О. Отгонжаргал
Татварын мөнгөөс бүрдэх төсвөөсөө боловсролыг, тэр дундаа дээд боловсролыг санхүүжүүлэх Засгийн газрын нөөц, бололцоо хаа сайгүй хомсдсоор байна. Үүний дээр дээд боловсролын эрэлт, хэрэгцээ, нэг оюутанд ногдох зардлын өсөлт зэрэг нь санхүүжилтийг улам хүндрүүлж байгаа юм. Энэхүү бэрхшээлээс гарахын тулд ялангуяа хөгжингүй орнуудад дээд боловсролын зардлыг Засгийн газар дангаараа хариуцахын оронд оюутан, эх эцэг нартай хуваалцах аргад шилжихэд хүрсэн ажээ. Энэ шинэ үзэгдэл хөгжиж буй орнуудын хувьд харин харьцангуй шинэлэг зүйл юм. Дээд боловсролд Засгийн газрын оролцоог “эдийн засгийн хувьд үр ашигтай байх” хэмжээнд хүртэл бууруулах нь зүйтэй болох тухай Дэлхийн Банкны 1994 оны зөвлөмж олон орны хувьд (Монгол Улсад мөн адил) дээд боловсролын шинэчлэлийнх нь нэг үзэл баримтлал болж байна.
1990-ээд оны эхээр уг аргыг Монголын дээд боловсролын 50 жилийн түүхэнд анх удаа нэвтрүүлсэн нь ихээхэн асуудал болж, боловсролын салбарынхан, оюутан, эх эцэг нарын дунд эсэргүүцэл, мэтгэлцээнд хүргэсэн. 1990-ээд оны эх хүртэл Монголд дээд боловсрол үнэ төлбөргүй байсан боловч тэр үеийн эдийн засгийн хямрал дээд боловсролд ноцтой хүнд туссан юм. 1993 он гэхэд боловсролын төсвийн ДНБ-д эзлэх хувь 3.5 хувьд хүрсний дийлэнх нь ерөнхий боловсролд зориулсан байв. Дээд боловсролд зориулсан төсөв зөвхөн сургуулийн барилгын халаалт, цахилгаан, усан хангамжид зарцуулагдаж, их, дээд сургуулийн нийт зардлын 10 хувьд ч хүрэхгүй байв. Дээд боловсролын санхүүжилтэд эрс шинэчлэлт хийх шаардлагатай байлаа. Дэлхийн Банкнаас Монголын дээд боловсролыг шинэчлэн хөгжүүлэх талаар өгсөн зөвлөмжийн дагуу төсвийн хэмнэлт, зарлагыг бууруулах, эх үүсвэрийг дахин хуваарилах чиглэл өгсний дагуу Засгийн газраас оюутны стипендийг 1993-94 онд хаав. Далайн чанадаас ирсэн зөвлөхүүд улсын таван их сургуулийг нэгтгэх замаар төсөв хэмнэхийг Боловсролын Яаманд зөвлөж байсан боловч түүнийг нь биелүүлээгүй. Төсөв хэмнэж, санхүүгийн эх үүсвэрийг илүү оновчтой дахин хуваарилаад ч дээд боловсролыг аврах арга үгүй байсан тул илүү шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байлаа. Иймд Засгийн газар зардлыг хувь хүн, хувийн хэвшилтэй хуваалцах зорилгоор дээд боловсролд хувийн хэвшлийг зөвшөөрсөн шийдвэр гаргаж, 1991 онд Монгол Улсын түүхэнд дээд боловсролын хувийн хэвшлийн анхны сургууль байгуулагдсан бөгөөд 2003 он гэхэд хувийн хэвшлийн дээд сургуулийн тоо 29 хүрсэн байв. Өнөөдрийн байдлаар нийт оюутны 33 хувь нь хувийн хэвшлийн дээд сургуульд суралцаж байна. Сүүлийн 10 гаруй жилийн дотор Монгол олон улсын хандивлагчдаас удаа дараа боловсролын шинэчлэлд зориулсан зээл, тусламж авсны дотор АХБ, Европын Холбоо, АНУ-ын зээл тусламж багтаж байна. Тухайлбал, БСШУЯ АХБ-ны 34,3 сая ам. долларын зээлийг боловсролын салбарын хөгжлийн хоёр дахь шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2001-2002 онд МУИС-ийн эрдэм шинжилгээний ажлын нийт зардлын 80 хувийг гаднын эх үүсвэрээр санхүүжүүлжээ.
Судлаач О. Отгонжаргал судалгааныхаа дүгнэлтийн хэсэгт дээд боловсролын санхүүжилтийн шинэ бодлогыг хэрэгжүүлэхэд олсон ололт, учирч буй бэрхшээлийн талаар өөрийн дүгнэлтийг өгсөн байна.
Дараахь хүснэгтэд 2001-2003 тэтгэлэг авсан оюутны тоог үзүүлэв. (сая төг.)
Засгийн газрын тэтгэлэг хүртэгсэд | 2001 | 2002 | 2003 | |||
Оюутны тоо | Тэтгэлэг | Оюутны тоо | Тэтгэлэг | Оюутны тоо | Тэтгэлэг | |
Малчны хүүхэд | 260 | 67.6 | 1028 | 275.9 | 2480 | 537.0 |
Ядуу гэр бүлээс гаралтай хүүхэд | 1639 | 532.7 | 3679 | 985.5 | 6939 | 1543.0 |
3-аас дээш хүүхэдтэй өрхөөс гаралтай хүүхэд | 234 | 60.3 | 577 | 154.6 | 825 | 273.1 |
Өнчин, эмгэг согогтой хүүхэд | 1098 | 285.7 | 1297 | 349.7 | 1391 | 339.2 |
Төрийн албан хаагчийн хүүхэд | 12262 | 3169.1 | 14928 | 3581.3 | 15915 | 4038.1 |
Онц сурлагатан | 182 | 43.8 | 255 | 66.3 | 153 | 41.3 |
Бүгдl: | 15675 | 4159.2 | 21764 | 5413.3 | 27709 | 6764.7 |
О. Отгонжаргал дээд боловсролын зардлыг хуваалцах бодлого нь боломж муутай өрхөөс гаралтай хүүхдүүдэд суралцах илүү өргөн боломжийг сургуулийн олдоц, санхүүгийн хүчин зүйлийн (зээл, тэтгэлэг) аль алины нь хувьд хангаж өгсөн гээд Монголын дээд боловсролын санхүүжилтийн өөрчлөлт, шинэчлэл өдгөө 10 гаруй жилийн туршлага хуримтлуулсан, амжилттай үргэлжилж байна хэмээн дүгнэжээ.
Шинэчлэл нь ололт олохын зэрэгцээ сөрөг үр дагавар, бэрхшээлээс ч чөлөөтэй байсангүй гэж судлаач үзсэн байна. Тухайлбал, уламжилж ирсэн хандлага, зарим хүчин зүйлс, үнэ төлбөргүй боловсролд дасч, дадсан байдал зэргээс болоод санхүүжилтийн шинэ эх үүсвэр, хэлбэрийг олж сонгох, орлого олох шинэ арга хэлбэрийг нээж илрүүлэх, хувийн хэвшил, бизнесээс боловсролд хандив өргөх уламжлал, арга хэлбэр зэрэгт шинэчлэл хийхэд багагүй цаг хугацаа шаардаж байна. Оюутнуудын хувьд суралцах илүү өргөн бололцоо нээгдсэн боловч суралцахын сургалтын төлбөр төлөх шаардлага гарах нь бэрхшээл учруулсан хэвээр байна. Улсын их, дээд сургуульд суралцагсдын 1/3 нь Засгийн газрын тэтгэлэг буюу бага хүүтэй зээл авч буй боловч өрхийн дундаж орлогын чадвар жилийн сургалтын хамгийн бага төлбөрийн хагаст ч хүрдэггүй гэсэн судалгаа байна. Тэгэхээр дээд боловсролын зардлыг хуваалцах схемд цаашид судлах, анхаарах зүйл багаггй байгаагийн захаас дурьдахад:
- тэтгэлэг авдаггүй оюутан сургалтын төлбөрөө хэрхэн төлөх вэ?
- арилжааны банкуудыг оролцуулан оюутны зээлийн схемийг өргөтгөх зэрэг олон асуудал байна гэсэн дүгнэлт хийжээ.