Нээлттэй Нийгэм Форумын 2005 оны Бодлогын судлаач Доктор О.Мөнхбат
1990 –ээд оны эхээр монголчуудын үгсийн санд тендер хэмээх нэгэн шинэ үг, шинэ зүйл орж ирэв. Улсын өмчийг хувьчлах, төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, тусгай эрх зөвшөөрөл олж эзэмших зэрэг бүх л үйл явц тендерээр дамжин хэрэгжиж эдүгээ хүрсэн билээ. Гэвч зах зээлийн эдийн засгийн маш чухал механизм төдийгүй тэгш боломж, шударга өрсөлдөөн, ил тод байдлыг илэрхийлдэг эл үг тун ч удалгүй “монголчлогдон” хуйвалдаан, авилгал, булхайлцалыг тэмдэглэдэг үг болон хувирсан нь энэ цагийн бас нэгэн онцлог аж. Чухам ийм үнэлгээ олон нийтийн дунд зонхилж буйг Нээлттэй Нийгэм Форумаас санхүүжүүлсэн “Төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тогтолцоог боловсронгуй болгох нь” бодлогын судалгаанд хамрагдсан хоёр хүн бүрийн нэг нь тендерийн явцад авилгал өгөх авах нь түгээмэл гэсэн бол гурван хүний нэг нь ийм явдал заримдаа гардаг хэмээн үзснээс илэрхий байгаа юм.
Уул нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль” –аас аваад “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль” болон “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль” хүртэл арав гаруй Монгол улсын хууль, мөн чамгүй олон тогтоол, журам байдаг. Гагцхүү эдгээр хууль цоорхой олонтойн сацуу албан тушаалтан, хөрөнгө чинээтэй нь хуулийг “гууль” болгож, тендерийг төрийн хөрөнгийг сүйтгэгч түйтгэр, ард олныг ядууруулан цөлмөх гай түйтгэр, эрх мэдэлтний халаасыг түнтийлгэх арга хэрэгсэл болгож байна. Төрийн эрх мэдлийг атгаж суугаа түшмэд тендерийг хэрхэн “түйтгэр” болгодог “суу залийг” төрийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны жишээн дээр судлах гээд үзье.
“Мэдээллээр хааж боо, тэгээд л ноёлж суу” гэх анхдугаар дүрэм.
Аливаа тендерийг шударга явуулах анхдагч нөхцөл бол сонирхогч талуудыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр жигд хангаж, ил тод нээлттэй байх зарчмыг хэрэгжүүлэх явдал. Гэтэл тендерийг зохион байгуулах эрх үүрэг бүхий эрх мэдэлтэнүүд төрийн хөрөнгөөр худалдаж авах бараа ажил, үйлчилгээ болон үүнтэй холбогдуулан явуулж буй тендерийн талаарх зар мэдээг нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлахын оронд таг дарах юм уу эс бөгөөс тендерийн дуусах хугацааг тулгаж байж зарладаг нь гэм биш зан болов. Дээхнэ иш татсан судалгааны дүнгээс үзэхэд нийт респондентын 29.5 хувь нь сонирхсон талууд тендерийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч чаддаггүй хэмээн хариулсан бол олонхи (41.5%) хариулж мэдэхгүй хэмээжээ.
Сүүлийн нэг жилд “Зууны мэдээ”, “ Өдрийн сонин” болон “Өнөөдөр” зэрэг өдөр тутмын сонинуудад сард дунжаар 30 орчим янз бүрийн тендерийн зар нийтлэгдсэн байна. Энэ баримтыг жилийн турш улсын хэмжээнд нийт 100.000 гаруй худалдан авах үйл ажиллагаа хийгддэг гэсэн тоотой харьцуулах юм бол тун ч бага дүр зураг гарна. УИХ-ын тамгын газраас аваад Засгийн газрын яам тамга, тэдгээрийн харьяа агентлаг, газруудын 33 ширхэг веб хуудсуудыг судалж үзэхэд 90-ээд хувьд нь төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авахтай холбоотой ганц ч зарыг олж үзсэнгүй. Харин БСШУЯ-ны веб хуудсанд сурагчдын ширээ сандал, компьютер, хувилагч нийлүүлэх, Зам тээвэр, Аялал жуулчлалын яамны веб хуудсанд замын ажлын гүйцэтгэгч шалгаруулах болон ТӨХ-ны веб хуудсанд төрийн өмчийн хэдэн обьектыг худалдах тухай, Харилцаа холбооны зохицуулах хорооны веб хуудсанд тусгай зөвшөөрөл, лиценз олгохтой холбогдуулан зарласан цөөхөн хэдэн зар байх юм. Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар гэсэн худалдан авах ажиллагааны томоохон субьектуудын веб хуудсанд тендерийн сураг ч алга. Бас тендер зарласан ч бэлтгэх хугацаа өгөлгүй цаг хугацаагаар боох тул пүүс компани, хувь хүмүүс тендерийн материалаа бэлтгэж чадалгүй хоцроход хүрдэг аж.
Үүнээс харах ахул тендерийн зар мэдээ “нууц” зүйл болжээ. Энэ булхайг арилгах ганц арга зам бол тендерийн харилцааг зохицуулдаг хуулинд мэдээллээр жигд, ил тод хангах заалтыг ерөнхийлөн заалгүй харин ч ямар төрлийн мэдээллийн хэрэгслээр хэдэн удаа, хэдэн хоногийн өмнө, мэдээллийн ямар багтаамжтайгаар зарлах ёстойг нарийвчлан заах хэрэгтэй юм. Түүнчлэн төрийн хөрөнгөөр худалдан авах үйлчилгээ хийх эрхтэй байгууллага бүр дунд болон томоохон хэмжээний тендерийг өөрсдийн веб хуудсаар заавал зарлаж байх, шалгарсан нийлүүлэгчийн тендерийн материалтай танилцах боломжийг сонирхсон талууд болоод олон нийтэд олгохыг хуульчлан заах нь зүйтэй. Төрийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохицуулж буй одоогийн хууль болон одоо УИХ –аар хэлэлцэж байгаа шинэчлэн найруулсан хуулийн төсөлд иймэрхүү заалтууд алга байгаа нь шинэ хууль гараад ч байдал онц өөрчлөгдөхгүй болохыг харуулж байгаа юм.
Тендерийн бичиг баримтын үнээ өндөр тогтоож, “гаднын” хүнийг айлга гэсэн удаах дүрэм.
Та хаа нэгтээ тендерийн зар олж үзсэн бол эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр тендерийн бичиг баримтын багцыг худалдаж авах үнэ гэсэн нэлээд хэдэн тэгтэй мөнгөний тоог лав анзаарсан байх. Энэ бол бас л тендерыг будлиантуулах нэг арга хэлбэр аж. Мэдээж тендер зарлахад багагүй зардал гарна. Монголд ч тэр, гадаад ч тэр тендерийн материалыг үнэлж зардаг. Гэхдээ энэ үнэд зөвхөн бичиг цаасны зардлыг л шингээдэг олон улсын жишиг бий. Харин тендерийн материалыг боловсруулах, тендер зарлах, явуулах, шалгаруулах зэрэгт шаардагдах зардлыг энэ үнэд шингээхийг хориглодог. Энэ нь сонирхогч талуудыг татах, тендерийг өрсөлдөөнтэй шударга явуулахад тун чухал ач холбогдолтой байдаг байна.
Гэтэл манайд тендерийн материалын нэг багцын үнийг 50 мянган төгрөгөөс авахуулаад хэдэн зуун мянга тэр бүү хэл сая саяаар үнэлэх нь цөөнгүй. Жишээлэхэд, Харилцаа холбооны зохицуулах хорооноос CDMA-450 системийг ашиглах тусгай зөвшөөрлийн тендерийн материалыг 1000 америк доллараар үнэлсэн байна. Ийм өндөр үнэ жижиг, дунд олон компани, хувь хүмүүсийг тендерт орохоос татгалзахад хүргэнэ. Түүнчлэн энэ мөнгийг гаргаж чадахгүйдээ бус тендер шударга бус явагддаг нь ердийн үзэгдэл болсон дэмий мөнгө үрээд яахав гэсэн бодлын үүднээс ийн татгалзах нь бас бий. Ингээд л цөөхөн “өөрийн” байгууллага тендерт оролцож, татвар төлөгч та бид хохирч, эрх мэдэлтэй түшмэд хожно.
УИХ –аар хэлэлцэж байгаа “Төрийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгон шалгаруулах журмын тухай” хуулийн шинэ төсөлд энэ үнийг зохион байгуулалтын зардлаар тооцно гэж заасан нь дээрх булхайг хаах биш улам л өөгшүүлэх бололтой. Уул нь зөвхөн бичиг цаасны зардлаар тооцохоор заах нь зүйтэй бөгөөд санхүүгийн чадваргүй этгээдийг тендерт оролцуулахгүй байх бололцоог тендерт ялаагүй тохиолдолд буцааж олгох нөхцөлтэй тендерийн баталгаа хангаж чадах юм.
Давуу байдал олгож тендерт ялуулаад дараа нь дарамталж, дарамтлуулж бай хэмээх гутгаар дүрэм.
Энэ бол түшмэдийн бас нэгэн “суу заль” аж. “Хэрэгтэй” компанийг ялуулах олон арга зам бий. Тендерийн материалыг хурааж аваад шалгаруулалтад оруулалгүй удааж, тэр хоорондоо аль сайн боловсруулсан төслүүдээс шинэ соргог, шилдэг санааг “өөрийн” төсөлдөө шингээх бол наад захын хэрэг. “Өөрийн” байгууллагадаа бусдад хэлээгүй чухал мэдээллүүдийг харамгүй өгч, техникийн тусалцаа үзүүлнэ. Түүнчлэн тендерийн хороодын гишүүн бүр нэг нэг байгууллагыг “хөгжөөн дэмжих” нь нийтлэг. Эндээс түшмэдэд аль “ашигтай саналыг” дэвшүүлсэн газар ялах болно. Ийнхүү бүх талын мэдээллээр тусгайд нь хангаж, шалгаруулалтад нь дэмжиж аль нэг компанийг тендерт ялуулснаар эрх мэдэл бүхий албан тушаалтан нийт бараа үйлчилгээний үнийн дүнгийн 10-аас 30 хувийг хармаалах “эрхтэй” болно. Авлигатай тэмцдэг “Транспэрэнси Интернэйшнл” олон улсын байгууллагын тооцоогоор төрийн зүгээс худалдан авах үйл ажиллагаатай холбогдсон авилгалын хэмжээ тухайн бараа үйлчилгээний үнийн дүнгийн гучин хувьтай тэнцдэг гэжээ. Авилга өгсөн хүн үүнийгээ бараа үйлчилгээнийхээ үнэд шингээхийн хамт хямд чанаргүй, ашиглалтын зардал өндөр бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр нийлүүлснээр анхны үнэ нь даруй нэг хоёр нугарахад хүрдэг байна. Түүнчлэн авилга авсан албан тушаалтан авилга өгсөндөө хяналт тавих эрхгүй болж улмаар хууль бусаар тендерт ялсан гүйцэтгэгч хүссэн зүйлээ тулган захиалагчийг дарамтлах эрхтэй болдог ажээ. Судалгааны дүнгээс үзэхэд тендерээр чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хэмээн респондентын 57 орчим хувь үзсэн бол татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй үрэгддэг гэж талаас илүү хувь нь хариулжээ.
Эл булхайтай байдлыг хяналтын сайн тогтолцоо л хумиж чадна. Өнөөгийн Монголын нийгэмд авилга тарах нэгэн хөрс суурь бол чухамдаа төр, олон нийт, иргэний нийгмийн зүгээс тавих хяналтын тогтолцоо тун үр өгөөж муутай ажиллаж байгаа явдал юм. Олон нийт ч үр өгөөжтэй хяналтын тогтолцоог төрөөс шаардаж байна. Бидний дээр дурдсан судалгаанд хамрагдсан хүмүүсийн 41.7 хувь хяналт сулаас төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад авилга түгээмэл байна хэмээн үзжээ. Энэ онд дээрх ажиллагаанд 557.4 тэрбум төгрөгийн эх үүсвэр улсын хэмжээнд төлөвлөгдсөн агаад үүнээс улсын төсвийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагаа нь нийт төсвийн 27.6 хувь буюу 222.8 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар төсөвлөжээ.
Энэ их мөнгөний урсгалыг одоогийн байдлаар Сангийн Яамны Худалдан авах ажиллагааны бодлого зохицуулалтын газар гэсэн тав хүрэхгүй ажилтантай, эрх мэдэл хязгаарлагдмал, гүйцэтгэх засаглалын шууд хяналт дарамтад байгаа ганц нэгж хянаж, зохицуулахыг оролдож байна. Ийм хуультайгаар, ийм тогтолцоотойгоор асуудал шийдэгдэхгүй бөгөөд улам л доройтон сулрах нь мэдээж биз. Үүний сацуу хуучин шинэ он солигдох зааг дээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль”-ийг УИХ соёрхон баталсан агаад энэ нь 2000 онд батлагдсан хуулийн шинэчилсэн хувилбар байлаа. Чухамдаа хууль шинэчлэгдэн батлагдсанаар төрийн үйлчилгээний эл хүрээн дэх харилцааны зохицуулалт сайжрах эрхзүйн үндэс боловсронгуй болж байгаа нь маргаангүй. Гэсэн хэдий ч хэрэгжүүлэх институцийн хувьд бараг л бүх юм хуучин хэвээрээ үлдэж байгаа нь хууль сайн хэдий ч түүнийг гууль болгох нүх сүв хаагдаагүйг гэрчилж байна.
Төрийн худалдан авах үйл ажиллагааг үр өгөөжтэй болгох үйл явцыг авилгын эсрэг тэмцэлтэй холбон үзэхээс өөр аргагүй. Үнэхээр Монголын төр, засаг авилгатай тэмцэх тогтолцоогоо, энэ тогтолцооныхоо институцичлагдсан байдлыг эргэж харах цаг нэгэнт болжээ. Ингэхдээ ганц нэг салангид хуулийг өнгөн засал хийснээр шинэчлэх бус, цогц байдлаар асуудалд хандах хэрэгтэй байна. Төрийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг авилгатай тэмцэх хууль болон түүнтэй холбогдох хуульзүйн актуудтай уялдуулан зохицуулж, авилгын эсрэг багц хуульд энэ талаар тусгайлан тусгах хэрэгтэй юм.
Авилгалтай тэмцэх бие даасан, хараат бус, чадавхи бүхий байгууллагыг байгуулж, түүний бүтэц, бүрэлдэхүүнд төрийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хянан төвхнүүлэх үйл ажиллагааг хамруулахад ч болохгүй зүйлгүй. Эцэст нь хэлэхэд авилгатай тэмцэх байгууллага нь одоогийн Авилгатай тэмцэх үндэсний зөвлөл шиг ор нэр төдий бус, эсвэл Авилгын эсрэг хуулийн төсөлд заасан шиг улсын прокурорын дэргэд, цэрэг цагдаажсан байдалтай бус, харин хууль тогтоох дээд байгууллагын шууд харьяанд байж, иргэний нийгэмтэй хамтран ажилладаг, нээлттэй, ил тод үйл ажиллагаатай тогтолцоо болж чадах аваас сая зон олноо авилгалын боомиллоос чөлөөлөх эрхэм үйлсийг тэргүүлж чадах билээ.