Монгол Улсын өрсөлдөх стратеги

A- A A+
Монгол Улсын өрсөлдөх стратеги

Бодлогын судлаач З.Батболд

Монгол Улс ардчилал, зах зээлийн замыг  сонгоод чамгүй олон жилийн нүүр үзэж байгаа боловч эдийн засгийн хөгжлийн хувьд дорвитой амжилтад хүрч чадаагүй байна. Үүний нэг шалтгаан нь өрсөлдөх чадварт тулгуурласан хөгжлийн стратегиа тодорхойлоогүй явдал юм. Иймд бид öààøäàà хөгжлийн ямар т¿âøинд хүрэх, түүндээ хүрэхийн тулд ямар чиг хандлагыг баримтлахаа зөв тогтоох нь тун чухал юм. Эдийн засгийн шинжлэх ухаан анхлан улс, орнууд үнэмлэхүй давуу тал, дараа нь харьцангуй давуу талаа түшиглэн хөгжих ёстойг номлож байв. Харин 1980-аад оны үеэс Харвардын Бизнесийн Сургуулийн профессор Майкл Портер тэргүүтэй эрдэмтэд өрсөлдөх чадвар, стратегийн сонголт,  өрсөлдөх давуу талын онолыг дэвшүүлэн тавих болсон.

Өрсөлдөх давуу талын үндсэн ойлголт

Харьцангуй ба өрсөлдөх давуу талын ялгааг тайлбарлахын тулд Голланд улсын цэцгийн салбарыг авч үзье. Уламжлалт ойлголтоор бол цэцэг үржүүлэхэд үржил шимтэй хөрс, хямд газар, өртөг багатай ажиллах хүч зэрэг харьцангуй давуу талууд шаардлагатай. Гэтэл жилийн цөөхөн хэдэн хоногт л нар үздэг, хөдөлмөрийн хөлс өндөр, далайд идэгдэж буй жижигхэн газар нутагтаа шахцалдан амьдардаг голландчууд дэлхийн хамгийн том цэцэг экспортлогчид болж чаджээ. Тэд зах зээлийн нарийвчилсан судалгаа, үйлдвэрлэлийн болон борлуулалтын өндөр үр ашигтай бүтэц, технологийн шинэчлэл зэрэг стратегийг хэрэгжүүлснээр энэхүү амжилтад хүрсэн байна.  Өөрөөр хэлбэл голландчууд бусдын дуурайж чадахгүй олон хүчин зүйлсийг бий болгосон бөгөөд ингэснээр худалдан авагчдын илүү үнэ төлөн авахыг хүсдэг өндөр чанарын цэцгийг зах зээлд нийлүүлдэг. Үүнийг өрсөлдөх давуу тал гэнэ. Өрсөлдөх чадвар гэдэг нь аливаа улсын эдийн засаг өрсөлдөх давуу талдаа тулгуурлан дундаас урт хугацаанд (5-8 жилийн хугацаанд) тогтвортой  өсөх хандлагыг хэлнэ.

Бизнесийн стратегийн онолоор бол давуу талын сонголт нь бага зардалтай байх эсвэл ялгаатай байх гэсэн хоёр тодорхой хувилбартай байдаг. Бага зардал гэдэг нь худалдан авагчдын бусад шаардлагыг тооцож үзэхийн хажуугаар бага үнэ тогтоохын тулд зардлаа бууруулах стратеги юм. Бага зардлын стратеги зөвхөн шинэ санаачилгад (инноваци) тулгуурласан бол тогтвортой байдаг. Үйлдвэрлэлийн уламжлалт хүчин зүйлс болох цалингийн бага төвшин, хямд түүхий эдэд тулгуурласан бага зардлын стратеги нь богинохон хугацаанд л үр ашигтай байдаг бөгөөд тогтворгүй юм.

Ялгаатай чанар нь худалдан авагчдын илүү үнэ төлөхийг хүсдэг онцгой нэмүү үнэлэмж үүсгэх явдал юм. Пүүсүүд худалдан авагчдад зөвхөн хямд үнэ санал болгохоос гадна онцлог, ялгаатай үнэ цэнийг бий болгосноороо өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Ялгаатай чанар нь пүүсүүдэд нэмэгдэл үнэ тогтоох, тухайн үнийн төвшинд илүү их хэмжээгээр бараагаа борлуулах, эсвэл тур зуурын болон улирлын шинж чанартай орлого буурах үед худалдан авагчдаа өөрийн брэнддээ илүү үнэнч байлгах зэрэг ач холбогдолтой. Ялгаатай чанарын стратеги нь брэнд, загвар, технологи, үйлчилгээ, гаднах үзэмж болон хэрэглэгчдийн хүсэн хүлээдэг бусад шинж дээр тулгуурладаг. Энэхүү стратегийг бий болгох үндсэн арга нь хэрэглэгч тухайн барааны ямар шинжийг илүү үнэлдэгийг олж мэдэх явдал юм. Ялгаатай чанарыг бий болгоход хэцүү, бусад өрсөлдөгчид хялбархан дуурайж чаддаггүй учраас л энэ стратеги нь илүү тогтвортой ашиг авчирдаг. Энэ сегментэд ихэвчлэн чинээлэг хэрэглэгчид байдаг учраас пүүс, компаниуд илүү ашиг олох боломж ихтэй юм.

Өрсөлдөх давуу талын онол нь улс, орнуудыг хөгжлийн өндөр төвшинд хүрэхэд саад болдог хэд хэдэн шалтгааныг дурддаг. Тэдгээрийн заримыг товчхон үзвэл:  

- Хөгжиж буй орны үйлдвэрлэгчид байгалийн баялаг болон хямд ажиллах хүчээ ашигласнаар экспортын зах зээлд давуу байдлыг олж авна гэж үздэг нь алдаа болж байна.

Монгол Улсын экспортын голлох хувийг ашигт малтмал эзэлдэг. Хачирхалтай нь дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ өсөхийн хэрээр  Монголын ядуурлын төвшин өсч байгаа билээ. Африк, Латин Америкийн байгалийн баялаг ихтэй орнуудын түүх ч мөн ийм байв. Мэдээж бид тодорхой бодлоготойгоор байгалийн баялгаа зүй зохистой ашиглах хэрэгтэй. Гэвч ашигт малтмалын олборлолтыг өрсөлдөх үндсэн стратегиа болгох нь бусад шинэ, илүү ашигтай боломжуудыг үл анзаарах байдалд хүргэж, улс орон “Голланд өвчнөөр” өвчлөн, эдийн засаг зогсонги байдалд орох аюултай юм. Эдийн засгийн бүтэц нь байгалийн баялгийг экспортлоход тулгуурласан нөхцөлд илүү боловсронгуй салбарт хөрөнгө оруулах нь ховор байдаг.

- Хэдийгээр аливаа улсад бага цалинтай, олон тооны ажил эрхлэлт хэрэгтэй боловч, хөдөлмөрийн хөлсний давуу талаа ашиглан өрсөлдөх нь мөн тааруу стратегийн сонголт юм. Учир нь хямд хөдөлмөрийн хөлсөд тулгуурлан өрсөлдвөөс биднээс илүү хямд үйлдвэрлэх боломжтой гаднын өрсөлдөгчид хэзээд ч гарч ирэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд бизнес эрхлэгчид ажиллагсдынхаа цалинг байнга доод төвшинд барих шаардлагатай болдог. Эдийн засгийн өсөлт баялгийг бүтээх зорилготой боловч ард иргэдээ ядууруулах замаар өсөлтөд хүрэх нь зөв зорилго биш юм. Иймд пүүс, компаниуд ажиллагсдадаа илүү сайн цалин төлдөг байх чадварыг хөгжүүлэх нь чухал. Үүний тулд хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангах хэрэгтэй.

- Эдийн засаг нь удаан хугацааны туршид өрсөлдөөнөөс ангид байсан орнууд нээлттэй эдийн засгийн нөхцөлд үр дүнтэй өрсөлдөж сурахын тулд  ямар хэрэглэгчдийг сонгох, тэдэнд хэрхэн сайн үйлчлэх ёстойг эхэлж ойлгох хэрэгтэй болдог. Тиймд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай болохыг зорьж буй компаниуд хамгийн түрүүнд хэрэглэгчдийн талаарх мэдлэгийг олж аван, ашиглах шаардлагатай.
 
Төрийн оролцоо ба өрсөлдөх чадвар

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргадаг Олон улсын өрсөлдөх чадварын тайланд 2005 оноос Нээлттэй Нийгэм Форум эрхлэн Монгол Улсыг  оруулж эхэлсэн. Уг тайланд дэлхийн 117 орныг хамруулснаас Монгол улс 96-р байр эзэлжээ. Тайлангаар Монголд бизнес эрхлэхэд хамгийн их хүндрэл учруулдаг дөрвөн асуудалд төр, засгийн хүнд сурталт үр ашиггүй аппарат, дэд бүтцийн сул хөгжил, татварын хувь хэмжээ, авилгал хээл хахууль орсон байна. Эдгээрээс Засгийн газрын зүгээс анхаарах ганц асуудал нь дэд бүтцийг хөгжүүлэх явдал юм.   
 
Бусад хүндрэлтэй асуудал болох төр, засгийн хүнд сурталт үр ашиггүй аппарат, татварын хувь хэмжээ, авилгал хээл хахууль нь эдийн засагт төрийн оролцоо их байгаагаас үүдэн гарч байна. Монгол Улсын төсөв ДНБ-нийхээ 40 шахам хувийг эзэлж, сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын тоо өссөөр ирсэн нь манай эдийн засаг чөлөөт зах зээлийн хуулиар явах бус, харин “социалист замаасаа” бүрэн салж чадахгүй байгаагийн шинж юм. Төрийн сул инститүцүүд эдийн засгийг хяналтдаа байлгахыг хичээх нь нийгмийн баялгийг үрэн таран хийх явдлыг гааруулж, авилгалын үр үндэс болж байна.

Нийгмийн баялгийг хамгийн түргэн өсгөж арвижуулдаг, хамгийн их нэмүү үнэлэмж бий болгодог хэсэгт хөрөнгө, мөнгө төвлөрч байвал эдийн засаг түргэн өсдөг. Харин манайд одоо мөрдөгдөж буй татварын хуулиар бол пүүс, компаниуд баялгийг ихээр бүтээж, ажлын байрыг олноор бий болгосныхоо хэрээр улсад улам их татвар, шимтгэл төлөх болдог. Мөн хамгийн өндөр мэдлэг, чадвар, хөдөлмөрийн бүтээмжтэй ажиллагсад уйгагүй хөдөлмөрлөж, орлогоо нэмэгдүүлэхийн хэрээр төрд улам ихийг хураалгаж байна. Ийнхүү нийгмийн баялгийг хамгийн ихээр бүтээгч, чадварлаг хэсгийн урмыг хугалах нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварт сөрөг нөлөөтэй юм. Өнөөгийн манай Монголын нөхцөлд татвар аль болох бага, тэнцүүлсэн байх тусам эдийн засаг эрчимтэй хөгжих болно.

Ирээдүйн боломж

Аливаа хөгжиж буй орон өрсөлдөх стратегийн сонголтоо хийгээгүй тохиолдолд ядуурлаас гарахад ихээхэн төвөгтэй байх болно. Саяхныг болтол зөвхөн байгалийн баялагтаа тулгуурлан амьдарч байсан орнууд бүс нутгийнхаа болон дэлхийн зах зээлд өрсөлдөх стратегиа зөвөөр тодорхойлон амжилт олох боллоо. Үүний нэг тод жишээ бол Персийн буланд оршдог, гурван сая орчим хүн амтай, газрын тосны арвин нөөцтэй Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) юм. Энэ улс нь байгалийн баялгаасаа үл хамааран хөгжих зорилго тавин, бусад олон салбарт өрсөлдөх давуу талаа тодорхойлон хэрэгжүүлсэн. Үүний дүнд, сүүлийн 10 хүрэхгүй жилийн дотор дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгчидтэй өрсөлдөх болсон “Эмирэйтс” компанийг бий болгож, Дубай хотыг бүс нутгийнхаа санхүү, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологийн төв болгон, Америкийн их сургуулиудын салбарууд, чинээлэг жуулчдыг татдаг амралтын газрууд, татваргүй дэлгүүрүүдийн сүлжээг бий болгожээ. Өөрөөр хэлбэл АНЭУ ирээдүйд газрын тосноосоо үл хамааран тогтвортой хөгжих нөхцөлөө бүрдүүлж чадсан байна.      

Иймд манай компаниуд Америк, Япон, Хятадынх биш Монголынх учраас дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй гэж үзэх нь учир дутагдалтай юм. Учир нь одоо үед дэлхийн аль ч орны хэрэглэгчид худалдан авч байгаа бараа, үйлчилгээгээ хаанаас гаралтайг улам бага сонирхох болсон. Бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн шаардлагыг л хангаж байвал тухайн бараа, үйлчилгээ дэлхийн аль хэсгээс ирж байгаа нь чухал бус болжээ.

Монгол Улсын хувьд даяарчлал, бүсчлэлийн үйл явцтай эдийн засгаа зөв бодлоготойгоор холбож чадвал дундаас урт хугацаанд эрчимтэй хөгжин, өрсөлдөх давуу талуудаа бий болгох боломжтой юм. Үүнд:

- Дэлхийн эдийн засагт томоохон байр суурийг эзлэх болсон Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос улсуудыг багтаасан Зүүн Хойд Азийн авто зам, төмөр зам, агаарын тээврийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж, бүс нутгийн ложистик төвийг бий болгох. Судалгаагаар зөвхөн Хятад – Оросын хоорондын худалдаа гэхэд 2010 он хүртэл хурдацтайгаар өсөн 60 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Ингэснээр энэ хоёр улсыг холбосон тээврийн бүх шугамаар  ачаа тээвэрлэлт, түүний дотор Монголоор дамжин өнгөрөх тээвэрлэлт ихээхэн нэмэгдэнэ.

- Азийн орнуудын иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдсэнээр чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ ихээр нэмэгдэх болсон. Ялангуяа Япон, Өмнөд Солонгос улсуудад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч улсуудын хөрсний чанар экологийн цэвэр байх шаардлагыг хангаж чадахаа больж байна. Ингэснээр Монгол нь тариаланд тохиромжтой, химийн бордоонд хордоогүй  ихээхэн хэмжээний газраа ашиглан бүс нутгийхнаа хэмжээнд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэгч орон болох боломж бий.

- Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулах өөр нэг салбар бол аялал жуулчлал юм. Энэ салбарт манай хөрш орнууд дэлхийн аялал жуулчлалын томоохон экспортлогчид болж байгааг ашиглан чинээлэг жуулчдыг түлхүү татах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох хэрэгтэй. Монголд ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхээс гадна нэг жуулчнаас олох орлогоо өсгөх нь чухал юм.

Дүгнэвэл, Монгол Улс эдийн засгаа үсрэнгүй хөгжүүлэхийн тулд Зүүн Хойд Азийн зах зээлд идэвхтэйгээр нэгдэн орж, нягт хамтран ажиллах нь өндөр ач холбогдолтой юм. Хэдийгээр өнөөдөр нэг хүнд ноогдох ДНБ, хүний хөгжил болон өрсөлдөх чадварын индексээрээ Африкийн буурай орнуудын төвшинд байгаа ч дэлхийд хамгийн эрчимтэй хөгжиж буй Хятад, Орос, хөгжлөөрөө тэргүүлэгч Япон, Өмнөд Солонгос улсуудтай нэг бүс нутагт оршиж байгаа нь ирээдүйн хөгжлийн ихээхэн боломжийг олгож байна.