Г.Өлзийсайхан
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас саяхан баталсантай холбогдуулан “Монголчууд хэзээ таван саяд хүрэх бол” хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Та бүхэн санал бодлоо илэрхийлнэ үү!
Насанд хүрсэн хүн ам нь дор хаяж таван сая байхад л эдийн засаг нь тогтвортой байж, салбар бүрийг хөгжүүлэх загварын талаар ярих боломж бүрддэг гэдэг. Гэтэл өнөөдөр Монгол орон 2,4 сая хүнтэй, түүнээсээ насанд хүрээгүй хүн, тэтгэврийн насны хүмүүсээ хасаад тооцоход хөдөлмөрийн насны 900 мянгахан хүнтэй. Тэгэхээр энэ цөөхөн хүн салбар салбартаа хуваагдаад хүч нь тарамдаж, олигтой хөдөлмөрийн бүтээмжийг бий болгож чадахгүй. Бид Япон шиг, Солонгос шиг, Сингапур шиг хөгжье гэвэл хүний нөөцдөө анхаарах хэрэгтэй байна. Монголчууд цөөхүүлээ учраас бие биеэ сайн мэддэг, авилгалд өртдөг, жалга довны үзэл гаргадаг, улстөрждөг, өрсөлдөөнгүй учраас амьдралын төлөө тэмцэлгүй. Бас ядуу хүн, гудамжны гэгдэх хүн, архичин, солиотой хүн маш их. Цөөн байхын сөрөг тал нь ч энэ байж магад.
1996 онд Монгол улс төрөөс баримтлах хүн амын бодлогоо батлан “Хөгжил дэвшлийн эх сурвалж бол тасралтгүй хөгжиж байх бүтээлч хүч, эрдэм боловсрол, оюуны болон мэргэжлийн өндөр чадвар бүхий Монгол улсын иргэд мөн” гэсэн төрийн үзэл баримтлалыг дэвшүүлжээ. Хэдий тийм боловч хүнээ тал бүрээр хөгжүүлэх нь тунхагийн төдий баримт болон үлдэж хүн амын хөгжилд чиглэсэн нийгмийн халамж, анхаарал сул байснаас дорвитой өөрчлөлт мэдрэгдсэнгүй.
Хүний хөгжил гэдгийг хүн бүр амьдралдаа өөрийн сонголтыг хийх нөхцлийг бий болгох гэж энгийнээр ойлгодог. Хүнийг хөгжүүлнэ гээд бэлэн зүйлийг өгөх биш, хөгжих бүхий л боломж нөхцлөөр хангах нь юу юунаас чухал. Иймээс хүний хөгжлийг хангаж чаддаг төр иргэнд хэрэгтэй. Саяхан УИХ-аас “Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлого”-ыг батлан гаргав. Энэ бодлогыг салбарын нэг яам хариуцан үйл ажиллагааг чиглүүлэх нь боломжгүй тул хууль тогтоох, гүйцэтгэх засаглал болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг хамруулах, Монгол Улсын хууль тогтоомж, бусад бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хүн амын хөгжлийн асуудалд олон нийтийн өргөн оролцоог бүрдүүлснээр илүү үр дүнд хүрэх юм.
Шилжих хөдөлгөөн
Сүүлийн 10 жилд хүмүүс амьжиргаагаа залгуулах арай илүү боломжийг хайн хот суурин руу шилжих боллоо. 1995-2000 оны байдлаар 11 хүн тутмын нэг нь шилжиж байгаа нь дэлхийн бусад орны үзүүлэлттэй харьцуулахад ихээхэн өндөр үзүүлэлт ажээ. Үүний улмаас 2000 онд нийт хүн амын 21,0 хувь нь шилжих хөдөлгөөнд оролцжээ. Хүн амын 50 хувийг эзэлж байсан хөдөөний хүн ам эдүгээ 41 хувь болж буурсаныг “Монголын хүний хөгжлийн илтгэл”-д бичжээ. Монгол Улс хүн амын нягтралаар сийрэг орны нэг бөгөөд нэг квадрат километр нутагт 1,6 хүн ногддогоос Улаанбаатарт 180,1 хүн ногдож байгаа нь төвлөрлийн бодит жишээ юм.
Энэ нь нэг талаар Үндсэн хуульдаа иргэдийн амьдрах орчноо чөлөөтэй сонгож байхаар хуульчилсантай холбоотой ч нөгөө талаар нийслэлийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлэн хотын захуудад зөвшөөрөлгүйгээр хашаа хатган гэр барин амьдарч, нийгмийн үйлчилгээнд оролцох эрхгүй байгаа нь нөгөө л ядуучуудын эгнээг өргөтгөж байгаа гэж хэлэх үндэстэй юм.
Дэд бүтэц сул хөгжсөн, ажлын байр байхгүй, зах зээл жижигхэн хоцрогдсон хөдөөд хэдэн малаа барчихсан хүмүүс яаж амьдрах билээ. Сайд, дарга нар хөдөөний амьдралтай танилцахаар очихдоо өнгөцхөн харж тухайн орон нутгийн удирдлагуудын хэлснээр байдлыг дүгнээд л явдаг. Үнэндээ тэднээс хөдөөний амьдралыг гүнзгий судлаад яавал дээр вэ гэж толгойгоо гашилгасан нь ховор. Гэтэл одоо хөдөөдөө л гайгүй гэсэн нэг нь нутгаасаа дайжаад хот бараадацгаалаа. Хөдөөний хүмүүсийн очиж амьдрахыг хүсээд байгаа хотын маань газар нутаг талхагдалд өртөж, цөлжин улмаар хөрс, агаар, ус бохирдон амьдрах аюулгүй, эрүүл орчин болж ч чадахааргүй болжээ.
Хөдөөнийхөн хотоо бараадаж, хотынхон гадагшаа аль нэг оронд очиж өөрийгөө хөгжүүлж, амьдралаа дээшлүүлэхээр алсыг зорих боллоо. Эх орондоо сайхан амьдрах нөхцөл боломж бүрдээгүйн улмаас ажиллах хүч, оюуны потенциалаа гадагшаа алдсаар байна.
Саяхан баталсан Хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогод шилжин суурьшигчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлөн, тэдний нийгмийн үйлчилгээнд ногдох зардлыг оршин сууж байсан газрынх нь төсвөөс шинээр шилжсэн газарт нь шилжүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийнэ гэнэ. Уг нь хот руугаа биш, хөдөө рүү чиглэсэн бодлого хэрэгтэй баймаар. Мөн хөгжилтэй орнуудад өндөр мэргэжил эзэмшсэн монгол иргэдийг эх нутагт нь буцаан ирүүлэх сонирхлыг бий болгох нөхцлийг бүрдүүлэх гэнэ.
Энэ мэт тунхагийн шинжтэй, яаж шийдэх гээд байгаа нь тодорхойгүй бичиг, цаас бидний амьдралд баяжихаар их байна. Гагцхүү иймэрхүү бичиг цаас шидэж байх хооронд хөдөө нутаг эзгүйрч, эх орны минь оюунлаг, эрч хүчтэй залуучууд маань хилийн дээс алхаад явчихаар хэн нь эх орноо хөгжүүлэх вэ?
Хүн амын өсөлт
Анх 1918 оны хүн амын тооллогоор 647,5 мянган хүнтэй байсан Монгол орон эдүгээ 2 сая 400 мянган хүн амтай болж дөнгөж 3,7 дахин нэмэгдээд байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2002 он хүртэл 1,4 хувь болтлоо буурч цаашдаа энэ хэвээр байвал 0,9 хувь болох төлөв байна. 1996 онд гаргасан хүний хөгжлийн талаар баримтлах бодлогод хүн амын жилийн дундаж өсөлтийг 1,8 хувиас бууруулахгүй хадгалах зорилт дэвшүүлсэн боловч тэр нь биелээгүй.
Үндэсний Статистикийн газрын гаргасан прогнозоор 2025 онд ийм байдлаар үргэлжилж манай улс 3229,9 мянган хүн амтай болох гэнэ.
Шилжилтийн үед бодит орлого буурч, амьдралын баталгаагүй байдал нэмэгдэж, хөдөлмөр эрхлэх боломж хумигдахын хэрээр хүмүүсийн амьдрал улам эрсдэлтэй болж эхэлсэн. Залуучууд ирээдүйдээ итгэх итгэл буурч тэд зөвхөн өөрсдийнхөө л амьдралыг үүрч явах болсон учраас оройтож гэрлэх болсон. Өөрөөр хэлбэл, тэд гэр бүлийн үүрэг, хариуцлагыг үүрэх боломжгүй болсон. Энэ бүгд ч хүн амын өсөлт удаан байгаагийн шалтгаан нь. Мөн нялхсын эндэгдэл, эхийн эндэгдэл ч хүн амын өсөлтөд сөрөг байрыг эзэлж байгаа.
1960-аад оны үед төрөлтийн төвшин өндөр байсан бол 1990-ээд оны эхэн үе хүртэл энэ байдал хадгалагдаж, улмаар буурсан үзүүлэлт гарчээ. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг нийт хүн амд харьцуулахад 2002 онд 28,4 хувь байсан нь өмнөх оноосоо буурчээ. Тэднийг насны байдлаар нь авч үзвэл хамгийн их буюу 35 хувийг нь 20-24 насны эхчүүд, 31 хувийг нь 25-29 насны эхчүүд эзэлж, 30-34 насныхан 18 хувийг, 35-39 насныхан долоон хувийг эзэлж байна. Одоогоор төрөх насны нэг эмэгтэй 2,1 хүүхэд төрүүлж, улсын хэмжээгээр нэг өрхөд ногдох хүний тоо ойролцоогоор дөрөв байна.
Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаанаас харахад боловсролын түвшин ахих тусам эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь бага болжээ. Тухайлбал, хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 8,4 хувь нь дээд боловсролтой бол, 36,0 хувь нь бүрэн бус дунд боловсролтой байна. Тэд боловсролтой, нийгэмд эзлэх байр сууриа олсон ч хүүхэд төрүүлэхгүй байгаа нь өнөөдрийн нийгмийн зүгээс хандуулж байгаа халамж үйлчилгээтэй холбоотой байж мэднэ.
Хүний хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогод 20-39 насны эхчүүдийн 2-3 жилийн зайтай төрөлтийг дэмжин, гэр бүлийн хос гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл энх өсгөвөл урамшуулахаар болж байна. Төрөлтийг урамшуулбал Монголын хүн ам өсөх үү?
Боловсрол ба хүйсийн ялгаа
Дунд сургуульд суралцаж байгаа охидын тоо хөвгүүдийнхээс 20 хувиар илүү, дээд сургуулийн нийт оюутны 70 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Энэ бүхэн бол эрэгтэйчүүд боловсролдоо анхаардаггүй, харин эмэгтэйчүүд илүү анхаарч байгаагийн илрэл юм.
Хүн амын талаар баримтлах бодлогод эрэгтэйчүүдийн суралцах, боловсрол эзэмшихийг дэмжин, 2015 он гэхэд бүх шатны боловсрол дахь хүйсийн ялгааг арилгахаар тусгажээ.
Боловсролыг ерөнхий байдлаар нь авч үзвэл 2000 оны байдлаар нийт хүн амын 98 хувь нь бичиг үсэгт тайлагджээ. Энэ нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт боловч хөдөөгийн хүүхдүүд сургууль завсардаж, боловсролын зардлаа дийлээгүйгээс дараа дараагийн шатны сургуульд суралцаж чадахгүй байдал оршсоор байна. Хотын хүүхдүүдийн 20 орчим хувь нь дээд сургуульд суралцаж байгаа бол хөдөөд таван хувьд ч хүрэхгүй байгааг “Монголын хүний хөгжлийн илтгэл”-д дурджээ.
Эрүүл амьдрах нөхцөл
Сүүлийн үеийн судалгаагаар нас барагсдын 58 хувь нь зүрх судас болон хорт хавдраар энджээ. Мөн амьсгалын замын цочмог халдвар, суулгалт өвчин, нялхсын эндэгдэл ч зонхилсон хэвээрээ л байна. Бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ өвчнөөр өвчлөгсөд хоёр дахин нэмэгдсэн төдийгүй ажилгүй, ядуу хүмүүс уг өвчнөөр өвчлөгсдийн тал хувийг эзэлж байна.
Мөн үүнээс ч илүү аймшигтай өвчин хүний дархлалын хомсдолын вирусээр өвчлөх нь бага байгаа ч уг өвчний эрсдэлтэй орон бол яах аргагүй Монгол. ХДХВ-ээр өвчлөгсдийн тоогоороо дээгүүр байр эзэлдэг хоёр том гүрний дунд амьдарч байгаагийн хувьд чимээгүй аюул бидний дунд хийсч л явна.
Хүн амын талаар баримтлах бодлогод эмнэлгийн үйлчилгээний үнийг иргэдийн төлбөрийн чадвартай уялдуулж, иргэдэд тэгш үйлчлэх нөхцлийг бүрдүүлэхээр заасан нь хүн амаа эрүүлжүүлэхэд зохих хувь нэмрээ өгнө. Хамгийн чухал нь хүн амаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарч, өвчнийг эмчлэх өртөг зардлаа хэмнэхэд энэ бодлого чиглэгдэх болов уу гэдэгт л гол асуудал оршино.
Ядуурал
Монголчуудын 35,6 хувь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Манайд байгаа ядүүрал нь орлогын шинжтэй гэдгийг хэдийнэ тогтоосон. Эрхэлсэн ажилгүй, ямар нэг байдлаар орлого олдоггүй хүмүүс дийлэнх байна гэсэн үг. Ядууралд өртөгсдийн дунд боловсролтой иргэд маш бага хувийг эзэлж байна. Нэн ядуу хөдөөгийн өрхийн тэргүүний дөнгөж 21 хувь нь дундаас дээш боловсролтой ажээ.
Хөдөөгийнхөн орлогынхоо 98 хувийг малаасаа олдог гэнэ. 4-5 ам бүлтэй дундаж өрх нь 200-300 толгой малтай байж, нөхөн үйлдвэрлэл явуулж, наад захын хэрэгцээгээ хангаж амьжиргаагаа залгуулдаг байна. Гэтэл ойрын хэдэн жилд болсон ган, зудын улмаас хэдэн малаа барсан хөдөөнийхөн хот руу орж ирсэн боловч тэдэнд ажлын байр олдохгүй, олдсон ч тэр байрныхаа шаардлагыг хангаж чадахгүй байгаа юм.
Хүн амын талаар баримтлах бодлогод ядуу, нэн ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлэн хөгжлийн зээл, тусламжид хамруулах замаар ядуурлаас гаргана гэж тусгажээ. Үнэхээр ядууралтай тэмцэхгүй бол улс орон маань хөгжихгүй. Иргэд маань ч өөрсдийгөө хөгжүүлж чадахгүй.
“Ард түмэн бол аливаа үндэстний жинхэнэ баялаг мөн. Тийм ч учраас хөгжлийн зорилго нь хүн ардаа урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд оршино” хэмээн Дэлхийн хүний хөгжлийн илтгэлд бичсэн байдаг. Тийм ч болохоор иргэн баян бол улс баян гэдэгтэй адил ард иргэд нь хөгжиж чадвал тухайн улс хөгжих нь гарцаагүй.