Нэг цэгийн үйлчилгээ, түүний ач холбогдол

A- A A+
Нэг цэгийн үйлчилгээ, түүний ач холбогдол


Л.Эрдэнэчулуун /Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн зохицуулагч/

Манай улсад төрийн үйлчилгээ ард иргэддээ ойр бус, хүнд суртал ихтэй, нэг зөвшөөрөл авахын тулд олон байгууллагаар орж гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулах шаардлагатай байдаг.  Ийм байдлаас болж иргэд ихээхэн цаг алдаж, асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд олон хүний “гарыг цайлгах” хэрэгтэй болдог нь тэдний дунд ихээхэн бухимдал үүсгэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ч сөрөг нөлөө үзүүлсээр байна.  

Иймээс төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод, ард түмэнд хүртээмжтэй болгох шаардлага бодит амьдралаас урган гарч байна. Энэ шаардлагыг хангаж, өнөөгийн байдлаас гарах нэг гарц нь “нэг цэгийн үйлчилгээ”-г хөгжүүлэх явдал гэдгийг олон орны жишээ харуулж байна.
 
“Нэг цэгийн үйлчилгээ” гэдэг нь төрийн байгууллагуудаас үзүүлж буй төрөл бүрийн үйлчилгээг төвлөрүүлэн нэг газраас буюу “нэг цэг”-ээс үзүүлэхийг хэлдэг байна. Энэ үйлчилгээний үндсэн зорилго нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөлөх, өөрөөр хэлбэл, “нэг үйлчилгээнд зориулсан олон хаалгыг” “олон үйлчилгээнд зориулсан нэг хаалгаар” солиход оршдог.

Манай улсад “нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх чиглэлээр 2001 онд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хууль, 2002 онд Засгийн Газрын 35 дугаар тогтоол гарсан хэдий ч харамсалтай нь эдгээр хууль тогтоомжууд амьдралд тэр бүр хэрэгжихгүй, ёс төдий байдалтай байсаар хэдэн жилийн нүүр үзлээ.

Одоогийн байдлаар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон нийслэлийн дүүргүүд “нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх чиглэлээр эхний алхмуудыг хийсэн боловч энэ ажлыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.  Жишээ нь, дүүргүүдийн татварын албад дээр “нэг цэгийн үйлчилгээ”-ний газрууд байгуулж, зөвхөн татвартай холбоотой хэдхэн асуудлаар үйлчилгээ үзүүлж байна.  Гэтэл “нэг цэгийн үйлчилгээ”-ний гол үзэл санаа нь олон төрлийн үйлчилгээг (зөвхөн татвар бус) нэг дор хүртэхэд оршино.  Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж байгуулъя гэвэл түүнд шаардагдах бүх төрлийн үйлчилгээг (зөвшөөрөл, лиценз, бүртгэл гэх мэт) нэг цэг дээр хийлгүүлээд гарна гэсэн үг юм.  

Манай орны хөгжлийн чадавхийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх чиглэлээр туслалцаа дэмжлэг үзүүлж буй донор орнууд, тухайлбал Швейцарийн Хөгжлийн агентлаг, Германы Техник, хамтын ажиллагааны байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон олон улсын бусад байгууллага “нэг цэгийн үйлчилгээ”-г Монголд төлөвшүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна.  Ингэх нь ч аргагүй юм.  Төр захиргааны байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ хүнд сурталтай, шат дамжлага олон байдгаас хамгийн ихээр хохирч байгаа нь ард иргэд юм.  Учир нь тэдний ихэнхи нь үйлчилгээ үзүүлж, зөвшөөрөл, гэрчилгээ олгож байгаа тэр олон байгууллагуудын ажилтнуудын “гарыг цайлгах” боломжгүй байдгаас төрөөс үзүүлж буй үйлчилгээг бүрэн дүүрэн хүртэх эрхээ зохих ёсоор эдэлж чадахүй байна.  Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газраас барьж буй гол чиглэлүүдийн нэг болох жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх явдалд төрийн үйлчилгээний өнөөгийн зохион байгуулалт, тогтолцоо саад  учруулж, улмаар манай орны эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй мөн. 

Дэлхийн олон оронд “нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн байгууллагуудын нэг бол Швейцарийн Хөгжлийн агентлаг юм.  Жишээлбэл, энэ агентлаг бусад донор орон, олон улсын байгууллагуудын хамт тухайн үйлчилгээг Вьетнам улсад зохион байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулжээ.  “Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлж эхлээд 10 гаруй жил болж байгаа Вьетнам улс энэ ажлыг хэрэгжүүлэх үйлсэд ихээхэн амжилт олсон 10 орны тоонд багтдаг. Тус орны хуримтлуулсан туршлага, ололт амжилтыг судлах зорилгоор энэ оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 6-нд манай төрийн хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид Вьетнамд айлчилж, “нэг цэгийн үйлчилгээ”-г хариуцдаг төр засгийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзан, энэхүү үйлчилгээний үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад ирлээ.

Туршлагаас үзэхэд, “нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгохын тулд Вьетнамын Засгийн газар маш их хүчин чармайлт, санаачилга гарган ажиллажээ. Энэ үйлчилгээг нэвтрүүлэн тогтвортой явуулахад урт удаан хугацаа шаардагддаг бөгөөд амжилт олоход юуны өмнө төр засгийн бүх шатны байгууллагуудын хүлээх үүрэг, идэвхтэй оролцоо, санхүүгийн дэмжлэг болон байнгын хяналт чухал байдаг байна.  Үүнээс гадна “нэг цэгийн үйлчилгээ”-ний газар ажилладаг хүмүүсийн мэдлэг чадвар, харилцааны соёл, хариуцлага, ажиллах хүсэл эрмэлзэл нь энэхүү үйлчилгээг амжилттай нэвтрүүлэхэд бас нэг гол хөшүүрэг болдгийг Вьетнамын туршлага харуулж байна.

Монголд “нэг цэгийн үйлчилгээ”-г зохион байгуулахад Вьетнам орны хуримтлуулсан туршлагаас суралцууштай.  Энэ үйлчилгээг нэвтрүүлэн тогтвортой ажиллуулахад хамгийн гол нь  Засгийн газар үүрэг хүлээж, бүх талаар дэмжих явдал чухал байна.  “Нэг цэгийн үйлчилгээ”-г зохион байгуулах ажлын хүрээнд уг асуудлыг хариуцсан үндэсний хэмжээний байгууллага бий болгон, бодлогын баримт бичиг болон алсын хараатайгаар урт хугацаанд хэрэгжүүлэх “Мастер төлөвлөгөө” боловсруулж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай.  Өнөөдөр манай оронд 350 гаруй хууль үйлчилж байгаагаас урьдчилсан байдлаар 260-г нь судалж үзэхэд 94 хуулиар 306 чиглэлийн зөвшөөрөл, лиценз олгодог үзүүлэлт гарч байна.  Зөвшөөрлийн асуудал тусгагдсан эдгээр хуулиудыг тооны хувьд цөөлж, эмхлэн цэгцлэвэл “нэг цэгийн үйлчилгээ”-г үр дүнтэй хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байж болох юм.

Зөвшөөрөл, лицензийг төрийн яамдын түвшинд олгодог практикийг ч эргэн харж үзэх хэрэгтэй байж болох юм.  Төрийн яамд нь улс орны язгуур эрх ашгийг хөндсөн стратегийн ач холбогдолтой асуудлыг шийдвэрлүүлдэг байх нь зохимжтой байх болов уу.

“Нэг цэгийн үйлчилгээ”-г жинхэнэ ёсоор нь зохион байгуулахын тулд юуны өмнө төрийн удирдлагын төвлөрлийг бий болгосон хуулиудыг өөрчлөх буюу хүчингүй болгох хүртэлх арга хэмжээ авч, эрх мэдлийн оновчтой хувиарлалтыг хийх замаар орон нутгийн байгууллагуудын бие даасан үйл ажиллагаагааг хангаж, төрийн байгууллагууд шат шатандаа хариуцлага тооцдог жишгийг хэвшүүлэх нь зүйтэй юм.  Улмаар “нэг цэгийн үйлчилгээ”-г цаг алдалгүйгээр зохион байгуулж ажиллуулах нь төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах, ухаалаг удирдлагыг төлөвшүүлэх, улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгах нааштай үр дагаврыг авчрах учиртай.