Нээлттэй Нийгэм Форум
Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар бие даасан судалгааны багууд Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөг зээлийн зохицуулалт, төрийн хэмжээ, эрүүл мөнгө хүртэх боломж болон олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө хэмээх дөрвөн үзүүлэлтийн хувьд тооцон гаргаж байгаа бөгөөд урьдчилсан дүнг цуврал нийтлэл болгон та бүхэнд хүргэж байна. Эдийн засгийн эрх чөлөөг хэмжихдээ дэлхийн хүн амын 91% амьдардаг 123 орныг хамарсан, жил тутам гаргадаг Фрейзер институтын эдийн засгийн эрх чөлөөний индексийн аргачлалыг ашигласан. Тус индекс нь дэлхийн эдийн засгийн эрх чөлөөний индексийг, эдийн засгийн эрх чөлөөг голлон харуулдаг таван салбарын 38 үзүүлэлтийг 60 гаруй орны судалгааны институттай хамтран дэлхийн байгууллагаас гаргадаг тоон болон чанарын үзүүлэлтийг ашиглан ерөнхий аргачлалаар тооцон гаргадаг юм.
Энэ удаад Монгол Улсын Олон улсын худалдаанд оролцох эдийн засгийн эрх чөлөөний индексийг тооцсон урьдчилсан үр дүнг танилцуулж байна. Олон улсын худалдаанд оролцох эдийн засгийн эрх чөлөө нь тухайн улс орон олон улсын худалдааг хэр зэрэг либералчилсантай холбогдох ойлголт юм. Ийнхүү эрх чөлөөний индексийг тооцсон нь сүүлийн жилүүдэд манай улсын олон улсын худалдааг либералчлах үйл явц хэр явагдаж байгааг үнэлж, дүгнэх, мөн энэ чиглэлийн бодлого үйл ажиллагааны үр дүн ямар байгаа, цаашид хэрхэхийг тодорхойлоход чиглэгдсэн болно.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 5-р зүйлд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасан нь дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, даяарчлалын бодлогод түшиглэсэн бодлого үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм.
Олонхи эдийн засагчид чөлөөт худалдаа нь оролцогч орнуудын хувьд ямагт ашигтай байдаг бөгөөд түүнд хориг саад тавьснаар худалдаанаас хожих хэмжээ багасдаг гэж үздэг. Мөн худалдааны аливаа зохицуулалт нь авилгал, хээл хахуулийг дагуулдаг жамтай. Аливаа улс орон олон улсын худалдаанд оролцохдоо тарифын болон тарифын бус зохицуулалтыг ашигладаг. Аль ч зохицуулалт нь тухайн үндэстний нийгмийн хожоог багасгадаг.
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээсээ их гадаад худалдааны нийт эргэлттэй манай орны хувьд олон улсын худалдаанд оролцох эрх чөлөө хэр хангагдсан бэ? гэдэг асуудал нэн чухлаар тавигдах нь зүйн хэрэг юм. Олон Улсын худалдааны эдийн засгийн эрх чөлөөний индекс нь олон улсын солилцоон дахь бодлогын ил ба далд, албан ба албан бус саад тотгорын зэрэг ямар байгааг хэмждэг. Фрейзер институтын аргачлалаар энэ индекс нь таван үндсэн үзүүлэлт, долоон дэд үзүүлэлтийн индексээр тооцогддог. Үүнд:
- Олон Улсын худалдааны татвар
- Олон улсын худалдааны нийт эргэлтэнд олон улсын худалдааны татварын орлогын эзлэх хувь
- Дундаж тарифын хэмжээ
- Тарифын хэмжээний стандарт хазайлт
- Худалдааны саад хоригийн зохицуулалт
- Импортын далд саад, хориг
- Импортын зардал
- Худалдааны секторын бодит ба хүлээгдэж буй хэмжээний харьцаа
- Валютын хар захын ба албан ханшийн хоорондын зөрүү
- Олон Улсын хөрөнгийн зах зээлийн хяналт
- Гадаадын хөрөнгийн зах зээлд дотоодын иргэдийн, дотоодын хөрөнгийн зах зээлд гадаад иргэдийн оролцох боломж
- Тухайн улсын иргэдийн гадаадын иргэдтэй хамтран хөрөнгийн зах зээлд оролцох эрх чөлөө
Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Global Competitiveness Report”-ын түүвэрт манай улс хараахан хамрагдаагүй байгаа тул олон улсын худалдааны эдийн засгийн эрх чөлөөний индексийн 2-р үзүүлэлт бүхлээрээ, 5-р үзүүлэлтийн эхний дэд үзүүлэлт тооцогдох боломжгүй байгаа юм. Тиймээс энэ удаад зөвхөн дээрхээс бусад индексүүдийн тооцооллын үр дүн, тайлбартай танилцуулж байгаа болно.
Олон Улсын худалдааны татварын индекс. Энэ индексийг гурван дэд үзүүлэлтээр нь 1995-2004 онуудад тооцов. Олон улсын худалдааны татварын орлогын олон улсын худалдааны нийт эргэлтэд эзлэх хувь нь тэг байгаа тохиолдолд буюу огт татваргүй нөхцөлд индекс 10 утгыг, 15 хувь ба түүнээс дээш байгаа тохиолдолд индекс тэг утгыг авдаг. Энэхүү индексийг онцгой албан татвар, гадаад худалдааны албан татвар болон тусгай зориулалтын албан татварын нийт хэмжээгээр тооцоолоход дурьдагдсан онуудад 6.5-өөс 8.3 утга авч байна. 1996 онд индекс буурсан нь автобензин, дизелийн түлшний албан татвар бий болсноос шалтгаалжээ. 1997-1998 онд импортын барааны гаалийн албан татварыг тэглэсэн тул татварын ачаалал багасч, индексийн утга сайжирсан байна. 1999 оноос импортын барааны гаалийн татварыг тэглэснийг цуцалж, мөн онцгой татварт нилээд өөрчлөлт орсон, банз, дүнз, зүсмэл материалд экспортын гаалийн албан татвар ногдуулсантай холбоотой дахин индексийн утга буурсан байна. 2001 онд экспортын барааны гаалийн татварыг нэмэгдүүлснээс шалтгаалж, индексийн утга буурч, сүүлийн жилүүдийн хувьд хамгийн бага түвшиндээ хүрчээ.
Гаалийн жилийн дундаж тарифын хэмжээний тооцооллоос харахад 1995, 1996 онуудад татварын хэмжээ өндөр байгаад 1997-98 онуудад буурсан нь импортын барааны гаалийн татварыг тэглэснээс үүдэлтэй болно. 1999 оноос дахин өссөн нь импортын барааны гаалийн татварыг дахин сэргээн тогтоосон, мөн онцгой татварын хэмжээг нэмэгдүүлсэн, экспортын гаалийн татвартай барааны нэр төрлийг олшруулсан зэрэг гадаад худалдааны бодлогын арга хэмжээнүүдээс шалтгаалжээ. Сүүлийн жилүүдэд дундаж тарифын хэмжээ харьцангуй тогтворжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Гаалийн тарифын дундаж хэмжээг бусад улс орнуудтай харьцуулахад шилжилтийн эдийн засагтай зүүн Европын орнууд болон ОХУ, Өмнөд Солонгос улсуудын түвшинд байна.
Гаалийн тарифын жигд байдлыг тусган харуулдаг үзүүлэлт болох тарифын хэмжээний стандарт хазайлтын хувьд 1995-1996 онуудад харьцангуй бага байсан бол сүүлийн жилүүдэд нилээд өсөх хандлагатай болсон байна. Энэ нь эхний жилүүдэд экспортын бараанд гаалийн татвар ногдуулдаггүй байсан хийгээд онцгой албан татварын хэмжээ харьцангуй бага байсантай холбоотой. Харин сүүлийн жилүүдэд гаалийн татвартай экспортын барааны тоо, хэмжээ өссөнөөс гадна онцгой албан татварын хувь хэмжээ болон нэгжид ногдох мөнгөн илэрхийллийн хэмжээ ихэссэнтэй холбоотой дээрх үр дүн гарчээ. Мөнгөн илэрхийллээр ногдуулсан экспортын зарим барааны хийгээд онцгой татвар нь гаалийн үнэд эзлэх хувьд шилжүүлэхэд хэтэрхий өндөр байгаа тал ажиглагдаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй гадаад худалдааны бодлогын хүрээнд экспорт болон импортын барааны гаалийн татварын хувь, хэмжээг олон удаа өөрчилж, үүнтэй холбоотойгоор тарифтай бараануудын хувьд гаалийн татварын хувь хэмжээ нь маш их зөрүүтэй болсон, мөн олон тооны бараанд гаалийн татвар нэмж ноогдуулсан зэргээс шалтгаалж олон улсын худалдаанд оролцох эрх чөлөөний индексийн утга буурчээ.
Манай улсын хувьд энэ үзүүлэлтийн индексийг сайжруулахад гадаад худалдаатай холбоотой албан татваруудын хувь хэмжээг бууруулах, нэн ялангуяа нэгжид ногдох мөнгөн илэрхийллийг хэмжээг багасгах, мөн аль болох жигдлэх тал дээр анхааран, татварын бодлого боловсруулах нь чухал байна.
Худалдааны секторын бодит ба хүлээгдэж буй хэмжээний харьцаа. Судалгааны ажилд “худалдааны сектор” гэсэн ойлголтын дор олон улсын худалдааны нийт эргэлтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг авч үзсэн. Худалдааны бодлогын нөлөөгөөр тухайн орны худалдааны секторын хэмжээ өөрчлөгддөг. Хүн ам ихтэй, газар нутаг томтой орнууд дотоодын зах зээлийн цар хүрээний хувьд эдийн засгийн бодит боломж ихтэй байдаг. Энэ нь тухайн улсын хувьд худалдааны сектор бага байх талтай болгодог. Мөн тухайн улсын далайн хилийн урт их байх тусмаа тээврийн зардлыг багасгаж, худалдааны секторын хэмжээг ихэсгэдэг. Дэлхийн нийт эрэлт дэх тухайн улсын харьцангуй хэмжээ нь худалдааны секторт эергээр нөлөөлдөг.
Хэрвээ худалдааны секторын бодит хэмжээ нь хүлээгдэж буй хэмжээнээсээ их бол тухайн улсын хувьд худалдааны элдэв саад хориг, хязгаарлалтууд бага, гадаад худалдаа солилцооны хувьд өөрийн орны боломж нөхцлийг бүрэн дүүрэн ашиглаж байгааг илэрхийлнэ. Харин эсрэг тохиолдолд худалдааны саад хориг, хязгаарлалт ихтэй учраас бодит боломжийг ашиглаж чадахгүй байна гэж үздэг.
Худалдааны секторын бодит хэмжээ болон хүлээгдэж буй хэмжээний зөрүү нь хүлээгдэж буй хэмжээтэй харьцуулахад хасах 50 ба түүнээс бага хувьтай тэнцэж буй тохиолдолд индекс тэг утгыг авах ба 100 болоод түүнээс дээш хувийг эзэлж байвал 10 утгаа авдаг.
Манай улсын хувьд худалдааны секторын хэмжээний индекс 1999-2003 онуудад 7.1-ээс 7.8-ийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь Монгол Улсын гадаад худалдааны секторын бодит утга хүлээгдэж буй хэмжээтэй харьцуулахад 56.3-67 хувь давуу байна гэсэн үг. Учир нь манай улс хэдийгээр газар нутгийн хэмжээ харьцангуй том боловч, хүн ам цөөтэй, далайд гарцгүй, үйлдвэрлэлийн боломж багатай зэргээс дотоодын үйлдвэрлэл бага харин гадаад худалдааны сектор ихтэй зэргээр тайлбарлагдана.
Валютын хар захын ба албан ханшийн хоорондын зөрүү. Хөвөгч ханштай орны хувьд олон улсын худалдаа илүү чөлөөтэй байдаг гэсэн үндэслэлээр энэ үзүүлэлтийг худалдааны нээлттэй байдлыг илэрхийлдэг гэж үздэг. 1993 оны 5-р сарын 27-ноос валютын хөвөгч ханшийн тогтолцоонд шилжсэнээр Монголбанк валютын захын ханшийг нэгдсэн нэг тогтолцоонд шилжүүлэхийг зорьсон боловч өнөөг хүртэл дотоодын зах зээл дээр валютын параллель гурван ханш тогтож байна.
Хар захын ханшийг валютын гудамжны худалдаачид тодорхойлдог бөгөөд дамлан худалдах сонирхлын үүднээс валютын худалдаж авах, худалдах ханшийг тогтоодог юм. Хар захын ханш нь валютын эрэлт, нийлүүлэлтэд мэдрэмжтэй бөгөөд хэлбэлзэл ихтэй байдаг. Банк хоорондын захын ханшийг Монголбанкнаас гадаад төлбөр тооцооны эрх авсан арилжааны банкууд тодорхойлдог бөгөөд валют худалдан авах ханшийг тогтоохдоо Монголбанкны албан ханшийг суурь болгон ашиглаж байна. Худалдах ханшийг хар захын ханшийн түвшинд хүргэх хандлагатай. Банк хоорондын захын худалдан авах, худалдах ханш нь Монголбанкнаас тогтоосон ханшийн зөрүүнд захирагддаг тул ханшийн хэлбэлзэл бага, харьцангуй тогтвортой байдаг.
Монголбанкны ханш нь Монголбанкны валютын бодлого, нөөцийн удирдлагын газар арилжааны банкуудын өдрийн валютын арилжааны мэдээг үндэслэн Midpoint аргачлалаар тогтоодог ханш юм. Валютын хар захын ба албан ханшийн хоорондын зөрүү тэгээс 50 хувийн хооронд байна гэж үзэх ба тэг рүү ойртох тусам индексийн утга сайжирдаг. 1998 онд хоёр ханшийн зөрүү 2 орчим хувь байсныг эс тооцвол бусад онуудад бараг зөрүүгүй байсан байна. Иймээс энэ үзүүлэлтийн индекс нь хамгийн дээд буюу 10 утгаа ихэвчлэн авсан.
Ийнхүү валютын албан болон хар захын ханшийн зөрүү бага байгаа нь валютын эрэлтийг дагаж нийлүүлэлт түргэн хийгддэг, валют орж ирэх боломж нээлттэй, валютын нөөц харьцангуй сайтай, валютын албан ханшийг өдөр бүр шинэчлэн тогтоодог зэрэгтэй холбоотой юм.
Олон Улсын хөрөнгийн зах зээлийн хяналт. Тооцох аргачлалын хувьд Олон Улсын Валютын сангаас жил бүр гаргадаг “AnnualReportonExchangeArrangementsandExchangeRestrictions” тайлангийн хөрөнгийн хяналтын индексийг илэрхийлэх 13 үзүүлэлтэд үндэслэдэг. Тухайн улсын эдийн засагт эдгээр 13 үзүүлэлт хэрхэн тодорхойлогдож байгаагаас хамааран “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултуудыг Олон Улсын Валютын сангаас гаргадаг дээрх тайланд тусгасан байгаа бөгөөд хөрөнгийн хяналтын индексийг тооцохдоо “Тийм” гэсэн харилтуудын тоог харгалзан үздэг.
Хэрэв дээрх 13 үзүүлэлтүүдийн хариултууд бүгд “Тийм” гэсэн хариулттай бол хөрөнгийн хяналтын индекс нь 0 гэсэн доод хязгаарын утгаа авна. Эсрэг тохиолдолд бүгд “Үгүй” гэсэн хариулттай бол хөрөнгийн хяналтын индекс 10 гэсэн дээд хязгаарын утгаа авдаг. Индексийн тооцооллыг хийхийн тулд “AnnualReportonExchangeArrangementsandExchangeRestrictions” тайлангийн 2002 ба 2003 оны хэвлэлүүдээс 13 үзүүлэлт Монгол Улсын эдийн засгийн практикт хэрхэн тодорхойлогдсныг харахад хоёр оны хувьд хөрөнгийн хяналтын индексийн утга өөрчлөгдөөгүй байна. 2002-2003 оны байдлаар хөрөнгийн хяналтын индексийг илэрхийлэгч 13 үзүүлэлтүүдийн хувьд 8 нь ямар нэгэн зохицуулалт ба хязгаарлалттай гэсэн үр дүн гарчээ.
Хөрөнгийн хяналтын индексийн тооцогдсон утгаас харвал Монгол Улсын хувьд хөрөнгө эзэмшихтэй холбоотой эдийн засгийн эрх чөлөө ерөнхийдөө хязгаарлагдмал байна гэсэн дүгнэлтийг хийж болно. Хөрөнгийн хяналтын индексийг илэрхийлэгч 13 үзүүлэлтийн хариултуудын хувьд эргэх холбоо байгаа эсэх, хөрөнгийн хэрэглээтэй холбоотой хязгаарлалтууд, шууд хөрөнгө оруулалтын хязгаарлалтууд, шууд хөрөнгө оруулалтын өр төлөлттэй холбоотой хязгаарлалтууд болон институциональ шинж чанар бүхий хөрөнгө оруулагчдын тусгай хэлэлцээрүүд гэсэн 5 үзүүлэлт дээр ямар нэгэн хуулийн зохицуулалт болон хязгаарлалт байхгүй гэсэн үр дүн гарч байна.
Харин хөрөнгө эзэмшихтэй холбоотой хязгаарлалтууд, хөрөнгийн болон мөнгөний зах зээлийн хязгаарлалтууд, уламжлагдсан болон бусад арга хэрэгслүүд дэх хязгаарлалтууд, зээлийн үйл ажиллагаатай холбоотой хязгаарлалтууд, үл хөдлөх хөрөнгийн эзэмшилтэй холбоотой хязгаарлалтууд, хувийн хөрөнгийн эзэмшилтэй холбоотой хязгаарлалтууд, арилжааны банкууд болон бусад зээлийн байгууллагуудын тусгай хэлэлцээрүүд, үнэт цаасны хуулиар зохицуулагдах бусад хязгаарлалтууд гэсэн 8 үзүүлэлтийн хувьд ямар нэг хязгаарлалт байдаг гэсэн дүгнэлт хийжээ.
Тус индексийн утгыг сайжруулахын тулд дээрх хязгаарлалтуудыг сулруулах тал дээр зохих хууль тогтоомжуудад, тухайлбал банкны тухай хууль, үнэт цаасны тухай хууль, валютын зохицуулалтын тухай хууль, банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, үнэт цаасны зээлийн тухай, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Индексийн нэгтгэл. Дээр тооцсон индексүүдээ нэгтгэн Монгол Улсын олон улсын худалдаанд оролцох эрх чөлөөний индексийг тодорхойлов. 5 үндсэн үзүүлэлтийн индексээс одоогоор B үзүүлэлтийн индекс бүрэн, харин E үзүүлэлтийн нэг дэх дэд үзүүлэлтийн индекс тооцогдоогүй байгаа. Тиймээс эдгээр тооцогдоогүй үзүүлэлтийн индексийг хасч, бусад үзүүлэлтийн индексийн арифметик дунджаар нэгдсэн индексийг тооцов. Мөн E үзүүлэлтийн хувьд зөвхөн 2002, 2003 онуудад индексийг тооцсон. Нэгдсэн тооцооллын хувьд 2002 оноос өмнө хөрөнгийн зах зээлийн хяналт илүү хаалттай байсан тул индексийг 3 орчим, харин 2004 оны хувьд 2003 оныхоос нэг их өөрчлөгдөөгүй гэж таамаглав. Манай улсын олон улсын худалдааны эдийн засгийн эрх чөлөөний нэгдсэн индекс В үзүүлэлтийг тооцоогүй тохиолдолд 7 орчим байхаар байна. Олон Улсын худалдаанд далд саад хориг нилээд их байдгийг харгалзан үзвэл В үзүүлэлтийн индексийг тооцсон нөхцөлд нэгдсэн индекс 7-оос буурах төлөвтэй байна.
Олон Улсын худалдааны эрх чөлөөний нэгдсэн
индексийн харьцуулалт
Д/Д |
Улсууд |
2002 |
1 |
Бангладеш |
5.9 |
2 |
Болгар |
6.8 |
3 |
Канад |
8.0 |
4 |
Чех |
8.3 |
5 |
Чили |
8.4 |
6 |
Хятад |
7.5 |
7 |
Эстони |
8.7 |
8 |
Хонг-Конг |
9.7 |
9 |
Унгар |
8.3 |
10 |
Япон |
6.5 |
11 |
Латви |
7.6 |
12 |
Литва |
7.8 |
13 |
ОХУ |
6.9 |
14 |
Польш |
7.0 |
15 |
Сингапур |
9.5 |
16 |
Словак |
8.7 |
17 |
Өмнөд Солонгос |
7.2 |
18 |
Англи |
8.3 |
19 |
АНУ |
7.8 |
20 |
Монгол |
7.0 |
2002 оны байдлаар Монгол Улс Олон улсын худалдаанд оролцох эрх чөлөөний индексээрээ Бангладеш, Болгар, Япон, ОХУ зэрэг улсуудаас арай дээгүүр байна. Нэгдсэн индекс 7 байгаа нь Фрейзер институтын түүврийн хувьд 59-65 дугаар байрыг эзэлж, Кувейт(64), Малта(60), Намиб(62), Польш(59), Норвеги(63) улсуудтай зэрэгцэхээр байна.
Судалгааны багийн ахлагч Ц. Батсүх, Эдийн засгийн ухааны доктор, СЭЗДС-ийн Экономикс, Эконометриксийн тэнхимийн эрхлэгч