Боловсролын салбарын мухардал

A- A A+
Боловсролын салбарын мухардал

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ц.Болд         

Өнөөдөр Монголд улсын болоод хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай болон дотоодын 180 гаруй их дээд сургуульд 130000 орчим оюутан суралцаж нэг жилд л 25000 гаруй оюутан дээд боловсролын диплом өвөрлөн төгсч байна. Одоогийн байдлаар их дээд сургуулиудын оюутан элсүүлж авах гэсэн эрэлтийг ЕБС төгсч байгаа хүүхдүүдийн тоо бүрэн хангаж чадахааргүй төвшинд хүрлээ. Харин их дээд сургуульд суралцагчдын энэ давалгаа, төгсөгчдийн энэ их нийлүүлэлтийг хөдөлмөрийн зах зээл шингээж чадаж байна уу, их дээд сургууль төгсөгчид ажил олгогчдын эрэлтээс давж байна уу, ажил олгогчдын тавих шаардлагыг хангаж байна уу гэдэг нь судлууштай асуудал болжээ. Энэ нь боловсролын талаар төрөөс баримтлах бодлого буруу болохыг л харуулж байна.

Юуны өмнө төлбөрийн суудлыг авч үзье. МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн жишээгээр авч үзвэл бакалаврын төвшинд суралцаж байгаа 1188 оюутны 570 нь хувийн зардлаар суралцдаг, 618 нь бусад хэлбэрээр төлбөрөө даалгадаг байх юм. Тухайлбал төрийн албан хаагчийн хүүхэд 239, нэн ядуу 140, 3 хүүхэд нь суралцдаг шалтгаанаар 9, малчин өрхийн 64, хөнгөлөлттэй зээлээр 166 оюутан суралцдаг аж. Иймэрхүү жишгийг төрийн өмчийн бүх сургуулиуд дээр харж болно. Нийт суралцагчдын 50 хүрэхтэй хувь нь төлбөртэй суралцдаг, талаас илүү хувь нь төлбөргүй буюу төлбөрийн зөрөө хэмээх цөөхөн төгрөгний төлбөрийг төлөөд бараг үнэгүй сурдаг болох нь харагдаж байна.  Цаашилбал 2004 онд төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчдын зээлийг бүгдийг нь хүчингүй болгосныг тооцвол ийм зээл цаашид ч хүчингүй болох магадлалтай. Улстөрийн иймэрхүү шийдвэрүүд нь сургалтын төлбөрийг бүр ч үнэгүйдүүлж байгаа юм.

Өнөөдөр улсын болоод хувийн их дээд сургуулиудын сургалтын төлбөр ойролцоогоор 350 мянгаас 600 мянгын хооронд хэлбэлзэнэ. Энэ нь ам долларт шилжүүлбэл 300-500 орчим доллар болж байна. Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих доод төвшинг 42800 хэмээн Статистикийн төв газраас шинээр тогтоон баталжээ. Энэ тоог 10 сараар үржүүлбэл 428000 төгрөг болох юм. Дүгнэн үзвэл өнөөдрийн манай их дээд сургуулиудын сургалтын төлбөр амьжиргааны баталгаажих доод төвшингийн орчимд л эргэлдэж байна.

Мөн оюутнуудын боловсролтой холбоотой зардлуудыг тооцож үзвэл дотуур байр болон, хажуу өрөө, байр хөлсөлсний зардал жилд дунджаар 233400 төгрөг, сургуулиас гадуурх бусад сургалтын зардал 113700, ном сурах бичгийн зардал, 33500 зэрэг олон зардал бий бөгөөд нийт хэмжээ нь ойролцоогоор 700 мянга гардаг аж. Эдгээр зардлыг тооцон үзвээс оюутнууд сургалттай холбоотой зардалд сургалтын төлбөрөөсөө илүү их зардал гаргадаг, нийт ахуйн хэрэгцээний заардлыг тооцвол сургалтын төлбөрийн эзлэх жин гуравны нэгд ч хүрдэггүй ажээ.

Эдүгээ улсын гэгдэх сургуулиуд нь төрөөс нэг ч төгрөгний дэмжлэг татаас авдаггүй, цэвэр оюутнуудын төлбөрөөр амьдарч байна. Энэ талаараа хувийн дээд сургуулиудтай адил. Улсын Их сургууль гэж ямар сургуулийг хэлдэг юм бэ. Улсын гэдэг нь цол нь юм уу, өмчийн харьяалал нь юм уу, зэрэглэл төвшин нь юм уу. Боловсролын байгууллагууд ашгийн бус байгууллага байх ёстой боловч өнөөдрийн байдлаар Улсын их сургуулиуд нь төрийн сангийн дансанд мөнгө хөрөнгө төвлөрүүлэх аж ахуйн нэгж-Улсын Yлдвэрийн газар шиг харагдах боллоо. Боловсрол ашгийн бус гэдэг утгаараа оюутнуудын төлбөр болон бусад арга хэмжээнээс олсон орлогыг 100 хувь сургалт болон үйл ажиллагаанд зарцуулан оршин тогтнох учиртай. Энэ талаараа хувийн сургуулиудаас давуу тал байна уу гэдгийг харъя.

 1.Хувийн сургуулиуд төлбөрийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй бол УИС-ууд хязгаарлагдмал эрхтэй.
 2. Хувийн сургуулиуд төлбөрөө жилийн эхэнд төвлөрүүлдэг бол төрийн өмчийн сургуулиуд бүтэн жилийн турш цувуулж авна. Төлбөрийн дийлэнхийг бүрдүүлдэг төрийн сангийн төлбөр сургалтын жил дуусахын өмнө л хагас дутуу шилжиж орж ирдэг.
 3. Төлбөрийн хэмжээг хязгаарлаж дээрээс нь тогтоож өгнө. Дэлхийн зах зээлд тааруухан нэг сургуулийн жилийн дундаж төлбөр 6000 ам доллар байхад Монголд УИС-иудын жилийн төлбөр ердөө л 300-500 ам доллар буюу 15-20 дахин бага үнэтэй. Зориуд бодлогоор ингэж унагаж буй гэж үзэх хүмүүс ч бий. Иймээс бүх улсын их сургуулиудын удирдах зөвлөлийн гишүүд бараг бүгдээрээ хувийн сургуультай байдаг нь ёс болжээ. Тэд хувийнхаа сургуулийг бодох уу улсын сургуулийг бодох уу гэдэг нь мэдээжийн хэрэг.
 4. Төлбөрөө нэмэх эрхгүй захирлууд орлогоо нэмэгдүүлэхийн тулд оюутныхаа тоог олшруулдаг. Нэг ангид дунджаар 20 оюутан, нэг багшид дунджаар 15 оюутан ногддог байсан бол одоо нэг ангид 30-35 оюутан, нэг багшид 20-25 оюутан ногдох жишээтэй. Төлбөр, санхүүжилтийн хувьд нэг удаа асуудлаа шийдлээ гэхэд сургалтын чанар эрс муудна. Оюутныхаа тоог нэмэгдүүлж эх үүсвэрээ бүрдүүлсэн сургуулиуд 2-3 ээлжээр хичээллэж байна. Гэхдээ оюутны тоог яамнаас хязгаарлана. Ингэх хэдийгээр зөв байх талтай ч  өөр гарц хайхгүйгээр эдийн засгийн хөшүүргийг нь хааж буй хэрэг. Төрийн сургуулидад төрөөс баримталж байгаа бодлогыг эдийн засгийн өнцгөөр авч үзэхэд ийм дүр зураг харагдаж байгаа юм.  Одоо үүнтэй шууд холбоотой сургалтын чанарын асуудлыг товч хөндье.

Сургуулиуд аль болох их элсэлт авахыг чухалчилж буй учраас элсэлтийн шалгалтын босго оноог  доошлуулах, шалгалт авах тест гэх мэт хөнгөн хэлбэрүүдийг голлон хэрэглэдэг. Элсэлтийн шалгалт сул байх нь боловсролын зэрэглэлийн ач холбогдлыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Ном ёсоор бол шаардлага хангахуйц мэдлэг боловсролтой хэсэг нь л дараагийн буюу ахисан төвшинд суралцах эрх эдэлнэ. Гэтэл энэ зарчим Монголд хэдийнээ алдагдсан. Мөнгө төлж л чадаж байвал баклавар, магистрантур цаашлаад докторантурт ч суралцах боломжтой. Yүнд тухайн суралцагчийн мэдлэг чадвар гол биш болжээ. Мэдээж хэрэг элсэгчдийн чанарыг бус төлбөрийг нь гол болгосон учраас  төгсөлт их байлгах бодлого барьдаг. Идэвх султай оюутнуудыг шахах хяналтын механизм сул учраас оюутнуудын идэвхгүй байдал газар авдаг. Мөн идэвхтэй цөөнх хэсэгт чиглэсэн урамшуулал бага байдаг нь тэдний суралцах идэвхийг нь өрнүүлж чаддаггүй. Цаашлаад санхүүгийн бололцоо муу тул багш нарын цалин бага, хийсэн ажлыг нь урамшуулах механизм сул байдаг. Yүний уршгаар багшлах гэдэг нь багш нарын хувьд үндсэн ажил биш болдог. Багш нар арга буюу орлогын бусад эх үүсвэрт анхаарал тавих болдог байна. Бага төлбөр төлсөн оюутан бага зэргийн үйлчилгээ авч түүндээ сэтгэл ханадаг учир сургалтын чанарыг дээшлүүлэх талаар хяналт тавьж, шаардлагаа өндөрсгөх сонирхолгүй байдаг.

Төрийн сургуулиудын санхүүжилт нэгэнт хангалттай биш учир сургалтын чанарт анхаарал тавих ямар ч боломжгүй, сургуулиуд сургалтандаа нэмэлт хөрөнгө оруулж бараа үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэх боломж байхгүй ажээ. Ийм байдлаар төрийн сургуулиуд жил ирэх тутам уналтын байдал руу дөтөлнө. Yнэгүй учраас суралцагчид сурах сонирхолгүй, хяналтгүй, хяналтгүй сургалт чанаргүй, чанаргүй учраас нэр хүндгүй, ач холбогдолгүй бизнесийн сургалт зонхилдог, бизнес учраас аль болох бага зардлаар аль болох олон оюутныг төгсгөхөд чиглэнэ. Дүгнэвэл өнөөдөр төрийн өмчийн гэх их дээд сургуулиуд мухардлын байдалд орчихсон түүнээс гарах арга замыг нь төрөөс бодлогоор хаасан байдалтай байна. Энэ нь боловсролын салбарт сэдэл төрүүлэх бүтэц үгүй, нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэж чадахгүй, ерөнхийдөө боловсролын салбар маань нийгмийн хариуцлагагүй байгаа гэсэн үг юм.