Х.Наранжаргал
(Брюссель хотноо төвтэй Олон Улсын Сэтгүүчдийн Холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүн)
2004 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр "Монголын нэг өдөр" сонины сурвалжлагч А.Эрдэнэтуяаг Эрүүгийн Хуулийн 111-р зүйлийн 2-р хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн шүүхээс гурван сар баривчлах ял ногдуулжээ. Энэ нь Монгол оронд чөлөөт хэвлэлийн тогтолцоо бий болж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулснаас хойш гарсан хоёр дахь тохиолдол юм. 2002 оны долдугаар сард "Үг" сонины эрхлэгч Б. Ханддолгорыг мөн зургаан сараар баричилсан билээ.
Сэтгүүлчид ардчилсан сэтгүүл зүйн зарчмынхаа хүрээнд нийгмийн хоточ нохой байж, олон нийтийн эрх ашигт үйлчлэх үндсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх явцдаа мэргэжлийн алдаа доголдол гаргадаг нь нууц бишээ. Гэвч энэхүү алдаа нь хэвлэлийн эрх чөлөөнд халдах арга хэрэглүүр болох вий гэдэгт эмзэглэж байна.
2000 оны 12 дугаар сарын 1-нд батлагдсан НҮБ-ын Тунхаг бичигт "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгал, санаа бодлын асуудал дэлхийн олон оронд хямралт байдалд ороод байна. Энэ нь сэтгүүлчид болон бусад хүнийг дайран давшлах /цагдан хянах/, гүтгэлэг, доромжлолын хатуу хуулиар хохироох гэсэн хоёр хэлбэрийн түгшүүрээр илэрч байна" гэсэн бөгөөд үүгээрээ "19-р зүйл " хэмээх Лондон хот дахь олон улсын байгууллагаас боловсруулсан "Гүтгэлгийг тодорхойлох нь. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр төрийг хамгаалах зарчмууд"-ыг батлан сайшаасан билээ. Энэхүү баримт бичигт "Гүтгэгдсэн хэмээх нэг талын гомдол, шаардлага нь эргэлзээтэй, нотлох баримт бүрэн бус бол хэнд ч гүтгэлгийн эсрэг хуулиар ял тулгаж болохгүй", "хорих, ял тэнсэх, аль нэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх, сэтгүүл зүйн болон бусад мэргэжлээр ажиллахыг түр түдгэлзүүлэх, хэтэрхий их торгууль ногдуулах буюу эрүүгийн бусад хатуу ял шийтгэл, хариуцлагыг гүтгэлгийн хэрэгт оногдуулж үл болно" хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Ийнхүү НҮБ Тунхаг бичгтээ өөрийн гишүүн орнуудад хандан "Эрүүгийн хуулиасаа гүтгэлэг, доромжлолын эсрэг заалтуудыг хасаж, Иргэний хуулиар зохицуулах"-ыг уриалсан билээ.
Гэтэл манай улсын 2002 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор гүтгэх, доромжлох заалтуудад "хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол" хэмээн онцлон оруулсан нь олон улсын хэм хэмжээнд үл нийцсэн, хэвлэлийн эрх чөлөөний зарчимд харшилж буй, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, эрх чөлөөг ноцтой хохироох нөхцөл бий болгосон алдаатай алхам юм. Энэ нь сэтгүүлчдийг авилгал, луйвар, шударга бус үйлдэл хийх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг шударгаар шүүмжлэх явцдаа өөрийгөө цагдан хянах (цензур), үнэнийг хэлэхээс айн бэргэх, бусдын дарамт шахалтад өртөх зэргээр хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэхэд саад тотгор учруулж эхэллээ. Эдгээр заалт нь сэтгүүлчдийг баривчлах, хорих, хууль хяналтын байгууллагад дуудаж байцаах зэрэгт ашиглагдаж эхэлсэн нь харамсалтай. Сүүлийн үед зөвхөн өдөр тутмын "Өдрийн сонин"-оос гэхэд найман сэтгүүлч бичиж нийтэлсэн зүйлийнхээ төлөө цагдаа, шүүхэд дуудагдсан хэрэг гарчээ.
Манай шүүхийн практиткт ийм хэргийг шийдвэрлэхдээ тухайн мэдээлэл тархсан цар хүрээ, арга хэлбэрийг ямагт харгалзан үздэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь гүтгэлэг, доромжлолтой холбоотой мэдээллийг тараахад ашигласан тийм арга хэлбэрийн нэг тул энэ заалтыг хүндрүүлж оруулах шаардлагагүй байсан билээ.
Монгол Улс ардчиллын жилүүдэд иргэдийн эрх чөлөөний тулгуур зарчмын нэг болох хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, хамгаалах, чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд үлэмж амжилт олсноор бид зүй ёсоор бахархдаг билээ. Түүхийн энэ богино хугацаанд чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн тогтолцоо Монгол Улсад бүрэлдэн тогтсон нь дэлхийн ардчиллын үйл явцтай хөл нийлүүлэн алхах бодитой нөхцлийг бүрдүүлсэн юм. Эрүүгийн шинэ хуульд "хуульд нийцсэн сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад хийвэл" эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт анх удаа орсон нь сэтгүүлчдийн эрхийг хамгаалахад туйлын дэвшилттэй зүйл болсонд бид талархаж байна. Энэ нь гагцхүү сэтгүүлчдийн бус олон нийтийн эрх чөлөөг хамгаалж буй чухал заалт юм.
Харин энэ ололт амжилтаа улам бататгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн болон Иргэний хуульд олон улсын хэм хэмжээнд нийцсэн зарим өөрчлөлтийг хийх нь шаардлагатай байна.
Манай Улсын нэгдэн орсон Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пактын 19 дүгээр зүйлээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, боломжтой бүхий л аргаар мэдээлэл хайх, олж авах, түгээх эрх чөлөөг баталгаажуулсан байдаг бөгөөд эдгээр нь дээр дурьдсан НҮБ-ын Тунхаг бичиг болон "Гүтгэлгийг тодорхойлох нь. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр төрийг хамгаалах зарчмууд"-ын гол үндэс, тулгуур болсон билээ.
Дээр дурдсан баримт бичгүүд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 10-р зүйлд заасанчлан баримталбал зохих "олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим" мөн гэж бид үзэж байна. Иймд Эрүүгийн болон Иргэний хуулийн зохих заалтуудыг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хор хохирол учруулахгүй байхаар өөрчлөн засварлах зайлшгүй шаардлагатай юм.
Ардчилал хөгжсөн орнуудын шүүх гүтгэлгийн эсрэг хэргийг авч үзэхдээ хязгаарлах зарчим баримталдаг байна. Улс төрч, нийгмийн зүтгэлтэн, өндөр албан тушаалтнуудын шүүмжлэлд өртөх хүрээ жирийн иргэдийнхийг бодвол өргөн, тэд мөн жирийн иргэдээс илүү эрх мэдэл эдэлж буй учир өөртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх нөхцөл боломж нь өргөн, нөлөө нь илүү гэж үздэг байна. Ийм учраас тэд сонголт хийхийнхээ өмнө олон нийт, хэвлэл мэдээллийн шүүмжлэлд хүлээцтэй, тэвчээртэй байх ёстой гэдгээ ухамсарладаг ажээ.
Иймд Монголын улс төрч, албан тушаалтны нэр төрийг чөлөөт хэвлэлийн үнэ цэнэ, ашиг сонирхолтой харьцуулан дэнсэлж, улс төрийн эр зориг гарган иргэний эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн ашиг тусын тулд зохих алхам хийх нь зүйтэй юм. Мөн мэргэжлийн эрхээ хамгаалж, хамтын хүчээр тэмцэх, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргжлийн ёс зүйгээ чандлан баримтлах нь Монгол оронд хэвлэл ийн эрх чөлөөг хамгаалан дээдлэхэд хамгаас чухал юм. Дээр дурдсан НҮБ-ын Тунхаглалд нэр төр, гүтгэлэгтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд хэвлэлийн өөрийн зохицуулалтын тогтолцоо хамгийн үр дүнтэй арга болохыг онцлон дурдсан байдаг. Харамсалтай нь манайд хэвлэлийн өөрийн зохицуулалтын аль ч хэлбэр бүрэлдэн тогтоогүй байна. Энэ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд өөрийн хэргийг дотооддоо өөрсдөө хянан шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэж, түүнд төр, засгийн эрх мэдэлтнүүд хутгалдан оролцож, сэтгүүлчдийн өмнөөс шийдвэр гаргадаг уламжлал тогтоож болзошгүй нь харамсалтай.
Миний тэргүүлэн ажилладаг "Глоб Интернэшнл" ТББ-аас "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, нэр төр, шүтгэлэг" төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүгийн болон Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Хуулийн төсөл, үзэл баримтлал боловсруулж, Хууль Зүй, Дотоод хэргийн Яамны ажлын хэсэгт хүргүүлсэн юм. Үүнийг эрх барьж буй намын удирдлага анхааралдаа авна гэдэгт найдаж байна. Сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдвөл нийгэм, иргэд хохирно.