Их сургуулийн удирдлагын шинэчлэл

A- A A+
Их сургуулийн удирдлагын шинэчлэл


 МУИС-ийн багш Др. Л. Мөнх-Эрдэнэ

МУИС-ийн 2005-2006 оны хичээлийн жилийн тайлангаас  үзвэл, их сургуулийн төсвийн орлого 5 754.1 сая төгрөг бөгөөд үүний 90.6 хувийг нь сургалтын төлбөр, есөн хувийг туслах үйл ажиллагааны орлого (туслах нэгж, курс дамжаа, түрээс гэх мэт.) бүрдүүлдэг ажээ. Үлдсэн 0.4 хувийг улсын төсвөөс олгосон нь МУИС-ийн харьяа лицей (үндсэндээ ерөнхий боловсролын сургууль) сургуулийн санхүүжилт байсан хэдий ч улс уг сургуулийн санхүүжилтийг даруй 11.5 сая төгрөгөөр тасалдуулсан аж. МУИС-ийн төсвийн үндсэн орлого болох сургалтын төлбөрийн орлогын 70.7 хувийг хувийн төлбөр, 29.3 хувийг сургалтын төрийн сангийн зээл тусламж бүрдүүлдэг байна. Төрийн сангийн зээл тусламж бол улсын төсвөөс МУИС-ийг санхүүжүүлж байгаа хэрэг гэхээсээ илүү оюутнууд, эцэг эхчүүдэд үзүүлж байгаа дэмжлэг, тусламж гэж МУИС-ийн захирал Ц. Ганцог тайландаа тэмдэглэжээ. Мөн хичээлийн жилд МУИС нийт төсвийнхөө 61.5 хувийг цалинд, 1.2 хувийг эрдэм шинжилгээнд зарцуулжээ. Эрдэм шинжилгээний зардлын төсөвт эзлэх хувь өмнөх хоёр хичээлийн жилтэй (2003-2004 оны хичээлийн жилд 2.9 хувь, 2004-2005-д 3.5 хувь) харьцуулбал буурсан байв. Үүнээс харахад, МУИС-ийн (улмаар Монголын их сургуулиуд) өмнө судалгааны их сургууль (research university) байх уу эсвэл сургалтын төв (training center) болж хувирах уу гэдэг асуудал тулгараад байгаа юм.

1990-ээд оны сүүлээр Монголын дээд боловсролын удирдлагын системийг өөрчлөхдөө корпорат соёл өндөр хөгжсөн АНУ-ын дээд боловсролын удирдлагын системийг механикаар хуулбарласан нь Монголын өнөөгийн нөхцөлд тохирохгүй байна гэж Эрдмийн зөвлөлийн зарим гишүүд үзэж байхад зарим нь Америкийн системийг хуулбарлахдаа зарим чухал процедурыг алдагдуулсанаас өнөөгийн байдал үүссэн гэж үзэж байв. Тэдний үзэж буйгаар дээрх өөрчлөлтийн улмаас МУИС нь ерөөс их сургууль түүний дотор судалгааны их сургууль гэж юу болохыг ойлгодоггүй улстөрийн үзэмжээр томилогдсон Удирдах зөвлөл, МУИС-ийн профессор багш нарын өмнө хариуцлага хүлээдэггүй, тайлагнадаггүй, хөшүүн хойрго, нэг хүний үзэмжээр бүрэлддэг захиргаатай болсон ажээ. Чухам дээрх өөрчлөлтөөр 1990-ээд оноос эхлэн МУИС-ийн өөрийн удирдлагын үндсэн институт болж байсан Эрдмийн зөвлөлийн эрх мэдлийг бууруулан зөвлөх эрхтэй болгосноор МУИС-ийн удирдлагад профессор багш нарын оролцоо үгүйсгэгдсэн ажээ.

Аливаа их сургуулийн санхүүжилт нь сургалтын төлбөр, хандив, өргөл, эрдэм шинжилгээний тэтгэлэг, патент, лиценз, роялтийн төлбөр, улсын төсвийн хуваарилалт зэргээс бүрэлдэж байдаг. Баруун Европын орнууд, Япон, Австралийг бодвол АНУ-д их сургуульд төрөөс өгөх санхүүжилт бага байдаг боловч 2000-2001 оны байдлаар АНУ-д бакалавраас дээш зэрэг олгодог улсын их сургуулиудын нийт орлогын 50.77 хувийг холбооны, мужийн болон орон нутгийн төсвийн санхүүжилт бүрдүүлсэн бол 18.06 хувийг сургалтын төлбөр, 25.32 хувийг эмнэлэг, туслах үйлдвэрлэл, боловсролын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааны орлого, үлдсэн 5.83 хувийг хандив, өргөл бүрдүүлж байна. Харин хувийн ашгийн бус их дээд сургуулиудын орлогын хувьд холбооны, мужийн болон орон нутгийн төсвийн хуваарилалт, тэтгэлэг болон гэрээт үйл ажиллагааны санхүүжилт 17.62 хувийг, сургалтын төлбөр 34.08 хувийг, хөрөнгө оруулалтын ашиг, эмнэлэг, туслах үйлдвэрлэл, боловсролын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааны орлого нь 34.68 хувийг, хувийн өргөл, хандив үлдсэн 13.60 хувийг бүрдүүлж байна.

Үүнээс үзвэл, их сургуулийн чанар, хөгжилд төрийн дэмжлэг асар чухал үүрэгтэй болох нь ойлгомжтой юм. Үнэндээ их сургуулийг дэмжих, чанарын хувьд ахих дэвших боломжийг бүрдүүлэх нь төрийн нийгэм, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг юм. Нөгөө талаар их сургуульгүйгээр шинэ мэдлэг, шинэ нээлт, шинэ техник, технологи, шинэ ажиллах хүч, шинэ соёлыг төсөөлөх боломжгүй бөгөөд чухам эдгээр нь эцсийн эцэст нийгмийн дэвшил, эдийн засгийн хөгжил болон хөрвүүлэгдэж байдаг билээ. Тиймээс их сургуулийг дэмжих нь ирээдүйдээ оруулж буй хамгийн шилдэг хөрөнгө оруулалт юм. Гэтэл Монголын төрөөс их сургуульд үнэн хэрэг дээрээ хөрөнгө оруулалт хийхгүй байгаа нь нийгмийн өмнө хүлээсэн үүргээ умартсан хэрэг төдийгүй чухамдаа ард түмнийхээ ирээдүйг боомилож байгаа харалган хэрэг юм.

Өндөр хөгжилтэй улс орнуудын их сургуулийн удирдлагын тогтолцоо улс орон бүхэнд төдийгүй их сургууль болгон өөр өөрийн онцлогтой харилцан адилгүй байдаг. Гэхдээ либерал ардчилсан дэглэмтэй орнуудын их сургуулиудыг Америк маягийн, Европ маягийн гэсэн хоёр үндсэн хэв маягт бүдүүвчлэн хувааж болох юм.
Британи, Герман, Франц, Япон зэрэг их сургуулийн өөрөө удирдах ёс маш хүчтэй хөгжсөн орнуудын их сургуулийн удирдлагын асуудал их сургуулийн дотоод асуудал байдаг. Сургуулийг удирдах асуудал нь багш-судлаачид, ажилтан, оюутануудын хэрэг гэсэн үг. Эдгээр орнуудад сургуулийн удирдах байгууллагууд нь ерөнхийдөө захирлын удирдсан захиргаа ба багш-судлаачдаас сонгогдсон эсвэл багш-судлаачдаас бүрэлдсэн сенат, консул, зөвлөл гэх мэтээр нэрлэгддэг “хууль тогтоох” байгууллага ба эдгээрээс тусдаа байгуулагддаг хяналтын хороо гэсэн байгууллагуудаас бүрэлддэг. Тухайлбал, энэ тогтолцоо хамгийн хүчтэй хөгжсөн Японы хувьд их сургуулиуд нь (Цукуба Их Сургуулиас бусад) өөрөө удирдах ёсны байгууллага байдаг бөгөөд их сургуулийн бүх үндсэн багш, ажилтнууд, зарим талаар оюутнууд оролцсон сонгуулиар их сургуулийн захирлыг сонгодог байхад, баруун Европын орнуудад багш-судлаачид нь их сургуулийнхаа зүйрлэвэл “парламентыг” сонгож, парламент нь их сургуулийнхаа “ерөнхий сайдаа” сонгодог ч байдаг. Үндсэндээ эдгээр орнуудад их сургуулийн удирдлага нь их сургуулийн хэрэг байдаг. Ер нь парламентын засаглал бэхжсэн Баруун Европ болон Япон зэрэг улс оронд их сургуулийн багш нарын өөрөө удирдах ёс ихээхэн хүчтэй хөгжсөн байдаг нь тухайн улс орнуудын улстөрийн дэглэмтэй ихээхэн зохилдсон шинжтэй байдаг.

Харин АНУ-ын их сургуулийн систем нь дээрх орнуудынхаас тун өөр. АНУ-ын аливаа их сургуулийн удирдлага нь удирдах зөвлөл (board of trustees, regents), захиргаа (administration), эрдмийн зөвлөл (senate, council, house) гэсэн гурван институтаас бүрэлдэх бөгөөд тэдгээрийн төлөөлөх субьект, байгуулагдах журам, хамаарах эрх, үүрэг нь ч өөр байдаг. Америкийн их сургуулийн удирдах зөвлөл, захиргаа, эрдмийн зөвлөлийг (яг ч эрдмийн зөвлөл биш, манай эрдмийн зөвлөл нь Францын их сургуулиудад байдаг Counseil Scientifique гэдэгтэй их төстэй байгууллага) орчин үеийн эрх зүйт төрийн гурван институттай адилтгах явдал байдаг. Тухайлбал, удирдах зөвлөлийг шүүх, захиргааг гүйцэтгэх, эрдмийн зөвлөлийг хууль тогтоох байгууллагатай зүйрлэх нь хамгийн түгээмэл зүйрлэл юм.

Америкийн их сургуулийн удирдлагын нэг чухал байгууллага нь удирдах зөвлөл. Хувийн сургуулийг үүсгэн байгуулагч-өмчлөгчийнх нь байгуулсан ихэвчлэн өөрөө өөрийгөө үргэлжлүүлэн байгуулдаг удирдах зөвлөл удирддаг. Удирдах зөвлөл нь өөрөө их сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг шууд эрхлэн явуулдаггүй. Харин эрдмийн зөвлөлийн зөвлөмжөөр захирлыг, дэд захирлуудынх нь хамт томилон их сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлүүлдэг байна. Учир нь, муж улс (улсын иргэд) өөрсдийн эрх мэдлийг удирдах зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа учир эрх ашгийн зөрчлийн тухай ойлголт үүсдэг. Өөрөөр хэлбэл, ямар байвал зөвлөл нь муж улсын иргэдийн тусын тулд үйлчлэх ёстой вэ гэдэг асуудал босч ирдэг байна. Үүний хамгийн гол шалгуур нь зөвлөлийн гишүүд эрх ашгийн зөрчилгүй байх явдал юм. Тийм ч учраас тэд эрх мэдлийг өөрсдөө шууд хэрэгжүүлдэггүй, харин өөрсдийн томилж байгуулсан захирлын тэргүүлсэн захиргаанд шилжүүлэн, түүгээр их сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгүүлж харин тэр захиргаагаа хянадаг байна. Ер нь Удирдах зөвлөлийн үндсэн үүрэг нь хяналтын үүрэг (fidusiary duty) байдаг ажээ.

Их сургуулийн удирдлага дахь өөр нэг чухал институт нь Эрдмийн зөвлөл юм. Эрдмийн зөвлөлийг дэд профессороос (буюу байнга ажиллах эрхтэй багш) хүндэт профессор хүртэлх бүх багш-судлаачид эсвэл тэдний сонгосон төлөөлөл бүрдүүлдэг бөгөөд гишүүд нь бүгд адил, тэгш эрх эдэлдэг. Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийг төлөөлж байдаг бол Эрдмийн зөвлөл нь багш-судлаачдыг буюу их сургуулийн академик цөмийг төлөөлж байдаг юм. Эрдмийн зөвлөл нь өөрийн дүрэм, зохион байгуулалт, эрх барих байгууллага, тодорхой хугацаагаар сонгогддог дарга, орлогч болон бусад албадтай байхын хамт чиглэлийн байнгын болон түр хороодоор үйл ажиллагаагаа зохион байгуулдаг бөгөөд академик асуудлуудыг шийдэх эрхтэйн дээр их сургуулийн амьдралын бусад асуудлаар их сургуулийн засаг захиргаатай зөвшилцдөг байна. Эрдмийн зөвлөл бол их сургуулийн удирдлагад багш-судлаачдын оролцоог бий болгож байгаа институт бөгөөд чухам түүний оролцооны үндсэн дээр их сургуульд хамтын удирдлагын зарчим хэрэгждэг байна.

Америкийн улсын их сургуулийн удирдлагыг Калифорнийн их сургуулийн жишээгээр авч үзвэл, Захирагчдын зөвлөл (Board of Regents) (манайхаар удирдах зөвлөл) нь 25 гишүүнтэйн 18-ыг нь муж улсын амбан захирагч томилдог бөгөөд тэд үндсэндээ их сургуулийг удирддаг. Үлдсэн 7 гишүүний 4 нь муж улсын сонгуульт албан тушаалтанууд бөгөөд зөвлөлийн хуралд тун ховор үзэгдэх exofficio гишүүд байдаг бол үлдсэний 2-ыг нь Калифорнийн их сургуулийн төгсөгчдийн холбооноос нэг жилийн хугацаатайгаар сонгодог ба 7 дахь гишүүн нь их сургуулийн захирал өөрөө байдаг байна. Захирагчдын зөвлөлийн 18 гишүүдийг амбан захирагч томилж байгаагийн учир нь тус их сургууль нь муж улсын өмч учир муж улсын олон нийтэд үйлчлэх ёстойд оршиж байгаа юм. Томилогддог 18 гишүүд нь 12 жилийн хугацаатайгаар томилогддог. Зөвлөлийн гишүүнийг дахин томилж болох ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсоноос бусад тохиолдолд огцруулж болдоггүй байна. 12 жилийн хугацаагаар томилдог ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон нөхцөлд л огцруулдагийн гол учир нь томилогдсон гишүүнийг томилсон амбан захирагчаас, улмаар улстөрөөс хараат бус байлгах ингэснээрээ их сургуулийг улстөрийн нөлөөнөөс ангид байлгаж академик эрх чөлөөг хангахад оршиж байгаа юм.

Захирагчдын зөвлөл нь Академик сенатын (Academic Senate) (манайхаар Эрдмийн зөвлөл) зөвлөмжтэйгөөр захирлыг томилох ба улмаар захирал, ба Академик Сенатын хорооны зөвлөмжөөр канцлеруудыг (бүрэлдэхүүн сургуулийн захирал) томилдог байна. Канцлерууд нь дэд захиралууд болон декануудыг, деканууд нь тэнхимийн эрхлэгчдийг холбогдох нэгжүүдийн болон бусад нэгжүүдээс оролцсон академик бүрэлдэхүүний зөвлөмж болон оролцоотойгоор томилдог байна. Мэдээж эдгээр томилолтуудтай холбоотой нилээд хэмжээний зөвшилцөл явагддаг ч эцсийн эцэст дээд эсвэл ахлах албан тушаалтан нь удаах албан тушаалтнаа томилдог бас огцруулж чаддаг байна. Гэхдээ аливаа томилолт нь тухайн нэгжүүдийн зөвлөмж, оролцоотойгоор хийгддэг нь энэ системийн чухал чанар бөгөөд үндсэндээ аливаа томилгоо зөвшилцлийн үндсэн дээр хийгддэг гэсэн үг юм. Энэ нь чухамдаа хамтарсан удирдлагын зарчим хэрэгжиж байгаагийн илэрхийлэл юм.

Их сургуулийн хамтарсан удирдлага гэдэг нь их сургууль бол ардчилсан байгууллага, их сургуулийн удирдлага ардчилсан зарчимаар хэрэгждэг гэсэн үг биш. Харин их сургууль нь ардчилал гэхээсээ мэдлэг чадварыг (merit) эрхэмлэдэг, шүтдэг тийм ч зарчмаар (meritocracy) ажилладаг байгууллага билээ.

МУИС-ийн дүрэм ёсоор МУИС-ийн удирдлага нь Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөл, Захирал болон түүний дэргэдэх Захиргааны зөвлөлөөс бүрэлддэг ажээ. Удирдах зөвлөл нь 17 гишүүнтэй байх бөгөөд 9-ийг нь (эдүгээ 11 байгаа) Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд томилж, багш нарын төлөөлөгч 4-5 (эдүгээ 4 байгаа) байхыг нь нийт багш, эрдэм шинжилгээний ажилтны 50хувь дээшхи ирцтэй хурлаас сонгож, оюутны төлөөлөгч 1 нь МУИС-ийн оюутны холбооны тэргүүн байх бөгөөд, төгсөгчдийн төлөөлөгч 2-3 (эдүгээ 3 байгаа) байхыг нь төгсөгчдийн холбооны зөвлөлийн хурлаас сонгодог ажээ. Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаатай томилож, сонгох ба жил бүр гуравны нэгийг нь өөрчилж болох ажээ.

Хууль, дүрэм ёсоор бол Удирдах зөвлөл нь “МУИС-ийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Засгийн газар буюу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөгч” учир үнэн хэрэг дээрээ зарчмын хувьд ч, практикийн хувьд ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хүнд сурталын нэг шат дамжлага төдийгүй, улстөрөөс шууд хараат байгууллага болж хувирсан байна. Энэ нь Америкийн системийг дуурайхдаа түүний мөн чанарыг ойлголгүйгээр механикаар хуулбарласны харгай юм. Зарчмын хувьд, нэгдүгээрт бид МУИС-ийг (түүнчлэн улсын/төрийн гэх бүх сургуулиуд) үүсгэн байгуулагч нь Монголын Засгийн газар ерөөс биш харин Монголын ард түмэн, олон нийт (public) гэж ойлгох ёстой бөгөөд тийм ч байх ёстой юм. Учир нь, МУИС-ийг барьж байгуулсан хөрөнгө нь Монголын ард түмнийх, зорилго нь Монголын ард түмэнд дээд боловсрол олгох явдал байсан бөгөөд энэ хэргийг Монголын ард түмний нэрийн өмнөөс зохион байгуулсан “компани” нь Засгийн газар юм. Тиймээс, МУИС бол Монголын ард түмний өмч бөгөөд Монголын ард түмэнд үйлчилж байх ёстой байгууллага болохоос Монголын төрийн өмч ерөөс биш юм. Тиймээс МУИС-ийн удирдах зөвлөл нь Монголын ард түмнийг төлөөлж, тэдний өмнөөс хөрөнгийг нь харж хандаж байх ёстой байгууллага юм. Харин Монголын төр нь Монголын ард түмний эрх мэдлийн төвлөрсөн илэрхийллийн хувьд Удирдах зөвлөлийн ард түмний төлөөллийг томилох үүрэг гүйцэтгэх ёстой юм (олон нийтийн радио телевизийн асуудалтай ижилхэн зарчим). Тиймээс, Удирдах зөвлөл нь Монголын ард түмнийг төлөөлж байх ёстой бөгөөд удирдах зөвлөлийн төрөөс томилогддог гишүүд нь Монголын ард түмнийг төлөөлж байгаа гэсэн ухамсартай байх ёстой юм.

Хоёрдугаарт, МУИС нь Монголын ард түмний өмч бөгөөд тэдний тусад үйлчилж байх ёстойн дээр эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага учир улстөрөөс хараат бус, түүнээс ангид байх ёстой юм. Гэтэл одоо үйлчилж байгаа хууль, дүрэм ёсоор МУИС-ийн удирдах зөвлөл нь улстөрөөс шууд хараат байгаа юм. Удирдах зөвлөлийн гишүүд нь 3 жилийн хугацаатайн дээр, жил тутам гуравны нэг нь өөрчлөгдөж байхын дээр, Удирдах зөвлөл нь МУИС-ийн захирал болон дэд захирлуудыг томилдоггүй байхад, МУИС-ийн захирал нь 4 жилийн хугацаатайгаар томилогддог бөгөөд 2 ч удаа улирах боломжтойн дээр дэд захирлуудаа өөрөө томилдог учир МУИС-ийн Удирдах зөвлөл нь МУИС-ийн захиргааг хянах, өөрийнхөө өмнө тайлагналтай байлгах үндсэн үүргээ ч биелүүлэх үндэс муутай төдийгүй, үнэндээ ёс төдий, хүнд суртлын нэг шат дамжлага болж хувирсан ажээ. Үндсэндээ МУИС-ийн Удирдах зөвлөлд МУИС-ийн Захиргааг хянах дадлага туршлага, эрх мэдлийн хөшүүргийн аль аль нь байхгүй, байх ч үндэсгүй юм. Зүй нь Удирдах зөвлөл нь МУИС-ийн захирлаас урт настай байж МУИС-ийн захирлыг, дээд захирлуудынх нь хамт томилдог байвал үндсэн үүргээ биелүүлэх үндэстэй болох юм.

Эцэст нь Удирдах зөвлөлийн гишүүд нь эрдэм шинжилгээ, боловсролын ач холбогдол түүнд их сургуулийн гүйцэтгэх үүргийг гүн гүнзгийгээр ойлгож, дэмжиж, санаа тавьж явдаг, их сургуулийн хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж чадахуйц бөгөөд чадна гэж өөртөө итгэдэг бизнес, худалдаа, үйлдвэрлэл, болон олон нийтийн салбарын алдар хүндтэй, нийгэм олон нийтийн өмнө өөрсдийн хүлээсэн эрхэм үүргээ (nobelesse oblige) гүн гүнзгий ухамсарласан хүмүүсээс бүрэлдсэн байх ёстой болохоос бус “шалдар бульдар” улстөрчдөөс бүрэлдэх ёсгүй юм.

Тиймээс МУИС-ийн удирдах зөвлөлийг (мөн их сургуулийн захирлыг) улстөрийн томилгоот албан тушаалтан болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд гуравхан жилийн хугацаатайгаар томилож байгааг практикийг өөрчлөх нь зүйтэй юм. Удирдах зөвлөлийг улстөрөөс хараат бус, бие даасан байхаар байгуулах боломжит, магадгүй оновчтой хувилбар нь түүнийг Монголын ард түмнээс сонгогддог, нам бус байж Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлдэгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч томилох явдал юм. Гэхдээ Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлийн гишүүдийн хараат бус байдлыг хангахын тулд тэднийг өөрийн эрх барих хугацаанаас (улиран сонгогдох хугацааг оруулаад) урт хугацаагаар магадгүй 12 жилээр томилдог байх хэрэгтэй юм. Чухам ингэж томилогдсон Удирдах зөвлөл МУИС-ийн захирлыг, дэд захирлуудынх нь хамт томилж байвал жинхэнэ ёсоор эрх, үүргээ хэрэгжүүлэх үндэстэй болох юм.  

МУИС-ийн удирдлагын өөр нэг байгууллага болох Эрдмийн зөвлөл нь нийт багш, эрдэм шинжилгээни ажилтаны 10 хувиас илүүгүй байх (эдүгээ 71 гишүүнтэй) бөгөөд эрдмийн зэрэг цолтой багш, ажилтаны эзлэх хувийг харгалзан захирлын зөвлөлөөс тогтоосон тооны дагуу эрдмийн зөвлөлд оруулах хүнийхээ нэрсийг факултет, сургуулиас гаргаж өгснийг нь МУИС-ийн захирал 2 жилийн хугацаатайгаар баталдаг ажээ. Эрдмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн даргатай байх бөгөөд МУИС-ийн захирал нь Эрдмийн зөвлөлийн дарга нь байж, эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилдог байна. МУИС-ийн захирал нь дээр өгүүлсэнчлэн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг төдийгүй Эрдмийн зөвлөлийн дүрмийг батлаж, хуралдааныг нь даргалдаг аж. Эрдмийн зөвлөлийн гишүүн нь Эрдмийн зөвлөлийн хуралд үг хэлэхийн тулд захирлаас зөвшөөрөл авах ёстой бөгөөд, Эрдмийн зөвлөлийн хурлаар ямар нэг асуудал хэлэлцүүлэх болбол гишүүдийн гуравны нэг хувийн дэмжлэгийг авах шаардлагатай бөгөөд дөрөвний гуравын дэмжлэгтэйгээр асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой ажээ.

Зүй нь МУИС-ийн Эрдмийн зөвлөл нь аливаа эрдэм шинжилгээ, сургалтын асуудлыг мэдэхийн зэрэгцээ их сургуулийн удирдлагад багш-судлаачдын оролцоог хангаж байх ёстой, их сургуулийн захиргаанаас хараат бус байж эрдэм шинжилгээ, сургалт, багш-судлаачдын эрх ашгийг үүднээс захиргааны аливаа шийдвэрийг хянаж, захиргаатай зөвшилцөн ажилдаг нэг ёсоор их сургуулийн парламент байх ёстой атал одоогийн дүрэм ёсоор их сургуулийн захиргаанд ноёлогдсон (гишүүдийн гуравны нэг нь захиргааны гишүүд бөгөөд дарга, нарийн бичиг нь захирлууд байгаа), түүний хавсрага болсон, ёслолын шинжтэй байгууллага болж хувирсан ажээ. Дүрэм ёсоор Эрдмийн зөвлөлийн гишүүд нь эрдмийн зэрэг цолтой, нэр хүндтэй эрдэмтэд байх ёстой учир Эрдмийн зөвлөл нь үнэн хэрэг дээрээ “ахмадуудын клуб” гэсэн үг бөгөөд (энэ жил дорвитой шинчилсэн “клуб” нь 71 гишүүнтэй бөгөөд 40-өөс доош насны гишүүн 9 байгаа аж) тэдгээр ахмадууд нь ихэвчлэн социализмын үед бэлтгэгдсэн “кадрууд” байдаг учир энэ клуб нь ахмадуудын төдийгүй бас ихээхэн хуучинсаг клуб юм.

Чухам ийм сулхан, ёс төдий Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлтэй байгаа нөхцөлд МУИС-ийн захирлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 4 жилийн хугацаатайгаар (2 удаа улирах боломжтой болдог) томилдог нь их сургуульд тайлагналгүй захиргаа бий болгохын зэрэгцээ, их сургуулийн захирлыг улстөрөөс тун хараат байдалд оруулж байгаа юм. Дээрээс нь их сургуулийн захирал нь дэд захирлуудаа өөрөө томилдог төдийгүй, тэнхимийн эрхлэгчдийг ч томилдог байдал нь их сургуулийн захиргааг ихээхэн төвлөрсөн, ил тод бус, үзэмжийн шинж чанартай болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Энэ бүхний улмаас их сургуультай холбоотой аливаа асуудлыг авч хэлэлцэхэд багш-судлаачдын оролцоо үгүйсгэгдэж, зөвхөн захирлын үзэмжээр томилогдсон захиргааны цөөхөн түшмэдүүд асуудлыг шийддэг байдалд хүрсэн ажээ. Нөгөө талаар захиргааны ажилтнууд нь дээд удирдлагадаа л тайлагнахаас бус Америкийн их сургуулиудынх шиг багш-судлаачдаас бүрэлдсэн зохих хороодын хөндлөнгийн хяналтад ордоггүй, багш-судлаачдын өмнө тайлагнадаггүй, ур чадвараа баталдаггүй учир захиргаа нь ил тод бусын дээр, ур чадвар багатай, нэр хүнд муутай гүйцэтгэгч албатуудын цуглуулга болж хувирсан гэхэд хилсдэхгүй юм.

Тиймээс МУИС-ийн удирдлагын тогтолцоог эрс өөрчлөх шаардлагатай бөгөөд үүнд дээр өгүүлсэн Америкийн их сургуулиудын хамтын удирдлагын үзэл санаа, зарчим сургамж болно гэдэгт эргэлзэхгүй байна.  Арван есдүгээр зуунд Америкт их сургууль гэж нэрлэчихээр юм бараг байхгүй байсан ч эдүгээ дэлхийн хамгийн аугаа 30 их сургуулийг сонго гэвэл дор хаяхад 20 нь Америкийн их сургуулиуд байх нь лавтай гэсэн Харвардын Их сургуульд олон жил декан явсан Хенри Росовскийн үгэнд хэн ч, хэзээ ч, хаана ч эргэлзэж байгаагүй гэдэг. Энэ амжилтын нэг түлхүүр нь их сургуулийн үдирдлагын боловсронгуй тогтолцоо гэдэг нь ойлгомжтой юм. Өнөөдөр Монголын их сургуулиудын өмнө “сургалтын төв” болж хувирах аюул нүүрлээд байгаа энэ цагт их сургуулиудад төрөөс санхүүгийн байнгын, тогтвортой, дорвитой дэмжлэг  үзүүлухийн дээр, удирдлагын тогтолцоог нь эрс өөрчлөхгүй л бол бидэнд бахархах юм үлдэхгүй л болов уу.