Шинэ цагийн “таван жилийн төлөвлөгөө"

A- A A+
Шинэ цагийн “таван жилийн төлөвлөгөө

Г.Отгонжаргал /”Ардын эрх” сонины сэтгүүлч/

Одоо Монголын нэг хүнд ногдож байгаа Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий хэмжээ 480 ам.доллартай тэнцүү байгаа. Энэ тоо 15 жилийн дараа 5200 ам.долларт хүрэх гэнэ. Магадгүй зарим нэгэнд нь энэ мэдээлэл худал хуурмаг санагдах нь тодорхой. Тэр ч бүү хэл цалингийн доод хэмжээ нэг мянган ам.долларт хүрнэ гэвэл та яахав. Та ийм нийгмийг бүтээхийн тулд юу хийж чадах вэ. Эдгээр асуултад хариулт хайсан манай улсын тэргүүлэх эрдэмтэд “Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөрийн төсөл”-ийг боловсруулсан байна. Энэ хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан А.Цанжид, Үндэсний хорооны орлогч даргаар академич Б.Энхтүвшин, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Л.Цэдэндамба ажиллаж байгаа аж.

2002 оноос Ерөнхийлөгч болон Засгийн газрын дэмжлэгээр боловсруулж эхэлсэн “2021 он хүртэл Монгол Улсын Үндэсний хөгжлийн хөтөлбөрийн төсөл”-ийг удахгүй Засгийн газраар хэлэлцүүлнэ. Дэмжлэг хүлээсэн тохиолдолд УИХ-д өргөн барина. Харин УИХ сайшаавал социализмын үеийн Улс ардын аж ахуйг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө өнөөдрийн хувилбараар гэрэл гэгээт ардчилсан нийгмийг төлөвшүүлэх 15 жилийн хөтөлбөр хэмээн нэрлэгдэх нь. Иймээс танд “Нийгэм”, “Эдийн засаг”, “Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалалт”, “Ардчилсан үр бүтээлтэй удирдлагын төлөвшилт” гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан “Үндэсний хөгжлийн хөтөлбөр” бодит байдал болоход гар бие оролцох л үлдэх бололтой.

Одоогийн байдлаар манай улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийн улс орноос 117-д ордог. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өндөр хөгжилтэй орноос 55 дахин бага. Хөдөө аж ахуйн баялагт хэт дулдуйдаж, хүн амынх нь гуравны нэг хувь нь ядуурах “тахал”-д нэрвэгдсэн ийм үед ирээдүйгээс гэрэл гэгээ олж харах гэж яарах нь хэт хол санагдах нь тодорхой. Дээр нь сэтгэлгээ нь хүртэл ядууралд нэрвэгдсэн учраас мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно гэвэл бүр ч үлгэр эхлүүлж буй мэт төсөөллийг олон нийтэд төрүүлж болох юм.

Дээрх төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын XXI зууны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Мянганы хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын төрөөс хүн амын талаар баримтлах бодлогын үндсэн чиглэл зэрэг одоогоор албан ёсны болсон баримт бичгүүдэд үндэслэн боловсруулжээ. 2005-2010, 2011-2015, 2016-2021 гэх оны заагтайгаар дүгнэх эл хөтөлбөрийн эхний шатанд макро эдийн засгийн тогтворжилтыг хангаж, ДНБ-д аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жинг өсгөнө. Хоёр дахь үе шатанд нь аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрлэл давамгайлсан эдийн засгийн бүтцийг бий болгож, экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Харин эцсийн шатанд мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлж, боловсорсон иргэдийнхээ оюун ухааныг худалдаж, биотехнологи, генийн инженерчлэлд хүч үзэх аж.

2021 он гэхэд Монгол хүний дундаж наслалт 68-д хүрнэ. Үүнийг зарим орны ард иргэдийн дундаж настай харьцуулахад хэтэрхий богино ч гэсэн амьдрал нь дээшилж, энэ хэрээр сэтгэл санаа нь тайвширч, хоол хүнснээсээ хордох аюул хол хоцорсон дэвшлээс үүдэн өсөлт гарна. Хамгийн гол нь энэ үед үндэсний эрхзүйн тогтолцоог боловсронгуй болгож, иргэний нийгэм, төрийн харилцан түншлэлийг хангасан ардчилсан удирдлагын тогтолцоо бий болох гэсэн шүү.

Үлгэр мэт санагдах энэ бүх хөтөлбөр хэрэгжих сайхан цагийг хамтдаа хүлээе. 1990 онд амь тасарсан таван жилийн төлөвлөгөө шинэ цагийн хэмнэлээр эргэн ирэх нь. Мэдээж тэр үеийнх шиг улаан, цагаан даавуун дээр уриа дуудлага бичиж, төрийн өндөрлөгийн хөргийг жагсаалын голд залахгүй тийм “сонгодог” хэлбэрээр шүү дээ. Ийнхүү сонгодог хувилбараар хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийг дээр дурдсан баримт бичгүүдэд үндэслэн боловсруулахын зэрэгцээ гадаад орноос туршлага садалсан гэнэ.

Туршлагад Азийн орнууд ихээхэн нөлөөтэй оролцсоны дотроос Өмнөд Солонгосын өнөөгийн хөгжилд хүрсэн зам манай улсад үлгэр болохуйц байжээ. Иймээс тэдний арга туршлагаас хэрэгтэйг нь нэвтрүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Тэгээд ч одоогийн байдлаар дэлхийн олон орон 2021 он хүртэл өөрсдийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Манайх ч гэсэн дутахыг хүссэнгүй. Гэхдээ дээр дурдсан цухас мэдээллүүд хэр үндэстэй юм бол. Хэн хүнд эргэлзээтэй санагдаж мэдэх ганц нэг төлөвлөгөөг танд илүү дэлгэрэнгүй болгоё. Эхний ээлжинд тэрхүү хөгжлийг өөрсдийн оролцоогоор бие болгох хүн амын өсөлт хэдий хэрд хүрэх юм бол гэх асуултын хариутай танилц. Эхний таван жилд буюу 2010 онд хоёр сая 750 мянга болж, 2015 онд хоёр сая 924 мянгад хүрэх бол 2021 онд гурван сая 141-д хүрнэ. Хэдийгээр “Та ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох вэ” гэх асуултын хариулт нэг, хоёр гэх тоон дээр эргэлдэж байгаа ч гэсэн хүн ам өсөхөөр төлөвлөжээ.

Тэгвэл манай улсын эдийн засгийн хөгжлийг аль салбар нь хурдасгаж чадах бол. Ашиглаад, ухаад, төнхөөд л орхичихдог уул уурхайн салбар дээрх асуултын хариултаар тодорч байна. Гэхдээ зөвхөн олборлоод л бусдад худалддаг арга ухааныг тэлж, уул уурхайн үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр худалдах учраас тэргүүлэх салбараар сонгосон байна. Үүнд “Оюу толгой”, “Таван толгой”, “Төмөртэй” зэрэг томоохон орд чухал нөлөөтэй оролцох нь. Мөн аялал жуулчлалын чиглэлд шинэ зам нээж, цэвэр экологийн махны төлөөх тулааныг дэлхийн зах зээл дээр өдөөх аж. Энэ тулаанд ялалт байгуулах боломж байгаа гэдэгт хөтөлбөр боловсруулагчид итгэлтэй байна. Мөн алт, зэс, ноолуур манай хөгжлийн хөдөлгөгч хүч байсаар байх нь тодорхой. Орчин үеийн техник хэрэгслийн амин гол түүхий эд нь болсон зэс 15 жилийн дараа 2240 ам.долларт хүрнэ. Үүнийг 1930-аад оноос 2020-иод оны зэсийн үнийн хэлбэлзэлийг тооцоолж гаргаж ирсний дээр энэ нь нэг тонн зэсний үнэ юм. Мөн тэр үед нэг унц алтны үнэ 303 ам.доллартай байна. Ноолуурын хувьд бол бүр тодорхой. Тэртээ тэргүй дэлхийн зах зээлд Монгол_ Хятад гэх хоёр орны ноолуур хамгийн сайн чанартай гэсэн үнэлгээгээр өрсөлддөг. Тэр дундаа манайх бас л экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу учраас өрсөлдөөнд ялан дийлэх найдлага байгаа гэнээ.

Эдгээр “гэрэлт” хөтөлбөрийн дүнд манай улс одоогийн дундаж орлоготой орнуудын дунджаас дээгүүр орлоготой болно. Бас өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн бүтцийн загварт ойртож байгалийн хараат бус мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, дэлхийн дэд бүтцийн сүлжээнд холбогдох аж. Тэр үед манай улсын хүн амын ихэнх нь дундаж орлогтнууд байх бөгөөд тэдэнд хандсан бодлогыг түлхүү боловсруулахаар төлөвлөжээ. 15 жилийн дараахь Монголын дүр төрхийг нэг иймэрхүүгээр төсөөлж байгаа аж. Хамгийн гол нь энэхүү мөрөөдөл мэт амлалт, төлөвлөгөө бодит байдал болсноор бид иргэний нийгэм, төрийн харилцан түншлэлийг хангасан, ардчилсан удирдлагын тогтолцоог төлөвшүүлсэн нийгэмд амьдрах юм гэсэн шүү.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гарах үр дүн /Хөтөлбөрийн товчлолоос/

I-дүгээр үе шат /2005-2010/

· Бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж, эдийн засгийн өндөр өсөлтийг хангах тааламжтай нөхцөл бүрдэнэ.

· Экспортын үйлдвэрлэл, үйлчилгээ өргөжинө.

· Эдийн засгийн бүтцэд аж үйлдвэр, үйлчилгээ давамгайлж, гадаад худалдаа, төсөв ашигтай болно.

· Эдийн засгийн бодит өсөлт 9,0 хувиас доошгүй болно.

· Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 орчим ам.долларт хүрнэ.

II-дугаар үе шат /2011-2015/

· Эдийн засгийн бүтэц бүрэн сайжирч, аж үйлдвэр-үйлчилгээ-хөдөө аж ахуй гэсэн загварт бүрэн шилжинэ.

· Ядуурал хоёр дахин буурна.

· Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2300 ам.долларт хүрнэ.

· Дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж өсөлт 10.0 хувиас дээш тогтвортой өснө.

III-дугаар үе шат /2016-2021/

· Эдийн засгийн бүтэц боловсронгуй болж, оюуны багтаамжтай үйлдвэрлэл, үйлчилгээний салбар давамгайлна.

· Эдийн засаг өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай болно.

· Мэдлэг, мэдээллийн технологид суурилсан эдийн засаг төлөвшинө.

· Дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 10 хувь өснө.

· Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5200 орчим ам.доллараас доошгүй болж, 10 дахин өснө.

· Ажилгүйдлийн түвшинг дөрвөн хувиас хэтрүүлэхгүй тогтооно.

· Хүн ам төрж өссөн нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах таатай нөхцөл бүрдэнэ.