Эдийн засгийн эрх чөлөө: Эрүүл мөнгө хүртэх боломж

A- A A+
Эдийн засгийн эрх чөлөө: Эрүүл мөнгө хүртэх боломж

Нээлттэй Нийгэм Форум

Нээлттэй Нийгэм Форум Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөг зээлийн зохицуулалт, төрийн хэмжээ, эрүүл мөнгө хүртэх боломж болон олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө хэмээх дөрвөн үзүүлэлтийн хувьд тооцож гаргаж байгаа бөгөөд урьдчилсан үр дүнг цуврал нийтлэл болгон та бүхэнд хүргэж байна. Эдийн засгийн эрх чөлөөг хэмжихдээ дэлхийн хүн амын 91% нь амьдардаг 123 орныг хамарсан, жил тутам гаргадаг Фрезер институтын эдийн засгийн эрх чөлөөний индексийн аргачлалыг ашигласан. Тус индекс дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексийг, эдийн засгийн эрх чөлөөг  голлон харуулдаг таван салбарын 38 үзүүлэлтийг 60 гаруй орны судалгааны институттай хамтран дэлхийн эдийн засгийн байгууллагуудаас гаргадаг тоон болон чанарын үзүүлэлтүүдийг ашиглан ерөнхий аргачлалаар тооцон гаргадаг юм.

Жолооч Гончиг гуай 2000 оны эцэс гэхэд сардаа 100 мянган төгрөгийн цалин авдаг байжээ.  Түүний цалин жил тутам өссөөр байгаад одоо 140 мянган төгрөгт хүрсэн байна.  Гончиг гуайн амьдрал дээшилсэн үү?  Харамсалтай нь энэ хооронд хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 45 хувиар өссөн учраас Гончиг гуайн бодит худалдан авах чадвар энэ цөөн жилийн хугацаанд дордсон байна.

Би энэ жишээгээр Гончиг гуай таван жилийн өмнө илүү сайн жолооч байсан учраас илүү худалдан авах чадвар бүхий цалин авч байсан гэж хэлэх гээгүй, гагцхүү инфляци эдий7н засгийн харилцааг хэрхэн гажуудуулдгийг илэрхийлэхийг хүссэн юм.  Бидний дийлэнхи олонхийн цалин жил ирэх тутам өсч байгаа мэт харагдах боловч нэмүүлж авч байгаа төгрөг бүрийн худалдан авах чадвар жил ирэх тутам багасч байх учраас цалин нэмүүлэхийн бодит ач тус үгүй мэт.  Хамгийн чинээлэг гэгдэх хүмүүс болох банкны эздийн өмч болсон өөрийн хөрөнгө нь 2004 онд салбарын дүнгээр 10 хувиар л өссөн байна.  Инфляци 2004 онд 11 хувь гарсан тул тэд үнэн хэрэгтээ 10 хувийн ашиг олсонгүй нэг хувийн буюу үнэмлэхүй хэмжээгээрээ 1.8 тэрбум төгрөгийн бодит алдагдал хүлээжээ.  

Энэ бүхэн мөнгөтэй ямар холбоотой вэ? Үнийн өсөлт гэдэг нь мөнгөний өсөлтийн шууд үр дагавар болохыг одоо цагт нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрчээ.

Мөнгө бол солилцоог түргэтгэх хэрэгсэл.  Эрүүл буюу инфляцид бага өртдөг, худалдан авах чадвар нь харьцангуй тогтвортой мөнгөгүйгээр худалдаанаас олох ач тусыг хүртэх боломж сул.  Нобелийн шагналт Мильтон Фрейдманы олон жилийн өмнө бидэнд сануулсны дагуу, инфляци бол хэт цөөн барааны хойноос хэт их мөнгө хөөцөлдөж байгаагаас шалтгаалсан мөнгөний өөрийнх нь байгалийн шинж чанар юм.  Мөнгөний өсөлт өндөр байх нь инфляци руу л хөтөлж аваачдаг.  Үүнтэй ижлээр, инфляцийн төвшин нэмэгдэх нь түүнийг илүү хувирамтгай болгох хандлагатай байдаг.

Инфляци өндөр бөгөөд хувирамтгай байх нь харьцангуй үнийг гажуудуулж урт хугацааны хэлцлийн суурь нөхцөл өөрчлөгдөн, хувь хүн, бизнесээс ирээдүйн үйл ажиллагаагаа төлөвлөх ямар ч боломжгүй болгодог.  Иймээс эрүүл мөнгө нь өмчлөх эрх ба түүнээс уламжилсан эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах зайлшгүй хэрэгсэл мөн. 

Инфляци нь санхүүгийн хэрэгсэлд байршуулсан өмчийн үнэлэмжийг бууруулдаг.  Засгийн газар төсвийн зардлаа шинээр мөнгө гаргах байдлаар санхүүжүүлдэг нь үнэн хэрэгтээ хувийн өмчид халдаж иргэдийнхээ эдийн засгийн чөлөөт байдлыг зөрчиж байгаа хэрэг юм.   

Эдийн засгийн эрх чөлөөг хэмжиж судалдаг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудаас мөнгө эзэмших эрх чөлөөг үндсэнд нь мөнгөний бодлогын үр дүн, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх боломж хоёроор дамжуулан илэрхийлж байна.  Хэдийгээр тусгай бүлэг асуудал болгож дүгнэдэггүй ч Херитаж сангаас сүүлийн 10 жилийн дундаж инфляцийн төвшин, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж зэргийг эдийн засгийн эрх чөлөөг тодорхойлох үзүүлэлт болгож авдаг.   
 
Тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг хэмждэг өөр нэг байгууллага болох Фрейзер институт мөнгө эзэмших эрх чөлөөг худалдан авах чадвар нь тогтвортой мөнгө буюу эрүүл мөнгө хүртэх боломж (эзэмших эрх чөлөө) иргэдэд нь хэрхэн олгогдож буй байдлаар тодорхойлж түүнийг олон талаас нь хэмжих оролдлого хийсэн байдаг. 

Фрейзер институтын философийн дагуу, хэн мөнгийг гаргадаг нь чухал бус гагцхүү хувь хүн түүнийг хүртэх боломжтой байх ёстой.  Тийм учраас үндэсний мөнгөн тэмдэгтээс гадна бусад нэр хүнд бүхий мөнгө болох гадаад валютыг эзэмшиж ашиглах боломжийг авч үздэг.  Хэрэв банкууд нь иргэдэд гадаад валютыг харилцах данс, хадгаламжийг нээж өгдөг, нөгөө талаас иргэдээ гадаадын банкинд данстай байхыг зөвшөөрдөг бол энэ нь эрүүл мөнгө хүртэх боломж нэмэгдэж эдийн засгийн эрх чөлөө өргөжиж байгаа нь тэр.
 

Эдийн засгийн эрх чөлөөний индексийн “Эрүүл мөнгө хүртэх боломж” үзүүлэлтээр сайн үнэлгээ авахыг тулд аливаа улс инфляцийг бага (тогтвортой) байлгах бодлого явуулах, түүнийг хангах тогтолцоотой байх, гадаад валютаар данс эзэмшихийн эсрэг чиглэсэн эрх зүйн зохицуулалтаас татгалзах ёстой юм.

Нээлттэй нийгэм форумын чухал санаачлагын нэг болох эдийн засгийн эрх чөлөөний индексийг Монгол Улсын хувьд тооцож улмаар түүнийг Фрейзер институтын албан ёсны тайланд хамруулах үйл ажиллагааны хүрээнд мөнгөний бодлогын хэрэгжилтийг харуулах зорилго бүхий “Эрүүл мөнгө хүртэх боломж”-ийг бид судалж үзлээ.

Судалгааны явцад эдийн засгийн эрх чөлөөг дараахь дөрвөн үзүүлэлтээр 0-10 хүртэлх төвшний индекс (0 индекс авах нь ямар ч эрх чөлөөгүй, 10 гэсэн индекс авах нь хамгийн өндөр эрх чөлөэтэй гэж үздэг) өгөх замаар 2000-2004 оны хувьд тооцсон болно.  Үүнд

1.         Сүүлийн таван жилийн мөнгөний нийлүүлэлтийн жилийн дундаж өсөлтөөс хасах нь сүүлийн 10 жилийн ДНБ-ний жилийн дундаж бодит өсөлт
2.         Сүүлийн таван жилийн инфляцийн стандарт өөрчлөлт
3.         Өнөөгийн инфляцийн төвшин
4.         Дотоодод болон гадаадад гадаад валютын данс эзэмших эрх

Эдгээрээс эхний гурван үзүүлэлт нь урт хугацаан дахь үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн мөнгөний бодлогын (түүнийг эрхэлсэн байгууллагын) үр дүнг хэмжихэд чиглэсэн бол  дөрөвдэх үзүүлэлт нь гадаад валютын дансыг дотоодын болон гадаадын банкинд эзэмшихэд хэр амархан болохыг хэмжих зорилготой юм.

Эхний үзүүлэлт буюу, ДНБ-ний өсөлтөөр засварлагдсан сүүлийн таван жилийн мөнгөний нийлүүлэлтийн өсөлт тэг рүү тэмүүлэх тусам үүнийг эдийн засгийн агуулгаар нь мөнгөний өсөлт урт хугацаан дахь бүтээгдэхүүний бодит өсөлттэй ойртож байна гэж ойлгох бөгөөд ингэх тохиолдолд хамгийн дээд буюу 10 гэсэн индекс авна.  Харин энэхүү засварлагдсан мөнгөний өсөлт 50 хувь руу тэмүүлэх тусам мөнгөний өсөлт хэтэрхий өндөр болж хамгийн бага буюу тэг гэсэн индекс авна. 

Манай улсын индекс үндсэндээ 5-6.5 хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд 2004 оны үзүүлэлт нэлээд сайн буюу найм гэсэн индекстэй гарсан нь тухайн оны мөнгөний өсөлт хамгийн бага буюу дөрвөн хувь, бүтээгдэхүүний өсөлт хамгийн их буюу 10.6 хувьд хүрч эдгээр нь дундаж өсөлтөд нөлөөлснөөс болжээ. 

2004 оны ДНБ-ний өсөлтөд манай улсаас экспортод гаргадаг гол түүхий эд болох зэс, алтны дэлхийн зах зээлийн үнэ өндөр байсан, мөн цаг агаарын тааламжтай нөхцлөөс үүдсэн малын тоо толгойн өсөлт гарсан, алтны үндсэн ордоос олборлолт хийдэг гадаадын хөрөнгө оруулалттай нэгэн компанийн экспорт огцом өссөн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. 

Нөгөө талаар мөнгөний үзүүлэлтийг М1 буюу бэлэн мөнгө харилцах дансны дүнгээр тооцдог нь индекс өндөр гарахад тусалжээ. Хэрэв мөнгийг манайд бодлогын үзүүлэлт болгож өргөн хэрэглэдэг М2 (М1, хугацаатай ба хугацаагүй хадгаламж, гадаад валютын хадгаламж) гэсэн үзүүлэлтээр авсан бол манай улсын индекс буурч 4-6 хооронд л хэлбэлзэх байсан бөгөөд 2004 онд 4.6 гэсэн индекс авах байжээ. 

Дараагийн үзүүлэлт болох ДНБ-ний дефляторын сүүлийн таван жилийн стандарт хэлбэлзэл тэг рүү тэмүүлэх тусам үүнийг эдийн засгийн агуулгаар нь инфляцийн тоо хэмжээнээс үл шалтгаалаад тогтвортой гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хамгийн дээд буюу 10 гэсэн индекс авна.  Харин энэхүү стандарт хэлбэлзэл 25 хувь руу тэмүүлэх тусам инфляци тогтворгүй болж хамгийн бага буюу тэг гэсэн индекс авна. 

Манай улсын индекс үндсэндээ 5.8-9.3 хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд 2003 оны үзүүлэлт хамгийн сайн буюу 9.3 гарсан байна.  Хэсгийн дэд үзүүлэлтийн индекс ингэж өндөр гарсан нь 1999 оноос хойш 2001 оныг оролцуулахгүйгээр ДНБ-ний дефлятор 8.4-11.9 хувийн хооронд л хэлбэлзэж харьцангуй тогтвортой байснаас шалтгаалжээ.

ДНБ-ний дефляторыг тооцох нь хэрэглээний барааны үнийн индекстэй харьцуулбал ажиглахад илүү төвөгтэй, тооцож байгаа арга нь шууд бус, гарсан дүн нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан дүнтэй зөрдөг зэрэг нь хэсгийн энэхүү дэд үзүүлэлтийг найдвартай тодорхойлоход төвөг учруулдаг.

Хэдий тийм боловч статистикийн газраас өгч байгаа мэдээлэл дээр хийсэн тооцооноос үзвэл 1999 оноос хойш эдийн засаг дахь дундаж үнийн өсөлт тогтворжих хандлагатай байгаа учраас энэхүү дэд үзүүлэлтээр Монгол Улс цаашид ч сайн индекс авах бүрэн боломжтой.

Гуравдахь буюу өнөөгийн инфляцийн төвшин гэж нэрлэгдсэн индекс нь тухайн жилд хэрэглээний үнийн өсөлт хэр зэрэг байсан түүгээр дамжуулж мөнгөний бодлого хэрхэн явагдсаныг дүгнэх зорилготой.

Хэрэглээний барааны үнийн өсөлт тэг рүү тэмүүлэх буюу үнэ өсөхгүй байх тусам үүнийг эдийн засгийн утгаар нь үнийн төгс тогтворжилт гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд хамгийн дээд буюу 10 гэсэн индекс авна.  Үнийн өсөлт 50 буюу түүнээс дээш хувьтай гарсан тохиолдолд автоматаар тэг гэсэн индекс өгөгдөнө.  

Ийнхүү манай улс 1996 оноос өмнө жилд байнга 50 хувиас дээш үнийн өсөлттэй байсан учраас тэг гэсэн индекс авсан.  1998 оноос эхлэн инфляци нэг оронтой тоонд шилжсэн учраас тухайн жилүүдийн индекс өндөр гарсан. 

Гэвч сүүлийн жилүүдэд Төв банкнаас явуулдаг мөнгөний бодлого суларч мөнгөний нийлүүлэлт (M2) хэт өссөн (2003 онд 49.6 хувь, 2004 онд 20.5 хувь) учраас энэ нь хэрэглээний барааны үнэд нөлөөлж түүний жилийн өсөлт 2004 онд 11 хувь, 2005 оны эхний хагас жилийн байдлаар 17.8 хувьд хүрсэн байна.  Энэ нь эдийн засгийн эрх чөлөөний индекст цаашид сөргөөр нөлөөлж болзошгүй. 

Хэрэглээний үнийн өсөлт ийнхүү нэг оронтой тооноос хальсан явдлыг ҮСГ-аас импортын бензиний үнэ түүгээр дамжсан махны үнийн өсөлтөөр тайлбарлахыг оролдож байгаа боловч нэгдүгээрт, нефтийн үнийн өсөлт зөвхөн манай улсад бус дэлхий дахинд тохиолдсон, хоёрдугаарт манай улсаас ч илүү эрчим хүч, нефтийн импортын хэрэглээ өндөртэй орнуудын хувьд ч 2004 онд хэрэглээний үнийн өсөлт бага байсан юм. 

Иймд сүүлийн үеийн хэрэглээний барааны үнийн өсөлтийн шалтгааныг мөнгөний бодлоготой холбон тайлбарлах нь илүү зохимжтой болно.

Монгол Улс бол гадаад валютын харьцангуй чөлөөт дэглэмтэй орон мөн.  Худалдаа, төлбөр тооцоо, хөрөнгийн шилжүүлгийн чөлөөт бодлогыг баримталж буйгаас гадна гадаад валютын данс эзэмших эрхийг чөлөөтэй байлгасны илрэл нь сүүлийн 10 гаруй жилийн турш дотоодын банкууд дахь иргэдийн гадаад валютын хадгаламжийн дүн төгрөгийн хадгаламжийн дүнтэй ойролцоо байгаагаар харагдаж байна. Тухайлбал 2004 оны эцэст дотоодын банкууд дахь иргэдийн гадаад валютын хадгаламж 324 тэрбум төгрөгт,  төгрөгийн хадгаламж 300 тэрбум төгрөгт тус тус хүрчээ.

Манай улс нээлттэй жижиг орон болохын хувьд дотоодын эдийн засаг дахь гадаад валютын гүйлгээний нөлөө асар их. Гадаадад оршин сууж байгаа манай иргэдийн валютын гуйвуулга гадаадын хөрөнгө оруулалт, албан ёсны зээл тусламж, гадаад худалдааны цар хүрээ нэмэгдэж эдийн засгийн хэмжээ, өсөлтөд шийдвэрлэх байр суурийг эзэлж байна.  Хэдийгээр эдийн засгийн хэмжээ жижиг, цөөн хэдэн нэр төрлийн түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнээс хэт хамааралтай боловч валютын ханшны уян хатан тогтолцоо болон гүйлгээний чөлөөт дэглэмийн ачаар аливаа цочир нөлөөллийг сааруулах боломжийг Монгол Улс бүрдүүлсэн. 

Нэгэнт Монгол Улсын иргэд гадаад валютын дансыг дотоодод эзэмших эрхтэй, мөн гадаадад эзэмших де факто эрхтэй учраас Фрейзэр институтын аргачлалын дагуу бүлгийн дэд үзүүлэлтээр хамгийн өндөр индекс буюу 10 гэсэн индекс авах боломжтой.

Монгол Улсын хувьд энэхүү дэд үзүүлэлтээр байнга өндөр индекс авахын тулд гадаад валютын талаар явуулж байгаа чөлөөт дэглэмээ баталгаажуулах ингэхийн тулд Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулж иргэддээ гадаадын банкинд гадаад валютаар данс эзэмших эрхийг албан ёсоор олгох нь зүйтэй байна.

“Эрүүл мөнгө хүртэх боломж”-ийг дээрх дөрвөн үзүүлэлтээр илэрхийлэх бүлгийн ерөнхий үзүүлэлтийг тооцож үзэхэд Монгол Улс 8.4 гэсэн индекс авахаар байгаа нь энэхүү индекст тухайн жилд хамрагдсан 123 орны тэг дундуур буюу 61-62 дугаар байр буюу Коста-Рик (8.6), Хятад (8.5), Гаити (8.4) улсуудын дараа, Болгар (8.3), Сири (8.3) Словак (8.2) улсуудын өмнө эзлэх байсан байна.

“Эрүүл мөнгө хүртэх боломж” бүлгийн индексийн жагсаалтыг 9.9 зэрэглэлтэй Панам, Оман улс, 9.8 зэрэглэлтэй АНУ нар тэргүүлж 1.6 зэрэглэлтэй Зимбабви, 1.7 зэрэглэлтэй Бирм, 3.4 зэрэглэлтэй Конгын Ардчилсан БНУ нар сүүл мушгисан байна.  

Түүнчлэн энэхүү судалгааг хийх явцад сонгож авсан зарим орнуудтай 2002 оны хувьд жагсааж үзвэл:

 

Бүлгийн индекс

ОХУ

3.8

Украин

6.0

Румын

6.2

Бангладеш

6.9

Польш

7.9

Словак

8.2

Болгар

8.3

Монгол

8.4

Хятад

8.5

Чех

8.9

Унгар

9.1

Чили

9.2

Солонгос

9.2

Эстони

9.3

Латви

9.3

Хонг Конг

9.3

Литов

9.4

Япон

9.4

Канад

9.5

Их Британи

9.5

Сингапур

9.7

АНУ

9.8

Монгол Улс мөнгөний эдийн засгийн эрх чөлөөгөөр Зүүн Европын орнуудын үзүүлэлттэй ойролцоо, барууны болон түргэн шинэчлэгдэж байгаа орнуудаас арай доогуур индекстэй гарсан байна.

Монгол Улс Эдийн засгийн эрх чөлөөний индексийн гуравдахь бүлгийн дүнгээр үнэлгээгээ ахиулахын тулд:

  • Хувийн сектор, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн бодит, тогтвортой өсөлтийг хангасан бодлого явуулах,
  • Инфляцийг жилд таван хувиас ихгүй байлгах бодлого явуулж түүнийг урт хугацаанд тууштай хэрэгжүүлэх,
  • Гадаад валютын талаар явуулж байгаа чөлөөт дэглэмээ баталгаажуулах ингэхийн тулд Валютын зохицуулалтын хуульд нэмэлт оруулж иргэддээ гадаадын банкинд гадаад валютаар данс эзэмших эрхийг албан ёсоор олгох нь зүйтэй байна.