Олон нийтийн радио, телевиз - нийгмийн захиалга

A- A A+
Олон нийтийн радио, телевиз - нийгмийн захиалга

Ш.Лхамноржмаа
(“Зууны мэдээ” сонины парламентын сурвалжлагч)

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Монголын радио, телевизийг олон нийтийн болгон өөрчлөх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх төлөвтэй байна. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн энэхүү төслийн үзэл баримтлалыг олон нийтэд хүргэх, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн саналыг хууль санаачлагчдад хүргэх, тэдэнтэй санал солилцох боломж олгох зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уулзалт ярилцлагыг хөтөлсөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын хэлснээр түүнийг Ерөнхийлөгч, парламентын гишүүн Б.Өвгөнхүүг Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга байхад буюу бараг арван жилийн өмнө ийм шийдвэр гаргах тухай ярьж байжээ. Тэрчлэн 1998 оны наймдугаар сарын 25 -нд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийг батлахдаа үндэсний радио, телевизийн асуудлыг тусгай хуулиар зохицуулахаар болсон юм. Гэхдээ дөрөвхөн заалттай энэ хуулинд заахдаа “Төрийн байгууллага өөрийн дэргэд хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэсэн атлаа Монголын төр өөрөө энэхүү хуулиа зөрчөөд даруй тав жил болж байгааг уулзалтад оролцогчид шүүмжилж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Өвгөнхүүгийн ярьснаар Монголд Олон нийтийн радио, телевиз байгуулах боломж хийгээд улс төрийн зориг байгаа бөгөөд уг хуулийн төслийг УИХ-д оруулж хэлэлцэе гэсэн чиг байгаа аж. Гарцаагүй хэлэлцэн батлах эсэхийг мэдэхгүй гэж тэрбээр хэлсэн юм. Ямар боловч олон чуулган дамжин хойшилсон радио, телевизийн хуулийг сонгуулийн өмнө хэлэлцэх сураг гарав.

Төр, засгийн байгууллагууд буюу ялсан нам, улс төрийн хүчин үндэсний радио, телевизийг өөрийн хяналт, мэдэлдээ байлгаж, дарамт, шахалт үзүүлдэг. Нөгөөтэйгүүр манайд үйл ажиллагаа явуулж буй бүх телевиз сенсаац хөөн олон нийтийн эрх ашгийг огоордог тул МҮТВ-ийг олон нийтийн болгох нь зүйтэй юм гэсэн байр суурь уулзалтыг тодорхойлж байсан хэдий ч нэг намаас бүрдсэн парламентын үед энэ хууль төрвөл эрх баригчдын эрх мэдлээс үндэсний радио, телевиз бүрэн салахад эргэлзээтэй хэмээн үзэж байлаа. Тэгэхээр 2004 онд шинээр байгуулагдах парламент анхныхаа хурлаар баталж болох юм гэсэн санал ч сонсогдож байв.

Олон нийтийн радио, телевиз бол нийгмийн захиалга юм. Бусад улсуудад, тухайлбал буурай хөгжилтэйд нь ч, хөгжингүйд нь ч олон нийтийн радио, телевиз гэж заавал байдаг байна. Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргилын тайлбарласнаар бол ийм мэдээллийн хэрэгсэл нь УИХ, Засгийн газар, аливаа нам хүчнээс бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн хувьд хараат бус үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд ил тод байх ёстой юм. Нэг үгээр хэлбэл арилжааны телевиз мөнгө олохын тулд нэвтрүүлэг хийдэг бол олон нийтийн телевиз олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн нэвтрүүлэг хийхийн төлөө ажиллаж мөнгө олдог байна. Энэхүү телевивизийг байгуулахад үүсч болох хүндрэлийн нэг нь санхүүгийн асуудал. Олон улсын жишгээс үзэхэд дийлэнх нь телевизийн хураамжаас санхүүждэг аж. Жишээ нь Японы NHK телевизийн санхүүгийн эх үүсвэрийн 98, Английн BBC телевизийн 82 хувийг телевиз хэрэглэгчдийн хураамжаас бүрдүүлдэг гэнэ. Манай улсын хувьд зурагт хэрэглэж буй хэрэглэгчид 200 мянга орчим байдаг гэсэн тооцоо байна. Сар болгон телевизийн хураамж гэж нэг айлаас 1100 төгрөг бөөн асуудал болж цуглуулдаг энэ татвар нь одоогийн МҮТВ-ийн санхүүжилтийн арван хэдэн хувьд ч хүрдэггүй байна. Нэгэнт МҮТВ-ийг олон нийтийн телевиз болговол төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй гэж зарим оролцогч үзэж байсан хэдий ч энэ бол зах зээлийн зарчмаар зохицуулагдах учиртай нь ойлгомжтой байлаа.

Тэрчлэн Олон нийтийн, радио телевизийг хэн удирдах, нийтлэлийн бодлогыг нь хэн зохицуулах вэ зэрэг олон асуудлыг уулзалтад оролцогчид хөндөж ярилаа.