Парламентчид мэдэн будилав уу, эсвэл...?

A- A A+
Парламентчид мэдэн будилав уу, эсвэл...?

Р.Баяр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 6-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд  олонхийн саналаар  уг хуулийн төслөөс “стратегийн ач холбогдол бүхий орд”, ”стратегийн ашигт малтмал”  гэсэн үг,томъёоллыг авч хаяхаар шийдвэрлэсэн.  /Редактор:Манай порталд энэ тухай мэдээллсэнтэй холбогдуулан зоиогч энэ өгүүллийг ирүүлсэн болно/.

Ингэснээр хуулийн нэг амин сүнс болсон санаа анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авч чадалгүй унаж орхив. Уул нь Монголын ард түмний одоогийн ба ирээдүйн хувь заяанд, улс орны хөгжилд онцгой чухал ач холбогдолтой зарим орд газрыг төрийн хяналтад байлгах зорилготой заалт юм. Зорилго нь далд биш ил. Гол чухал баялгаа ард түмэн (төр) мэдэж захиран зарцуулдаг байя л гэсэн тов тодорхой утгатай. Гэтэл үүнийг ил ба далдуур эсэргүүцэгчид үнэхээр олуулаа аж.

Ямар үндэслэл гаргаж унагав гэдэг нь ч анхаарууштай.   “Стратегийн орд газар гэдэг заалт аль ч улс оронд байдаггүй томъёолол”(Б.Жаргалсайхан), “стратегийн гэж ямар ч хэрэггүй л үг ш дээ”(нэг гишүүн), стратегийн гэж юуг хэлээд байгаа нь бүрхэг учраас “стратегийн ач холбогдол бүхий гэдгийг хасъя”(С.Оюун), хөрөнгө оруулагчдыг үргээчихнэ, ”хайгуул хийхэд стратегийн гэж заагаагүй хэрнээ илрүүлсэн орд газрыг нь стратегийн нэрээр  төр булааж авч болохгүй”(Б.Батбаяр), “энэ бол уул уурхайн салбарт төрийн оролцоог баталгаажуулах нь гэсэн далд хардлагыг төрүүлж мэдэхээр түмъёолол байна”(Р.Бадамдамдин)   гэхчлэн элдвээр гоочилж баалсаар байгаад уг заалтыг хасаж устгах уур амьсгалыг бий болгожээ.

“Стратегийн” гэдэг томъёолол  үнэхээр л хаана ч байдаггүй зүйл үү гэвэл огт тийм биш аж. Даян дэлхийгээр дэвэлгүй ердөө хойд хөршийнхөө (өмнөд хөршийнх бол бүр ч тодорхой) хуулийн зохицуулалтыг хальт харлаа. Байдал тэнд тун тодорхой юм.

Оросын Холбооны Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Газрын хэвлийн тухай” хуулийн 2.1-р зүйлд “Оросын Холбооны Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөтэй, төрийн тусгаар тогтнолын үндсийг хангаж буй газрын хэвлийн нөөц баялгийн стратегийн ба ховор хомс төрөл зүйлээр Оросын Холбооны Улсын хэрэгцээг баталгаатайгаар хангах, мөн түүнчлэн Оросын Холбооны Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгоор газрын хэвлийн тодорхой хэсгийг,түүний дотор ашигт малтмалын ордуудыг агуулсан хэсгийг Холбооны ач холбогдолтой объектын зэрэглэл (статус)-д  хамруулж болно” гэж заажээ.
 
“Стратегическими и дефицитными видами ресурсов недр“ гэсэн нь манай хуулийн төсөлд тусгагдсан зөвхөн зарим томоохон орд газрын тухай асуудал бус, ашигт малтмалын зарим төрөл зүйлийг бүхэлд нь  хамарсан илүү өргөн цар хүрээтэй зохицуулалт юм байна. Тулгуур хуульдаа  ийм өргөн утгатай заалт оруулснаар ирээдүйд үүсч болох аливаа нөхцөл байдалд уян хандаж ямар ч тохиолдолд нийгэм, ард түмний  нийтлэг эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих боломж бүрдсэн аж.  Тэгэхлээр манай зарим гишүүн хаяа залгаа орныхоо зохицуулалтыг ч олоод үзчихэж чадаагүй атлаа дэлхийд хаана ч байхгүй томъёолол хэмээн ихэд мэдэмхийрэн будилж
худлаа үндэслэл,шалтаг гаргасан байна.

Ер нь хуралдааны явцад хачирхалтай үндэслэл,тайлбарууд цөөнгүй гарчээ.   Жишээ нь, “стратегийн гэж юуг хэлээд байгаа нь тодорхой бус” гэсэн үндэслэл нэлээд сонин. Яагаад гэвэл ирээдүйд үүсэж болзошгүй бүх тохиолдолд ягштал таарсан бэлэн зэлэн хариултыг нэхсэн хүүхдийн гэнэн байр суурьтай төстэй. Нийгмийн маш цогц харилцааг аливаа суурь хуулинд нэлээд өргөн утгатай заалтаар л бүрэн дүүрэн хамруулж зохицуулж болдгийг умартаж нэгбүрчилсэн нарийн заалт тусгах гэж шаардах, өөрөөр хэлвэл хэт хялбарчлах гэнэн үзэлд зарим гишүүн илт автсан байна.   Нөгөө талаар орд газруудын ач холбогдлыг бодитойгоор үнэлэн цэгнэх чадвар төрд (ирээдүйд ч)  байхгүй гэсэн ор үндэсгүй том хардлага цаана нь яваад байгаа нь илэрхий.

Заавал маш тодорхой болгох ёстой гэвэл ашигт малтмалын төрөл бүрээр нөөцийн хэмжээг зааж өгөх үндсэн дээр юуг стратегийн ач холбогдолтой гэж үзэхийг анхнаасаа тодорхой болгож болдог. Ийм боломж хууль тогтоогчдод байсаар атал томъёолол тодорхой бус байна  гэдгээр шалтаглан “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хуулийн амин чухал санааг бүхэлд нь үгүйсгэж орхижээ.
 
“Хайгуул хийхэд стратегийн гэж заагаагүй хэрнээ илрүүлсэн орд газрыг нь стратегийн нэрээр төр булааж” авах нь гэсэн тайлбарын хувьд нэгд,стратегийн эсэх нь хайгуул хийсний дараал л тодорхой болох учраас хайгуул хийхээс өмнө ийм тийм гэх ямар ч боломжгүй, хоёрт, төр өөрийн өмчөө булааж авна гэдэг нь утга учиргүй үг яриа гэдгийг л хэлэхэд хангалттай.

Хуулийн төслийн зохицуулалтаар бол нөөц ихтэй чухал (стратегийн) орд илэрвэл түүний ашиглалтад төр зохих хэмжэгээр оролцох юм. Хайгуул хийх аливаа (гадаад, дотоодын) этгээд үүнийг анхнаасаа мэдэж ажиллах бөгөөд бизнесийн зохих орлого,ашгаа ч хүртэнэ. “Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг” энгийн зарчмыг л баримтлана.

Уул уурхайн салбарт төрийн оролцоог баталгаажуулах нь шинэ хуулийн нэг чухал зорилго яах аргагүй мөн. Ингэснээр одоогийн хэт замбараагүй, улс оронд маш хөнөөлтэй байдлыг эцэслэх  зорилготой.

Гэтэл яг энэ зорилгыг эцсийн бүлэгт эсэргүүцэгчид,үгүйсгэгчид байнгын хорооны хуралдаан дээр давамгайлсан байна. Ингээд хуулийн амин сүнсийг авч хаяжээ. Харин энэ далимд “хэн нь хэн бэ?“ гэдгийг ард түмэн дахин таниж мэдэв. Улс орныхоо,ард түмнийхээ язгуур эрх ашгийн эсрэг мэдсэн, мэдээгүй ажилладаг ийм л хүмүүсийг сонгогч бид толгой дээрээ гаргасан байна.

Оросын Холбооны Улсын хуулийн зохицуулалт ойрмогхоноос шинэчлэгдэх мэдээ байна. Бүр улам чангарах тал руугаа өөрчлөгдөнө гэнэ. Стратегийн ач холбогдолтой гэж үзэх орд газрын нөөцийн хэмжээг улам багаар тогтооно гэдгээ Байгалийн нөөц баялгийн яамны сайд Ю.Трутнев саяхан болсон Санкт Петерсбургын Эдийн засгийн олон улсын 10-р чуулганы үеэр мэдэгджээ.

70 сая тн газрын тос, 50 тэрбум шоометр байгалийн хий, 50 мянган тн зэс, 50 тн алтнаас дээш гарсан нөөцтэй орд газрыг стратегийн ач холбогдолтойд тооцно гэнэ.

Удахгүй батлагдаж магадгүй Эрдэс баялгийг ашиглах тухай хуулиар газрын тос,байгалийн хийг ашиглахад гадаадын хөрөнгө оруулагчдын оролцох боломжийг улам хязгаарлах аж. Ингэснээр энэ төрлийн баялгийг зөвхөн оросын (гол төлөв төрийн) компаниуд эзэмшин ашиглаж гадаадынхан “бага” түншээр л хамтран ажиллах юм байна.

Сахалины аралд газрын тос,байгалийн хий олборлох талаар дэлхийн хүчирхэг компа-ниуд болох ExxonMobil ба Shell-тэй 90-ээд онд байгуулсан 32 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт бүхий гэрээг цуцлавал таарна хэмээн Байгалийн нөөц баялгийн яам үзэж байгаа бололтой.

Стратегийн чухал түүхий эдэд газрын тос,байгалийн хийгээс гадна зэс,алт,никель, платины бүлгийн металлууд,мөн биметаллууд тооцогдох төлөвтэй байна.

Ийнхүү Орос улс байгалийн баялгаа төрийн мэдэлд үлдээх, эгүүлэн авах хатуу бодлого баримталж байна. Харин манайд төрийн толгойд гарсан хэсэг бүлэг хүний харгайгаар яг эсрэг буюу хамаг юмаа алдаж цөлмүүлэх бодлого цаашид ч хэрэгжих янзтай.