Д.Гантуяа
(Улс төр судлаач, сэтгүүлч)
Томсгож харах
Монголын сэтгүүлчид улс төр, эдийн засгийн хувьд хараат байдалд байна. Тэд сонгуулийг мөнгө олох алтан боломж гэж боддог болсон нь өмнөх сонгуулийн үеэр олон түмэнд ил тод боллоо. Телевиз, сонинуудад аль нэг талыг барьсан, хэт өрөөсгөл мэдээ мэдээлэл зонхилж байлаа. Харин “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг” телевиз харьцангуй тэнцвэртэй мэдээ мэдээллийг түгээн, голч байр сууринаас хандсан гэж Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс 2000 оны парламентын сонгуулийн үеэр хийсэн мониторингийн судалгаанд тулгуурлан тус хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Д.Батжаргал энэ оны 11 дүгээр сарын 28-нд МННХ-ийн Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулсан “Сонгуулийн сурталчилгаанд хэвлэл, мэдээлийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт уулзалт ярилцлагын үеэр мэдэгдлээ. Энэ бол цаг үеэ олсон бодит мэдээллийг олон нийтэд хүргэж, зөв сонголт хийхэд нь сонгогчдод туслах үүргийг нийгмийн өмнө хүлээдэг сэтгүүлчдийн хувьд тэдний мэргэжлийн нэр хүндийг илт хөндсөн, ноцтой гэмээр үнэлгээ, мэдэгдэл байлаа. Гэтэл харьцангуй боломжийн үнэлгээ авсан гэгдэж буй “25 дугаар суваг” телевизийн захирал Д.Алтайгийн энэ уулзалт ярилцлага дээр хэлсэн үг түүнээс дутахгүй олны анхаарлыг татаж, багагүй цочролыг бий болгосон юм. Тэрбээр хэлэхдээ:
Чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг гэж ярьдаг. Гэтэл манайд тэр цаг үе нь ирээгүй байна. Өнөөдөр дөрөв дэх засаглал гэж ярих нь бараг үлгэр шиг л сонсогдож байна. Телевиз гэдэг өөрөө асар өндөр өртэгтэй бизнес учраас хүссэн хүсээгүй сонгуулийн үеэр аль нэг талыг барьсан, өөрөөр хэлбэл захиалагчийн хүсэл сонирхолыг илэрхийлсэн нэвтрүүлэг явуулахыг шаарддаг. Бусад нь цөм мөнгө авч нэвтрүүлэг явуулж байхад ганцаараа үгүй гээд зогсч байх нь бодит байдалтай нийцэхгүй байна. Сэтгүүлчдийг буруутгаж байна. Гэтэл яг тэдний байр сууринаас харахад ингэхээс өөр аргагүй байдалд амьдрал өөрөө шахаж байгаа юм. Мэдээлэл өнөөдөр зөвхөн нэг гарт төвлөрч байгаа ийм цаг үед сэтгүүлчдээс, цаашлаад Хэвлэл мэдээллийн хэрэгслээс үүргээ шударгаар гүйцэтгэхийг шаардах нь бас хийсвэр болоод байгаа юм. Ийм гунигтай ирээдүй л надад харагдаад байгаа юм гэж Д.Алтай мэдэгдлээ. Энэ бол харьцангуй тэнцвэртэй мэдээлэл явуулсан гэгдэж буй хүний амнаас гарч байгаа үг юм. Энэ бол тухайн цаг үед боломжийн түвшинд ажиллачихаад өнөөдөр өөртөө сэтгэл дундуур байгаа хүний үг юм. Өнөөгийн Монголын бодит байдал өөрөө ийм байгаа ажээ. Ерөөс зөвхөн сонгууль ч биш, улс төрийн хурцхан үйл явц, хоёр компанийн маргаан зөрчил зэрэг олон үйл явдал хэвлэл мэдээллийн салбар, тэнд ажиллагсдын мөнгө санхүүгийн бэрхшээлийг улам бүр илтгэсээр байгаа юм.
Тэр бас цааш нь хэлэхдээ “одоо дөрвөн радио, дөрвөн телевизид үндэсний хэмжээнд нэвтрүүлгээ цацах эрх олгоно гэж яриад л байгаа болохоос бүх мэдээлэл нь хаалттай. Тийм атлаа энэхүү эрхийг авах эзэд нь аль эрт тодорчихсон байгаа” гэж хэллээ. Түүний эрхэлдэг телевиз энэ тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн нь олон нийтэд тодорхой байгаа бөгөөд тендерийн дүн нь хараахан гараагүй байгаа юм. Тэгээд ч “25-дугаар суваг” телевиз техник, технологийн хувьд шинэчлэл хийх шаардлагыг тавьсан байгаа гэж албаны эх сурвалж нэгэнтээ мэдээлсэн нь бий. Түүний энэ хэлснийг “2003 онд бид нэгэн шинэ зүйлийг ухаарлаа. Энэ бол агаарын долгион буюу радио телевизийн өргөн нэвтрүүлгийн давтамж суваг ашиглах эрх юм. Агаарын долгион бол тухайн улс орны хязгаарлагдмал нөөц. Гэтэл түүнийг хэнд яаж олгодог нь тодорхойгүй. 2003 онд TV5, TV9 гээд лав л хоёр шинэ суваг гэнэт тэнгэрээс зарласан юм шиг буугаад ирсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооноос юу ч зарлаагүй” гэж “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн тойм” сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэнжав онцолсон нь нотлох шиг боллоо.
Д. Цэрэнжав “2004 оны сонгууль ба хэвлэл мэдээлийн тулгамдсан асуудал” сэдэвт илтгэлдээ “Монголд хэвлэл мэдээлэл гэдэг өөрөө хаалтай салбар юм. Улс төрч, дуучин, бөх, бизнес эрхлэгч гээд нэр алдартай хүмүүсийн амьдралыг юу ч үлдээлгүй мэдээлдэг, дэлгэдэг мөртлөө өөрөө хаалттай. Хэвлэл мэдээллийн бизнес, эзэмшлийн тухай зарладаг тогтолцоо байхгүй байна” гэж бас дурдлаа. Сонин хэвлэл, телевиз радио нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулах эрх олж авдаг. Тэдгээрийг хэн, ямар байгууллага, компани үүсгэн байгуулж санаачилсан тухай мэдээллийг тус яамнаас авах боломж нээлттэй бөгөөд шинээр эрх авсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн жагсаалтыг тус яам веб хуудсан дээрээ зарладаг. Харин тэрхүү үүсгэн байгуулагчдын цаадах санхүүжүүлэгчид хэн болох нь тодорхойгүй нууц хэвээр үлддэг, тэгээд ч хэвлэл мэдээллийнхэн өөрсдийнхөө тухай болон мэргэжил нэгтнийхээ эрхэлж буй сонин, телевизийн талаар олон нийтэд мэдээлдэггүй, өөр зуураа яриад л өнгөрдөг жишиг тогтоод байгааг тэрбээр ийнхүү анх удаа ил тод хөндсөн юм.
Энэхүү уулзалтаар олны анхаарлыг татсан өөр нэг чухал сэдэв бол хэвлэлийн эрх чөлөөг дэмжсэн болон сэтгүүлчдийн үйл ажиллагааг хориглосон заалт хоёрын санаанд багтамгүй тэгш бус харьцааны асуудал байлаа. “Хэвлэлийн эрх чөлөөг бататгасан хэрэгждэггүй ганц хууль байхад тэдний эсрэг 219 хуулийн заалт үйлчилж байгаа ийм орчин нөхцөлд сэтгүүлчдээс шударга мэдээллийг шаардах нь өөрөө шударга явдал мөн үү хэмээн “Нью Таймс Онлайн” сонины эрхлэгч Лутаа анхааруулсан юм.
“Сонгуулийн үеэр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” уулзалт ярилцлагын үеэр олон чухал санаа хөндөгдөж байсны зөвхөн гурвыг хөндөхөд нэг иймэрхүү дүр зураг ажиглагдаж байв. Хэвлэл мэдээлэл гэдэг өөрөө асар их өртэгтэй бизнес нь эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөл бололцоо одоог хүртэл бүрдээгүй байгаа нь уулзалтын үеэр санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийн ярианаас харагдаж байлаа. Томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэд, захирал, эрхлэгч нар нь бараг бүгд улс төрийн харьяалалтай, асуудлаа төр засаг, улс төрчидтэй далд механизмын аргаар хэлэлцэн тохиролцож шийдвэрлэдэг тухай олон шүүмжлэл үүнд холбогдох юм.
Уулзалтад хэвлэл мэдээллийн салбар, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч 70 орчим хүн оролцож, сонгуулийг тэнцвэртэй, үнэн зөв мэдээлэхэд сэтгүүлчдэд юу саад болж байна, сонгуулийн төлбөртэй сурталчилгаанд ямар нэг шаардлага тавигдах эсэх, цаашлаад нийгмийн эрх ашигт илүү сайн үйлчлэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран юу хийж болох зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан гол асуудлыг ил гаргав. Ер нь
Монголын хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудлыг шүүн хэлэлцдэг бүтэц, тогтолцоо илт үгүйлэгдэж байгааг энэхүү уулзалтын уур амьсгал түлхүү харуулав.