Брюс Албэртс: Шинжлэх ухаан зөвхөн үнэнийг хэлэх ёстой

A- A A+
Брюс Албэртс: Шинжлэх ухаан зөвхөн үнэнийг хэлэх ёстой

Н.Сарангэрэл
/Сэтгүүлч, ”Өнөөдөр” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга/

Нээлттэй нийгэм форум, Монголын Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулсан уулзалтын голлох илтгэлийг тавьсан Америкийн Үндэсний Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Брюс Албэртс ийн онцолсон юм. Түүний илтгэл “Хүн төрөлхтөний сайхан ирээдүйг шинжлэх ухааны чадавхиар байгуулах” нь сэдэвтэй байлаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэртэй эрдэмтэнтэй нүүр тулан уулзаж, санал бодлыг нь сонсох гэсэн монголчууд ярилцлага эхлэхээс нэлээд өмнө ирж суудлаа эзэлчихсэн байсан. Уулзалт ярилцлага элдэв оршил үггүйгээр шууд эхэлсэн юм. Тэр яриагаа шинжлэх ухааны нөлөөг хүн төрөлхтөний сайн сайхан ирээдүйн тулд хөгжүүлэх учиртай. Үүний тулд хүн бүр өөрийн боломжоор тус болох үүрэгтэй талаар тайлбарлаж эхэлсэн юм.

Шинжлэх ухааныг жирийн хүмүүс, өдөр тутмын амьдралаас огт хөндий, цөөн тооны элит хүрээнийхний дунд л хөгждөг гэсэн ойлголт хаа сайгүй байдаг аж. Америкчууд энэ ойлголтыг эвдэхийн тулд тодорхой бодлоготой ажиллаж байгаа. Үүний тулд хамгийн түрүүнд боловсролын салбарт шинжлэх ухааны нөлөөг өргөжүүлэхээр шийджээ. Тэд шинжлэх ухаан гэдэг хүмүүсийн амьдралаас ангид юм биш, түүнтэй хаана л бол хаана таарч болох энгийн зүйл гэдгийг таван настнуудад ойлгуулахаас ажлаа эхэлсэн байна. Гэхдээ шинжлэх ухааны холбоотой аливаа тоо баримтыг цээжлүүлэхээс зайлсхийж онолын бодитой мэдлэгийг амьдралд хэрэглэж чаддаг болгоход анхаардаг. Тэдэнд зориулж олон тооны сурах бичиг, сонирхолтой номыг олноор хэвлэн түгээхэд багагүй хэмжээний хөрөнгө зарж буй гэнэ. Энэ чиглэлээр ганц өөрийн оронд бус өөр хэд хэдэн оронд хамтарсан төсөл хэрэгжүүлээд, тодорхой аргачлал боловсруулаад эхэлчихсэн юм байна.

Шинжлэх ухааны ололттой талыг бизнес, аж үйлдвэрийн салбарт түлхүү ашиглахад анхаарч үр дүнг нь мэдэрч эхэлсэн нь сүүлийн жилүүдийн тун сайн мэдээний нэгд орно гэдгийг ноён Албэртс онцолж байсан. Үүний баталгаа нь Америкт эрдэм шинжилгээний байгууллага хувийн секторынхонтай нягт хамтран ажилладаг болсноор тайлбарлаж болох аж. Үүний үрээр суурь судалгаанд Засгийн газраас мөнгө өгөхгүй болохоор юу ч хийж чадахгүй байна гэсэн гомдол ч гарахаа больж. Гэхдээ аль ч улс орон, аль ч Засгийн үед үр дүн нь хурдан гарах хэрэглээний судалгааг түлхүүг шаарддаг. Америкт ч тийм. Гагцхүү үүнд нь тодорхой харьцаа барьж ажлаа зохицуулж чаддаг байх хэрэгтэйг жишээ гарган тайлбарласан.

Хорин нэгдүгээр зуунд шинжлэх ухааныг ямар зорилгоор хөгжүүлэх вэ? Тогтвортой шинжлэх ухаан хэлбэрээр хөгжүүлж, шинжлэх ухааны аливаа ололтыг өөрийн хэрэгцээнд зориулан ашиглаж сурах ёстой. Хэрэв ингэж чадвал зөвхөн шинжлэх ухааны шууд нөлөөгөөр хүн төрөлхтөний амьдрал, улс орны хөгжил 2050 он гэхэд одоогийнхоос мэдэгдэхүйц төвшинд хүртлээ хөгжих тухай эрдэмтдийн гаргасан судалгаа байдаг аж Чухам энэ ололтыг хэрхэн зөөвөрлөх, хэрэглэх тал дээр улс орон бүр өөрийн хөгжлийн түвшинд тааруулсан бодлого боловсруулах учиртай аж.

Энэ ярилцлагын хамгийн сонирхол татсан хэсэг нь эрдэмтэд Засгийн газрыг зөв шийдвэр гаргахад туслах үүрэг хүлээх тухай байсан. АНУ-ын Засгийн газар энэ тал дээр үлгэр болохуйцаар ажиллаж чаддаг бололтой. Тум Академийн жилд хийдэг 200 тайлангийнх 85 хувийг Засгийн газрын захиалгаар хийдэг байна. Гэхдээ үүнийхээ хариуд ямар нэг төлбөр авах ёсгүй хэмээн ноён Албэртсыг ярихад гайхах бас эргэлзэх хүн цөөн биш гарч байлаа. Тэдний сонирхлыг Засгийн газраас захиалсан ажлыг хийж өгсний хариуд яагаад мөнгө авах ёсгүй. Улстөрчдөд зориулан хийж байгаа энэ ажилд нь улс төрийн өөр нэг хүчний нөлөө орохгүй гэх баталгаа байдаг эсэх, мөн эрдэмтдийн гаргасан судалгаа дүгнэлтийг өөрт ашигтайгаар эргүүлэхийг улстөрчид хүсдэггүй гэж үү гэх мэт олон асуулт татаж байлаа. Үүнд ноён Б.Албэртс “Шинжлэх ухаан зөвхөн үнэнийг хэлдэг байх учиртай. Эрдэмтэд өөрийн судалгаа, дүгнэлтийг арай алсыг харж хийдэг. Үүнийг нь зөв ашиглаж чадвал улстөрчид улс орныг хөгжүүлэх алсын хараатай бодлого боловсруулах боломжтой. Бид өөрийн бие даасан байдлаа хадгалахын тулд Засгийн газраас тайлан хийж өгсний хариуд мөнгө авдаггүй. Хийсэн ажил, тайлангаа Засгийн газарт хүргүүлснийхээ дараа өөрийн вэб хуудсанд байрлуулж олон түмэнд нээлттэй болгодог. Иймээс улстөрчид эрдэмтдийн хийсэн зүйлийг өөрт ашигтайгаар буруу болгон тайлбарлах боломжгүй” гэж тайлбарласан.

Америкийн Үндэсний шинжлэх ухааны академи жилдээ 200 гаруй тайлан илтгэл гаргадаг. Үүнийх нь 85 хувийг Засгийн газрын захиалгаар хийдэг. Эрдэмтдийн хийсэн судалгаа, гаргасан дүгнэлт төр, засгийн гаргах аливаа шийдвэрт тусгалаа олдог аж. Тус академийн вэб сайтаас хийсэн тайлангийнх нь тухай үзэж болно. Үүнээс гадна энэ вэбд шинжлэх ухааны бүх чиглэлийн 3000 орчим номыг байрлуулсан гэнэ. Эндээс өөрт шаардлагатай материалаа чөлөөтэй авч хэрэглэх эрх дэлхийн 146 орны эрдэмтдэд нээлттэй аж. Мөн 15 мянган хувиар хэвлэгддэг “PNAS” сэтгүүлийг үнэ төлбөргүй уншиж бас ашиглаж болно гэсэн мэдээллийг ноён ерөнхийлөгч уулзалтынхаа үеэр өглөө.

Ноён Албэртсын илтгэлийн дараа уулзалтад оролцсон хүмүүс түүнээс сонирхсон асуултдаа хариулт авсан. Айлчлалын зорилгоо Мянганы сорилтын сангаас Монгол Улсын авах тусламжийн тодорхой хэсгийг шинжлэх ухаан, технологийг сайжруулахад зориулахад туслах, зөвлөх явдал гэж тодорхойлсон ноён Брюс Албэртсын илтгэлээс манайхан тун олон зүйлийг мэдэж авсан байх. Уулзалтын цагаар хязгаарлагдаагүй ярилцлага хүлээн авалтын үед ч үргэлжилж байсан юм.