Дээд боловсрол дахь сургалтын технологи

A- A A+
Дээд боловсрол дахь сургалтын технологи

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ц.Болд, Социологийн 4-р ангийн оюутан Г.Цогтбаатар

Нээлттэй нийгэм боловсролтой хүнд сайхан амьдрах хавьгүй өргөн боломжийг олгож байдаг. Ийм нийгэмд боловсролын хэрэгцээ, үнэ цэнэ өдөр бүрээр  өсч байдаг. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ч гэсэн 200 гаруй их, дээд сургуультай байгаа нь  иргэдийнх нь сурч боловсрох хэрэгцээ өндөр байгааг тодорхой харуулна. Гэтэл энэхүү хэрэгцээнд чанартай үйлчилгээ дутагдах болоод удлаа. Дээд боловсрол эзэмшиж төгссөн мэргэжилтний дийлэнх нь ажилгүйчүүдийн эгнээнд, ажилд орсон зарим нь онолоо практикт ашиглах чадамж сулхан байна. Нөгөө талаас дээд сургуулийн багш нар, багш мэргэжлийн нэр хүнд унаж байна. Гайгүйхэн амьдралтай эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ Монголд сургах хүсэлгүй болсон гэхэд болно. Байдлыг мэдэрсэн гадаадын янз бүрийн сургуулиуд ойр ойрхон ирж элсэлт авах боллоо. Хэдхэн сарын өмнө Сингапурын Хартвордын их сургууль 6000 долларын төлбөртэй элсэлт авхад монголоос 200 хүн бүртгүүлсэн гэж дуулдсан. Боловсролын тогтолцоо нь сүйрвэл улс орон тусгаар тогтнолоо алддаг. Үүний гор нь өнөөдөр биш ойрын ирээдүйд мэдрэгдэх болно. Түүнээс өмнө яарах хэрэгтэй. Тэгвэл сүйрэлд автсан тогтолцооны гол учиг нь хаана аа байна вэ, юунаас шалтгаалав, ямар механизмд орчихоод гарч чадахгүй байна. Хэрхэн шийдвэрлэх арга замын талаар энэ өгүүлэлд хөндөхийг зорьжээ.

  • Шалтгаан

Монголд суурь боловсролыг үнэ төлбөргүй хүртэнэ гэж бодоход цаана нь дээд боловсрол, түүнээс ахисан төвшинд суралцахад, тухайн суралцагчаас сургалтын төлбөр, санхүүгийн нөөц бололцоо зайлшгүй шаарддаг. Гэтэл багаар бодоход манай улсын гурван хүн тутмын нэг нь ядуу, нэн ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүмүүс их байвч сургалтын төлбөрийг төлөх чадвартай хэсэг нь тун цөөхөн байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан манай төрөөс дээд боловсролын салбарт наад зах нь  хоёр чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн дээд хэмжээг тогтоох
  • Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн бодлого зэрэг болно

Ийм бодлоготой төрийг онолын хэллэгээр “Халамжит төр” гэж нэрлэдэг. Тэдний үзэж байгаагаар хэрэв дээд хэмжээг нь тогтоож өгөхгүй бол их дээд сургуулиудын сургалтын төлбөр одоо байгаагаасаа хэд дахин нэмэгдэнэ. Ингэснээр нийгэмд олонх болсон орлого багатай хүмүүс дээд боловсрол эзэмших бололцоогүй болох бөгөөд улмаар дээд сургуульд зөвхөн орлоготой  хэсэг л хамрагдах болж, дунд болон доод хэсгийнхэн суралцах боломжгүй болно. Одоо ч дийлэнх эцэг эхчүүдийн хувьд төлбөр багагүй л байгаа гэдэг.

Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн гишүүн бүр сурах, суралцах, боловсрох, боловсрол олж авах эрхээр хангагдсан байх ёстой. Гэхдээ боловсролын зэрэглэл, түүний үнэ цэнийн үүднээс авч үзвэл сурах, боловсрол авах эрх нь өмнөө босготой. Босгын өндөр нь тухайн төвшний боловсрол эзэмшихэд өмнө нь зайлгүй шаардлагатай мэдлэг, чадвараар хэмжигдэнэ. Тэгэхлээр хүн бүр өөрийн яс үндэс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэгээсээ үл хамааран тэрхүү босгон дээгүүр алхах ижил боломжтой. Харин зөвхөн мэдлэг чадвараар нь шалгах тэр босгыг давж гарсан л бол тухайн төвшинд сурах, боловсрох эрх эдэлнэ. Өөрөөр хэлбэл төрийн бодлого бүх хүнийг их дээд сургуульд шалгалт өгөх ижил боломжоор хангах, харин шалгалтад тэнцсэн хэсгийнхний сурах эрхийг нь эдлүүлэхэд чиглэх ёстой.  

    • Орчин: Их дээд сургуулиудын сургалтын технологи
  • Элсэлт их байлгах механизм

Манай төрийн дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа дээрх бодлого нь их дээд сургуулиудад бүх хүнийг чадвартай чадваргүйгээс нь үл хамааран босгоныхоо цаана гаргахыг тулгаж байна.    Өөрөөр хэлбэл нэг талаас төрөөс тогтоож өгсөн төлбөрийн дээд хэмжээ нь сургуулиудын хувьд сургалт явуулахад нь хүрэлцэхүйц байж чаддаггүй. Нөгөө талаас нэгэнт төлбөр нэмэх боломжгүй учраас ихэнх их дээд сургуулиуд орлогоо нэмэгдүүлэх зорилгоор дотоод нөөц, багтаамжаасаа илүү оюутан элсүүлэхэд хүрдэг байна. Товчхондоо төрийн бодлого нь их дээд сургуулиудыг санхүүгийн гачаалалд оруулжээ. Сургуулиудын элсэлтийг их байлгах бодлогын уршгаар:

  • Нэг ангид ногдох оюутны тоо өсч, ингэснээр сургуулийн анги танхим, ширээ, сандал, ном сурах бичиг, сургалтын техник хэрэгсэл, цаашлаад оюутны байр хүртлэх хүрэлцээгүй байдлын бэрхшээл үүсдэг.
  • Нэг багшид ногдох оюутны тоо өсч, ингэснээр багш оюутнууд тулж ажиллах бололцоо хомсдохын зэрэгцээ, нийтийн лекц гэх мэт сургалтын үр дүн муутай хэлбэрүүд нэмэгддэг.
  • Сургуулиас оюутанд чиглэсэн үйлчилгээний хүртээмж багасч, энэ нь нэгж оюутан бүрд хүрэлцэхгүй учир ач холбогдол нь мэдрэгдэхгүй өнгөрдөг.
  • Сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэх болж багш нарт хэтэрхий ачаалал өгөх, хичээлдээ ямарч бэлтгэлгүй ороход хүргэдэг.

Сургуулиуд аль болох элсэлт их авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог  доошлуулах, аль эсвэл элсэгчдэд илүү амар хялбар байлгах зорилгоор шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан төвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад бүр докторантурт ч суралцах боломжтой. Үүнд тухайн суралцагчын мэдлэг чадвар гол биш болжээ. Үүнийг мэдэрсэн албан байгууллагууд ч өөрсдийн шалгууруудыг нэмж тавьдаг болж, дээд боловсролын үнэ цэнэ алдагдаж бараг дээд боловсролтой, магистр зэрэгтэй цэвэрлэгч ажилд авна гэх нь холгүй болоод байна.

Иймд дээд боловюсролын сургалтын гараа өмнөх шатлалын порпорцийг хадгалсан идэвхгүй дийлэнх, болон идэвхтэй цөөнх хэсэг гэсэн оюутнууд бүхий бүтцээс эхэлдэг. Суралцагчдад заах хичээлийн төлөвлөгөө нэг л учраас бодит байдал дээр идэвхигүй дийлэнхэд нийцүүлэн хичээл явагдана. Идэвхтэй цөөнх хэсгийн хувьд сургалтын ач холбогдол алдагдана.

  • Оюутнуудыг хянах, урамшуулах механизм буюу хариуцлагын тогтолцоо

Мэдээж хэрэг дийлэнх сургуулиуд санхүүгийн гачаалалтай холбоотойгоор элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгож элсүүлсэн учраас төлбөрийг нь алдахгүйн тулд тухайн элсэгчдийг бүрэн бүтэн төгсгөх буюу төгсөлт их байлгах бодлого барьдаг. Энэ байдал нь дахин, нөхөн шалгалтын хэлбэрүүдийг бий болгож буйгаас илэрхий харагдана. Сургуулиудын дотоод дүрмэнд хангалтгүй суралцсан, тухайн төвшний болзол биелүүлээгүй оюутнуудыг сургуулиас хасах тухай заалт байдаг ч зүгээр л тунхаглалын шинжтэй. Дийлэнх болсон идэвх султай оюутнуудыг шахах, хяналтын механизм сул учраас энэ маягаар оюутнуудын идэвхгүй байдал газар авахад хүргэдэг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй.

Багш идэвхгүй муу оюутнуудад хэчнээн муу дүн тавьж, шалгалтад унагаасан ч, 10, 20 шалгалтын өртэй оюутан байсан ч төгсөх нь бас мэргэжлийн дипломоо авах нь бараг эргэлзээгүй болжээ. Үүнтэй адилаар идэвхитэй оюутнуудад өндөр үнэлгээ тавьсан ч түүнийг урамшуулах механизм сул байдаг. Энэ нь багшийн оюутанд нөлөөлөх нөлөөллийг алдагдуулдаг. Оюутанд чиглэсэн хяналт болон урамшууллын механизм сул буюу муухан оюутнуудыг шахаж, сайн оюутнуудыг дэмждэггүйгээс, өөрөөр хэлбэл хариуцлагын тогтолцоо бараг байхгүй байдал нь идэвхтэй цөөхөн хэсэг оюутнууд нь аажмаар идэвхгүй олонх хэсэгтээ уусдаг. Курс ахих тутам тухайн ангийн оюутнуудын идэвх улам буурдаг нь үүнтэй холбоотой.
   

  • Багш нарын цалин, урамшуулах механизм буюу хариуцлагын тогтолцоо

Сургуулиуд санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Үүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болдог. Учир нь хийж хийж авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Энэ байдал нь багш нар цалингийн урамшуулалгүй сургалт, үйл ажиллагааны хэлбэрүүдэд тоомжиргүй хандахад хүргэдэг. Мөн багш нарын цалин тогтмол буюу багш нарыг цалинжуулах механизм хөшүүн байдаг нь оюутнаас багшид нөлөөлөх нөлөөллийг алдагдуулдаг. Тухайн багш хэчнээн сайн ажлаа хийсэн ч, аль эсвэл ажлаа муу, маш муу хийсэн ч авдаг тогтмол цалингаа л авдаг. Уян хатан бус.

Сургуулиудын дотоод дүрэм журмаар бол багш ажлын цагаа таслах, аль эсвэл хоцорсон тохиолдолд цалингийн шимтгэл авах тухай заалт орсон байдаг ч энэ нь хэрэгжилт муутай байдаг. Үүнд хэрэглэгч буюу оюутнууд нь өөрсдөө хяналт тавих байтал тэдний дийлэнх хэсгийн сурах идэвх сул, түүнчлэн тэднийг мөнгө санхүүгийн талаас нь ч, сургалтын талаас нь ч шахах механизм сул учраас багш хичээл хоцорч ирвэл аз болж, хичээл орохгүй бол ураа хашхирдаг нь өнөөгийн юутнуудын хувьд нийтлэг зүйл болсон. 

 

  • Үр дагавар

Халамжлагч төрийн бодлогоос үүдэлтэй их дээд сургуулиудын санхүүгийн хүндрэлтэй байдал нь элсэлт болон төгсөлт их байлгах бодлого, оюутнуудыг хянах, урамшуулах механизм сул, багш нарын цалин тогтмол бас бага, урамшуулах механизм сул байдал зэрэг сургалтын буруу технологиудад хүргэж энэ нь эцсийн дүндээ чанаргүй дээд боловсролыг бий болгодог.

Чанаргүй боловсрол нь наад зах нь ажилгүйдлын төрөл хэлбэрүүдийг бий болох суурь нөхцлийг бүрдүүлнэ. Түүний сонгодог жишээ нь үнэ хүндийн ажилгүйчүүд юм. Муу ч гэсэн дээд боловсролын дипломтой болоод төгссөн учраас цалин, ажлын орчин нөхцлийг нь голж шилээд ажилд ордоггүй ажилгүйчүүдийг ингэж нэрлэдэг. Чанаргүй боловсон хүчнүүд ажилтай боллоо ч хийсэн ажил нь чанаргүй, үр дүн багатай байх болно. Тэд маш бага орлоготой, бүр ямар ч орлогогүй байдаг. Энэ нь эргээд л нөгөө орлогын хүрэлцээгүй байдал, ядуур тарчиг амьдралыг бий болгож байдаг юм.
Ингээд бид өнөөгийн монголын дээд боловсролын тогтолцоонд барьж байгаа бодлого-түүний үр дагавараар бий болсон боловсролгүйдэл-мөн үр дагаварын үр дагавар ажилгүйдэл-түүнтэй холбогдох ядуурал гэсэн нийгмийн бодит байдлын битүү хэлхээг *Бодлого /Шалтгаан/-Боловсролгүйдэл /Орчин/-Бодит байдлын /Үр дагавар/ харанхуй тойрог* хэмээн нэрлэж байна.
 
Шийдэл
Тиймээс монголчууд бид юуны өмнө дээд боловсролын сургалтын технологийн гол шалтгаан болоод байгаа халамжит төрийнхөө, харалган бодлогоос салах хэрэгтэй болжээ. Хамгаас урьтаж сургалтын төлбөрийн дээд хэмжээг төрөөс тогтоож өгөхөө болъё. Сургуулиуд төлбөрийнхөө хэмжээг өөрсдөө мэдэж тогтоог. Төрийн сургуулиудад бие даасан эрх хэмжээг нь өгье. Ингэснээр сургуулиуд санхүүгийн гачаалалаасаа гарах бөгөөд бие даасан байдал хариуцлагын тогтолцоо нь сэргэх болно. Үр дүнд нь: 

  1. Их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэнэ. Магадгүй доод тал нь 1000 доллар болох боловч сургуулиуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд багтаамжаас илүү оюутан авах шаардлагагүй болж нэг анги, багшид ногдох оюутны тоо хэвийн хэмжээнд очно. Сургуулиуд хэвийн ачааллар ажиллана. Оюутны тоо хэвийн учраас сургуулиас явуулсан аливаа үйл ажиллагаа ч нэгж оюутанд хүртээмжтэй байх болно.
  2. Сургуулиуд элсэгчдийн тоонд гол анхаарлаа төвлөрүүлэхгүй учраас элсэлтийн шалгалтын босго оноо дээшилж, жинхэнэ элсэгчдийн чадвар сорих аргаар шалгалт авах болно. Үүний үр дүнд боловсролын зэрэглэлийн мөн чанар, ач холбогдол хадгалагдах бөгөөд дээд боловсрол түүнээс дээшхи боловсролын үнэ цэнэ сэргэх болно. Их, дээд сургуульд элсэгчид нь үгүй ядахдаа идэвхитэй олонх болон идэвхгүй цөөнх гэсэн харьцаатай болж сургалт явуулахад тааламжтай суурь бүрдэх болно.
  3. Элсэгч болон төгсөгчдийн чанар гол учраас оюутнуудыг дахин, нөхөн шалгалт гэх мэтээр бариад байх шаардлагагүй болно. Ерөөсөө ямар ч нөхцөлд оюутнуудад чиглэсэн хариуцлагын тогтолцоог хүчтэй байлгавал сургалт илүү үр дүнгээ өгөх болно.
  4. Магадгүй их сургуулиуд багш нарынхаа цалинг дунджаар 400 доллар болгох санхүүгийн бололцоотой болно. Үүнийг ашиглан сургуулиуд багш нарт чиглэсэн сургалтын технологитоо дараахь өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Үүнд:
      • Багш нарын цалинг хангалттай хэмжээнд олгож сургалт, эрдэм шинжилгээнд чиглэсэн урамшууллын механизмуудыг сайжруулах, тоог нэмэгдүүлэх.
      • Багш нарыг цалинжуулах механизмаа илүү хэрэглэгчдийн сэтгэл ханамжид үндэслэн уян хатан байлгах.

Энэ хоёр арга хэмжээг авсан тохиолдолд багш нар зөвхөн багшлах ажилдаа гол анхаарлаа тавих болно, суралцагчид нь идэвхтэй учраас багш нартаа илүү их шаардлага, хяналт тавих бөгөөд багш нарыг зөвхөн ажлаа л чанартай хийхэд хөшүүрэгдэх болно.
Төрөөс зөвхөн дараах асуудлуудад анхаарах хэрэгтэй. Үүнд:

  • Элсэгчдийн тоог гол болгож буй сургуулиудтай тэмцэх
  • Хүссэн бүх хүн нийгмийн гарал, үндэс угсаа, нас, хүйс, хөрөнгө чинээ, орлогоосоо үл хамааран тухайн төвшний боловсрол эзэмшихээр шалгалт өгөх боломжоор хангах
  • Хэрэв тухайн суралцагч элсэлтийн шаардлага хангасан бөгөөд санхүү мөнгөний боломжгүй тохиолдолд төр зээл, тусламжийн хөтөлбөрөөрөө суралцах эрхийг нь хамгаалах хэрэгтэй юм. Үүнд мөн иргэний нийгмийн байгууллагуудаас ч гар бие оролцож байгаа, цаашид улам их оролцох нь эргэлзээгүй.
  • Их, дээд сургуулиудад элсэж чадаагүй хэсэгт тодорхой мэргэжил эзэмших бололцоог нь хангах үүднээс тусгай болон мэргэжлийн дунд боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Үүний үр дүнд нарийн мэргэжлүүд шаардагдсан ажлын байрууд ажилтнаар хангагдах бөгөөд цамаан ажилгүйчүүд ч багасах болно.

Мэдээж хэрэг энэ бүхний үндсэн дээр сургалт чанаржиж дээд боловсролын чанар, үнэ цэнэ өсөх бөгөөд ажил олгогчид ч дээд болосролтой хүнд элдэв шалгуур тавих шаардлагагүй болж ажилгүйдэл багасна. Чадварлаг боловсон хүчний гараас чанартай л бүтээгдэхүүн гарах болно. Тэр хэрээр тэдний орлого нэмэгдэх болно. Энэ системийн эргэлт олшрох тутам нийгэм дэх боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл, ядуу тарчиг амьдрал багасна. Нийгэм бүхэлдээ зөв гольдролд орох болно.