РТХЭГ-ын дарга Б.Ганболд: Энэ телевиз чинь төр, засгийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл шүү дээ

A- A A+
РТХЭГ-ын дарга Б.Ганболд: Энэ телевиз чинь төр, засгийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл шүү дээ

Б.Ганчимэг
(Сэтгүүлч)

МРТХЭГ-ын дарга
Б.Ганболд

Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Ганболдтой сэтгүүлч Б.Ганчимэг уулзаж, сүүлийн үед улс төрийн хүрээнд дэгдээд буй үйл явдлуудын талаар болон үндэсний радио телевизийн үйл ажиллагааны тухай илэн далангүй ярилцлага хийж “Өдрийн сонин”-д нийтлүүлжээ. Манай вэб сайт бодлогын асуудал буландаа “Мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байгаа бөгөөд Монгол дахь мэдээллийн хамгийн том эх сурвалж болох үндэсний радио, телевизийн талаар хийгдсэн энэхүү ярилцлагыг авторын зөвшөөрөлтэйгөөр товчлон толилуулж байна

Та бол монголын үндэсний хэмжээний цорын ганц том телевиз, радиог толгойлж байгаа хүн. Харамсалтай нь сөрөг асуултаар яриагаа эхлэх болох нь?
Яагаад заавал сөрөг байдаг билээ. За яахав хүссэнээрээ л бол.

Таныг үндэсний телевизийг улс төрийн зорилгод эрээ цээргүй ашиглаж байгаа. Нэг намын дуу хоолой болгочихлоо гэлцэж байна. Байдал яагаад ийм болчихов оо?
Тийм гэж үү. Хэрэв тийм бол гадуур чухам хэн яриад байгаа гэдэг нь бас сонин л доо. Мэдээж монгол телевиз бол эх орон даяар нэвтрүүлгээ цацаж байгаа цорын ганц том телевиз. Монголчууд монгол телевизийг л үзэж байна. Улаанбаатарт бол олон телевиз байгаа. Улаанбаатарын зарим хүмүүс л тэгж шүүмжилж байгаа болохоос хөдөө орон нутгаас ирж байгаа саналууд өөр байдаг л даа. Манайх долоо хоног болгон санал авдаг. Тэр саналаар бол монгол телевизийг муу гэж хэлдэггүй. Монгол телевизийг яагаад сонирхолгүй, нэг намын телевиз гэж яриад байгааг нь би өөрөө ч сайн ойлгохгүй байна. Хөдөө орон нутгийг илүү тусгадаг болохоор сонирхолгүй гэж байгаа юм болов уу. Тэгвэл уучлаарай, энэ чинь монгол орны амьдрал. Хөдөө аж төрж байгаагаар нь тэдэнд юу ч зориулахгүй байж болохгүй биз дээ.

Хөдөө орон нутгаас байнга санал авдаг гэж та хэллээ. Тэр чинь ямар шугамаар ирж байгаа, ямар хүмүүс хамрагдаж байгаа нь тодорхой бус юм. Аягүй бол танай намын л баахан гишүүд байгаа?
Тэгвэл би бас шулуухан хэлчихье. Үнэнийг хэлэхэд монгол телевиз рүү дайрч давшлаад байгаа тэр хүмүүс чинь нөгөө намын л хэдэн нөхдүүд байгаа шүү дээ. Өөр хэн ч биш. Ард түмэн нийтээрээ биш.

Ер нь ийм төрлийн шүүмж үеийн үед байсан зүйл үү. Эсвэл таныг эрх баригч намын нөлөө бүхий нэг гишүүн болохоор ингэж хараад байна уу?
Зөвхөн надтай холбоотойгоор монгол телевизийг улс төржсөн нүдээр харж шүүмжлээд байгаа юм бас биш байх. Энэ телевиз чинь төр засгийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл шүү дээ. Угаасаа төр засгийн дуу хоолой байсан. Одоо ч байгаа. Өмнөх засгийн газруудын үед, ардчилсан намыг төр барьж байхад тэр намын л дуу хоолой болж байсан биз дээ.

Төр засаг гэдэг бол өөр ойлголт. Энэ телевизийг хэтэрхий нэг намын болгочихлоо гэж яриад байгаа. Нэг намын?
Төр засгийг өнөөдөр МАХН барьж байгаа. Тэр бодлогоор явж байгаа. Эвслийнхнийг төрийн эрх барьж байхад ардчилсан намын л бодлого явж байсан. Тэгэхээр өөрийн эрхгүй нам гэдэг ойлголт чинь энэ рүү орж ирээд байгаа байхгүй юу. Төр засгийн мэдээлэл гарахаар л намын мэдээлэл явж байгаа юм шиг харагддаг. Яагаад гэвэл манайх чинь протоколный телевиз. Аливаа протоколный арга хэмжээнд төр засгийн тэргүүнүүд л ордог. Гэтэл тэр төр засгийн тэргүүнүүд нь аль нэгэн нам, улс төрийн хүчнийг төлөөлж байгаа хүмүүс байдаг. Тэд гарч ирээд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрээ ярихаар намаа яриад байгаа юм шиг сэтгэгдэл өгдөг. Их хэцүү л дээ. өнгөрсөн дөрвөн жил ч гэсэн ийм л байсан. Амаржаргал ерөнхий сайд байх үед Амаржаргал л гараад байлаа. Энхсайхан ерөнхий сайд байх үед Энхсайхан л ярьж байдаг байлаа. Эсвэл сангийн сайд Баабарын үйл ажиллагаа ч юм уу, Элбэгдоржийн үйл ажиллагаа л гардаг байсан шүү дээ. Харин яг намын асуудал гэж тусгайлан авч ярих гэж байгаа бол өнөөдөр жинхэнэ олон намын үзэл бодол тусгасан нэвтрүүлгүүдийг монгол телевиз л үзүүлж байгаа. Ингэж намуудын нэвтрүүлгүүд явдаг телевиз дэлхийд өөр хаана ч байхгүй. Би анх радио телевизийн хэрэг эрхлэх газрын (РТХЭГ)дарга болоод намуудын нэвтрүүлгүүдийг хаасан юм шүү дээ.

Намуудын цагийг хаах үеэр таныг сөрөг хүчнийхэн ам амандаа харааж байсан. Та яах гэж ийм шийдвэр гаргасан юм бэ ?
Харин би энэ телевизийг намуудын үзэлцэх талбар болгохгүй, намын телевиз болгохгүй гэж хаасан юм. Гэтэл яасан. Засгийн газарт асуудал тавиад л бөөн юм болж байж эргэж нээсэн биз дээ. Өнөөдөр намуудын нэвтрүүлгийг аваад үзье. Их хуралд дөрвөн нам байгаа. МАХН, Ардчилсан нам, “Эрэл”-ийн Эрдэнэбатын нам, Оюуны нам. Энэ дөрвөн нам дөрвүүлээ цагтай. Гэтэл нөгөө гурав нь одоо эвсэл болж байгаа. Тэдний цагууд нийлбэр дүнгээрээ МАХН-аас илүү байгаа. Бүр хамаагүй илүү. Энэ гурван нам чинь бараг нэг бодлоготой намууд. Тэр битгий хэл нэг нэгнийхээ цаг дээр нөгөө нь нэвтрүүлгээ цацчихдаг. Нэг гэрийн хүүхдүүд л гэсэн үг. Радио ч тийм байгаа. Жирийн үзэгч та нар бол энэ харьцааг мэдэхгүй байгаа шүү дээ.

Та мэргэжлийн хүний хувьд энэ хачин нэвтрүүлгүүдээс ичих юм уу. Ялангуяа өөрийнхөө МАХН-ын нэвтрүүлгүүдээс?
Яагаад заавал МАХН-ын гэж.

Яагаад гэвэл та бусдынхыг л яриад байна шүү дээ?
МАХН-ын нэвтрүүлгийн өмнөөс би ичих хэрэггүй. Яагаад гэвэл би түүнийг чинь бэлтгээгүй. Намынхан өөрсдөө л бэлтгэж өөрийнхөө цагаар гаргаж байгаа. Ер нь бол тодорхой хэмжээний цензур бий юу гэвэл бий. Харамсалтай нь бага зэрэг байдаг. Гэхдээ би үүнийг цэвэр төр засгийн эрх ашгийн үүднээс хийгдэж байгаа асуудал гэж бодож байгаа. Яагаад гэвэл нийгмийг бухимдуулахгүй, аль болох хооронд нь маргалдуулахгүй хэвийн барьж байх үүднээс намын нэвтрүүлгүүд л гарч байхаас өөр ямар нэгэн сөрөг хүчнийхэн гарч ирээд л төр засгийн бодлого шийдвэрийн эсрэг сэдвээр үндэснийх нь телевизээр хашгираад байвал энэ олон түмний чинь төр засагтаа итгэх итгэл нь алдарна биз дээ. Би бол тэгж бодож байна. Өнөөдөр жишээлбэл Баабар нь ч юм уу, Энхсайхан нь ч юм уу гарч ирээд л Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын урдуур ороод л яриад байвал хэн нь Ерөнхийлөгч, хэн нь Ерөнхий сайд нь мэдэгдэхээ байна биз дээ. Төр засгийн мэдэлд радио, телевиз байгаа цагт өнөөдөр эрх барьж байгаа төрийн тэргүүнүүд илүү гарах нь зүй ёсны хэрэг гэж би бодож байгаа. Мэдээж нөгөө намын лидерүүд гарч бололгүй яахав. Харамсалтай нь эд нар чинь гарахаараа л улс төржөөд, төр засгийн бодлого шийдвэрийг шүүмжлээд, үгүйсгээд хашгираад унадаг байхгүй юу.

Бусад нэвтрүүлгүүдийн тал дээр ч хэцүү зүйл зөндөө л яригддаг. Монгол телевизээр караоке л явж байх шив дээ. “Чандмань”, “Үдшийн хэмнэл” студээс бэлтгэж байгаа ганц хоёр нэвтрүүлэг, ММ-ийн мэдээллийн хөтөлбөрөөс өөр үзэх юм алга. Та үүнийг бас л хүлээн зөвшөөрөхгүй юу?
Зөвшөөрөх үү, зөвшөөрөхгүй юу гэж шууд тулгах чинь өөрөө их сонин асуудал шүү дээ. Зүгээр үүнийг тайлбарлаж бол болно. Тухайлбал би танаас эргээд асууя. Урд нь ямар нэвтрүүлэг байгаад бид түүнийг нь хаачихсан юм бэ. Ямар сайн нэвтрүүлэг байгаад тэр нь хаагдаж, хайчлагдаж алга болсон юм. Тийм, ийм нэвтрүүлэг гээд гаргаад хэлчих юм байхгүй л байгаа биз дээ. Өнөөдөр Монгол телевизийн барьж байгаа бодлого бол аль болох цэнгээнт, хөгжөөнт нэвтрүүлгүүдийг гаргах, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгүүдийг түлхүү оруулах байгаа. Нийгмийн талын нэвтрүүлгүүд, хүүхдийн, хөгжмийн нэвтрүүлгүүдийг илүү оруулах чиглэл барьж байна. Улс төрийн нэвтрүүлгүүдээс зугтах тийм хандлага баримталж байгаа. Гэтэл өөрийн эрхгүй протоколный нэвтрүүлгүүд гарах болдог. Яагаад гэвэл хуучин уламжлал нь тийм юм. Өнөөдөр Ерөнхийлөгчийн цаг гээд байж байгаа. Энэ бол огт хэрэггүй цаг. Засгийн газрын цаг гээд байж байгаа. Энэ бол огт хэрэггүй цаг. Их хурлын цаг гээд байна. Энэ бас шал хэрэггүй цаг. Хэрэв тусгай суваг гэж байгаад тэд нар нь гарч байдаг байсан бол өнөөдөр та бид хоёр ийм зүйл яриад сууж байхгүй байсан. Тэгж яривал өнөөдөр монгол телевиз шиг программтай телевиз монголдоо л лав байхгүй гэж би хэлж чадна. ....

...Дутагдал огт байхгүй юм байна?
Дутагдал байгаа юу гэвэл байгаа л даа.

Ямар?
Улс төрийн талаас сөрөг хүчнийг гаргадаггүй дутагдал бий. Гэвч сөрөг хүчин гарахаараа нийгмийн сэтгэл зүйг үймүүлээд байдаг юм л даа. Огт гаргадаггүй байх боломж байсангүй. Тийм болохоор тэд маань хэмжээтэй цагаараа, намынхаа нэвтрүүлгүүдээр гарсаар л байгаа. Уг нь ийм бохир зүйл хийж нийгмийг бухимдуулаад хэрэггүй л дээ.

Та өөрөө улс төрийн фигур юм уу, сэтгүүл зүйн фигур юм уу?...
...Яагаад би тодорхойгүй харагдаж байна гэж . РТХЭГ –ын дарга чинь улс төрийн албан тушаал шүү дээ. Аль ч төрийн үед тийм байсан. Мөнхтөрийн үед ч, Билэгтийн үед ч тийм л байгаа биз дээ. Билэгт санаачлагаараа МАХН-ын нэвтрүүлгүүдийг явуулж байсан юм уу.

Саяхан танай телевизээр АНУ-д ажиллаж байгаа сэтгүүлч Сарантуяагийн тухай нэвтрүүлэг гарлаа. Хөтөлсөн сэтгүүлч нь нэвтрүүлгийнхээ эхэнд бас төгсгөлд нь “би МАХН-ыг дэмждэг. Энэ хүн ардчиллыг дэмждэг” гэж хэлж байх юм. МАХН-д хайртай гэж хамаг хүчээрээ хашгирч байх нь даанч эмгэнэлтэй, бас өрөвдөлтэй байлаа. Та ямар нэг юм хэлээч. Сэтгүүлчид яагаад ийм болчихов оо ?
Улс төр өөрөө сэтгүүлчдийг хуваагаад авчихаж байна шүү дээ. Сэтгүүлчид хүсээгүй байж болно. Гэвч улс төр чинь өөрөө өөрийн эрхгүй ийм юм руу чангаагаад аваад ирж байгаа байхгүй юу. Сонингуудыг хүртэл хар л даа. Өнөөдөр шар сонинууд чөлөөтэй л гэж байна. Аль нэг хүчинд л үйлчлээд, мөнгө төгрөгийг нь аваад явцгааж байна шүү дээ. ...

Та бол мэргэжлийн хүн. Сэтгүүлчдээ улс төрөөс аврах талын бодлого явуулаач. Та өөрийн хүн шүү дээ?
Би чадах чинээгээрээ хичээдэг. Сэтгүүлчдээ улс төрийн тэр ховдог, муухай агаараас холхон авч явах гэж чадлаараа зүтгэдэг. Би сэтгүүлчидтэйгээ хамгийн ойр байдаг. Нэг ёсондоо дээр нь байгаа юм шиг боловч дунд нь, халуун цөм дээр нь ажиллаж амьдардаг гэж өөрийгөө боддог.

Ер нь Гүндалайгаар яагаад үг хэлүүлчихэж болдоггүй юм бол. Тэгвэл байдал ингэтлээ хурцадна гэж үү?
Харин яагаад хэлүүлчихэж болдоггүй юм бол. Би ч гэсэн тэгж боддог. Угаасаа үгээ хэлээд л явж байх хэрэгтэй ш дээ. ....Хэрвээ би мэддэг байсан бол тэр үгийг нь хэлүүлж л орхино....