Профессор Д.Баярхүү
Анхлан францчууд ХVIII зуунд “варварууд” буюу зэрлэгүүд гэдэг ойлголтоос ялгах зорилгоор иргэншил хэмээх санааг сэджээ. Иргэншсэн нийгэм нь энгийн болхи нийгмээс ялгаатай. Суурьшмал, хотожсон, гэгээрсэн байдлаараа ялгагддаг гэж тэд үзээд иргэншсэн байх нь сайн, харин иргэншилгүй бол муу хэмээжээ. Үүнээс улбаалан аливаа нийгмийг иргэншлээр нь дүгнэх болжээ. Энэчлэн одоогоос 10 гаруй жилийн тэртээ Монголд хүнших, нийгэмших үйл явц гэнэт тасалдаж, хотжил суурьшил, гэгээрлийн эсрэг нийгмийн тусгай анги давхарга гарч иржээ. Анхандаа хүншээгүй золбин тэнэмэл, “траншейны” хүн байна гэхэд нийгмээрээ цочирдон балмагдаж, хэвлэлээр шуугиж өрөвдөх хайрлах нийгмийн дон тунгаа хэтрүүлж байлаа. Гэтэл аль ч үеийн төр, засаг нь золбин иргэдтэйгээ ажилласангүй. Монгол хүний уужуу тайван ухаанаар хандав уу, эсвэл халамжлагч төрийн далдын мэргэн бодлого байна уу, бүр муугаар бодоход дөлж зугтаагаад байна уу? Ёстой бүү мэд!
Нэгэнт сиймхий гарсных, бас гарах гарц байхгүй тул нөгөөх варварууд нь өсч үржээд, хот хөдөөнөөс хүч сэлбээд эдүгээ нийслэл даяар “нүхний амьдралыг” цэцэглүүлж, ёстой түм түжигнэж, бум бужигнаж байх ажээ. Дээр нь “ядуу” гэх тодотголтой 36.1 хувьтай буй хүн амаа нэмээд өгөхөөр лав хүн амын тооныхоо талаас давж мэдэхээр болжээ. Тэднээс жийрхсээр буй төр, засагтаа үүнийг сонордуулъя.
2000 онд НҮБ-ын Мянганы чуулганаар дэвшүүлсэн 191 гишүүн улсад нь шууд хамаарах “Мянганы хөгжлийн зорилтууд”-ад хэрэгжүүлж, ядуурал, өлсгөлөн, хөгжлийн тэгш бус байдлыг гэтэлгэхийн төлөө дэлхий нийтээрээ хамтран тэмцэхийг уриалж, 2015 онд гэхэд энэ зовлонгоосоо бүрэн салсан байхыг үүрэг болгочихоод дөрвөн жилийг үдэж, үнэлгээ дүгнэлт хийж байна. Манай улсын хувьд “ядуурал” гэдэг дээр хамгийн том анхаарлын тэмдэг байгаа ба төр, засаг нь энэ чиглэлд хүчин чармайлтаа хоёр дахин нэмж дайчлахыг дэлхий тулгаж байна. “Дэлхийн ядууралтай тэмцэх үндэсний ухамсрыг төлөвшүүлэх” гэгчийг 191-үүлээ шуугиж хэлэлцэж байхад манай халамжлагч төр энэ талаар “дайн зарлалаа” гэснээс өөр өөдтэй ганц ч үг хэлээгүй л байна.
Дэлхий даяар ярьж шуугиж байгаа өнгө аясаар бол, ядуурал нь хүний эрхийг маш ноцтойгоор хохироож байгаагийн илрэл, терроризм гаарч байгаа нь ч ядуурлаас үүдэлтэй, учир нь ядуурал нь экстремизмыг тэтгэн өөгшүүлдэг, баян, ядуугийн ялгаа эрс нэмэгдэж, ядуурлаас эрүүл ахуй доройтож өнгөрсөн 10 жилд өвчнөөр эндсэн хүүхдийн тоо дэлхийн II дайнаас хойших зэвсэгт мөргөлдөөнд үрэгдсэн нийт хүүхдийн тооноос хавьгүй давсан, гадаад өрийг цуцласнаар ядуурал, боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад хөрөнгө оруулах боломж нээгдэнэ гэхчлэн авч үздэг болж. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Дэлхийн эв санааны сан (World Solidarity Fund) байгуулсан өдөртэй уялдуулан жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийг “Ядууралтай тэмцэх дэлхийн өдөр” болгон зарлахыг санал болгов.
Ази, Африк тивийн хамтын ажиллагаа, стратегийн түншлэл албан ёсоор байгуулах дээд хэмжээний уулзалт 2005 онд болох гэж байна. Энэ форумаар хоёр их тивийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих асуудал голлож, “Мянганы хөгжлийн зорилтууд”-ыг хэлэлцэх өргөн боломж нээгдэж байна. Ядуурал, өлсгөлөнг бууруулж, дээрх лут зорилтуудыг хэрэгжүүлэхийг санхүүжүүлэхэд чиглэсэн Бразилийн шинэ санаачилга гэгчийг зарлаж, хөгжлийн санхүүжилтэд чухал үүрэгтэй Монтеррейн зөвшилцөл хэрэгжиж байна. Аж үйлдвэржсэн ба хөгжиж буй орнууд гэж хоорондоо эсрэг тэсрэг “Төв – Зах хязгаар” харьцаагаар байх нь эдийн засгийн хөгжлийн зааг ялгааг мөддөө арилгахгүй.
Ийнхүү дэлхий нийтээрээ түгшиж буй энэ мэт бэрхшээлийн дэргэд 2,5-хан саяулаа буй монголчуудын хувьд үнэхээр гуйланчлах, ядуурах хөрс бий юү? НҮБ болон Ази, Африкийн тэр их хурлууд дээр эмзэглэн ярьж буй “ядуурал” гэгч нь манайхны хүншилгүй амьдралаас шал өмнөө юм. “Ядуурлын дэлхийн жишиг” гэдгээр хүн амын өсөлтөө хүчрэхээ больсон, газар зүй–байгаль цаг агаарын гэнэтийн аюулд байнга өртөмхий, колонийн дэглэмд хэт удаж ужиграсан, ядуу өрх нь хэдэн арван үеэрээ удам дамжсан, дайны ба халдварт өвчний хөлд нэрвэгдсэн тийм л улс “ядуурал”, “гуйлгачилал” гээч нийгмийн үзэгдэлтэй тулгардаг ажээ. Энэ жагсаалтын алин нь ч манайд ямар нэг хэмжүүр тогтоочих хэмжээнд байхгүй. Ухаан нь саяхны цунамид нэрвэгдсэн далайн эргийн тропикийн улсууд, Африкаас хамгийн наад захын жишээ Судан, Сомали гэхчлэн ярихаас биш, “Монголын ядуурал” гээч энэ үзэгдэл дэлхийд хэний ч анхаарлыг үл татах ажээ. “Гуйлгачин” гэж чухам ийм л төрхтэй улсыг нэрлэдэг дэлхийн жишгийн зах зух ийм байна. Хүн амын тал нь ДОХ тусчихсан мөхөж яваа улс Африкт бий. ДНБ-ээс хүн амд нь 80 ам.доллар ногдож буй Африкийн ядуу орнуудыг хөгжлийн хамгийн доод хэмжүүрт жишээ болгодог.
Гэтэл Монголд ийм дээрээ тулсан гэж үү? Дэлхийн жишгээс гадуур “зохиомол ядуурал” манайд байгаа бус уу? Улаанбаатарт хүн амын тоо нэг саяас даваад талийж өгсөн, 1 200 000 байна гэж хаа нэгтээ уншсан юм байна, гэтэл тэдний 40 гаруй хувь нь хотжоогүй дундад зуунаараа утаатай бор гэртээ хоног төөрүүлж байна гэдэг бол нэг ёсны нийгмийн сайн дурын тамлалт гэхээр. Энэ 40 хувиас нөгөөх хүншилгүй амьдрал руу гулсах хөрс буй. XXI зууны даяршлын эриний их давалгаа дунд амьдралын наад захын баталгаатай, наад захын соёл боловсролтой, дэлхийд би хэн бэ гэх мэдрэмжтэй явах тухайд хүншил, нийгэмшил, хотжилт ганцхан зөв гарц мөн. Иргэншиж чадвал ядуурал бол шийдчих тухайд энүүхэнд, цаана нь дэлхийд тэсч үлдэх болох нь.
Манайхны нүхний хүншилгүй энэ амьдралыг үл хайхрах халамжлагч төр, засаг маань үтэр түргэн түүнийг үгүй хийхгүй бол 2015 он нэг мэдэхнээ хүрч ирнэ. Тэр үед шилээ маажих багадах байх шүү.