иргэн өөрөө тодорхойлж, бас юунд зарцуулж байгааг нь ч хянах эрхтэй гэсэн үг. Одоогоор иргэд маань татвараа өгөөд л байгаа болохоос гүйцэтгэлийг нь хянаж чадахгүй байгаа. Харин энэ “нэг хувийн татварын хууль” батлагдсанаар татвар төлөгч иргэд улсын төсвийг бүрдүүлэхээс гадна төсөв хуваарилдаг механизмд гар бие оролцох болно. Нэг хувийн татвар гэдэг нь нэмэлт татвар ногдуулалт биш, харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХАОТ-ын хуваарилалтын хэлбэр гэдгийг иргэд зөвөөр ойлгоно биз дээ. Ардчиллыг ард түмний засаглал гэдэг. Тэгвэл ард түмэн нэг хувийн эрх мэдэлтэй болно гэсэн үг. Тэгснээрээ татвар төлөгч миний татварын нэг хувь ийм зүйлд зарцуулагдаж байна гэдгээ мэднэ. Хэрвээ тухайн хүн миний санаанд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг сайн төрийн бус байгууллага байдаггүй гэж үзэж байгаа бол татварынхаа нэг хувийг өгөхгүй байж болно. Гэхдээ энэ нэг хувь нь улсын төсөвт ордгоороо л орно.

Энэхүү 1%-ийн татварын тогтолцоо нь ямар ач холбогдолтой юм бэ? гэж хүмүүс сонирхох байх. Энэ нь иргэний нийгмийн хөгжлийг урагшлуулах асар том туршлага болно. Юуны түрүүнд ТББ-ууд дотооддоо орлогын эх үүсвэртэй болохын хамт үйл ажиллагаа нь нээлттэй ил тод болж, олон нийтийн дэмжлэг авах боломж гарна. Шийдвэр гаргах төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй болно. Нөгөө талаас нийгмийн сайн сайхны төлөө иргэд сайн дураараа үүрэг гүйцэтгэх “сургууль” болж өгнө. ТББ ба Татварын албаны хооронд шууд харилцаа үүснэ. Бас ийм хууль баталсан төр, засгийн имиж олон түмний дунд болон гадаад орчинд өснө гээд олон ач холбогдлыг тоочиж болно. Хамгийн гол нь “нэг хувийн хууль”-ийн механизм нь ардчиллын үнэт зүйлсийг хөгжүүлэх хүчтэй хэрэгсэл болж өгөх юм.

Унгарт иргэний нийгмийн 45 мянган байгууллага байдаг. Өнгөрсөн оны байдлаар тэдгээрийн 21 мянга нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээж нэг хувийн татварын санхүүжилтэд 30 сая орчим ам.долларыг авсан аж. Унгарт иргэний нийгмийн байгууллага харьцангуй сайн хөгжиж буй нь санхүүжилтийн энэ системтэй холбоотой. Учир нь татвар төлөгчдийн итгэлийг хүлээхийн тулд олон нийтэд мэдрэгдэхүйц сайн ажиллах ёстой болдог. Эцсийн дүндээ сайн ажиллаж чадаж буй нь иргэдээс санхүүгийн дэмжлэг авч чаддаг. ТББ-уудын хувьд жинхэнэ өрсөлдөөн гарч ирдэг. Олон нийтэд ил тод тайлагнадгаас хүмүүс ашиг тусыг нь сайн мэддэг болдог.

Өнөөдөр ХЗДХЯаманд 4700 төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Эдгээр байгууллагын хамгийн хүндрэлтэй асуудал нь санхүүжилт юм. 2000 оны судалгаагаар ТББ-уудын 94% нь гадаадын санхүүжилтээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлжээ. Манай ТББ-ууд үндсэндээ гадаад эх үүсвэрийн хүчинд ажиллаж байна. Гадаадын хандивлагчид хэзээ нэгэн цагт дэмжлэг туслалцаагаа зогсоох үед дотоодын филантропи үзэлтнүүдийг бий болгож чадаагүй байвал ихээхэн хор уршигтай. Тэгэхлээр ТББ-уудын өмнө дотооддоо санхүүгийн эх үүсвэртэй болох асуудал хурцаар тавигдаж байгаа юм.

Манай улсын хувьд сүүлийн дөрвөн жилд (2001-2004) хүн амын орлогын албан татварт иргэд хэчнээн төгрөгний татвар төлснийг Үндэсний татварын ерөнхий газраас авсан мэдээнд үндэслэн гаргахад дунджаар 31 орчим  тэрбум төгрөг болж байгаа. Үүнээс европын орнуудын жишгээр нийт татвар төлөгчдийн 30 хувь нь нэг хувийн татварыг төлдөг гэж үзвэл 9.3 тэрбум төгрөг болно. Энэ мөнгөний нэг хувь нь 93 сая төгрөг болох жишээтэй. Энэ бол нийт 4700 ТББ-уудад хамрагдах тоо юм шүү дээ. Энэ 90 сая төгрөгний хэдийг нь хэдэн ТББ, ямар ТББ хүртэх вэ гэдэгт чухам тухайн ТББ-уудын үйл ажиллагааны үр дүн, үр ашиг, ил тод байдал зэрэг шалгуурууд нөлөөлөх бөгөөд ТББ-уудын ажлыг үнэлэх олон нийтийн шалгуур бий болох юм.

Одоогоор татварын 1%-ийн санаачлагыг Монголд нэвтрүүлэх талаар ТББ-уудын албан бус эвсэл байгуулагдаж үндэсний хэмжээнд өргөн хүрээтэй сурталчилгаа, нөлөөллийн ажлуудыг эхлүүлээд байна. “Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хууль”-ийн төсөлд ТББ-ын санхүүжилтэд нэмэр болох зарим нэгэн заалтыг сэргээн оруулах,  “1% татвар”-ын заалтуудыг тусгаж холбогдох татварын хуулиудын төсөлд нэмэлт болон оруулсан байгаа. Иймээс уг Эвслийн гол зорилтуудын нэг бол “Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төсөлд ТББ-д хөнгөлөлт үзүүлэх болон тухайн 1%-ийн татварын заалтуудыг нэмж тусгуулахаар ажиллах явдал юм.

ТББ-уудаас гадна донор болон бизнесийн байгууллагууд, иргэд, олон нийт, шийдвэр гаргах түвшний албан тушаалтангууд, хууль тогтоогчид гээд ер нь хүн бүрийн хүчин зүтгэл, санаачилга, дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд энэхүү “нэг хувийн хууль” нь биеллээ олох юм.


Жич: 1%-ийн татварын санаачлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд Ардчиллын Боловсрол Төвийн www.demo.org.mn хаяг буюу 310560 тоот утсанд хандана уу.