Р.Баяр
Оюутолгойн ордыг ашиглах нууц хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрч,15 зүйл бүхий 157 заалттай Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлэн болсныг 2 долоо хоногийн өмнө хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн билээ.
Монгол хүн бүрт хамаатай энэхүү гэрээнд яг юу гээд тусгачихав? гэдгийг мэдэж авах хүсэлтэй, болж өгвөл бүр санаа оноо нэмэрлэчих бодолтой хүн цөөнгүй байгаа нь мэдээж. Улс орон,хүн ардын хувь заяанд гүйцэтгэх үүрэг,ач холбогдол нь үнэхээр чухал болохоор тийм байхаас ч аргагүй юм. Иймээс гэрээний төслийг даруй нийтлэн олон түмэнд танилцуулах байх гэсэн хүлээлт хэнбугайд ч байв. Гэвч хагас сар өнгөрөөд байхад гэрээний төсөл ор тас сураггүй ээ. УИХ-д оруулж хэлэлцүүлэн батлахаас өмнө барааг нь харуулахгүй бололтой.
Эрх баригчид ингэж шийдэж байсан нь ганц энэ биш юм. Онцгой чухал асуудлыг явцуу хүрээнд нууцалж байгаад гэнэт л нэг өдөр дэлгэн хүй хай гэх ч боломж олголгүйгээр хөнгөн хуумгай шийдэж, улмаар бөөн хор уршиг тарьдаг нь тэдний гэм биш, зан болоод удаж байна.
Ингэхэд гэрээний төслийг яагаад ил тод болгохгүй нууцлаад байна вэ? Энгийнээр бодоход, нууж хаах юм байгаа учраас л тэр. Бас үнэн мөнөөс айж байна, гэнэдүүлэн шийдэх гэж байна хэмээн хардаж ч болох. Ингэж бодсон хүний буруу гэж ер үгүй. Тэгэж ярихдаа тулвал, мэдээллийг ил тод болгохгүй байгаа тэрхүү санаатай үйлдлээрээ иргэдийг ингэж бодоход,хардахад хүргэж буй эрх мэдэлтнүүд буруутай.
Манайд зүй ёсоороо явж байгаа юм алдаг оног болж цөөрсөөр хэр баргийн зөрчлийг бүр тоохоо больчихож. Сүүлдээ бүр Үндсэн хуулиа ч хэнэггүй зөрчиж болдог, Үндсэн хуулийн Цэцэд ч өөрсдийн бурууг тохож болдог жинхэнэ анархи бөгөөд балмад жишиг тогтож мэдэх нь. Үүнийг хамгийн дээд шатны эрх мэдэлтнүүд үйлдэж байгаа нь нийгэмд нэн аюултай.
Оюутолгойн гэрээний төслийг олон нийтээс нууцалсаар байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэх үндэслэл бий. Үндсэн хуулийн 3дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг. Энд “төрийн үйл хэрэгт шууд оролцож” гэсэн нь нэгдүгээрт, “төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан” гэсэн нь хоёрдугаарт бичигдсэнийг бас анхаарахад илүүдэхгүй. Үүний цаана гүн гүнзгий утга учир агуулагдаж буй.
Ардчилсан засаглалтай оронд төрийн үйл хэрэгт шууд оролцох анхдагч хэлбэр нь иргэн хүн өөрт |төрд| хамаарах чухал асуудлаар хангалттай мэдээлэл авч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал байдаг.Оюутолгойг ашиглах гэрээний төслийн заалт,тоо үсэг бүр бид бүхний амьдрал ахуйд, цаашилбал улс орны хөгжилд хэдэн арван жилийн урт удаан хугацаанд их,багаар нөлөөлөх нь маргаангүй.Тиймээс иргэдийн шууд бөгөөд идэвхтэй оролцоог чухлаар шаардсан амин асуудал яах аргагүй мөн. Ийм байтал эрх баригчид мэдээллийг хуулийн үндэслэлгүйгээр нууцлан дарж, ингэснээрээ төрийн үйл хэрэгт иргэд шууд оролцох боломжийг санаатайгаар хаан боогдуулж байгааг юу гэж үзвэл зохих вэ?
Цадигаа алдсан эрх баригчдын бусармаг үйлдэл,шийдвэрийг эсэргүүцсэн иргэд сүүлийн үед Цэцэд олноор хандахад хүрээд буй. Энэ нь иргэд эрхээ хамгаалах өөр замгүй болчихсоны нэг илрэл юм. Олигтойхон хууль гаргачих чадваргүйн дээр гол нь бүр хүсэлгүй болтлоо ялзран доройтсон өнөөгийн эрх баригчдын арчаагүй байдлын нэг харгай энэ.Тэр арваад жил ярьсан Авилгалын эсрэг хууль,тэр будлиантаж гарсан Ашигт малтмалын тухай хуулийн байж байгааг харцгаа! Үнэнхүү гутамшиг! Сүйрлийн цондон л бүү байгаасай билээ.
Ер нь мэдээллийг ард түмнээс нууж хаадаг үзэгдэл бас нэг ерөнхий учир шалтгаантайг энд дурдах нь зүйтэй. Тэр нь юу вэ? гэхээр мэдээллийг дарангуйлал,ноёрхлын хэрэгсэл болгон иргэдийн эсрэг урвуулан ашигладаг, мөн иргэдийн санаа бодлыг үл ойшоон захиргаадан шийддэг хоцрогдсон сэтгэлгээ, арга барил юм.
Ардчиллын үед иргэн бүр хэзээ ч үгээ хэлэх эрхтэйгээс гадна хамгийн гол нь эрх баригчид иргэдийн төлөө ажиллах үүрэгтэйг шат шатны эрх мэдэлтнүүд амаараа хүлээн зөвшөөрөх боловч ачир дээрээ сэтгэлгээ,арга барилдаа шингээж өөрийн болгож чадаагүй, заримдаа бүр чадахыг ч хүсэхгүй байгаад бидний өнөөгийн нэгэн эмгэнэл оршино.
Оюутолгойн асуудал дээр эрх баригчид хүнд сурталдаа автаад, мэдээлсэн дүр эсгэчихээд цорын ганц барьцтай баримт болох гэрээний төслийг нийтлэхэд ач холбогдол өгөхөө мэдэхгүй байна гэвэл ёстой гэнэний туйл болно. Хувийн ба бүлэглэлийн маш хүчтэй ашиг сонирхол үйлчлээд байгаагаас ил тод болгохыг хүсэхгүй байна гэвэл үнэнд илүү ойртох байх. Мөн ард иргэдийнхээ ухаан билгээс айж эмээсэндээ тэднээр нягтлуулан шүүлгэхийг хүсэхгүй байна. Өнөөгийн эрх мэдэлтнүүд ийм л болчихсон байна,иргэд ээ! Бүрэн эхээр нь нийтэлж ард түмэнд бодитой мэдээлэл өгөөчээ, ажлаа хийж үүргээ биелүүлээч ээ,эрх баригчид аа!
Гурван сар үргэлжилсэн хэлэлцээ яагаад нууц байдалд болсныг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа, Айвэнхоу майнз-ийн хувьцааны үнэ унахаас сэргийлснээс тэр гэж хэлжээ. Нөгөө талын эрх ашиг,хүсэлтийг манайхан ихэд анхааран хүндэтгэж мэдээллийг хэсэг хугацаанд нууцалсан аж. Харин одоо гэрээний төслийг хэний ямар эрх ашгийг хамгаалаад үргэлжлүүлэн нууцлаад байгааг юу гэж тайлбарлах бол доо.
Монголын эрх ашгийг гэрээнд хангалттай тусгаж л байвал бусад асуудал ч бүр дүүрч гэж бодъё. Гэтэл ингэж чадсан гэдэгт эргэлзэх эш,үндэслэл маш олон байгаа нь тун харамсалтай. Нууц байгаа учраас гэрээний агуулгыг хөндөхөө түр азнаад, хэлэлцээ хийгдсэн хууль зүйн орчин,нөхцлийг тунгаан цэгнэвэл доорх дүр зураг тодорч харагдана.
Будлиан тарьсан Ашигт малтмалын тухай хууль эрх зүйн чадамжтай эсэх нь эцэслэн тодорхой болоогүй байна.Үндсэн хуулийг зөрчиж засвар,өөрчлөлт оруулсан нь Цэцээр нэгэнт тогтоогдсон асуудал УИХ дээр нэг тийш болоогүй байна.Ашигт малтмалын хууль Үндсэн хуулийг зөрчиж байгаа тухай гомдол Цэцэд оччихоод шийдвэрээ хүлээгээд байж байна.Гэрээг тохиролцохдоо хууль,журмын тодорхой заалтыг зөрчсөн нь илэрхий байгааг эрдэмтэн,мэргэжилтнүүд анхааруулаад эхлэв. Монголын талын ажлын удир- дамж ч хэр зэрэг чанар,чадамжтай баримт бичиг байсан нь бүү мэд. Угаас дутуу дулимаг юмыг биелүүлсэн нэр зүүгээд нэг л их баяр хөөр болж “жүжиглээд” байгаа бол огт хэрэг алга.
Хэвлэлийн бага хурал дээр нууц хэлэлцээний үр дүнг танилцуулсан аяс байдал ч итгэл үнэмшил төрүүлэхээргүй байгааг хэлэх хэрэгтэй. Авцалдаа муутай, бодитой бус, тэр ч бүү хэл илт зөрчилтэй зүйл нэлээдийг ярьсан байна билээ. Тухайлбал, Монголын тал Оюутолгойн 34 хувийг үнэгүй эзэмшихээр боллоо хэмээн эхлээд ихэд хөөрцөглөн мэдэгдсэн атлаа хэдхэн хормын дараа түүнийгээ шууд няцаагаад, манайд ногдох ашгаас бага багаар суутгах замаар 6-10 жилийн дараа Айвэнхоу майнз хөрөнгө оруулалтаа нөхөж авна гэх огт өөр юм зарласан байх жишээтэй. Мөн гэрээг тохирохдоо хуулиас гадуур аливаа хөнгөлөлт,чөлөөлөлт эдлүүлэхгүй байх зарчмыг баримталсан гэж сайхан үг урсгасан хэрнээ дараа нь болохоор гэнэтийн ашгийн албан татвараас чөлөөлнө,гаалийн татвараас чөлөөлнө гэх мэтээр өмнөхийнхөө яг эсрэг юм мэдэгдэж байсныг 11-ний өдрийн хэвлэлээс уншиж болно. Энэ мэтчилэнгээр илт зөрчилдсөн, будилсан, худлаа юм ярьж байгаа хүмүүст яаж итгэх юм бэ?
Оюутолгойн төсөлд өнөөг хүртэл 400 гаруй сая долларын хөрөнгө оруулаад байна гэсэн Айвэнхоу майнз-ийн байр суурийг Монголын талын эрхмүүд өөрсдөө хянаж мэдэхгүй байж шууд тоть шиг хүлээн авч давтаад байгаа нь ч зохисгүй. Ер нь заримдаа энэ хүн Монголын талд ажиллаад байна уу? аль эсвэл нөгөө талд “хөлслөгдөөд” байна уу? Гэдэг нь ялгагдахгүй болох өнгө аяс илт ажиглагдах болсон нь нэгийг өгүүлнэ.
“Булав ч бултайна, дарав ч дардайна” гэгчээр гэрээний төсөл тун удахгүй ил тод болох биз.Тэгэхэд эрх баригчид Монголын ард түмэнд хэр ашигтай яриа хэлэлцээ өрнүүлсэн нь аяндаа ойлгогдох байх.
Иргэн миний хувьд эрх баригчдад итгэж найдахаа болиод тун их удаж байна. Сонгууль хаяанд ирсэнд харин баярлаж сууна. Оюутолгойн асуудлаа энэ орны эзэд болсон иргэн бид ирэх сонгуулиар,эсвэл бүх нийтийн санал асуулгаар шийдсэн ч яадаг юм.
2007 оны 4 дүгээр сарын 24.