Эдийн засгийн эрх чөлөө

A- A A+
Эдийн засгийн эрх чөлөө

Нээлттэй Нийгэм Форум

Нээлттэй Нийгэм Форум Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөг зээлийн зохицуулалт, төрийн хэмжээ, эрүүл мөнгө хүртэх боломж болон олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө хэмээх дөрвөн үзүүлэлтийн хувьд тооцож гаргаж байгаа бөгөөд урьдчилсан үр дүнг цуврал нийтлэл болгон та бүхэнд хүргэж байна. Эдийн засгийн эрх чөлөөг хэмжихдээ дэлхийн хүн амын 91% нь амьдардаг 123 орныг хамарсан, жил тутам гаргадаг Фрезер институтын эдийн засгийн эрх чөлөөний индексийн аргачлалыг ашигласан. Тус индекс дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексийг, эдийн засгийн эрх чөлөөг  голлон харуулдаг 5 салбарын 38 үзүүлэлтийг 60 гаруй орны судалгааны институттай хамтран дэлхийн эдийн засгийн байгууллагуудаас гаргадаг тоон болон чанарын үзүүлэлтүүдийг ашиглан ерөнхий аргачлалаар тооцон гаргадаг юм.

Зах зээлийн эдийн засаг руу шилжилт эхэлснээс хойш Монгол Улсад арилжааны банкны салбар идэвхтэй хөгжиж, банкны зээл, хадгаламжийн зах зээлүүд ихээхэн өргөжиж ирсэн бөгөөд өнөөдөр 17 арилжааны банк тус салбарт өрсөлдөж байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын санхүүгийн зах зээлд 114 гаруй банк бус санхүүгийн байгууллагууд, 570 гаруй хадгаламж зээлийн хоршоо, 22 даатгалын компаниуд, 25 үнэт цаасны компаниуд (Өнөөдрийн Монгол сонин, 2005 оны 10-р сарын 07, дугаар 110) үйл ажиллагаа явуулж байгаа нь буурай хөгжилтэй, хүн ам нь цөөн, дундаж орлого нь дэлхийн түвшингээр харьцангүй бага байгаа Монгол Улсын хувьд чамлахааргүй үзүүлэлт мөн.

Гэхдээ дэлхийн практикт санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа зөвхөн эдгээр байгууллагуудаар хязгаарлагддаггүй. Юуны өмнө дэлхийн практикт хөрөнгийн бирж буюу үнэт цаасны, хөрөнгийн зах компаниудын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, шинээр үүсч бүй бизнесүүдийг зах зээлийн зүгээс дэмжихэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Жишээ нь, 1971 онд АНУ-д байгуулагдсан дэлхийн анхны электроник хөрөнгийн зах зээл болох НАСДАК эрчимтэй хөгжиж өнөө үед АНУ-д жижиг ба дунд үйлдвэр, компаниудыг санхүүжүүлэх санхүүгийн гол эх үүсвэрүүдийн нэг боллоо. 1998 оны байдлаар НАСДАК-д 5500 компани бүртгэлтэй байсан ба (зарим нь АНУ-ын бус компаниуд) эдгээр компаниуд нийтдээ 9 сая ажлын байрыг бий болгож, 1990-1994 онуудад АНУ-д шинээр үүссэн ажлын байрны 16%-ийг бүтээсэн гэсэн тооцоо байна. Европын Холбооны орнуудад хийгдсэн судалгаанд 1991-1994 онуудад хөрөнгийн биржээр дамжуулан санхүүжүүлэгдсэн компаниудад дунджаар жил болгон ажил эрхлэлт 15%-иар өсч байсан бөгөөд компаниудын 60% нь эдгээр хөрөнгө оруулалт ажлын байрыг шинээр бий болгоход хөрөнгийн зах зээлийн санхүүжилт эерэг нөлөө үзүүлсэн гэж үзжээ (Европын Холбоо, Испаний Санхүү, Эдийн Засгийн Яам Мадрид хотноо хамтран зохион байгуулсан Шинээр байгуулагдаж буй жижиг ба дунд үйлдвэрийн санхүүжилтийн талаархи семинарын илтгэл, 1998). Хөгжиж буй орнуудын хувьд, энэ асуудал бүр ч чухал. Манай улсын эрчимтэй хөгжиж буй умард хөрш БНХАУ-ын компаниуд гэхэд л Хонконгийн хөрөнгийн биржийг дамжуулан 1993-2004 онуудад нийтдээ 114 тэрбум ам долларын (889 тэрбум Хонконг долларын) хөрөнгийг хувьцааг борлуулах төрөл бүрийн аргаар төвлөрүүлж чадсан байна (2005 оны 5-р сарын Хонконгийн Эдийн Засгийн Форумын илтгэл). 

Ийнхүү хөрөнгийн зах зээл хөгжсөн болон хөгжиж буй орнуудад шинээр бизнесийг үүсгэх, хөрөнгө оруулалтыг хийх, ажлын байрыг шинээр бий болгоход ихээхэн ач холбогдолтой болж байна. Хөрөнгийн зах зээлийн давуу тал нь компани нь барьцаалах хөрөнгөгүй ч гэсэн хөрөнгө оруулалтаа компаний хувьцааг борлуулах замаар санхүүжүүлэх боломжтой болдог.

Гэтэл Монгол Улсад хөрөнгийн зах зээл сул хөгжсөн учир банкны зээл нь хувийн хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааны санхүүжилтийн гол эх үүсвэр болсон байна. Үүний нэг үр дагавар гэвэл, дотоодын хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт банкны зээлийн хүү, банкны зээлийн олдоцын байдлаас ихээхэн хамааралтай болсон байна. Банкны зээл ийнхүү улсын хөгжилд нөлөө ихтэй салбар болсон тул тус салбарын үйл ажиллагаа, өрсөлдөөнт шинж чанар нь нийт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хүчтэй нөлөөлж байна.
Зарчмын хувьд, аль нэг аж ахуйн салбарт шударга өрсөлдөөн явагдаж, зах зээлд нэвтрэн орох нь чөлөөтэй байж, тус салбар нь эдийн засгийн хувьд чөлөөтэй байх тусмаа тус салбарын үйчилгээний цар хүрээ нь тэлж, үнэ зардал нь өрсөлдөөний явцад буурч, хэрэглэгчид нь хождог гэж үздэг. Монгол Улсын банкны салбар шударга өрсөлдөөн даваймгалсан, нээлттэй байх тусмаа банкны зээлийн үйлчилгээний нэр төрлүүд олширч, зээлийн олдоц нь сайжирч, үйлчилгээний хүү болох зээлийн хүү нь буурч, хэрэглэгчид болох зээлдэгч бизнесүүд, хувь хүмүүс хожих болно. Ингэснээр, хувийн хөрөнгө оруулалт өсч, олон шинэ үйлдвэр, аж ахуйн газрууд нээгдэж, шинэ ажлын байрууд нэмэгдэх жамтай.
Харин банкны систем нь доголдолтой ажиллаж, түүнд өрсөлдөөн бага байх, салбарын үйл ажиллагаа нь чөлөөтэй бус байх, банкуудын үйл ажиллагаанд төрөл бүрийн саад тотгорууд байх, шинээр банкууд нэвтрэн орох нь хязгаарлалттай байх, түүний дүнд банкны зээлийн нийлүүлэлт бага байх нь хувийн хөрөнгө оруулалтыг багасгах, компаниудын өсөлт, тэлэлтэд сөргөөр нөлөөлөх, нийт эдийн засгийн өсөлтийг удаашруулах аюултай. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсад олгогдож байгаа нийт зээлийн 27% нь л 1 жилээс дээш хугацаатай зээл байгаа явдал, зээлийн хүү жилийн дунджаар 30%, дээд тал нь 48% хүрч байгаа нь хувийн хөрөнгө оруулалтыг ихээхэн хязгаарлаж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж байна.

Иймээс, судлаачид, бодлого боловсруулагчид Монгол Улсын банкны системийн өнөөгийн үйл ажиллагааг сайтар судалж, үнэлгээ, дүгнэлт хийх нь улс орныг хөгжүүлэх эдийн засгийн бодлогыг боловсруулахад чухал ач холбогдолтой юм.

Банкны системийн үйл ажиллагааг олон үзүүлэлт, шалгуураар дүгнэж болох бөгөөд Монголын Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар Монгол Улсын банкны зээлийн салбар дах эдийн засгийн эрх чөлөөний байдлыг судалж, дэлхийд алдаршсан Фрезер институтын эдийн засгийн эрх чөлөөний индексийн аргачлалыг үндэслэн тус салбарын эдийн засгийн эрх чөлөөг хэмжиж, тоон үзүүлэлтээр илэрхийлж тайлбарлах, олон улсын түвшинд харьцуулалтыг хийх болсон юм.

Судалгааны явцад Монгол Улсын банкны зээлийн зах зээл дээрх эдийн засгийн эрх чөлөөний индексийг 1995, 2000-2004 оноор

  1. Банкны өмчлөл
  2. Өрсөлдөөн
  3. Хувийн хэвшилд олгосон зээл
  4. Зээлийн хүү сөрөг түвшинд байх
  5. Банкны хүүгийн хяналт

гэсэн 5 үзүүлэлтийг 0-ээс 10 хүртэлх түвшнээр тооцож гаргасан (индексийн утга  0 рүү ойртох тусам эрх чөлөө байхгүй,  10 руу ойртох тусам өндөр  эрх чөлөөтэй байгааг харуулдаг).

Судалгааны дүнгээс харахад, сүүлийн жилүүдэд Монголд идэвхтэй явагдсан банкны хувьчлалын үр дүнд банкны зээлийн салбар дах Фрезерийн эдийн засгийн эрх чөлөөний индексийн үзүүлэлт нь 2000 онд 5.5 –тай тэнцүү байсан бол 2004 онд 6.9 хүртэл өсч сайжирсан байна.Эдийн засгийн эрх чөлөөний индекс сүүлийн жилүүдэд ийнхүү сайжран гарч байгаа шалтгаан гэвэл Монгол дах хувийн, түүний дотор гадаадын банкуудын нийт банкны системд эзлэх хувь нь сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, улсын болон төрийн оролцоотой банкуудын нийт жин нь их багассан байна.  Монголын төр, засгийн газрын зүгээс арилжааны банкуудын хадгаламж зээлийн хүүг тодорхой төвшинд тогтоох, барих талаар тусгай хууль, дүрэм журам гаргаж байгаагүй,  хүү зах зээлийн хүчээр зохицуулагдаж ирсэн гэж хэлж болно.

Гэвч бодит амьдралд банкны хадгаламж, зээлийн хүүгийн зөрүү их,  зээлийн хүү тогтвортой өндөр байгаа, зээл их хэмжээгээр нэг жилээс дээш хугацаагаар олдохгүй байгаагийн цаана эдийн засгийн эрх чөлөө, түүний дотор зээлийн эрх чөлөө боогдмол байна гэж  үзэж болно. 2000-2004 онуудад банкны өмчлөлийн хүрээнд бий болсон нааштай өөрчлөлтүүд буюу хувийн банкуудын хүрээний эрчимтэй өсөлт болон төрийн банкуудын хувьчлал нь хувийн хэвшилд олгох зээл, хүүгийн хяналтын байдалд эерэг нөлөөг төдийлэн үзүүлээгүй байна гэсэн дүгнэлт гарч байна. Гадаадын хөрөнгө орсон банкны тоо өссөн мэт харагдаж байгаа боловч орчин үеийн технологи, ноу-хау гадаадын хөрөнгийг дагаж банкны салбарт орж ирэхгүй байна, гадаадын том банкууд Монголын зах зээлд орж ирээгүй хэвээр л байна.

Зээлийн хүү их өндөр байгаагаас гадна нийт Монголын эдийн засагт хөрөнгийн дутагдал илт болж, өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад эдийн засгийн хөрөнгөжилт (financial deepening) буюу М2 мөнгөний нийлүүлэлт/ДНБ-ийн харьцаа дөнгөж 50%-тай байна. Тус судалгааны дүнгээс үзэхэд нийт 5 дэд индексээс 2004 оны байдлар хамгийн доогуур дүнтэй гарсан нь хувийн секторт олгож буй зээлийн байдал ба хүүгийн тогтолцоо байсан нь банкны системийн өнөөгийн үйл ажиллагаа Монголын хувийн секторын хөгжлийг хангалттай дэмжиж чадахгүй байна гэсэн саналыг бататгаж байна гэж үзэж болно.

Банкны хувьчлал, гадаадын банкны тооны өсөлт нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Монголын банкны салбарын менежмент, арга барилыг шинэчлэх, мэргэжлийн шинэ ноу-хауг өргөнөөр оруулж ирэх, боловсон хүчний мэргэжлийн түвшинг ахиулахад бодитой нөлөө үзүүлж чадахгүй өөрчлөлтүүд болоод байна гэсэг үг. Жишээлбэл, Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа ОХУ-ын банкууд бүрэн хэмжээний банкны үйлчилгээг төдийлэн үзүүлэхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад хувьчлагдсан ХХБ-ны үйл ажиллагааны үзүүлэлтүүд төдийлөн сайжраагүй байна. Гадаадын банкны тоо өссөн мэт харагдаж байгаа боловч тус өсөлтийн үр дүн хүлээлтэнд хүрэхгүй байна. Мөн гадаадын том банкууд Монголын зах зээлд орж ирээгүй хэвээр л байна.

1990 онд ижил гараанаас эхэлсэн шилжилтийн эдийн засгуудтай харьцуулахад ихэнх орнуудын хувьд зээлийн зах зээлийн эрх чөлөөний индекс 2002 оны байдлаар 7.0-8.5 түвшинд байна. Ялангуяа Эстони, Хорват, Латви, Польш, Чех,  зэрэг орнуудад хувь хүмүүс, компаниудын хөрөнгө баялгийг хамгаалсан, зээл авах, өгөх асуудлаар чөлөөтэй сонголт хийх эрхтэй, чөлөөтэй солилцоо хийх боломжийг бий болгож, социализмын үеийн төрийн хэт зохицуулалтаас чөлөөтэй болж чадсан байна. Монголын хувьд энэ үзүүлэлтээр шилжилтийн эдийн засагтай орнуудын дунд хавьд жагсаж байна.

Эдийн засгийн эрх чөлөөтэй байдлаараа тэргүүлдэг Гонконг, Канад, Сингапур, Их Британи, АНУ орнуудын хувьд зээлийн зах зээлийн эрх чөлөөний индекс 8.8-10.0 байна. Эдгээр орнуудтай болон хөгжиж буй (шилжилтийн бус) орнуудтай харьцуулалтыг мөн хийлээ. Хүснэгт 1-д өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа зарим орнуудын хувьд зээлийн зах зээлийн эрх чөлөөний индексийг 2002 оноор харууллаа, хаалтанд байгаа тоо нь тухайн эдийн засгийн хувьд энэ үзүүлэлтээр 123 орны хаана жагсаж байгааг харуулж байна:

Хүснэгт  1.  Зээлийн зах зээлийн эрх чөлөөний индекс, ранг

Улс

2002

Шинэ Зеланд

9.7 (2)

АНУ

9.2 (8)

Их Британи

9.2 (11)

Канад

9.0 (16)

Гонконг

8.9 (19)

Чили

8.3 (34)

Франц

8.2 (40)

Сингапур

7.9 (50)

Филиппин

7.6 (57)

Өмнөд Солонгос

7.4 (63)

Япон

7.3 (69)

Мексик

7.2 (73)

Шри ланк

6.7 (88)

Турк

6.1 (102)

Энэтхэг

5.9 (106)

Бангладеш

5.8 (108)

Малайз

5.8 (107)

Индонез

5.2 (115)

Бирм

2.8 (123)

Монгол

 6.9 (83)

Эх үүсвэр: Economic Freedom of the World 2004 Annual Report

Зээлийн зах зээлийн эрх чөлөөний 2002 оны индексийг харахад, Шинэ Зеланд, АНУ, Их Британи, Канад, Гонгконг зэрэг орнуудын зээлийн зах зээл маш их эрх чөлөөтэй байхад Бирм, Сири, Уганда зэрэг ядуу буурай орнуудад  эрх чөлөө тун хязгаармагдмал байна. Монгол Улс банкны зээлийн эдийн засгийн эрх чөлөөний индексийн байдлаар дэлхийн 123 орноос 83 дугаарт жагсаж байна.
 
Монгол Улсын үзүүлэлт нь ийнхүү олон улсын түвшинд Зүүн Европын шилжилтийн орнуудаас арай доогуур, хоёр хөрш ОХУ болон БНХАУ-аас дээгүүр гарсан байна. Энэ бол ирээдүйд Монголд ОХУ болон БНХАУ-аас хөрөнгө орж ирэх замыг бас нээж өгч болох сайшаалтай үзүүлэлт. Гэхдээ Зүүн Европын шилжилтийн орнууд, хөгжилтэй орнуудаас манай улсын үзүүлэлт харьцангүй доогуур байгаа нь улс орны хөгжилд улам жинтэй хувь нэмэр оруулахын тулд Монголын банкны салбарт цаашид нилээд олон зүйлийг сайжруулах хэрэгтэй байгааг харуулж байгаа юм.