Оюу Толгойг тойрсон зарим тайлбарт өгөх хариу

A- A A+
Оюу Толгойг тойрсон зарим тайлбарт өгөх хариу


3.Батболд

Шинэ Бодлого Хүрээлэн

Өнөөдөр Засгийн газраас Канадын “Айвенхоу Майнз” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын  гэрээг тойрон Монголын нийгэм чамгүй их “уул уурхайжиж” байна. Хэвлэл мэдээлэл, гудамж талбай, хурал цуглаанууд дээр олон янзын байр суурь, үндэслэлийг гарган тавьсаар байна. Эдгээрийн дотор нэгэнт тогтсон ардчилал, зах зээлийн эдийн засгийн ухагдахуун, олон улсад нэгэнт жишиг болсон ойлголтуудыг эсрэг тэсрэг олон өнцгөөс тайлбарлах явдал ч цөөнгүй гарсаар байна.

Бүгдээрээ адилхан баялгаас хүртэж болох уу?

Хөрөнгө оруулалтын гэрээг тойрон “Бүгдээрээ адил тэгш хуваан авч болохгүй. Энэ бол социализм”, “Юу ч хийгээгүй мөртлөө баялгаас хүртэх гэлээ” гэх зэрэг тайлбар сонстож байна. Монгол шиг социализмаас салан зах зээлд ороод удаагүй оронд хүмүүсийн орлогын ялгаа их байна. Харин Канад шиг оронд баян хоосны ялгаа харьцангуй бага байдаг. Тэгэхээр ардчилал, зах зээл хөгжсөн оронд хүн бүрийн сайн сайхан, эрх чөлөөтэй амьдрах эрхийг социализмаас хамаагүй илүү тэгшээр хангажээ. Өнгөрсөн жил л гэхэд Канадын Альберта мужид уул уурхайгаас төсөвт орсон орлого нь өндөр гарсан тул иргэн бүртээ 400 доллар олгосон байна. Мэдээж Монголынх шиг эдийн засаг, мөнгө санхүүгийн орчинтой газарт бэлэн мөнгийг хавтгайруулан тараагаад бай гэж зөвлөхгүй. Гэхдээ байгалийн баялгаас иргэн бүр хүртэх ёстой гэсэн зарчим Канадад ч үйлчилдгийн тод жишээ нь энэ юм.       

ОУВС-д итгэж болох уу?

Гэрээний төслийг боловсруулсан манай Сангийн яамны ажлын хэсгийнхэн “Гаднын хөрөнгө оруулагчдыг гомдоож болохгүй”, “Олон Улсын Валютын Сангийн зөвлөхүүд ажилласан”, “Даяарчлалтай хөл нийлүүлэх хэрэгтэй” гэх зэрэг тайлбар хийж байна. Энэ нь нэг талаас “Орос ах нараа гомдоож болохгүй”, “Социалист орны мэргэжилтнүүд зөвлөсөн”, “Даян дэлхийд энхтайван мандтугай” зэрэг улиран одсон цаг үеийн үзэл баримтлал, уриа лоозонтой адил төстэй сонстож буй мэт.   

 “Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) зөвлөхүүд ажилласан учраас энэ гэрээ сайн болсон” гэдэг нь туйлын учир дутагдалтай тайлбар юм. Өнөөдөр дэлхийн олон оронд ОУВС болон түүнтэй адил төстэй мөнгө, санхүүгийн байгууллагуудын нэр хүнд ихээхэн унасан байна. Нобелийн шагналт, эдийн засагч Жозеф Штиглиц тэргүүтэй олон эрдэмтэн, улстөрчид эдгээр “донор” байгууллагуудын үйл ажиллагаа, заавар зөвөлгөө нь хөгжиж буй орнуудад үргэлж сайнаар тусдаггүйд бишгүйдээ их бичиж, ярьж байгаа. Мөн даяарчлалд улс орнууд тэгш эрхтэйгээр оролцож байж л үр дүнг нь хүртэх болно гэдгийг онцолдог.

ОУВС-ийн зөвлөгөөгөөр хийгдсэн энэхүү гэрээнд хайлуулах үйлдвэр барих, олон тооны ажлын байр бий болгох, 80 оюутныг дотоодод, 20 оюутныг гадаадад сургах зэрэг заалт оржээ. Гэхдээ багаар бодоход 4 тэрбум долларын буюу одоогийн Монгол Улсын бүтэн жилийн ДНБ-ээс давсан мөнгөн дүнгээр хөнгөлөлт үзүүл гэсэн нөхцөлтэйгээр... Үнэндээ өнөөдөр иймэрхүү гэрээнд хөгжиж буй олон орон итгэхээ больсон цаг. Учир нь, нэгд хайлуулах үйлдвэрлэл болон олборлох үйлдвэрлэл бол хоёр тусдаа бизнес. Тийм учраас хайлуулах үйлдвэрийг заавал ч үгүй “Айвенхоу Майнз”-аар бариулах шаардлагатай юу? Үүнийг олон улсын нээлттэй тендерээр хийж болохгүй юу? Мөн энэ үйлдвэрийг барих өртөг хоёр тэрбум доллар л болж байгаа. Хоёрт, ажлын байр бий болгох, оюутан сургахын төлөө их хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй юу? Монгол Улс өөрт ногдох хөрөнгө мөнгөө л авч байвал түүгээрээ залуусаа сургана уу, хүмүүсээ ажилтай болгоно уу, эмнэлгээ барина уу бидний л шийдэх асуудал. Жишээбэл, дөрвөн тэрбум доллар гэдэг бол дэлхийд хамгийн шилдэг менежерүүдийг бэлтгэдэг Харвардын Бизнесийн Сургуульд 40 мянган залуусыг сургах хөрөнгө юм.       

Хятадын оролцоо байх уу?

Оюу Толгойг канадуудтай хамтарч ашиглавал хятадууд орж ирэхгүй сайн талтай гэж зарим нэг нь тайлбарлаж байна. Гэхдээ энэ нь бас л хагас үнэн юм. Өнөөдөр нэгэнт Хятад улс дэлхийн байгалийн баялгийн нийлүүлэлт болон худалдан авах зах зээлд томоохон тоглогч болжээ. Ялангуяа хөгжиж буй орнуудын ашигт малтмалын салбарт олон зуун сая долларын гэрээ хэлцлүүдийг хийж байна. Мөн “Экономист” зэрэг сэтгүүлд өгүүлснээр хятадууд гадаадын ашигт малтмалын компаниудын хувьцааг дэлхийн дунджаас 10-20 хувь илүү үнээр худалдан авдаг. Тиймээс “Айвенхоу Майнз”-ийн хувьд Монголд орж ирсэн нь Хятадтай буюу худалдан авагч зах зээлдээ ойр байх томоохон давуу талтай. Тэрнээс биш канадууд Оюу Толгойд ирэхийг “хүйтэн дайны” үед Зөвлөлтийн цэрэг Монголд орж ирээд Хятадын хилийн дагуу байрлаж байсантай адилтган ойлгох нь гэнэн хэрэг юм. Нөгөө талаар, “Хэрэглэгч бол хаан” гэсэн бизнесийн алтан дүрэм энд ч мөн адил үйлчлэх болно. (Нийлүүлэгч биш шүү!) Оюу Толгойн төслийг дагасан бизнесийн дайвар үйлчилгээнүүдээс томоохныг нь Хятад болон Хойд Америкийн компаниуд ихэвчлэн гүйцэтгэх нь ойлгомжтой. Жишээ нь, одоо “Айвенхоу Майнз”-ийн ачааг татах олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээг Хятадын компани гүйцэтгэж, тэр нь жижиг хэмжээний, харьцангуй ашиг багатай зарим ажлаа Монголын компаниудад өгч байна. Мөн барилга барих, зам тавих зэрэг ажлыг нэгэнт “заншил болсноор” Хятадын компаниуд гүйцэтгэх магадлал өндөр. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны маргаашнаас л “Айвенхоу Майнз” Оюу Толгойгоос гарах бүтээгдэхүүнийг бараг 100 хувь худалдан авах Хятадын талд илүү их анхаарлаа хандуулах нь тодорхой.

Төрд юм өгөх хэрэгтэй юу?

Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон “уул уурхайжилтын” эргэн тойронд суут эдийн засагч Адам Смитийг иш татан “Төрд юм өгч болохгүй” гэх зүйл нэлээн чангаар сонсогдох боллоо. Уг нь Адам Смит “Үндэстний баялаг” хэмээх номондоо “аливаа этгээд өөрийгөө л хичээгээдэхвэл тэр нь эцсийн дүндээ нийтийн сайн сайханд тустай байна” гэж өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүн бүр өөрсдийгөө болон өрх гэрээ, цаашилбал өөрийн улс орноо аваад явбал энэ нь эцсийн дүндээ хүн төрөлхтөний сайн сайханд тустай байх болно. Өнөөгийн өндөр хөгжсөн улс орнууд ч энэхүү сургаалиар замнаснаар баян чинээлэг болж чаджээ. Тэрнээс биш манай Монгол шиг автобусны билет ч юмуу, талхны үнэ нь 10 центээр л нэмэгдэхэд ихэнх өрх айл нь сандралддаг мөртлөө канадуудад Сэлэнгийн Бороогийн алтаа хэдэн арван тонноор нь бэлэглээд, монгол залуучуудын багагүй хэсэг нь ажилгүй гудамжинд байхад Хятадын хар ажилчдыг олон мянгаар нь оруулж ирэн зам, барилгаа бариулаад бай гэсэн үг биш юм.       
 
“Айвенхоу Майнз”-тай байгуулах гэж буй хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсыг хэн нэгэн дурын иргэн нь төлөөлж чадахгүй, харин та бидний сонгосон нөгөө муу төр л төлөөлөхөөс өөр аргагүй юм. Тиймээс энэ тохиолдолд төрд юм өгөөд хэрэггүй гэдэг нь Монголд юу ч өгөх хэрэггүй гэсэнтэй адил бууж байна.Төр харин хувьцаа эзэмших ч байна уу, татвар ногдуулах ч байна уу мөнгөн дүнгээрээ болон хууль эрх зүйн хүрээнд хамгийн ашигтай хувилбарыг сонгон авч гэрээ хийх хэрэгтэй. Дараа нь ногдсон орлогоо хэрхэн яаж хуваарилах, төрийн мэдлийн хувьцаагаа борлуулах эсэх нь монголчууд бидний дотоодын асуудал юм. Харин гэрээний дагуу гаднын хөрөнгө оруулагчийн мэдэлд нэгэнт орсон орлогоос бид юу ч хүртэхгүй нь тодорхой.

Дашрамд өгүүлэхэд, Оюу Толгойн гэрээг тойрсон үйл явдлууд нь монголчууд бидэнд төрдөө иргэний хүчтэй хяналтыг бий болгох, авилгач, ёс зүйгүй хүмүүсээс Монголын төрийг цэвэрлэх, бүх шатны сонгуульдаа туйлын хариуцлагатай оролцох шаардлагатай болсныг дахин сануулж байна.