Оюу толгойн талаарх хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд анхаарвал зохих асуудлууд

A- A A+
Оюу толгойн талаарх хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд анхаарвал зохих асуудлууд

Судлаач: Э.Бямбажав

Монгол Улсын хөгжлийг хурдасгах,эдийн засгийн чадавхи, цар хүрээ, хүч боломжийг нэмэгдүүлэхэд Оюу толгой төслийг аль болох түргэн хэрэгжүүлэх нь нэн чухал. Хэрэв Оюу толгойгоос 32.1 сая тн зэс, 987 тн алт, 3427 тн мөнгөний тогтоогдсон нөөц гэдгийг нь ашиглаад, цааш нь улам өргөжүүлж чадвал Монгол улсын бодит эдийн засагт үлэмж ач тустай, нийгмийн амьдралын түвшинг дээшлүүлэх, эдийн засгийг өсгөн хөгжүүлэхэд чухал гэдэгт эргэлзэх зүйлгүй байх. Иймээс одоогийн байдлаар урьдчилан тохиролцоод байгаа “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-ний төслүүдийг эцэслэхэд юу анхаарвал зохих талаар өөрийн саналаа нэмэрлэхийг эрмэлзэв. Ийнхүү санал бичихдээ Оюу толгойн төсөл яавал юуны урьд Монгол улсад, тэрчлэн хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байх вэ гэдгийг л урьдал болгон саналаа бичнэм. Түүнээс бус гэрээний төслийг шүүмжлэх, гэрээ байгуулахад саад болохыг огтхон ч хүсээгүй, тийм ч шаардлагагүй, надад тийм хүмүүжил ч байхгүй гэдгийгээ илэрхийлэн хүлчил өчье.

Хөрөнгө оруулалтын гэрээ.
Нэг. Зарчмын бөгөөд заавал гэрээнд тусгавал зохих асуудлууд.

            1. Төсөлд “Монгол улсын Засгийн газар,”Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн хооронд байгуулах гэрээ” гэсэн нь Монголын Засгийн газар өөрийн нэг хуулийн этгээд болох хязгаарлагдмал хариуцлагатай компанитай гэрээ байгуулж буй атлаа гэрээний доторх заалт нь олон улсын гэрээний агуулгатай, Монгол улсын хууль зөрчсөн заалттай, түүгээр ч барахгүй гэрээний 15.9-д зааснаар “Энэхүү гэрээ нь хуулийн адил хүчинтэй байна” гэснээр бол нэг компанид зориулсан хууль болох гэрээ байгуулж байгаа нь хууль эрх зүй, эдийн засгийн үндэслэлгүй болсон байна. Гэрээний 13.2.6-д зааснаар Засгийн газар нь өөрийнхөө нэг компанитай маргахад хүрвэл Лондонгийн Олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх гэдэг нь байж боломгүй асуудал юм. Иймд гэрээг Монголын нутагт буй гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанитай бус, Канад, Англи улсын бөгөөд олон улсын нэр хүнд бүхий, уул уурхайн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа компанитай (Канад улсын Юкон мужийн Айвенхоу Майнз Лимитэд групп, Их британий Рио Тинто Интернейшнел Холдинг) байгуулбал зохино. Үүний хамт гэрээний төслийн 15.9-ыг хасаж, гэрээний 13.2.6-р заалтыг өөрчлөх.

2. Хөрөнгө оруулагч гэж энэхүү гэрээний төсөлд заасан Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК нь 646300 хувьцаа гаргах ба түүний 34 хувийг Монголын Засгийн газар Айвенхоу Оюу Толгой Лимитед-ээс арилжааны зээл авах замаар эзэмших юм байна. Гэрээний төсөлд энэ хувьцаа ямар үнэтэй, Монголын эзэмших 34 хувь нь хичнээн долларын асуудал болох нь тодорхойгүй байна. Зээл авах замчмаар хувь эзэмших нөхцөл тохирсон нь зүйтэй боловч Хувь нийлүүлэгчийн гэрээний 8.6-ийн в-ийн 1–д зааснаар либор дээр 3.3 хувийн хүү нэмсэн хүүтэйгээр зээл тооцохоор заасан нь арилжааны нөхцөл бөгөөд ийм нөхцлийн зээлийг заавал Айвенхоугийн санхүүжүүлэгчээс авах шаардлагагүй, Оюу Толгойн төсөлд үүнээс бага хүүтэй зээл авах боломжтой гэж үзнэ. Санхүүгийн олон улсын байгууллагууд, банкууд, сонирхогчдод Оюу Толгой төслөөрөө барьцаалбал харьцангуй хямд зээл (Либорын хүүний хэмжээнд) олох боломж бий. Үүний тулд гэрээний төслийн 8.3-д Монголын Засгийн газар Оюу Толгой төсөл, эсвэл өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцаагаа барьцаалан Олон улсын санхүүгийн байгууллага, банк, нэр хүнд бүхий санхүүжүүлэгчээс зээл авч (өөрийн хөрөнгийн оролцоо ч бас байх) хувьцааны төлбөрийг хийх боломж байх талаар заалт нэмж оруулах. Энэ нь хөрөнгө оруулагчтай тохирсон нөхцлөөс гадна бас өөр боломж байхыг зөвшөөрч буй бөгөөд барьцаалах зүйлсээ энэхүү гэрээгээр баталгаажуулсан заалт болох болно.  

3. Засгийн газрын эзэмших хувьцааны хэмжээ 34 хувь бага байна гэдгийн хувьд дараах зүйлсийг анхаарвал зохино.
            Хөрөнгө оруулалтын гол хэсгийг (66%) гаргаж байгаа гадаадын хамтран ажиллагчийн хувьд оруулсан хөрөнгөө зохих ашигтайгаар нөхөх хүртэл хугацаанд илүү хувь хэмжээний хувьцаа эзэмших нь зүйтэй гэж үзнэ. Гэхдээ гэрээ байгуулагчид Ашигт малтмалын хуулийн 5-р зүйлийн заалтыг буруу ойлгон Монголын Засгийн газар эрэл хайгуулын ажил хийгээгүй л бол хичнээн хөрөнгө оруулсан  ч 34 хувиас илүү хувьцаа эзэмшиж болохгүй юм шиг ханджээ гэж ойлгогдож байна. Ашигт малтмалын хуулийн дээрх заалт нь эрэл хайгуул хийгээгүй, мөнгөн хөрөнгө оруулаагүй байсан ч уг хуулийн 5.1-д заасан “ашигт малтмал нь төрийн өмч мөн” гэсэн заалтын дагуу 34 хувь эзэмших боломжийн талаарх заалт гэж үзнэ. Иймээс хувь нийлүүлэгчийн гэрээний төслийн 8.7-д заасан ТӨК нь хувьцааны төлбөрийг хийж дууссаны дараа талуудын эзэмших хувь хэмжээг Монгол 51 хувь, хөрөнгө оруулагч 49% болгох заалтыг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээнд нэмж оруулах нь зүйтэй гэж үзнэ. Яагаад гэвэл хувьцааны төлбөрийг ногдол ашгаас хийх тул Айвенхоу ч гэсэн мөн хугацаанд 66 хувиа ноогдол ашгаараа эгүүлэн авсан байх болно. Харин хугацааны хувьд хөрөнгө оруулалтаа нөхөөд цаана нь 25-65 хувийн ашгийг Айвенхоу авсны дараагаас хувь оролцооны хэмжээг өөрчлөх зарчим байвал хөрөнгө оруулагчийн сонирхлыг бүрэн хангах боломжтой. Энэ хугацаанаас хойш түүнд ногдох 49%-ийн ашиг нь хөрөнгө оруулагчийн цэвэр ашиг байх болно. Дээрх өөрчлөлтийг гэрээнд оруулсан нөхцөлд Монголын сонирхолд бүрэн нийцэж, “Ашигт малтмал нь төрийн өмч мөн” гэсэн хуулийн заалт хэрэгжинэ гэж үзэж байна.

4. Гэрээний “тогтвортой байдал”-тай холбогдсон заалтын талаар.
            Хөрөнгө оруулагчийн хувьд ийм заалтууд чухал гэж үзээд, хүсээд, шаардаад байгаа бол ийм тохиролцоо байхыг үгүйсгэхгүй байна. Гэхдээ гэрээний төсөлд татварын орчинг тогтвортой байлгах зарчмаас хэтэрсэн, үйлчилгээний төлбөр, хураамжийг ч 30-50 жил хэвээр хадгалахыг зөвшөөрөх боломжгүй, Засгийн газар зах зээлийн үед өөрөө шийдэх боломжгүй асуудлаар үүрэг авсан заалт болжээ гэж үзнэ. Гэрээний 6.4-д заасан газар ашигласны хураамж, төслийн 6.5.1 болон 6.7-р зүйлд заасан эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр хураамж зэргийг 30-50 жил хэвээр байлгах үүрэг Засгийн газар авах боломжгүй бөгөөд хураамж, төлбөр гэдэг нь татвар бус, үйлчилгээний үнэ хөлс ч байх тул татварын орчны тогтвортой байдалд хамаарахгүй асуудал болно. Энэ заалтыг хэрэгжүүлэх явцад эрчим хүчний болон онгоц, галт тэрэг, автомашины билетын үнийг ч 30-50 жил хэвээр байлгах ёстой гэсэн маргаан үүсгэж болохоор заалт болсон тул дээрх заалтуудыг өөрчлөх.
            Засгийн газар нь компаний үндсэн үйл ажиллагааны орлогоос авах албан татвар, мөн НӨТ-ын хэмжээг хэвээр нь байлгах талаар тохиролцож болох юм гэж үзнэ. Мөн зарим хөнгөлөлт зохих хугацаанд олгох тохиролцоо байж болох.

5. Татвараас чөлөөлөх асуудлын талаар.
А) Зөвхөн зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах нөхцөлтэйгээр 5 жилийн хугацаанд үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлөх нь оновчтой нөхцөл болж чадсангүй гэж үзнэ.
            Зэс хайлуулах үйлдвэр бариулах гэдэг нь маш зүйтэй бөгөөд Монголын тал хүсэх, шаардах асуудал гэдэг нь тодорхой. Тэгэхдээ түүхий эдийг боловсруулах үйлдвэр барьж байгуулах сонирхлыг боловсруулалтаас олох орлогоор нь (хөрөнгө оруулагч үүнийгээ тооцох нь мэдээж) болон татварын механизмаар дэмждэг, бас шахалт болгодог. Хөрөнгө оруулагч нь татвар бага төлөх орлого илүү олох гэвэл, мөн хөрөнгийн боломжтой бол хайлуулах үйлдвэр барихыг урьдал болгох нь зүйн хэрэг. Иймээс ил уурхай эхэлснээс хойш үнийн өсөлтийн татвараас чөлөөлөх (5 жил) гэдэг нь ил уурхайн ашиглалтыг хойшлуулах, бус уу? Таван жилийн хугацааны үнийн өсөлтийн татвар хайлуулах үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг бүрэн нөхнө. Иймээс хэрэв ийм нөхцөл байх нь зүйтэй гэж үзвэл уг 5 жилийн хугацааны үнийн өсөлтийн татварыг Монголын талаас оруулсан хөрөнгөд тооцохоор гэрээний төслийн 2.3.2-ын 1-р заалтыг өөрчлөх нь зүйтэй байна.
Б) Гэрээний 2.3.1-д “Оюу Толгойгоос олборлосон нийт алтыг үнийн өсөлтийн татвараас чөлөөлнө” гэж заасан нь гэрээний 30 жилийн хугацаанд, дээр нь уг хугацааг шууд сунгах (төслийн 15.8-р заалт) 20 жил, бүгд 50 жил ийм татвараас чөлөөлөх заалт болсон нь үндэслэлгүй, бусад гадаадын хөрөнгө оруулагчдад сөрөг үлгэр болох нөхцөл болжээ гэж үзнэ. Иймд гэрээний дээрх заалтыг өөрчилж уг татвараас чөлөөлөх хугацаа тогтоож заах, чөлөөлсөн татварын хэмжээгээр Монголын талын оруулсан хөрөнгийг нэмж тооцох заалт болгох. Ингэхгүй бол алтны үнийн өсөлтийн татвараас 30-50 жил чөлөөлөх гэдэг нь ямар ч үндэслэлгүй, албан татвар төлөгчдөд буруу прецедент болоход хүрнэ.

6. Төсөлд компанийг алдагдлын хэмжээгээр татвараас чөлөөлөх, зарим хөрөнгө оруулалтын зардлыг (жишээ нь зам барих зардал) татвар ноогдох орлогоос хасаж тооцохоор заасан атлаа төслийн 2.7.1 ба 2.13-р зүйлд зааснаар бол геологи-хайгуулын зардал (400 сая доллар) алдагдалд орох юм шиг, төслийн 6.8-р зүйлд зааснаар зам барьсан зардал өртөгт орох юм шиг буруу заалтууд орсныг өөрчлөх. Гэтэл төслийн 2.16-р заалтад хайгуулын ажлын зардлыг (400 сая доллар) үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцно гэсэн нь уг зардлыг Монголын тал нөхөж буй заалт болсон нь үндэслэлгүй байна. Тэрчлэн төслийн 2.12-р зүйлд хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн татварт давхар татвар ногдуулахгүй байх талаар заасан нь Оюу толгойн үйл ажиллагаатай холбогдолгүй (манай нутаг дэвсгэрийн гадна гарсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлттэй холбогдолгүй зардал энд хамаарахгүй байх нь чухал) (Хэрэв холбоотой бол татвараа эхлээд Монголд төлөх ёстой) бөгөөд “татварт татвар ногдуулна” гэж байхгүй тул энэ заалтыг өөрчлөн найруулах.

7. Төслийн 2.2.2-р зүйлд экспортод гарсан бүтээгдэхүүнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй гэж зүйтэй заасан боловч 2.22.2-р заалтад зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээний орлого НӨТ-гүй байхаар заасан нь экспорт гэдэгтэй холбогдолгүй бөгөөд Оюу толгойн компаний үндсэн үйл ажиллагаа бус тул татвараас чөлөөлөх шаардлагагүй гэж үзнэ.
            Мөн 2.22.3-д “гадаад улсад үзүүлсэн үйлчилгээг”-г НӨТ-өөс чөлөөлнө гэсэн нь ойлгомжгүй, жишээ нь Хятад улсад, эсвэл тэдний нэг компанид үйлчилгээ үзүүлсэн гэж НӨТ-өөс чөлөөлүүлнэ гэж байж болохгүй байх. Тэрчлэн 2.22.4-д Монголын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээг НӨТ-өөс чөлөөлөх гэдэг нь үндэслэлгүй, ойлгомжгүй, онгоц, галт тэрэгний билет, интернет үйлчилгээний орлого бүгд НӨТ-өөс чөлөөлүүлэх болж байна. Иргэн нь Монголд байсан эсэхийг болон хуулийн этгээд, компани, пүүст гадаадад үзүүлсэн үйлчилгээг яаж тодорхойлох, яахаар тэр нь экспорт болох вэ гээд олон асуудал гарахад хүргэнэ. Компаний үндсэн үйл ажиллагааны бус ийм элдэв хөнгөлөлтийг 30-50 жил үзүүлэх заалтыг гэрээнээс хасмаар байна.

8. Гэрээний 2.30-р заалтад Монгол улсын иргэн хувь хүний орлогын албан татварыг 10 хувиар 30-50 жил хэвээр авахаар заасан нь Монголын иргэдийг явгаварласан, татварын хэмжээ их, бага адилгүй болох зохимжгүй заалт гэж үзнэ. Иймд гэрээнд Монголын иргэдэд өөр нөхцөл тогтоох заалт оруулахгүй байх. Тэдэнд үзүүлэх хөнгөлөлт, тэтгэмж, шагнал урамшлыг Компани өөрөө шийдэх.

9. Гэрээнд хөрөнгө оруулагчаас хийвэл зохих нэлээд ажил, үүргүүд орсон боловч түүнийгээ биелүүлэхгүй бол, эсвэл бүрэн бус биелүүлбэл хүлээх хариуцлагын талаар гэрээ хүчингүй болгохоос өөр заалтгүй байгаа нь гэрээний заалтын биелэлтийг эргэлзээтэй байдалтай болгож байна. Жишээ нь гэрээний 3-р зүйлд хөрөнгө оруулагч 2009-2039 онд олборлох хүдэр, алт, зэс, мөнгөний хэмжээ заасан байна. Энэ үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага байх уу. Эсвэл 2,7 тэр бум ам долларын хөрөнгө оруулалт хийхгүй бол яах вэ? Гэрээгээр олон ашигтай, хөнгөлөлттэй нөхцөл тогтоолгож авчихаад үүргээ заримыг дутуу биелүүллээ гээд гэрээ цуцалчихгүй нөхцөлд ямарч хариуцлага хүлээхээргүй байгааг өөрчилж, заалт, үүрэгт нь тохирсон хариуцлагын хэв хэмжээ тогтоох нь зүйтэй байна.
            Хариуцлагын талаар гэрээний 7.4.3-р заалтад гадаад ажиллагчдын хувь их байсан нөхцөлд 69.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлэн төлбөр хийж, түүнийг хөрөнгө оруулагч өөрөө ажиллагчдынхаа ур чадварыг сайжруулахад зарцуулахаар заасан нь утга агуулга муутай, хариуцлага хүлээсэн бус, харин ч урамшуулсан заалт болжээ. Энд заасан 69 мянган төгрөг нь 30-50 жилд төгрөгийн ханш яаж өөрчлөгдсөн ч хэвээр байх, бас уг 10 дахин өсгөсөн төлбөрийг хөрөнгө оруулагч өөрөө өөртөө төлөх гэсэн утгагүй заалт нь ямарч хариуцлагын хэв хэмжээ болж чадахгүй гэж үзнэ. Хэрэв хариуцлага хүлээлгэж байгаа юм бол төлбөрийг төсөвт төлдөг байвал зохино.  

10. Гэрээний 3.1-р зүйл, 15.8-р зүйлд заасан гэрээний хугацааг 20, 20 жилээр сунгах заалт зүйтэй боловч уг хугацааг “шууд 20 жилээр сунгана” гэснийг өөрчилж, ашиглалтын нөхцөлд болон энэхүү гэрээгээр олгож байгаа хөнгөлөлтүүдэд өөрчлөлт оруулахаар заах. Тухайлбал 30 жилийн дараа дахин 20 жилээр гэрээний хугацааг сунгахдаа талуудын хувьцаа эзэмших хувь Монголын хувьд 60-70 хувь, хөрөнгө оруулагч 30-40 хувь болох, энэхүү гэрээгээр хөрөнгө оруулагчид олгож байгаа тогтвортой байдалтай холбогдсон хөнгөлөлт үзүүлэх олон заалтуудын үйлчлэлийг зогсоох заалт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

11. Хувь нийлүүлэгчийн гэрээний 6-р зүйлд компаний үйл ажиллагаа, түүний дотор үндсэн үйл ажиллагааг хөрөнгө оруулагчийн томилох “Удирдлагын баг” гүйцэтгэх, уг баг нь менежментийн үүргээ бүхэлд нь өөрөө мэдэж бусдад шилжүүлэх (6.3-ын “е” заалт), удирдлагын баг компаний төлөвлөгөө, төсөв боловсруулах, ТУЗ-ийг мэдээллээр хангахад үүрэг хүлээхгүй (7.2-р заалт) юм шиг заалтуудыг өөрчлөх нь зүйтэй байна. Компаний үндсэн үйл ажиллагааг удирдахын тулд багийн бүрэлдэхүүнд Компаний үйлдвэрүүд, хэлтэс, салбар цех, тасгийн удирдлагыг хамааруулах байх. Захирлын орлогчид, эдийн засаг, санхүүгийн хэлтэс, ерөнхий ня-бо, санхүүчид ч уг багийн бүрэлдэхүүнд оролцох л байх. Ийнхүү бүх удирдлагыг 30-50 жил гадаадынхан мэдэх юм бол Монголын тал 34 хувь эзэмшихийн хэрэг юу байна вэ? Яаж үйлдвэрлэл-эдийн засгийн үр дүн, тэдгээртэй холбоотой асуудлыг шийдэхэд Монголынхоо санирхлыг хэн хамгаалах юм бэ? ТУЗ нь жилд 1,2,3,4 удаа хуралдаж зарчмын асуудал шийдэх бөгөөд үйлдвэрлэл дээр гарч буй асуудлыг удирдлагын баг л шийднэ. Иймд удирдлагын багийг томилоход хувьцааныхаа хувь хэмжээгээр оролцох (Монгол-34 хувь) зарчим баримтлах, харин технологийн талын удирдлагыг гадаадынхан бүрэн хариуцахаар (хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл) байж болох гэж үзнэ. Ингэхгүй бол уг гэрээний 4.6-ын “д”, 4.10-ын “г”-д зааснаар ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлыг 50 хувь, 40 хувийн ирцтэйгээр хийх тохиолдолд Монголын талын оролцоогүйгээр бүх асуудлыг шийдэх боломжтой байхаар гэрээ боловсруулагдсан байна. Иймээс компаний удирдлагын талаарх гэрээний заалтуудыг өөрчилж, Монголын талын оролцоог хангасан удирдлагын систем тогтоох нь зүйтэй гэж үзнэ.
12. Гэрээний бусад заалтын талаар сайжруулах, өөрчлөх саналаа жич хавсаргав.

                        Хоёр. Гэрээг эцэслэн боловсруулахад анхаарч найруулан засаж өөрчлөх асуудлууд

            1.Гэрээний 1.3 ба 8.5 дугаар заалтад хөрөнгө оруулагч 400 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн ба цаашид нийт 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Энэхүү 400 сая долларын нэлээд нь эрэл хайгуулын зардал байх. Ийм их зардал гаргачихаад байгааг яаж баталгаажуулан бичиж байгаа нь эргэлзээтэй. Энд Монголын хяналт байхгүй байсан. Энэ нь хөрөнгө оруулагчийн 66 хувийг хий өсгөж буй бус уу? гэдгийг анхаарах. Ийм баталгаагүй тоог гэрээнд бичих эсэхийг сайтар бодох.

            2.Гэрээний 1.5-д заасан олон улсын гэрээ, Монголын хууль тогтоомжийн илүү таатай нөхцөлийг эдгээр гэрээ, хууль тогтоомж хүчинтэй болсон өдрөөс эхлэн мөрдөх гэснийг “сайд” хүсэлтэд хариу өгвөл зохих хугацаанд “зөвшөөрөл хариу” өгсөн хугацаанаас мөрдөнө гэж заах. Ингэхгүй бол “Сайдад” хүсэлт гаргахын учир холбогдох илрэхгүй, аптоматаар тэдгээр хууль, тогтоомж, гэрээг мөрдөх санаа агуулж байгааг анхаарах.

            3.Гэрээний 1.6-д “...валютын орлогоо чөлөөтэй захиран зарцуулах...” гэснийг “валютын орлогоо энэхүү гэрээ болон Монгол улсын хуулийн дагуу захиран зарцуулах...”гэж найруулах.

            4.Гэрээний 1.9 дүгээр зүйлд Монголын сонирхлыг хамгаалсан зөв зүйтэй заалт оржээ. Гэхдээ хөрөнгө оруулагч энэ заалтыг биелүүлэхгүй бол яах хариуцлага байхгүй, Монголын материал “өрсөлдөхүйц” байсан эсэхийг хэрхэн тогтоох нь тодорхойгүй тул “өрсөлдөхүйц байгаагүй” гээд л өнгөрөх хоосон заалт болох бий гэдгийг анхаарах.

            5. Гэрээний 1.10-д “...хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс хөрөнгө оруулагчийг цаашид бүрмөсөн чөлөөлнө” гэж заасан нь Монголын тал 34 хувь эзэмшсэнээс болж хөрөнгө оруулагч хувьцаатай холбогдсон аливаа үүргээс /66 хувийн/ ч чөлөөлөгдөх гэсэн үндэслэлгүй заалт болсон байна гэж үзнэ. Энэ нь Айвенхоу Майнзын одоо Канадын биржид борлуулж буй Оюу толгойтой холбогдсон үнэт цаастай ч холбоотой заалт болохыг үгүйсгэхгүй байх. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан 400 сая доллартай холбогдсон үүргээс хөрөнгө оруулагчийг чөлөөлөх, Монгол түүнийг хариуцах үндэслэлгүй. Иймд уг заалтыг өөрчлөх.

            6.Гэрээний 1.11-д “Энэхүү гэрээгээр зохицуулаагүй асуудлыг гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Монголд мөрдөж байгаа хууль, тогтоомжид заасны дагуу зохицуулна” гэсэн нь Оюу толгой орд, түүний зэргэлдээ, эсвэл хүрээлэн оршиж буй талбайн ашигт малтмал /төслийн 15.2-р заалт/ ашиглахтай холбогдсон бүхий л асуудлыг 30-50 жил, магадгүй 70 жил 2007 оны хуулийн дагуу зохицуулна гэсэн заалт болох тул “гэрээ х үчин төгөлдөр болох өдөр” гэдгийг өөрчлөх, эсвэл хөрөнгө оруулалтаа нөхөж дуусгах /10 жил/ хугацаагаар хязгаарлах.

            7.Гэрээний 2.3.1-д “...алтыг Монголын төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд...” гэж заасан нь алтаа Монгол банкинд тушаах үүрэггүй болгож байна. Уг нь алтаа Монгол банкинд тушаадаг байхсан.

            8.Гэрээний 2.6.1-д хөрөнгө оруулагчийн ногдол ашигт “0” хувийн татвар ноогдуулахаар заасан нь ногдол ашгийн 10 хувийн, ногдол ашгаасаа гадаадад шилжүүлбэл 20 хувийн татвар төлөхөөс тус тус чөлөөлөх тухай заалт болсон нь үлэмж их хөнгөлөлт, бусдад үлгэргүй сөрөг нөлөө үзүүлэх буру презедент юм. Гэтэл ТӨК нь уг 10 хувийн татвар төлнө. Хэрэв ийм хөнгөлөлт олгох бол томоохон урамшил, хөнгөлөлт гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгуулахын хамт ийм хөнгөлөлтийг зөвхөн хөрөнгө оруулалтаа ногдол  ашгаар нөхөж дуустал хугацаагаар тогтоох заалт болгон өөрчлөх. /30-50 жил ийм байж таарахгүй/. Үүний хамт энэхүү татварын чөлөөлөлтөө хувьцааг шууд, эсвэл дамжуулан эзэмшиж байгаатай холбосон нь утгагүй, бас 2.4.1-ын заалттай зөрчилтэй болсныг анхаарах.

            9.Гэрээний 2.1.6 ба 2.1.7-д зарцуулсан зардал, төлчихсөн мөнгөө үйлдвэрлэлийн зардалд оруулах тухай заасан атлаа “шимтгэлийн сан байгуулна” гэсэн нь утгагүй, эх үүсвэргүй сангийн тухай заалт болсныг өөрчлөх.

            10.Гэрээний 2.34.3-д “хувьцааг шилжүүлэх, эсвэл шинээр гаргах үйл ажиллагааг аливаа хөрөнгө, ялангуяа үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбон татвараас чөлөөлөхөөр заасан нь ойлгомжгүй,хоорондоо холбоогүй асуудлыг энд татвараас чөлөөлөхөөр бичсэн, объектын наймааг татвараас гадуур хийхийг зөвшөөрсөн заалт болсон тул өөрчлөн найруулах.

            11.Гэрээний 2.34.4-д хөрөнгө оруулагчдын салбар хооронд хувьцаа шилжүүлэхэд татвараас чөлөөлөхөөр заасныг зөвхөн “Айвенхоу болон Рио Тинто нарын хооронд хувьцаа шилжүүлэхэд хамааруулан бичих. Хөрөнгө оруулагчийн до оод бүтцийн хооронд хувьцаа шилжүүлэх гэдэг нь Айвенхоуг хариуцлагаас чөлөөлөх асуудал болох болно.

            12.Гэрээний 2.34-д заасан татварын чөлөөлөлтийг 30-50 жил бус, хөрөнгө оруулалтаа нөхөх 8-10 жилийн хугацаанд мөрдөхөөр заах.

            13.Гэрээний 2.36-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь хөрөнгө бус зардал тул биет бус  хөрөнгөд тооцож элэгдэл хорогдол байгуулах боломжгүй. Уг заалтыг хасах, эсвэл татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцохоор заах. Ингэхгүй бол тусгай зөвшөөрлийн төлбөр гэж төсөвт төлчихөөд бас дахин элэгдэл байгуулж, давхар зардал болгох үндэслэлгүй гэж үзнэ.

            14.Гэрээний 2.38 дугаар заалтын эцсийн мөрнөөс “тохиолдолд” гэсэн үг хасах.

            15.Гэрээний 3.3.2-д “Хүдрийн бодит хэмжээ нь хөрөнгө оруулагчаас үл хамаарах шалтгаанаар өөр байж болно гээд “уг хэмжээг хөрөнгө оруулагч тодорхойлно” гэсэн нь гэрээний 3.3.1-ын заалтыг үгүйгэсэн заалт болсон байна. Хүдрийн хэмжээ нь хэнээс хамаарах ямар шалтгаанаас болж өөр болохыг хэн тогтоох нь тодорхойгүй заалт болсныг анхаарах. Иймд энэ заалтыг өөрчлөн найруулж, тодорхой хэмжээг жил бүрийн төлөвлөгөөгөөр хувьцаа эзэмшигчид хамтран тодорхойлж байхаар заах.

            16.Гэрээний 3.5.3-д борлуулалтын орлогыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн хэмжээгээр тодорхойлохоор заасан нь орлогыг хэн нэгний мэдүүлснээр бус, бүтээгдэхүүн борлуулсан, орлого орсон гүйлгээгээр тодорхойлдог бодит зарчим, олон улсын стандарттай нийцэхгүй байгааг өөрчлөх.

            17. Гэрээний 3.6-д “баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэх зардлыг зах зээлийн дундач үнээр тооцох”-оор заасны утга ойлгомжгүй, хэрэв хайлуулах үйлдвэр байгуулах бол гарсан зардал буюу өртгөөр нь тооцох бус уу? Тайлан баланст байхгүй тоон үзүүлэлтээр энэ тооцоог яахын тулд хийхээр бодсон болох нь ойлгомжтой тодорхой  байхаар заах.

            18. Гэрээний 3.5-ын заалт нь Оюу толгойд байгуулах үйлдвэр, компани нь бодит гүйцэтгэлээр тайлан тэнцэл гаргахгүйгээр харьцуулсан, эсвэл дундаж үнээр, эсвэл хөрөнгө оруулагчийн мэдүүлснээр бүтээгдэхүүний борлуулалтын орлого тооцох, татварыг ч гүйцэтгэлийн орлогоор бус тооцооны орлогоос төлөхөөр хийсэн нь олон улсын стандартад нийцэхгүй, үйлдвэр /компани/ нь тайлан тэнцэл гаргахгүй, түүнд хувьцаа эзэмшигчийн нэг болох Монголын тал оролцохгүй юм шиг ойлгогдохоор байгааг тодруулах нь зүйтэй байна.

            19.Гэрээний 3.9 дүгээр заалтад хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын хуулийн 48 дүгээр зүйлд заасан олон төрлийн тайлан, мэдээг зөвхөн “сайдад” өгч болохоор заасан нь дараах зөрчил үүсгэж болохоор байна. Юуны урьд “сайдад хүргүүлж болно” гэсэн нь тайлан мэдээгээ өгөхгүй ч байж болох, нөгөө талаар холбогдох тайлан тэнцэл, мэдээ авдаг статистик, татвар, салбар хариуцсан яам болон хяналтын байгууллагад уг тайлан мэдээгээ өгөхгүй байх заалт болсон нь Монголын хуулийн заалтыг мөрдөхгүй байдалд хүргэх тул найруулж өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ.

            20.Гэрээний 3.10 дугаар зүйлд “билчээрээр ашиглахад аюулгүй бэлэн болгох” санааг нэмж оруулахын хамт 3.12 дугаар зүйлд заасан уурхайг хаахтай холбогдсон зардлыг 7 жилийн турш татвар ногдох орлогоос хасах гэдэг нь Монголын тал уг зардлыг хариуцах утга агуулж байгаа тул үйлдвэр /компани/ нь өөрийн хөрөнгөөр /өөрт үлдээх ашиг, элэгдлийн шимтгэл г.м/ нөхөхөөр өөрчлөх.

            21.Гэрээний 6.6.2 дугаар зүйлд хөрөнгө оруулагч гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний хариуцлагыг хүлээхгүй талаар заасан нь хөрөнгө оруулагч гуравдагч этгээдтэй гэрээг өөрөө бие даан байгуулах атлаа хариуцлагыг Засгийн газар хүлээх юм шиг ойлгогдож байгааг тодруулах. Хэрэв ийм хариуцлагыг хөрөнгө оруулагч хүлээхгүй бол бүх гэрээг гуравдагч талтай байгуулахдаа Засгийн газартай тохиролцох, зөвшилцөх ёстой байх. Аливаа гэрээний хариуцлагаа гэрээ байгуулагч талууд хариуцах учраас хөрөнгө оруулагчийн гуравдагч талтай байгуулсан гэрээний хариуцлагыг Засгийн газар бус, тэд өөрсдөө хариуцахаар энэ заалтыг өөрчлөн найруулах.

            22.Гэрээний 6.8.3 дугаар заалтад Хөрөнгө оруулагчийн хөрөнгө болох түүний барьсан замын засвар, үйлчилгээний зардлыг Засгийн газар төлөх, мөн зам ашигласны төлбөр, хураамжийг авах үүрэг хүлээх нь буруу гэж үзнэ. Хэрэв уг замыг Монголын талд шилжүүлэн өгсөн тохиолдолд энэ заалт байж болох юм. Иймд уг зам хэний мэдэлд байхыг тогтоогоод, тэр нь засвар, үйлчилгээ, төлбөр, татвар хариуцахаар уг заалтыг өөрчлөх.

            23.Гэрээний 6.8.4-д “хөрөнгө оруулагч нь зам ашигласны бүх төлбөр хураамжаас чөлөөлөгдөхөөр” заасныг зөвхөн өөрийнх нь барьж байгуулсан замд хамааруулах, тэхгүй бол бүх замд ямар ч төлбөр хураамж төлөхгүй байхаар ойлгогдож байгааг өөрчлөх.

            24.Гэрээний 6.8.5 дугаар зүйлийн заалт ойлгомжгүй, олон улсын зам тул Засгийн газар хариуцлагыг дангаар хүлээх гэдэг нь үндэслэлгүй зүйл т ул энэ заалтыг хасах.

            25.Гэрээний төслийн 7.4.1 дүгээр зүйлийн заалтаас “нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай” гэсэн үгсийг хасах. Ажиллагчдын 75 хувийг нарийн мэргэжлийн хүмүүсээр хангах боломж байхгүй байх.

            26.Гэрээний 7.6 дугаар зүйлийг хасах. Хөдөлмөрийн хөлсний өнөөгийн доод хэмжээтэй тэнцэх төлбөрийг 30-50 жил мөрдөх боломжгүй бөгөөд энэ нь татвар бус болно.

            27.Гэрээний 13.3-д заасан “шийдвэрийг дагаж мөрдөх үүрэг” нь зөвхөн Засгийн газрынх бус, гэрээ байгуулагч гадаадын этгээдэд мөн адил хамаарахаар тодруулан найруулах.

            28.Гэрээний 15.2 дугаар зүйлд заасан Оюу толгойн бусад талбайд ашиглалт явуулахыг зөвшөөрөх нь зүйтэй боловч ашиглах нөхцлийг энэ гэрээний нөхцлөөр бус, тухайн үед талууд тохиролцох нь зүйтэй. Иймд энэ зүйлд “Тухайн ордыг ашиглах нөхцлийг талууд жич гэрээгээр уг ордыг ашиглах үед тохирно” гэсэн нэмэлт оруулах.

            29.Гэрээний 15.3, 15.8, 15.9 дүгээр заалтуудыг хэвээр нь байлгах эсэхийг Монголын Засгийн газар чухам ямар хуулийн этгээдтэй гэрээ байгуулахаас хамааруулан тодруулах /урьд тодорхой бичсэн/.

            30.Гэрээний хавсралт ¹1-ын “Тайлбар”-ын з,е-д заасныг дээр бичсэний дагуу тодруулах.

            31.Гэрээний хавсралт ¹2.Хувь нийлүүлэгчийн гэрээ гэгч Монголын 2 компан, Канад улсын Колумбиа мужид байрлалтай Бритиш Виржин арлын хуулийн дагуу байгуулагдсан /хаанахын харъяалалтай болох нь тодорхойгүй/ нэг компанитай байгуулах гэрээг Засгийн газрын байгуулах гэрээний хавсралт болгох нь эрх зүйн хувьд зохицохгүй, тэх тусмаа энэ гэрээний 2.1 дүгээр заалтын “г”-д зааснаар УИХ-аас хууль гаргаж, энэ гэрээг хуулийн хүчинтэй болгох шаардлагагүй гэж үзнэ.

            Иймээс ийм гэрээг Хөрөнгө оруулалтын гэрээний хавсралт болгох бол уг гэрээг байгуулагчдын хоорондын гэрээ болгох. Үүний хамт 2.1-ын “г” заалтыг хасах.
            Хавсралт гэрээ учраас үндсэн гэрээний адил үйлчлэлтэй эрхзүйн акт болон үйлчлэх нь тодорхой.

            32.Төслийн 4.3 дугаар зүйлд заасан ТУЗ-ийн гишүүдийг хувь нийлүүлэгчдийн санал болгосноор ТУЗ-ийн хурлаас томилдог байхаар өөрчлөн найруулах. Ингэхгүй бол аль нэг талын зөвшөөрөх боломжгүй хүмүүс, түүний төлөөний этгээдүүд гарч ирэн ажилд саад болдгийг одоогийн ажиллаж буй хамтын байгууллагуудын үйл ажиллагаа тодорхой харуулж байгаа.

            33.Төслийн 4.6 дугаар зүйлийн “д”-д хурал хойшилсон гэдэг нэрээр 5 гишүүн цуглаад 3 гишүүний /дийлэнх олонх/ саналаар асуудлыг шийдэх боломж буй болгож байгаа тул “50 хувь” гэдгийг хасах. Хойшилсон ч бай, хугацааны бус ч бай дийлэнх олон хуралд оролцдог байх нь чухал.

            34.Төслийн 4.10 дугаар зүйлийн “г”-д мөн л хурал хойшилсон гэдэг нэрээр хувь нийлүүлэгчдийн хурал хувьцааны 40 хувийг эзэмшигчид оролцвол хүчинтэй болохоор заасныг хасах. Энэхүү гэрээний 4.10 дугаар зүйлийн “а”-д заасан зарчмын асуудлуудыг гэрээнд заасан 3 хувь нийлүүлэгчийн 40 хувь ирсэн гэж хурал хийсэн нэрээр шийдэхэд хүргэх тул ийм заалт байж болохгүй гэж үзнэ.

            35.Төслийн 6.1 дүгээр зүйлд зааснаар Компаний үндсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг Удирдлагын баг гүйцэтгэнэ. Гэтэл уг багийг томилоход хувьцааны 34 хувийг эзэмшигч Монголын тал оролцохгүй юм байна. Энэ нь компаний үйлдвэрлэл, эдийн засгийн асуудлаар Монголын сонирхлыг хамгаалах хүнгүй, эзэнгүй болж байна. Ийм зарчим баймааргүй, удирдлагын багийг хувьцаа эзэмшигчид бүгд л оролцон томилдог болгохоор уг заалтыг өөрчлөх. Удирдлагын баг нь компаний төлөвлөгөө, төсвийг зохиох, тайлан гаргахад оролцохгүй /төслийн 7.1 ба 7.2 дугаар заалт/, удирдлагын баг, компани гэдэг нь хоёр өөр юм шиг ойлгогдохоор байгааг тодруулах. Удирдлагын баг гэдэг хөлсөөр ажиллах хүмүүс чухам юуг хариуцах нь тодорхойгүй байна. Иймд удирдлагын багийн талаарх заалтыг дээр дурьдсанаар өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ.

            36.Төслийн 8 дугаар зүйлд заасан санхүүжилтийн систем нь үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүн гаргаж эхлэх хүртэл байж болох ба түүнээс хойш хувь нийлүүлэгчид санхүүжилт хийх шаардлагагүй тул тус заалтыг тодруулах.

            37.Хувь нийлүүлэгчийн гэрээний хавсралт ¹1-ын “либор” гэдэг тодорхойлолтыг өөрчлөн найруулах. Энэ нь АНУ-ын долларын ханшийг харуулах гэдгийг өөрчлөх.

            38.Эдгээр өөрчлөлт, тодруулалт нь Хөрөнгө оруулалтын гэрээг улам сайжруулж, Монголын иргэд, иргэдийн нийгэм, орон нутгийнхны дургүйцээд, эсэргүйцээд байгааг өөрчилж, эерэг болгоно гэж үзэж байна.