Г.Өлзийсайхан
(Сэтгүүлч)
Нэг иргэн жилд 120 килограмм хорт бодис иддэг гэсэн тооцоо байна. Гэхдээ үүнийг хүн хүссэн юмаа иддэгтэй адилхан ойлгох боломжгүй. Хүн юу гэж ч хор идэхийг хүсэх вэ дээ. Харин огт хүсээгүй байхад нь үүнээс зугтах аргагүй байдалд оруулсаны бодит жишээ бол энэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн хүчирхийлэл юм. Хорт бодисыг “үйлдвэрлэгч” нь эмх цэгцгүй орших гэр хорооллын айлууд, бидний тав тухтай өвөлжих нөхцлийг хангаж байгаа дулааны цахилгаан станцууд, өглөө үдэшгүй замд түгжирээд зогсчихдог автомашинууд, зарим байгууллагын тусгайлсан жижиг оврын зуухнууд юм. Бас үнс, тоосыг ч үүнд хамаатуулж болно. Хэдэн арван төсөл хэрэгжүүлж, хичнээн яриад энэ асуудлыг амар шийдэхгүй юм. Иймээс “Агаар бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн төслийг холбогдох байгууллагууд нь боловсруулаад байгаа ажээ. Хэрэв энэ хуулийн төсөл парламентаар батлагдвал тогтоосон стандартаас дээш бодис агаарт ялгаруулбал агаар бохирдуулсаны төлбөр төлнө. Гэхдээ бохирдуулж байгаа эх үүсвэрийн байршил, хүн амын төвлөрөл, салхины горим, уур амьсгал, газарзүйн онцлогийг харгалзан төлбөрийн хэмжээг тогтоох юм байна. Харин төлбөр хэд вэ гэдгийг зохих байгууллага нь батална.
Эдүгээ гэр хорооллын 70 мянга орчим айл өрх жилд дунджаар 350 мянга орчим тонн, 3 цахилгаан станц нь 5 орчим сая тонн нүүрс хэрэглэн агаарт 200 гаруй төрлийн хорт бодисыг цацсаар л байна. Мөн 53 мянга гаруй автомашинаас ялгарах утаа нь нүүрсхүчлийн дутуу исэл, хүнд металлын бохирдолоор орчныг бохирдуулж, 400 мянган тонн нүүрс хэрэглэдэг 250 гаруй жижиг уурын зуух одоо ажилласаар байгаа.
Бохир агаарын 40 гаруй хувийг дулааны цахилгаан станцуудын утаа эзэлдэг ч гудамжаар сүлжилдэн давхих автомашинуудын утаа түүнээс дутахгүй байдалд хүрээд байгааг холбогдох газрынхан ярьж байсан. Өдөр тутмын амьдралд хөл залгуулан давхих эдгээр машины дөнгөж 20 хувь нь л стандарт хангаж байгаа гэнэ.
Эдгээр эх үүсвэрээс цацсан хорт утаагаар амьсгалсан хотын хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвчлөх нь ихэсч, хөдөөнийхөнтэй харьцуулбал гуурсан хоолойн үрэвслээр гурав дахин, багтраа өвчнөөр долоо дахин илүү өвчилж байгааг судалгаанд дурджээ. Хотын хүүхдүүд өөрийн биед шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүйгээс бие махбодийн харьцаа алдагдаж биеийн өндөр, жингээр хөдөөнийхөөс илүү ч, цээжээрээ хавчиг болсон нь илэрхий байна. Зөвхөн хүүхдэд төдийгүй насанд хүрсэн хүн уушгины өмөн, архаг бронхит цаашлаад хорт хавдраар өвчлөхөд эдгээр хорт бодис нөлөөлдөг ажээ.
Өнөөдөр дэлхий дээр жилд 2.7-3 сая хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барж байгаа гэсэн сэтгэл сэрдхийлгэм баримт байна. Үүний 90 хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог гэнэ. Юутай ч хорт утаанаас ангижрахгүй бол биднийг юу хүлээж байгаа нь тодорхой.
Олон жил агаарын бохирдлын тухай ярьцгаалаа. Гэлээ ч байдал сайжирсангүй, жил ирэх тутам өвлийн улиралд бохир агаарт амьдарсаар түүндээ дасч энэ яриа ч улиг болох шахав. Тэгээд ч их утаанаас болоод хүн ард нь өвчилж, орчин ахуй нь бохирдож, онгоц нь бууж чадахгүй боллоо ч тоомсорлохоо больжээ.
Хорт утааны эсрэг мэргэжлийн байгууллагуудаас гэр хорооллын айлуудыг сайжруулсан, түлш хэмнэдэг зуухаар хангах бодлого баримталж уг ажлыг эхлээд хэдэн жил болсон. Зарим нэг нь гэрийн зуухаар хангаснаар утаа багасна гэдэгт эргэлзэн үл тоож буй ч эхлээд галаа түлж, зуухаа сайжруулахаас хорт утааны эсрэг тэмцэх ажлын эхлэл тавигдах юм. Гагцхүү алин болгон өөрсдийн бүтээсэн муу зуухандаа галаа түлж, хоцрогдсон аргаар дулаанаа үйлдвэрлэж, хаанаас ч юм хуучирсан хөдөлгүүртэй хог болсон машинуудыг авчирч байх вэ дээ. Ухамсарт хүн өөрөө л амьдрах орчиндоо санаа тавихгүй бол хэн бидний төлөө зовних билээ.
Эргэн тойрон хорт бодисоор амьсгалж буйгаа үзэн яддаг ч тэрхүү бохир агаарыг бид өөрсдөө л хийж байгаа нь харамсалтай. Амьтантай харьцуулахад ухамсартай боловч хүн өөрийнхөө амьдрах орчины эсрэг зарлаж буй “дайн” бол яах аргагүй бохир агаар буюу хорт бодис. Нэгэнтээ хүний эсрэг, амьдрах орчных нь эсрэг үйлдэл хийсэн болохоор хэн ч хариуцлага хүлээх ёстой баймаар. Нэг талдаа жилээс жилд хотын иргэд нэмэгдэн тэлж буй үйл явц боловч нөгөө талдаа хүний аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил. Гэсэн ч хэн нэгэн эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхийнх нь эсрэг агаарын чанарыг алдагдуулаад байгаа ч тэднийг агаар бохирдуулж байна гэдгийг хэн ч ухамсарладаггүй.
Манай зарим мэргэжлийн хүмүүс галаа асаах технологийг сайн мэдэхгүйгээс агаарыг бохирдуулдаг гэж хэлдэг. Үнэндээ галаа асаахаар өчнөөн удаж удаж яндангаараа бөөн хар утаа суунаглуулан байж арай гэж гал асах энэ үед л утааны хамгийн их хортой үе нь таардаг байна. Иймээс галаа зөв асааж сурах нь агаарын бохирдолтой тэмцэх эхний алхам юм. Үүний тулд гал түргэн ноцоогчийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж занших хэрэгтэй аж. Ингэснээрээ жилд хэрэглэх 5 тонн нүүрсээ 3 тонн болтол нь хэмнэж, галаа асаах гэж зууралдаж суудаг зуршлаасаа ангижирна.
Ингээд л бүрэн шаталттай зуухаа хэрэглэж, стандарт хангахгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оруулахгүйгээр эрчим хүчээ экологид хоргүйгээр үйлдвэрлэж, хотоо цэцэрлэгжүүлье. Харин агаар бохирдуулаад байгаа хүмүүс, байгууллагад хариуцлага тооцьё. Угаасаа хүний амьдрах орчинд хор хөнөөл учруулж байгаад тодорхой хариуцлага хүлээлгэх механизм, эрх зүйн орчныг нь тодорхой болгохгүй бол үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Тодорхой тогтоосон стандартын дагуу агаарын чанарын албанаас хэмжиж үзээд стандарт хэтэрсэн бол хорт бодис “үйлдвэрлэгч” төлбөр төлөх болно.
Тэгвэл одоо стандартын зуухаа хэрэглэ, гал түргэн ноцоогчоо хэрэглэ, утааны стандарт хангасан машин техникээ хэрэглэ, үгүй бол та ч, би ч төлбөрөө төлье.