Д.Нарантуяа
(Сэтгүүлч)
Өнгөрсөн 2003 онд гурван шинэ телевиз нэвтрүүлгээ цацаж эхэлсэн нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт гарсан томоохон өөрчлөлт юм. Хэдийгээр эдгээр шинэ телевиз одоогоор нэвтрүүлгээ зөвхөн нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд цацаж байгаа ч Дэд бүтцийн яамнаас зарласан Монголын Үндэсний телевизээс гадна гурван телевизэд орон даяар нэвтрүүлгээ цацах эрх өгөх тендерт багтана гэсэн найдвартайгаар буюу тооцоотойгоор үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь эдгээр шинэ телевизийн жинхэнэ эзэд хэн болох талаар хэвлэл мэдээллийнхэн болон ард иргэд өөр хоорондоо шивэр авир гэсээр байгаа билээ. Эзэн нь хэн байлаа ч Монголын хэвлэл мэдээллийн ам бүлд өрх нэмсэн мэргэжил нэгт нөхөддөө талархаж байгаагаа илэрхийлье.
Миний хувьд шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг мэдээллийн шинэ эх сурвалж гэдэг утгаар хүлээн авсан билээ. Харин өдөр өнгөрөх тусам миний анхны ойлголт улам бүдгэрч, нэг ижил өнгө аяс бүхий мэдээллийн хөтөлбөрүүдийг харахаар унтууцдаг боллоо. “Дулмаа минь байсан бол” гэдэг шиг өөрийн эрхгүй “Eagle байсан бол” гэдэг бодол төрөх болжээ. Энэ бодол ганц надад төрөөгүй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ дунд “25-р суваг” телевиз үүлэн чөлөөний нар мэт байгаа ч үүлэн чөлөөний нар гэдэг чинь юу билээ гэдгийг бид мэднэ шүү дээ. Нэг үгээр дүгнэн хэлэхэд тоон хувьсал гарснаас чанарын хувьсал гарсангүй.
Гэхдээ чанарын хувьслыг би зөвхөн шинэ телевизүүдийн мэдээллийн хөтөлбөрт хамааруулан хэлж байгаа юм. Мэдээллийн хөтөлбөрүүдэд ажиллаж байгаа сэтгүүлчид, тэднийг удирдан чиглүүлж байгаа хүмүүс нь мэргэжлийн сэтгүүлчид гэхээсээ илүү захиалгат ажилчдын үүрэг гүйцэтгэж байгаад бухимдаж байгаа юм. Тэд мэргэжлийн үүднээс мэдээгээ бэлтгэхдээ сэтгүүл зүйн бүхий л сургуулийн цагаан толгой болох “хэзээ, хаана, хэн, юу, хэрхэн яагаад” гэдэг асуултад хариулах биш харин хийж байгаа мэдээгээ хэнд зориулж, юу хэлэх хэрэгтэй вэ гэдэг “монгол зарчимд” тулгуурлаж байгаад харамсаж байна. Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг шиг дөрвөн жилийн давтамжтайгаар хэвлэл мэдээллийнхний эрх баригчдыг аялдан дагалддаг синдром хүчтэй илэрдэг үе дөхөж байгаа болохоор “монгол зарчим” сүүлийн үед илүүтэй мэдрэгдэж эхэлж байна. Нэн ялангуяа шинэ төрсөн телевизүүд энэхүү зарчмыг улам баяжуулж байгааг үзэгчид харж байгаа биз.
Усыг нь уувал ёсыг дагадаг учраас өдөр тутмын цаг наргүй ажлаа хийж байгаа сэтгүүлч нөхөддөө буруу өгөхийг хүсэхгүй байна. Санхүү болоод бодлогын хувьд бүрэн бие даасан, сэтгүүл зүйг бодит утгаар нь хөгжүүлье гэсэн чин эрмэлзэл бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөг болтол төрөхгүй байгаа нь хөдөлмөрөө худалдан амьдрахаас өөр аргагүй хэдэн зуун сэтгүүлч бидний азгүйнх үү?
Дэлхийн нэр хүндтэй том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үүссэн түүх нэг ижил байдаг, юу гэвэл үүсгэн байгуулагч нь хэн нэгэн баян хүн байж, тэр нь сэтгүүлчдэд чөлөөтэй, жинхэнэ утгаар ажиллах боломж олгон, эцсийн дүндээ үүсгэн байгуулагч ч ашгаа хүртэж, сэтгүүлчид ч хөдөлмөрийн үр шимээрээ амьдралаа аваад явах боломжтой болж, ард иргэд нь ч бодит мэдээлэл авах сувагтай болсон байдаг. Үр дүнд нийгэм бүхэлдээ оюун санаа, сэтгэлгээний хувьд мөнгөөр хэмжишгүй хөрөнгө оруулалтыг хүртэж хөгжлийн хувьд нэг алхам урагшлах алтан боломжийг олсон байдаг.
Монголд яагаад ийм байхгүй байна вэ? Үүнд дараах хариултууд байж болох юм. Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь анх байгуулагдахдаа л үүсгэн байгуулагчийн /эсвэл цаадах эздийн/ үзэл бодлыг дамжуулагч болох, тэдэнд ашигтай мэдээлэл түгээх зорилготойгоор байгуулагдаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалж байгаа явдал. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн бүтээлийн үнэлгээ маш доогуур байгаа явдал. Үнэлгээ доогуур байгаагаас ихэнх сэтгүүлчид зөвхөн хонины ээлж өнгөрөөх маягаар ажиллаж, “жинхэнэ бүтээл туурвих” хүсэл эрмэлзлэлийг өдөөдөггүй. Мөн үнэлгээ бага байгаагаас аль нэг байгууллага, эздэд харъяалагдахгүйгээр, бие даан сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж, бүтээлээ худалдан амьдрах боломж алга байна. Барууны хэмээн бидний ярьдаг орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “цөм мэдээ, нийтлэлийг” чухамхүү чөлөөт сэтгүүлчид буюу freelance гүйцэтгэж тухайн байгууллагад харъяалагдаж байгаа сэтгүүлчид нь урсгал гэж хэлж болохуйц мэдээ, нийтлэлээ бичдэг. Миний мэдэхийн чөлөөт сэтгүүлч гэдэг ойлголт Монголд дэлгэрч энэ чиглэлээр өөрсдийгөө ажиллаж байгаа хэмээн тодорхойлдог зарим хүмүүс байдаг ч тэдгээр сэтгүүлчдийн зүгээс өөрсдийгөө үнэлүүлэх талаар идэвхтэй ажиллаж чаддаггүй, нөгөө талаас тэдний хөдөлмөрийг үнэлэн худалдан авах хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй байна. Гуравдугаарт, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан багийг зохих утгаар нь ажиллуулж байгаа газар алга байна. Үнэхээр энэ нийгэмд буглаад байгаа идээ бээрийг шахах үүрэг гүйцэтгэх учиртай ийм багийг санхүүжүүлэх чадвартай хэвлэл мэдээллийн байгууллага ч алга, тийм сонирхолтой хөрөнгө оруулагч ч алга байна. Ийм эрэн сурвалжлах баг нь мэдээж өдөр тутам юмуу, эсвэл долоо хоногт төдөн материал бичих, нэвтрүүлэг хийх эрхлэгчийн даалгаваргүй, хэрэгтэй гэж үзвэл нэг сэдэв дээр хэдэн сар ч ажиллах, мэдээлэл цуглуулах үүрэгтэй, гагцхүү эцсийн бүтээгдэхүүн үнэхээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд багтаж байх ёстой.
Үүнээс өөр хариултууд ч бий байх, энэ талаар санал солилцоно гэж найдаж байна. Хамгийн гол нь Монголын хэвлэл мэдээлэлд ямарваа нэг “алсын хараагүй” хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг хэлэх гэсэн юм.
Сэтгүүлч Д.Нарантуяа “Монгол мессенжер” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилладаг.