Ж.Энхсайхан
/Иргэний нийгмийн шалгуур боловсруулах төслийн зөвлөх/
Монгол Улс дахь иргэний нийгмийн бодит байдлыг 73 шалгуур үзүүлэлтээр судлан тогтоож, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу илтгэлийг хийх ажил эхлээд байна.
Уг аргачлал нь олон улсын экспертүүд олон жилийн турш боловсруулж, оюуны өмчийн хуулийн дагуу бүртгэгдэн хамгаалагдсан бүтээл юм. CIVICUS-ын иргэний нийгмийн индекс боловсруулах энэхүү судалгааг өнөөдрийн байдлаар дэлхийн 63 улс оронд гаргахаар ажиллаж байгаа бөгөөд анхны судалгаанууд нь энэ оны сүүлээр гарах юм. Судалгааны ажлыг Монголд гардан зохион байгуулахаар CEDAW Watch сүлжээний төв CIVICUS-тэй тохирсон билээ.CIVICUS нь иргэний нийгмийн Watch (нүд, чих болох)-ийн үүрэг гүйцэтгэх, иргэний нийгмийн индексийг боловсруулж нэвтрүүлэх, иргэний нийгмийн үйл ажиллагааг илүү тод болгож ард иргэдэд ойртуулахад дөхөм үзүүлэх, иргэний нийгэм, Засгийн газар болон олон улсын байгууллагуудын хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх
, мэдээлэл туршлагаа солилцоход нь иргэний нийгмийн байгууллагуудад дөхөм үзүүлэх зорилготой байгуулагдсан хөдөлгөөн юм. Хоёр жил тутам Дэлхийн Ассамблей гэгчийг хуралдуулж ажил үйлсээ дүгнэдэг байна.Иргэний нийгмийн бодит байдлыг тодорхойлохдоо иргэний нийгмийн бүтэц, ажиллагаагаа явуулах орчин, үнэт зүйлс болон нөлөөлөх чадвар гэсэн дөрвөн чиглэлээр томоохон хэмжээний цогц судалгааг Улаанбаатар хот, таван бүсэд хийхээр төлөвдлөөд байгаа юм. Бүтцийн дагуу гаргах судалгаа нь иргэний нийгмийн тоо, бүтэц, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны чиглэлүүд, иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын харилцаа, тэдний оюуны болон санхүүгийн болон бусад нөөц бололцооны байдлыг гаргана. Нөлөөлөх чадварын нь хүрээнд иргэний нийгмээс төр, олон нийтийн байгууллагад нөлөөлөх чадвар, төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хариуцлага хүлээлгэх чадвар, нийгмийн бодит ашиг сонирхлыг илэрхийлж хамгаалах чадвар, иргэдээс эрхээ эдлэхэд нь эерэгээр нөлөөлөх чадвар, нийгмийн хэрэгцээг зөв мэдэрч хангах чадвар зэргийн талаар судлах юм.
Иргэний нийгмээс үйл ажиллагаагаа чөлөөтэй, үр бүтээлтэй явуулах орчин бүрдсэн эсэх чиглэлийн судалгаа нь тухайн улс орны улс төрийн дотоод нөхцөл байдал, иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө хангагдсан байдал, эдийн засаг-нийгмийн байдал, нийгэм-соёлын байдал, эрх зүйн орчин, төр-иргэний ниймийн харилцаа, хувийн хэвшил- иргэний нийгмийн харилцааны байдал зэргийг хамарна. Тэгвэл иргэний нийгмийн үнэт зүйлсийн тухай судалгаа нь тухайн нийгэм дэх ардчиллын тухай ойлголт, хандлага, ил тод байдал, бусдад хандах хандлага, бусдыг тэвчих чадвар (tolerance), жендерийн асуудалд, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудалд хандах хандлага, авч буй арга хэмжээ зэргийг тодорхойлох зорилготой.
Энэхүү цогц судалгааг гаргахад бүсчилсэн хэлэлцүүлэг явуулах, хүмүүстэй нэг бүрчилсэн уулзалт хийх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хандлагыг судлах зэрэг арга аргачлалыг хэрэглэж бодит байдлыг үндэсний хэмжээнд байгуулагдсан зөвлөлдөх байгууллагаар тоон үзүүлэлтээр гаргуулан дүгнүүлж санал зөвлөмж гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Хэд хэдэн үе шаттайгаар хийгдэх энэхүү нарийн судалгааг CIVICUS-ын аргачлалын дагуу зөв хийлгэхэд зориулсан семинар энэ оны хоёрдугаар сард Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо болж 14 орны 20 мэргэжилтэн оролцлоо. Cеминарын үеэр Монголын иргэний нийгмийн байдлын талаар илтгэл тавьж судалгаа гаргах аргачлалын талаар санал солилцлоо. Семинарын явцад иргэний нийгмийн төлөөлөгчид иргэний нийгмийн байгууллагын бодит байдалд үнэлгээ өгөх үндэсний зөвлөлдөх байгууллагыг байгуулж ажиллуулах, нийгмийн хүчний харьцаа, байршлын талаар судалгаа гаргах аргачлал, бүсчилсэн судалгаа хийхэд болон иргэдтэй нэг бүрчилсэн уулзалтууд хийхэд тавих асуултууд, Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй ажиллах аргачлал, иргэний нийгмийн бодит байдлыг тоон үзүүлэлтээр тооцож дүгнэх аргачлал, анхаарах зүйл зэрэг асуудлыг нарийн хэлэлцлээ.
2003 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо Олон улсын иргэний нийгмийн чуулган хуралдаж
, ардчиллын замаар хөгжиж буй орнууд дахь иргэний нийгмийн хөгжил дэвшилд төр, засаг, хувийн хэвшил болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудын хоорондын “хэвтээ” хэлхээ холбоог хөгжүүлэх, өргөн олон нийт, ард иргэдэд тайлагнаж, тэдний өмнө хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх зэргээр үйл ажиллагааны нь өгөөжийг дээшлүүлэх тодорхой арга хэмжээ авахыг Чуулганд оролцогч орнуудын парламент, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын байгууллага хандивлагчидад уриалсан билээ. Тэрхүү чуулганыг өөрийн улс оронд зохион хийлгэсэн Монгол Улсын иргэний нийгэмлэг нь чуулганы шийдвэрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулахад онцгой үүрэг хүлээх учиртай. Чухамдаа энэ үүргээ гүйцэтгэж буйн нэг бодит илэрхийлэл нь Иргэний нийгмийн бодит байдлыг судлан тодорхойлж илтгэл гаргах явдал болно.