Ядуу сэтгүүлчид яавал жудагтай байх бол...

A- A A+
Ядуу сэтгүүлчид яавал жудагтай байх бол...

Д.Гантуяа
(Сэтгүүлч)

“Сэтгүүлчид бид мөнгөнд уусчихсан байна, ядуу  байна. Өнөөдөр бидэнд 100 доллар өгөхөд л  захиалгаар бичдэг шүү дээ” гэж Монголын  чөлөөт гэгддэг ч хүмүүст шар хэвлэл хэмээн ойлгогддог сонинуудын нэг болох “Дээдсийн амьдрал” сонины сурвалжлагч Отгондаваа  “Сонгуулийг чөлөөтэй, шударга мэдээлэх нь” сэдэвт уулзалт дээр хэлсэн нь сэтгүүлчид захиалгаар бичдэг гэсэн аман яриаг анх удаа ил тодоор хүлээн зөвшөөрсөн явдал боллоо. Энэхүү уулзалтыг Соросын сангийн Нээлттэй Нийгэм Форум, Глоб интернэйшнл төрийн бус байгууллага,  Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран энэ оны гуравдугаар сарын 30-нд зохион байгуулав. Түүнийхээр энэ байдлыг сонин хэвлэлийн эздэд юуны өмнө ойлгуулах хэрэгтэй байгаа ажээ.

Сонгууль бол сэтгүүлчдийн үнэд ордог цаг үе юм хэмээн олон улсын сэтгүүлч Дашзэвэг хэлээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, эрхлэгч нарт хандан сонгуулийн үеэр сэтгүүлчид болон эздийн даган мөрдөх үзэл баримтлал гаргахыг уриалахыг санал болгов. Гэтэл сэтгүүлчдийн цэвэр мэргэжлийн гэж хэлж болох энэ асуудлаар бараг 10 жил ярьж байгаа ч одоог хүртэл зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогыг тодорхойлж буй хүмүүс буюу эрхлэгч, эзэд нь үгээ хэлэхгүй байна. Яагаад гэдэг нь ойлгомжтой хэмээн нэгэнтээ “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч байсан, сэтгүүлч Ц.Ганболд бас хэллээ. Түүний хэлсэн ойлгомжтой гэдэг энэ үгийн цаана Монгол дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн түвшин, тэнд ажиллагсдын санхүүгийн нөхцөл байдал, уг бизнесийн өөрийн өртөг, цаашилбал ёс суртахууны шалгуур гээд л обьектив болоод субьектив олон шалтгаан байгаа бололтой.

Ерөөс энэ уулзалтын үеэр эзэд, эрхлэгч нар гэсэн үг олонтаа сонсогдлоо. Шударга байя гэсэн сэтгүүлчдийн /нэн ялангуяа залуу сэтгүүлчдийн/ оролдлого эрхлэгч, эздийн өмнө арал цараараа дэндүү жижигдэнэ. Сонин, телевиз, радиогийн наана ярьж, бичиж байгаа нь эгэл сурвалжлагчид боловч цаана нь эрхлэгчдийн үнэн нүүр царай, үзэл бодол, итгэл үнэмшил байдаг хэмээн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Д.Цэнджав бас нотоллоо. Өнөөдөр Монголын сэтгүүл зүй нам, төрийн хяналтаас эрхлэгч, эздийн хяналтад орсон гэж тэрбээр үзэж байна. Сонгууль бол маш богино, ердөө л хоёр сар гаруй хугацааны тэмцэл юм. Энэхүү богино боловч асар хариуцлагатай сунгаанд хариуцсан радио, телевиз, сониныхоо нэр төрөөр бизнес хийж, эрэмдэг зэрэмдэг болгож үлдэх үү? Эсвэл энэ зөрчил дээр менежментийн уран гоё, ухаалаг тоглолт  хийж, өмнөхөөсөө илүү олон уншигч, үзэгчтэй, илүү хүч чадалтай, илүү нэр хүндтэй болж үлдэх үү гэдэг нь эрхлэгчдээс шалтгаална. Эрхлэгчид ард олны өмнө шалгуулах цаг ирлээ гэж тэрбээр сануулав.

Эндээс үзэхэд Монголын сэтгүүл зүйн хөгжил дээрээсээ доошоо  чиглэлтэй явагдаж байгаа аж. Энэ байдал зөвхөн манайд ажиглагдаж буй биш бололтой.  Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш Д.Батжаргалын хэлснээр Данийн Радиогийн нэвтрүүлгийн 80 хувь нь дээрээсээ доош чиглэсэн хандлагатай болсныг илтгэсэн судалгааны дүн байдаг байна. Тэгэхээр иргэний сэтгүүл зүйг жинхэнэ утгаар нь авч явах цаг болсныг тэрбээр онцолж байв. Иргэний сэтгүүл зүйн холбогдолтой нэвтрүүлэг, нийтлэлийг ажиглахад мэдээлэл нь дүн шинжилгээ хийх тал дээрээ ихээхэн учир дутагдалтай байгаа юм. Ялангуяа сонгуулийн үеэр сэтгүүлчид энэ төрөл дээр түлхүү анхаарах, тухайлбал иргэдэд юуны өмнө энэ сонгууль ямар үр дүн авчрах талаар болон нэр дэвшигчдийн амлалтыг ялгаж салгахад нь туслах мэдээллийг түгээх, мэдээлэл, сурталчилгааны тэнцвэрийг хадгалахад илүү анхаарах ёстой байна. Гэтэл өнгөрсөн сонгуулиар Монголын радиогийн эфирийн 17 цагийн 15 нь төлбөртэй сурталчилгаанд, ердөө л хоёрхон цаг нь иргэний сэтгүүл зүйд хамаарч байсан баримт байгаа ажээ. Цаашилбал сонгогчдыг санал өгүүлэх, саналаа дугуйлах, шилжих хөдөлгөөн, гадаадад байгаа сонгогчдын асуудал ч жижиг гэлтгүй чухал болохыг Батжаргал “Сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах вэ” илтгэлдээ дурдлаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн зэвсэг болж хувираад байна. Хэдийгээр сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл асар их үүрэг гүйцэтгэдэг боловч энэ нь тийм ч агуу биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй гэдгийг ахмад сэтгүүлчийн хувиар Монгол Улсын Соёлын гаъяат зүтгэлтэн Д.Цэвлээ анхааруулсан нь бас л бодууштай санаа байлаа. АНУ-д л гэхэд сонгуулийн үеэрх хэвлэлийн мэдээлэл, сурталчилгаа нь сонгогчдын саналын 10 хувьд нөлөөлдөг гэсэн тооцоо байдаг байна.  Сонгуулиар хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль нэг нам, улс төрийн хүчний ар тал, бааз, өмч болж, хоорондоо хагарч эхэлсэн нь сонгуулиас  хойш ч үргэлжилсээр дахин нэг сонгуультай золгох болжээ. Сэтгүүлчид аль нэг дарга, улс төрчдийн өмнөөс няцаалт хийж үгэн суманд өртөх төдийгүй “нударган зодоон” хийдгээсээ эрс татгалзаж дүгнэлтийг хийхийг тэрбээр зөвлөв.

Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал нь парламент дахь улс төрийн хүчнүүдийн харьцаанаас шууд хамааралтай байж болох талаар Конрад Аденаурын сангийн ажилтан Батмөнх сонирхолтой санаа хэлээд сэтгүүлчид сонгуулийн үеэр засаглал дахь улс төрийн хүчний тэнцвэртэй байдлыг хангах чиглэл рүү анхаарч ажиллах нь сэтгүүл зүйн цаашдын хөгжилд нөлөөлж болох юм гэв. Энэ нь сэтгүүлчдийг ёс зүйгүй юм бичихэд улс төрчид уруу татдаг тухай Д.Цэнджавын хэлсэнтэй утга нэг байлаа. Тэгэхээр сэтгүүлчдийг бусдын нөлөөнд автахгүй, асуудалд шударга, бодитой хандахыг хүссэн нийгмийн захиалга ямагт байдаг. Харин энэхүү захиалгад хариулт өгч чадах эсэхэд дүн тавихад хэдхэн сар үлджээ. Юутай ч хангалттай дүн авахад нь түлхэц болохуйц уриалга энэ уулзалтаас гарахаар болов. Тэр нь сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчмыг батлахаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сэтгүүлчдийн байгууллагууд нэгдэж ажиллах тухай санаа юм.

Ерөөс сүүлийн үеийн үйл явцаас ажиглаж байхад ёс зүйтэй холбоотой дүрэм бий болгоход Монголд лав л 10 орчим жил хэрэгтэй байдаг бололтой. Учир нь улс төрчид, парламентын гишүүд ёс зүйн дүрэмтэй болох гэж бараг 10 жил ярьж, энэ асуудлыг сонгуулийн өмнө шийдчих болов уу гэж өөрсдөө ч найдаж, лоббидож байгаа юм. Сэтгүүлчид ёс зүйн дүрмээ бас 10 жил ярьсны эцэст одоо түүнийгээ баталгаажуулах талаар мөн л өөр зуураа тохиролцож эхэллээ.  Гэхдээ ядуу сэтгүүлчид яавал жудагтай байх бол гэсэн асуулт сонгуультай сонгуульгүй нээлттэй хэвээр үлдэх бололтой. Үүнийг шийдэх хугацаа 10 жилээс бага байгаасай.