УРАН БА ГЕОПОЛИТИКИЙН СОНИРХОЛ (2009-05-12)

A- A A+
УРАН БА ГЕОПОЛИТИКИЙН СОНИРХОЛ (2009-05-12)

Хуульч Шагдарын Үнэнтөгс

Монгол Улс 2008 онд дэлхийн 112 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 2007 оныхоос 44.1 хувиар өсч, импортын дүн экспортын дүнгээс 710.1 сая ам.доллараар давсан байна. Гэхдээ энэ тоон үзүүлэлтээс харахад нийт экспортын өсөлтөд эрдэс бүртээгдэхүүн болон алтны экспортын өсөлт голлон нөлөөлсөн байхад импортод мөн л адил эрдэс бүтээгдэхүүн, үндсэн ба төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, машин механик тоног төхөөрөмжийн импортын өсөлт илүүтэй нөлөөлсөн байна. Үүнээс харахад хэрэглээний зах зээлийн бараг 80 шахам хувийг импортын бараа бүтээгдэхүүнээр хангадаг манайд өргөн хэрэглээний барааны эргэлт хэр буурч, түүнийгээ дагаад хэрэглэгчид тулгуурласан эдийн засгаа татан унагаж байна. Хямралаас үнэхээр түргэн гаръя гэж бодож байгаа бол жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжээд, хямралтай байгаа энэ үед хөөсөрсөн эдийн засгаа механикаар буулгах гэж оролдох биш, харин ч Хятад шиг хөөсийг нь тэтгэх замаар хэрэглээг урамшуулах богино хугацааны тактикаар эдийн засгаа дэмжих стратеги үр дүнтэй байх байсан болов уу. Тухайлбал, 90-ээд оны эхэн үеийн Хироно сангийн лекцүүдээс эргэн харахад авах санаанууд их буй биз.

Дэлхийн банкнаас 2009 оны дөрөвдүгээр сард гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд Зүүн Азийн эдийн засгийн өсөлт 2007 онд 11.4, 2008 онд найман хувь хүрч байсан бол 2009 онд 5.3 хувь буюу 6.1 хувиар буурахаар тооцоолсон байна. Харин Дэлхийн банкнаас 2008 оны 12 дугаар сард хийсэн тоймдоо Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2009 онд 7.5 болохоор тооцоолж буйгаа зарлаж байсан. Гэтэл хэдхэн сарын дараа буюу энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь бүр 2.7 хувь болох прогнозтой байгаа гэж зарлаж байна. Энэ нь өмнөх онуудын өсөлтөөс даруй 7.2 хувиар буурна гэсэн үзүүлэлт юм. Мөн хэдхэн сарын өмнө л Монгол Улсын Засгийн газраас 2009 онд ДНБ-ны бодит өсөлтийг 10,1 хувь хүргэх зорилт тавьж байсан. Гэтэл нөхцөл байдал богинохон хугацаанд маш хурдан өөрчлөгдөж байна. Иймээс хэт холыг харсан бодлого хэрэгжүүлж байна гээд бүр том алдах биш, тухайн нөхцөлд таарсан богино хугацааны тактик авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм.

2008 онд манай экспортын барааны гүйцэтгэлийн 64.6 хувь, импортын барааны гүйцэтгэлийн 38.3 хувийг БНХАУ эзэлж байна. Мөн 2008 онд зэсийн баяжмалын экспортыг 100 хувь, молибдений баяжмалын 51.3 хувь, боловсруулаагүй нефть бүтээгдэхүүний болон чулуун нүүрсний дийлэнх хэсгийг өмнөд хөрш рүү гаргасан байна. Үүнээс том эдийн засгийн хүрээнд авч үзвэл манайх өмнөд хөршийн бүх талийн түүхий эдийн хэрэгцээг хангагч стратегийн томоохон сонирхол бүхий бүс болон хувирч байгааг харж болно. Хураангуйлбал, дэлхийн шинэ хэт гүрэн болж буй Хятад улс хямралын дараагаас өөрийн ноёрхлоо бусдаас хамааралт бусаар тодорхойлох боломж бүрдэж, ашиг сонирхлоо гуравдагч этгээдээр хөндүүлэхгүй, эдийн засгийн зохиомол өсөлтөө тэтгэх үүднээс боловсруулах үйлдвэрлэл асар их хүрээтэй өсөх нь тодорхой байна. Манайхан ноос ноолуур, арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүний экспортын тухайд ярьж, түүндээ ихээхэн ач холбогдол өгдөг байсан үеээс шал өөр нөхцөл байдал өмнө тулгарч байгааг ойлгох нь зүйтэй.

            Геополитикийн хувьд Монгол Улс одоо дэлхийн нэгдүгээр дайны өмнөх үеийнх шиг хүчний шинэ хуваарилалтын асар эгзэгтэй үед тулж ирээд байна. Магадгүй манай улс төр, эдийн засгийн нөхцөл байдал биднээс хамаарахаа нэгэнт байсан байж болох бодит бус айдас бүрэлдчихсэн байж болзошгүй. Энэ нь хэн нэгнийг худалдагдсан гар хөл гэж хэлээгүй, хэн байхаас үл хамаараад гадаад хүчний хуваарилалт, тохиролцооноос шууд хамааралтай байдаг түүхэн цаг үеийн асуудлыг хэлж байгаа юм.

Монгол Улс Манай ашигт малтмалын хувьд хамгийн гол стратегийн бүтээгдэхүүн болох ураны нөөц  бөгөөд дэлхийд гуравт орж байна. Магадгүй цаашаа тэргүүн байрын төлөө өрсөлдөхийг ч үгүйсгэх аргагүй бөгөөд энэ утгаараа геополитикийн асар том сонирхол бүхий бүс болж байна. Энэ үүднээсээ ч Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн захирал Мохамед Эльбарадай манай улсад айлчилж байгаа биз. Мөн Монгол дахь ураны хамгийн том ордын хайгуулын лицензийг эзэмшдэг Канадын Western Prospector групп хувьцааныхаа бараг бүгдийг нь худалдахаар зарлаад, худалдан авагч тал нь манай урд хөршөөр тодроод байна. Мөн сонирхуулахад өнгөрөгч оноос “World Growth Mongolia” төсөл хэрэгжиж хэд хэдэн судалгаа хийсэн байсан. Хийгээд байгаа бодлогын зөвлөмж хэр чансаатай бол.
 
Түүнчлэн саяхан Стратегийн судалгааны хүрээлэнгийн хэсэг залуус болон Австри дахь элчин сайд Жаргалсайханы Энхсайханы шууд оролцоотойгоор “Төв, Зүүн Азийн аюулгүй байдлын орчны өнөө, хэтийн төлөв: Улаанбаатар-Шинэ Хельсинк” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-нд зохион байгуулсан. Энэ нь хөндлөнгөөс харахад ердийн эрдэм шинжилгээний хурал юм шиг боловч цаад том агуулгаараа Шинэ Хельсинк  гэх томьёоллыг дэвшүүлэн тавьснаар Монгол Улс гадаад бодлогодоо томоохон урхагтай үр дагавар бий болгож байгаагаа анзаарсан болов уу.

Нөгөөтэйгүүр, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг цаад хөрөнгө оруулагчидтай биш зөвхөн Монголд л төлөөлөн ажиллах Айвенхоу Майнз Монголия Инк ХХК гэх субьекттэй Монгол Улсын Засгийн газар гэрээ байгуулж, түүнийг нь УИХ соёрхон батална гэдэг нь үнэндээ тухайн ордыг ашиглахад хөрөнгө оруулагч нь тогтвортой бишээр өөрчлөгдөхөд Монголын талаас хамааралгүй байхаар шийдвэрлэгдсэн гэсэн үг. Энэ нь хууль зүйн талаасаа маш их эрсдэлийг дагуулж болох бөгөөд үндэсний аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлнө. Магадгүй энэ нь Рио-гийн хувьцааны тодорхой хэсгийг эзэмшигчийн хийсэн тохирооноос хамаарч байж болох юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орд ашиглалт, түүний цогцолбор ашиглалтад манай өмнөд хөрш ч юм уу, хэн нэг өөр субьектийг асар их үүрэгтэй байх боломж олголоо гэсэн утгатай. Мэдээж гэрээний эрхийн талаасаа лицензүүдийг эзэмшигч тал гэрээ байгуулах, бусад нь хувьцаа босгох замаар хамтын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа гэж тайлбарлах нь тэдний эрхийн асуудал. Гэхдээ гэрээний эрх чөлөөний талаас авч үзвэл гэрээ байгуулагч талуудын үүргийн гүйцэтгэлийг тодорхойлсон нь хэт тэгш бус байгаа юм.

Өмнөговь аймаг дахь Оюутолгой, Таван толгойг хоёуланг ашиглаад, тэдгээрийг хойд, урд хөршдөө хувааж өгч эзэмшүүлээд эхэлбэл тус бүс нутаг /монгол/ геополитикийн хувьд дэлхийн бөмбөрцөг дээрх маш халуун цэг болохыг үгүйсгэхгүйгээр барахгүй хэзээ ч тусгаар тогтнохын амт шимтийг хүртэхгүй, гадаад бодлогоо бие дааж явуулахгүй хэмжээнд хүртлээ доройтож магадгүй.Энэ бол бодитоор харагдаж буй хүчин зүйл бөгөөд эдийн засгийн чадавхиа сайжруулах гээд асар том үнэт зүйлээ золиосолж байж ч магад. Зөвхөн нэг өнцгөөс нь авч үзэж харин ч хүчний тэнцвэрийг өмнөд хэсэгтээ бодитоор бүрдүүлж байна гэж харах нь маш аюултай буруу алхам. Эхний стратегийн гэрээ байгуулахад хэр нэгдмэл цул, арга зүйтэй байхаас тусгаар тогтнол урвуу пропорциональ байна.

 Харин үндэстэн дамнасан корпорацийн хувиар голлох хөрөнгө оруулагч субъектийн анх бүртгэгдсэн улстай нь болон хөрөнгө оруулагч талтай хамт олон талт гэрээ байгуулах нь манай өөрийн оролцооны хувийг нэмэгдүүлэхэд хүндрэл учрах ч стратегийн маш өргөн боломжийг нээх болно.

Эдийн засгийн ноёрхлоо тогтоосон цагт хэн улсын эзэн байх нь маргашгүй. Бүх зүйлийн хөдөлгөгч хүч мөнгө байсан, байсаар байх биз. Иймээс ойрын хэдэн жил аль хүчин, хэн тэргүүн байх нь хамаагүй улс төрийн хувьд тогтвортой, залгамж чанартай, улс орныхоо хожмын өдрийн төлөө эв нэгдлийн цул байж, геополитикийн уран дипломат маневр хийх боловсон хүчний сонголттой, мэдээлэл сайтай байх нь туйлын туйлаас чухал байна.