Г.Өлзийсайхан
Өргөн уудам газар нутгаасаа хэсэгхэн газрыг нь тусгайлаад харамлаад байгаагийн учир юу вэ гэж асууж магад. Хэзээ нэгэн цагт энэхүү нутагт амьдардаг ховордсон ан амьтан, байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүх, соёлын дурсгалт газрыг үзэх гэж хаа хол газраас орон орны жуулчид нүд унагахаар ирэх ч юм бил үү. Тэр үед дархан цаазтай газрууд маань үнэд орж мэдэх юм.
Хүний гар, хөл үл хүрэх Говийн бага дархан газрын Б хэсэгт саяхан нэгэн хувийн компани ашигт малтмал олборлож байсан тухай мэдээлэл таржээ. Тэгэхдээ тэд говийн жижигхэн уулыг тэр чигээр нь буулгаад аччихсан бололтой. Тэднийг дагаж 800-гаад “нинжа” буюу гар аргаар алт ухагсад очиж уул буулгах ажилд нь “тусалсан” гэнэ.
Мөн 300 орчим тээврийн хэрэгсэл дархан цаазтай газраар нэвтрэн орж гарч 330 гаруй га талбайг талхлан 4588 тонн хүдэр, 340 орчим килограмм алт олборложээ. Энэ нь нийтдээ 2-4 тэрбум төгрөгийн хохирлыг бий болгожээ.
Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар /АМХЭГ/ тэрхүү алттай Сүүж уул нь дархан цаазтай, тусгай хнамгаалалттай газар байдгийг нь мэдэлгүй хайгуулын лиценз олгож, хил хамгаалахынхан нэгэнт дээрээс зөвшөөрсөн учраас хориотой бүсэд хайгуулын ажил хийж болох юм байна гэж ойлгосон хэмээн мэдэн будилж, нөгөө компани нь Дархан цаазтай газар гэдгийг нь ч мэдээгүй гэнэ. Хайгуулын лиценз авсан гэгдэх “Монзол” ХХК нь энэ хоёрдугаар сарын 4-нд АМХЭГ-аас лицензээ авсан боловч үйл ажиллагаагаа лиценз авахаасаа өмнө эхэлсэн байх юм.
Дархан цаазат газрыг хамгаалах, ашиглах тухай асуудлыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-иар зохицуулсан байдаг. Уг хуулиар Дархан цаазтай газарт газар хагалах, ашигт малтмал хайх, олборлох зэргээр байгалийн төлөв байдлыг нь өөрчлөхийг хориглодог юм байна.
Яагаад тусгай хамгаалалттай газрын асуудал сөхөгдөх болов оо?
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хаалттай хуралдаанаар “Зарим тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг өөрчлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, түүнийг нь УИХ-ын Эдийн засаг болон Байгаль орчны байнгын хорооны хурлаар буцаажээ. Энэ тогтоол нь Говийн Их Дархан цаазат газар, Говийн Бага Дархан цаазат газар, Монгол-Дагуурын Дархан цаазат газар, Онон Балжийн байгалийн цогцолбор газар хэмээх зургаан газраас гурван сая гаруй га-г улсын тусгай хамгаалалттай газраас чөлөөлүүлэхээр байв. Яг энэ үетэй давхцаж Говийн бага дархан газрын хил нэвтрэн алт эрдэнэсийг нь ухаж эхэлсэн байна.
Ийнхүү байгалийн баялаг нөөцтэй дархан газарт дураараа авирлаж их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийн үйл ажиллагааг гурван сар үргэлжилсний эцэст олны хүчээр зогсоожээ. Магадгүй Дархан цаазат газарт байгалийн баялаг олборлосон нь тусгай хамгаалалттай газрыг чөлөөлөх, чөлөөлөхгүй гэсэн маргаантай асуудлаас үүдсэн байж болзошгүй юм.
Байгаль хамгаалах талын бодлого барьдаг яаманд нь хэд хэдэн тусгай хамгаалалттай газрыг хамгаалалтаас чөлөөлүүлэх тухай санал ирж байжээ. Эдгээр санал нь орон нутгаас, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас, Үйлдвэр худалдааны яамнаас ирсэн байна.
Тэгвэл улсын тусгай хамгаалалтаас гаргах, тусгай хамгаалалтад авах асуудлыг хоёр тал хэрхэн тайлбарлаж байна вэ?
Улсын хэмжээнд тусгай хамгаалалтад авсан 20.6 сая га талбай бүхий 58 нутгийг хамарсан газар байдаг. Энэ нь нийт нутгийнхаа 13 хувьтай тэнцэх газар юм. Цаашдаа энэ хэмжээг ихэсгэх тал дээр анхаарч байгаагаа БОЯ-ны мэргэжилтэн ярьж байна. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-т 2015 он хүртэл газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авна гэж тусгажээ. Ашигт малтмал олборлох нэрийдлээр байгаль орчныг хангалттай сүйтгэсэн мөртлөө газар нутгийнхаа ийм өчүүхэн хэсгийг хамраад байгаа тусгай хамгаалалттай газар луу шунаад байгаагийн хэрэг юу билээ гэж нэмж хэлсэн юм.
Харин тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэхийг хүсээд байгаа Үйлдвэр худалдааны яамны мэргэжилтэн “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бол тухайн газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулах боломжгүй байдаг. Өнөөдөр уг хуульд өөрчлөлт оруулахыг цаг үе шаардаж байна. Эдгээр газар нь хилийн дагуу байрладаг. Үүнтэй холбоотойгоор улсын дархан хилийн хамгаалалт суларч, эзгүйрч байна. Энэ бүх байдлыг үндэслэн манай яам зөвхөн хилийн дагуух газруудын зарим хэсгийн хилийн заагийг өөрчлөх төсөл боловсруулсан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын судалгаа хийгдсэн, аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох газрын хилийн заагийг өөрчлөх бодлого барьсан” гэж ярьжээ.
Уг хуулийн төслийг баталсан бол дархан цаазат газарт ашигт малтмал олборлох нөхцөл бүрдэх байлаа. Гэвч байгаль орчноо сүүлийн хэдэн жил их хэмжээгээр сүйтгэж өөрсдөө ч энэ байдлынхаа золиос болж буйг мэдэрсэн хэсэг нь тусгай хамгаалалтаас гаргахгүй гэсэн байр суурь дээр зогсч, газрынхаа баялгийг ашиглах ёстой гэсэн хэсэг нь тусгай хамгаалалттай газартаа ашигт малтмал ашиглах ёстой байдлаар асуудалд хандсан ч эцсийн шийд нь дархан газар дарханаараа үлдэх боллоо. Гэлээ ч цаашдаа ямар асуудал урган гарч ирэхийг төсөөлөхөд бэрх.
Ихэнх орнууд газар нутгийнхаа 30-аас дээш хувийг тусгай хамгаалалтад авдаг гэсэн. Манай орны хувьд дархан газраа хав дарсаар байх уу, яах вэ гэдгийг цаг хугацаа, бидний амьдралын шаардлага харуулах биз ээ.