Монголын байгалийн нөөц баялаг: Аз уу, гай юу?

A- A A+
Монголын байгалийн нөөц баялаг: Аз уу, гай юу?


Аршад Сайед, Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч
Монгол Улсын Их Сургууль, 1 байр, 2007 оны 3 сарын 12

Хар ухаанаар бодоход байгалийн нөөцөөр баялаг улс маш сайн хөгжих ёстой юм шиг санагддаг. Харамсалтай нь тийм байдаггүй. Харин ч эсрэгээр. Удаан хугацааны хөгжлийн хувьд байгалийн нөөцөөр баялаг орнууд ийм баялаггүй орнуудыг бодвол амжилт муутай байдгийг маш олон судалгаагаар тогтоожээ. Удаан хугацаанд, жишээлбэл 30 жилийн хугацаанд аваад үзэхэд нөөцөөр баян орнуудын өсөлт нөөцөөр ядуу орнуудын өсөлтөөс доогуур байна.

Яагаад ийм байдаг байна вэ? Заавал ийм байх ёстой юу? Энэ гайг амсахгүй байж болох уу?

Би эдгээр асуултанд хариулахыг оролдьё.

Тэгэхийн тулд би эхлээд дэлхийн олон орны жишээ болон өнөөдрийг хүртэл хийгдсэн зарим судалгаанд суурилсан ажиглалтаасаа танилцуулья. Дараагаар нь би Монгол улс байгалийн нөөц баялгаа ашигласнаас нийгэмд үүсч болох аюулаас хэрхэн урьдчилан сэргийлж болох тухай ярья.

Байгалийн нөөц баялгийн гай: практикийн онол

Ихэнх хүмүүс онолын тухай уншихдаа энэ онол нь практик дээр үйлчилдэг болов уу гэж боддог гэдэг. Харин эдийн засагчид практик дээр болж буй үйл явцыг хараад энэ нь онолын хувьд үнэн байх болов уу гэж боддог. Байгалийн нөөц баялгийн судалгаа бол яг үүний нэг жишээ. Би эхлээд дэлхийн олон орны жишээг авч судлаад Монголын нөхцөлд хэрэглэж болох онол тэндээс урган гарах эсэхийг харья.

Дэлхийн жишээ: хамгийн муу практикийн тохиолдлууд

Бусад орныг тойруулан харахад муу жишээ сайн жишээнээс хавьгүй олон байна. Алмаз нь Анголыг баян болгоогүй. Газрын тос нь Венесуэлд хөгжил дэвшлийг авчраагүй. Ардчилсан Конгод колтан, алт, зэсийн баялаг нөөц нь дайныг дэгдээсэн. Бидэнд ойр орших Орос улсад цөөн тооны олигарх хэмжээшгүй их баялгийг эзэмшиж, үлдсэн 70 хувь нь сард 380 ам.д.-аас бага орлоготойгоор амьдарч байна.

Ийнхүү дэлхийд ядуу хүмүүсээр дүүрсэн баялаг газар нутаг нэн элбэг байна. 1990-ээд онд дэлхийн хэмжээгээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 17 хувиар нэмэгдэж байх тэр үед Конго, Суринам, Сиерра Леон зэрэг уурхайн салбарт түшиглэсэн оронд нэг хүнд ногдох ДНБ нь 11 шахам хувиар буурсан. Үнэхээр ч (газрын тос, резин, алмаз, эрдэс түүхий эд) зэрэг анхдагч бүтээгдэхүүний томоохон экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлт нь дандаа биш ч гэсэн ихэнх тохиолдолд бусад орнуудынхаас хоцорч явдаг байна. Энэ үзэгдлийг эдийн засаг судлалын давамгайлсан урсгалд “нөөцийн гай/хараал” гэж нэрлэжээ.

Энэ хараал нь ямар үр дагавартай байдаг вэ?

Газрын тос, эрдэс түүхий эд, үнэт метал ч бай ямар нэгэн байгалийн нөөцөөр баялаг олон орон дарангуйллын тогтолцоотой, авилгад идэгдсэн, эсвэл үндэсний төсвийнхөө тавны нэгийг цэрэг дайны зорилгод зарцуулдаг ОПЕК-ын орнууд шиг цэрэг дайны маш өндөр зарлагатай байдаг.

Газрын тосны картелийн гишүүд дэлхийн дундажийн зөвхөн хагасыг л сурагч, оюутнуудад зориулдаг.

Оксфордын их сургуулийн профессор, Дэлхийн банкны захирал асан Поол Кольерын хэлснээр байгалийн нөөцөд голчлон түшиглэдэг орнуудад иргэний дайн гарах магадлал 23 хувьтай байхад байгалийн нөөцөө олборлож ашигладаггүй орнуудад дөнгөж 0.5 хувьтай байдаг байна. Ардчилсан Конго бол үүний тод жишээ. Конго шиг баялаг газар нутаг дэлхий дээр олон байхгүй. Мөн түүн шиг цусаар нэвчсэн газар нутаг ч олон байхгүй. Тус орны зүүн хэсэг дэхь дайн 1998 оноос хойш 4 сая хүний амийг егүүтгээд байна.

Нигери мөн бас нэг тод жишээ. Хорин таван жилийн өмнө тус улс хөдөө аж ахйн бүтээгдэхүүний томоохон экспортлогч байх үед нэг хүнд ногдох ДНБ нь 913 ам.д. байсан. Одоо бол Нигерийн 135 сая хүн дундажаар зөвхөн 645 ам.д.-ын орлоготой байна. Мөн газрын тосноос олж буй орлого нь тухайн үед хоёр дахин нэмэгдсэн боловч Нигерчуууд олонтаа цахилгаан, гоожуурын усны хангамжгүй, сайтар хөгжсөн замын сүлжээгүй амьдарч байна. Өнөөдөр Нигерит 130 гаруй сайн дурын зэвсэгт хүчин эрх мэдэл, нөлөөллийн төлөө өрсөлдөж байна. Тус орны байдал хэт замбараагүй байгаагаас дэлхийд зургадугаарт ордог газрын тосны томоохон экспортлогч энэ орон өөрөө түлш импортлодог байна. Энэ улсад өөрийнхөө хүмүүсийн хэрэглээг хангахуйц газрын тос цэвэршүүлэх ажиллагаатай үйлдвэр байхгүй байна.

Практик дээр байдал ийм байна. Тэгвэл онол юу гэж байна?

Байгалийн нөөцийн гайн онол
Эдийн засагч Жеффри Сакс, Эндрю Уорнер нарын (1995, 1997, ба 1999 онуудад хэвлэгдсэн) 79 нөөцөөр баялаг орныг хамарсан судалгааны цуврал ажил байгалийн их хэмжээний нөөц баялаг нь эдийн засгийн өсөлттэй урвуу харьцаатай байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл нөөцөөр баян орнуудын эдийн засгийн өсөлт байгалийн нөөцөө чухалчилдаггүй орнуудынхаас тууштай доогуур байна гэсэн үг.

Яагаад ийм байна вэ?

Байгалийн нөөцийг зохистой ашиглахтай холбоотойгоор дөрвөн чухал асуудал гарч ирдэг. Зөв шийдвэрлэхгүй бол тэдгээр нь улс орны хөгжилд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Хамгийн эхний асуудал бол гадаад шоконд хэт өртөмтгий байдал. Дэлхийн зах зээлд шинээр нэгдэж буй олон орны хямрал нь улсын экспортын гол бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр огцом буурснаас болсон худалдааны нөхцлийн томоохон цочролоос үүдсэн байдаг. Байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засагтай орнууд ийм шоконд илүү өртөмтгий байдаг.

Хоёрдугаарт, улс орны байгалийн нөөц олборлолтын салбаруудыг хөгжүүлэх нь “Голланд өвчний” эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ нэр томьёо 1960-аад онд Нидерландад учирсан хүндрэлийн улмаас бий болсон юм. Тухайлбал, улс нь нэгэн шинэ бүтээгдэхүүн буюу нөөц баялгийг нээгээд, түүнийгээ экспортлож эхлэн улмаар мөнгөний ханшийг өсгөж, бусад салбар дахь цалингийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, бусад салбарын өрсөлдөх чадварыг бууруулдаг.

Үүнийг сайтар ойлгохын тулд Канадын жишээг авч үзье. Канадын баруун хэсэгт нөөцийн олборлолт, ялангуяа газрын тосны элсний олборлолт, эдийн засгийг хөгжүүлж байна. Гэвч Онтарио, Квебек зэрэг аж үйлдвэрийн уламжлалт төвүүдэд ажлын байр хумигдаж байна. Газрын тосны их хэмжээний олборлолт нь тухайн салбар дахь цалингийн хэмжээг өсгөж, бусад салбараас ажиллах хүчнийг татахын зэрэгцээ тэднийг цалингийн хэмжээгээ нэмэгдүүлэх дарамтанд оруулж байна. Канадын ачааны машины жолооч нар жилд 100,000 долларын орлого олох боломжтой байдаг. Ийм өндөр цалин нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг хөөрөгдүүлдэг. Гурван жилийн дотор Канад долларын үнэ цэнэ ам.доллартай харьцуулахад бараг гуравны нэгээр нэмэгдсэн бөгөөд үүний улмаас Канадын экспортын салбарууд уналтанд ороод байна. Тийм учраас нөөцөөр баян орнууд мөн инфляцад илүү өртөмтгий байдаг. Нэг талт (нэг салбар, нэг бүтээгдэхүүн голлосон) эдийн засгийн бүтэц тэдний байдлыг илүү эмзэг болгодог. 

Гуравдугаарт, сайн засаглал, зохистой институцуудыг төлөвшүүлэх асуудал тавигддаг. Төр, засаг нь байгалийн нөөцийн олборлолтын их хэмжээний ашгаас үүдсэн “өрөм хуулах”-д хэт дасч, шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх сонирхол нь буурдаг. Байгалийн их нөөц, дутуу хөгжсөн зах зээл, эрх зүйн сул тогтолцоо нийлбээс маш ноцтой сөрөг үр дүнд хүргэдэг. Туйлын тохиолдолд Африкийн алмазны дайн шиг иргэний дайн дэгдэж, улмаар үйлдвэрлэлийн хүчин зүйлийг нийгэмд тустай зорилгоос хазайлгахаас гадна нийгмийн институцууд, эрх зүйт төрийг устгадаг. Цаашилбал, байгалийн их нөөц баялаг нь гадаадын төр, засагт тухайн орныг түрэмгийлэн эзлэх сэдлийг төрүүлж магадгүй бөгөөд ийм магадлал бий гэж үзсэн тохиолдолд тухайн орны төр, засгийг батлан хамгаалах зардалд маш их хэмжээний нөөц баялгийг зарцуулахад хүргэдэг.

Рент хайх нь мөн өөр хэлбэрээр өрнөж болно. Жишээ нь төр, засаг нь Оросын засгийн газар шиг өөрт ойр компани, хувь хүмүүст нийтийн өмчийн байгалийн нөөцийг олборлох давуу эрхийг олгож эдийн засгийг гажуудуулдаг. Эсвэл нийтийн ашиг сонирхлыг хохироон байж компани, үйлдвэрлэгчдэд тарифын хамгаалалт буюу өөр тусламж үзүүлж, ийм давуу эрх, ээлтэй зохицуулалтын төлөө рент хайгчдын өрсөлдөөнийг үүсгэдэг. Рент хайх үзэгдэл буюу эдийн засгийн гажуудлаас ашиг олох гэсэн үйл ажиллагаа газар авснаар хувийн хэвшил, төр, засгийг авилгад өртүүлж, улмаар нөөц баялгийн хуваарьлалтыг гажуудуулж, эдийн засгийн болон нийгмийн бүтээмжийг бууруулдаг. Хялбар рент нь мөн хөрөнгө оруулалтыг бус улсын төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлдэг.

Эцэст нь хэлэхэд, хүний нөөцийн сул байдал нь байгалийн нөөцийн хараалын сөрөг нөлөө газар авдгийн нэг том шалтгаан. Байгалийн нөөц олборлолтын ашиг их байгаа нөхцөлд ногдол ашиг, төсвийн зарцуулалт, бага татвар зэрэг цалингийн бус орлого өндөр байдаг тул төр, засаг ч, хувийн хэвшил ч хүний нөөцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй байдаг.

Эмпирик баримтаас харахад дэлхийн орнуудад бүх түвшний сургуульд хамрагдалт байгалийн нөөцийн баялгийн хэмжээтэй урвуу харьцаатай байна. Мөн дэлхийн орнуудад үндэсний орлоготой харьцуулахад төсвөөс боловсролын салбарт зориулж буй нөөц баялаг, сургуульд сурах жилүүд болон дунд сургуулийн хамрагдалт байгалийн нөөцийн баялгийн хэмжээтэй урвуу харьцаатай байна.

Энэ нь маш чухал асуудал. Учир нь илүү их бөгөөд сайн боловсрол нь өсөлтийг дэмждэг хүчин зүйл юм. Мөн түүнчлэн нөөцийг түлхүү ашигладаг салбарууд нь эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг шингээдэг мөртлөө өндөр (нарийн) мэргэжлийн ажлын байрыг бий болгодоггүй. Тиймээс энэ нь боловсролд хөрөнгө оруулах төрийн болон хувийн хэвшлийн сонирхлыг нь бууруулдаг.

Тэгэхээр нөөцийн гай нь зайлшгүй учрах аюул уу, эсвэл түүнээс мултран гарч болох уу?

Хариулт нь бол: байдлаас шалтгаална. Энэ гайд нэрвэгдэх эсэх нь тухай улс (1) макро эдийн засаг, санхүүгийнхаа байдлыг хэрхэн зохицуулах, (2) төсвийн орлого, рентээ хэрхэн зохицуулж, татвар, төрийн албаныхаа тогтолцоог хэрхэн зохиох, (3) авилга, үрэлгэн зарцуулалтаас урьдчилан сэргийлэхийн тулд улс төрийн хэр их чин эрмэлзлэл гаргах болон (4) хүний нөөц, нийгмийн хөрөнгөө хэрхэн хөгжүүлэхээс шалтгаална.

Эрчимтэй хөгжил, эрчимтэй уналтын давтамжаас зайлсхийх – хувирамтгай байдлыг зохицуулах

Ийм эдийн засагтай орон макро эдийн засгийн маш сайн мэнежменттай байх хэрэгтэй. Үүнд санхүүгийн сахилга батыг сахиж, төсвийг тэнцвэртэй байлгах, урсгал зардалд зориулсан зарцуулалтыг багасгах, ялангуяа үнэ өндөр байгаа нөхцөлд аль болох их хөрөнгийг хадгалж хуримтлуулах нь маш чухал. Бүтээгдэхүүний үнэ өсч, буурч байхад санхүүгийн зөв бодлогыг барих нь Монголын малчин өвлийн бэлтгэлээ базааж аарцаа хатаан ааруул бэлтгэж, махаа хатаан борцоо бэлтгэдэг шиг гэнэтийн илүүдэл орлогыг хуримтлуулдаг ямар нэгэн тогтворжуулалтын сан байх хэрэгтэй гэсэн үг. Энэ санг хөрөнгө зарцуулах эрхгүй ямар нэгэн этгээд удирдвал сайн. Хэзээ, ямар орлогыг энэ санд төвлөрүүлэх тухай дүрэм нь маш хатуу бөгөөд ил тод байх ёстой. Хуримтлуулсан орлогыг нилээд найдвартай, урсгал (байнгын) хөрөнгө оруулалт хэлбэрээр өсгөх хэрэгтэй.

Тогтворжуулалтын сан нь төсвийн орлогыг, улмаар төсвийн зарцуулалтыг бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтын циклын туршид жигдрүүлэх болон өсөлтийг жигдрүүлэхэд ач холбогдолтой. Хөрөнгийг үнийн түвшин өндөр байхад хуримтлуулдаг тул түүнийг үнийн түвшин доогуур байгаа жилүүдэд зарцуулж болно. Тэгснээр энэ сан нь эдийн засгийг хэт хурдан хөгжиж “улайсахаас” нь сэргийлэхийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт удаашрах цагт түүнийг дэмжих хөшүүрэг болж чадна.

Эдийн засгийг төрөлжүүлэх – арилжааны ханшны өсөлт, Голланд өвчнөөс сэргийлэх 

Голланд өвчнөөс сэргийлэх хамгийн зөв арга бол илүү татвар ногдуулах одоогийн шаардлагыг цаашид татварын орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээтэй болон орлогын алдагдалд хүргэх татварыг багасгах шаардлагыг татварыг хэт өндөр тогтоосноор компаниудыг татвараас зугтах сонирхолтой болгож, хөрөнгө оруулагчдыг үргээхээс зайлсхийх шаардлагатай тэнцвэржүүлсэн татварын сайн тогтолцоотой байх явдал юм. Ихэнх орны хувьд хамгийн оновчтой татварын түвшин нь 40-өөс 50 хувийн хооронд байдаг. Ийнхүү нөөцийн олборлолтын салбарын шууд татварыг ихэсгэснээр засгийн газар нийт эдийн засгийнхаа хэмжээнд татварыг бууруулах, тэр дундаа цалингийн бус хөдөлмөрийн өртгийг бууруулах боломжтой болдог. Нөөцийн салбарт илүү өндөр татвар ногдуулснаараа энэ салбарын цалинг бууруулж, бусад салбарт нөлөөлөх цалингийн дарамтыг багасгаж, тэдний өрсөлдөөнт чанарыг хадгалахад нөлөөлдөг.

Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг зохистой ашигласнаар үнэ өндөр байхад хөрөнгийн гадагш урсгалыг дэмжиж, үнэ доогуур байхад хөрөнгийн дотогш урсгалыг дэмжин мөнгөний ханшинд тусах урсгал дансны дарамтыг багасгаж, эдийн засгийг ханшны хэлбэлзлээс хамгаалах боломжтой юм.

Эдгээрээс гадна хийх шаардлагатай бүтцийн шинэчлэлийн урт жагсаалт бий. Үүнд дээрх арга хэмжээтэй зэрэг явагдах ёстой санхүүгийн салбарын болон төрийн албаны шинэчлэл орно. Банкны тогтолцоог хөгжүүлэх хүрээг сайтар босгох, жижиг дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үндсэн нөхцлийг сайжруулах, хэт их зохицуулалт болон төрийн албаны авилгын дарамтыг багасгах зэрэг нь бусад салбарт хөгжих боломжийг олгож, эдийн засгийг төрөлжүүлэхэд тусалдаг. Энэ нь нөөцийн гайгаас өөрсдийгөө хамгаалах чухал арга юм.

Институцуудыг төлөвшүүлэх – булаалтаас урьдчилан сэргийлж авилгын боломжийг хязгаарлах

Улс төрийн зориг эрмэлзлэл, үр дүнтэй төр, үр ашигтай захиргаа (төрийн алба, үйлчилгээ) байгаа бол дээр дурьдсан макро-эдийн засгийн мэнежмент болон бүтцийн шинэчлэлийн ихэнх асуудлыг шийдвэрлэх нь боломжтой юм. Тиймээс дээрх бэрхшээлүүд байгаа боловч тэдгээрийг даван туулах боломж бас бий гэдгийг практик ч, онол ч харуулж байна. Гэхдээ хамгийн хэцүү асуудал бол улс төр бөгөөд дээрх асуудлуудыг зөв зохицулах институцуудыг төлөвшүүлэх явдал юм. Үгүй бол нөөц баялгийг олборлогч компани, тэдгээрийн төр, засгийн түншүүд л хувааж аваад, улсын төсөвт өчүүхэн хэсэг нь очдог.

Авилгыг хязгаарлахын тулд хэд хэдэн арга хэмжээг авч болно. Эхний алхам нь авилгаас илүү сайн хамгаалалттай бүтцийг бий болгох явдал. Дүрэм үнэхээр шаардлагатай бол түүнийг аль болох энгийн, ил тод, стандартчилсан байхаар бөгөөд албан тушаалтны үзэмжээс аль болох бага хамаарахаар тогтоох хэрэгтэй. Дэлхийн олон оронд туршиж үзээд байгаа нэг санаачлага бол түүхий эдийн бизнес эрхэлж буй компаниуд бизнесийн гэрээ, тохиролцоогоо нийтэд нээлттэй болгохыг шаардсан Олборлогч салбарын ил тод байдлын санаачлага юм.

Хэтийн тогтвортой хөгжлийг хангах хүний нөөцийг хөгжүүлэх

Ямар ч эдийн засагтай орны хэтийн өсөлтийг тодорхойлох, мөн байгалийн нөөцийн хараалыг даван туулахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх хүчин зүйл бол хүний нөөцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт. Хэд хэдэн судалгаанаас харахад байгалийн нөөцийн эрчимтэй ашиглалт нь хүний нөөцийг ихээр шаардсан салбаруудын өсөлтийг бууруулдаг. Хүний нөөцөд их хэмжээгээр түшиглэдэг байх тусам тэр салбар нөөцийн ашиглалтаас илүү их хохирдог. 1980-аад болон 1990-ээд онд ДНБ-д нөөцийн ашиглалтаас нэмэрлэх хувь нь өндөр байсан орнуудад хүний нөөцийг харьцангуй илүү ашигладаг аж үйлдвэрийн салбаруудын өсөлт хэт удаашралттай байсан нь тогтоогдсон байдаг.

Үүнийг тайлбарлахын тулд Скандинав болон Латин Америкийн түүхийг сөхье. 19-р зуун, 20-р зууны эхээр энэ хоёр нь хоёулаа байгалийн нөөцийг ихээр экспортлодог байсан. 1870 онд Финлянд, Норвеги, Швед улсад нэг хүнд ногдох ДНБ тус тус 1107 ам.д., 1303 ам.д., ба 1664 ам.д. байсан байхад Аргентин болон Чилид тус тус 1311 ам.д. ба 1153 ам.д. байсан. Гэтэл тэдний урт хугацааны хөгжил маш өөр байсан. Скандинавын орнууд хөгжсөн, харин Латин Америкийн орнууд хөгжөөгүй. 1990 он гэхэд тэдний хоорондох ялгаа асар их болсон байв. Финлянд, Норвеги, Шведэд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ тус тус 16,604 ам.д., 16,897 ам.д. ба 17,695 ам.д. болсон байхад Аргентин ба Чилид зөвхөн 6,581 ам.д. ба 6,380 ам.д. байв. Браво, Григорио хоёрын гаргаж ирсэн энэ дүнгээс үзэхэд байгалийн нөөцийн ашиглалт нь хүний нөөцийн түвшин доогуур орнуудад орлогыг нэмэгдүүлдэг ч хөгжлийг нь сааруулдаг байна. Энэ саар нөлөө нь ирээдүйд эдийн засгийн өсөлтийг дэмжих салбараас нөөц баялгийг урвуулах замаар явагддаг байна. Өсөлтийг дэмжих үйл ажиллагаанаас хүртэх хамгийн том нөөц баялаг бол хүний нөөц юм. Хүний нөөц сайтай байх юм бол энэ саар нөлөөг багасгаад зогсохгүй түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Монгол улс байгалийн нөөцийн гайд/хараалд өртөхгүй байж чадах уу?

“Өнгөрсөн бол мэдлэгийн эх үүсвэр, ирээдүй бол итгэл найдварын эх үүсвэр. Өнгөрснөө хайрладаг бол ирээдүйдээ итгэдэг гэсэн үг” гэж Стивен Амброуз хэлсэн байдаг. Ирээдүйрүүгээ харахын тулд өнөөдөр Монгол улсыг энэ хэмжээнд хүргэсэн өнгөрсөн түүхийг нь сөхвөл зүйтэй.

Түүхийг сөхөхдөө хамгийн агуу хааныг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм. Чингис хааны нөлөө мянга гаруй жилийн турш мэдрэгдсээр ирсэн. Түүний байлдан дагуулал Монголын төдийгүй дэлхий дахины дүр төрхийг өөрчилсөн. Өнөөдрийн газрын зурган дээр Чингис хааны эзэлсэн газар нутаг 3 тэрбум хүнтэй 30 орныг багтааж байна. Тиймээс Монголчуудын ноёрхлын нөлөөнд дэлхийн талаас дээш хувь нь ямар нэгэн байдлаар өртсөн.

Ийм хүнээр бахархах олон шалтгаан бий. Тэрээр улс орноо чөлөөлж, хүн амаа нэгтгэж, цагаан толгой зохиож, хууль тогтоож, бүх нийтийн шашны эрх чөлөөг тунхаглаж, цэрэг дайны шинэ арга технологийг сэдэж, хэдэн тивийг цэргүүдтэйгээ туулж, тив дамжсан худалдааны чөлөөт бүсийг нээсэн. Түүний төр барих үеэр нийт хүн амын татварыг бууруулж, багш, эмч, лам, боловсролын байгууллагуудыг татвараас чөлөөлсөн. Мөн тэрээр хүн амын тооллогыг нэвтрүүлж анхны олон улсын шуудангийн системийг үүсгэсэн.

Английн судлаач Рожер Бэйкон 13-р зуунд хэлсэнчилэн Монголчууд зөвхөн цэрэг дайны хүчээр бус “шинжлэх ухааны аргаар” амжилтанд хүрсэн. Монголчуудын байлдан дагууллын улмаас Европын амьдралын бүх хүрээнд сэргэн мандалтын үед эргэлт гарч, технологи, дайн, хувцас, худалдаа, хоол хүнс, урлаг, уран зохиол, хөгжим – цөм өөрчлөгдсөн. Тэрээр ийм их нөлөө бүхий байсан хүн тул эртний английн уран зохиолын агуу төлөөлөгчдийн нэг болох Жеффри Чосер Кантербэригийн түүх зохиолынхоо хамгийн урт түүхийг агуу их амжилтыг нь бишрэн шүтэж Чингис хаанд зориулсан байдаг нь гайхах зүйл биш юм.

Бараг 800 жилийн тэртээ энэ бүгдийг хийж чадсан ард түмэн нөөцийн хараалыг даван туулж чадахгүй гэж үү? Чадна гэдэгт би итгэлтэй байна.

Гэвч ингэхийн тулд илүү сайн, үр дүнтэй хууль дүрэм, төрийн алба, шүүх, эрх зүйн тогтолцоо болон хамгийн гол нь хөгжлийнхөө боловсрол, шинжлэх ухааны суурийг бэхжүүлэх шаардлагатай. Товчоор хэлбэл: хүмүүстээ хөрөнгө оруулалт хий. Учир нь ирээдүй бол итгэл найдвар, шинэ боломжоор дүүрэн байгаа, мөн аюул эрсдлийг ч агуулж буй.

Энэ улсын байгалийн нөөц түүний ерөөл байх уу, эсвэл хараал нь байх уу гэдгийг шийдэх хүмүүс бол та нар. Хувьдаа бол би энэ нь ерөөл байгаасай гэж хүсч байна.