Сайдыг хэн шүүмжлэх вэ?

A- A A+
Сайдыг хэн шүүмжлэх вэ?

Л.Болормаа

Агаарын цэнхэр долгион хэний өмч вэ? Сайдуудын мэдэлд байдаг юм болов уу? Тийм гэдгийг Yндэсний телевизийн «Цагийн хүрд» үлгэр жишээ нотолсоор байна. Yйл явдал бүрийн тухай мэдээлэл ганц талтай, дутуу дулимаг үлдэж, юу болсныг төгс ойлгохын тулд сувгаа солих ажил гарна. Гэвч суваг солиод ч нэмэргүй, баруун жигүүрт хашгирч байсан «Eagle» телевиз үгүй болсны дараа агаарын цэнхэр долгионд зүүний баримжаатай мэдээлэл давамгайллаа. Тэгвэл үнэнийг хэн дуулгаж, сайдын алдааг хэрхэн залруулах юм бэ? Сонгуулийн синдром талх тарианаас чухал болсон энэ өдрүүд Монголын сэтгүүлзүйн чансааг шүүж байна. Эсвэл баруун, үгүй бол зүүн хязгаарт дэвхцэх мэдээллийн туйлшрал мэргэжлийг маань басамжлах шалтаг болсоор. Мөнөөх «Цагийн хүрд»-ийн ням гаригийн хөтөлбөр «тоймчийн» гэсэн тодотголтой. «Тоймч» сайдад хэрхэн бялдуучилж буйг өнгөрсөн амралтын өдрийн үдэш сонсов. Дэлхий нийтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөөх байгууллага гэгддэг «19 дүгээр зүйл»-ийн тодорхойлсноор агаарын долгион ард нийтийн өмч. Дарга нарын ажлын тайланг дамжуулсаар байгаа телевизийн сэтгүүлчид олон нийтийн өмнө рейтингээ хэдийнэ унагаажээ.

Тэгвэл үйл явдлын нөгөө талд «хэлмэгдэгсдийн» нэртэй шинэ арми гараад ирлээ. Монголын сэтгүүлчдийг хэрхэн дарамтлан зовоож буй тухай хов олон улсын сэтгүүлчдийн төрөл бүрийн байгууллагын вэб сайтад түргэн шуурхай нэвтэрдгийг мэдэх үү? International Association of Broadcasting, International Journalist Institute, International PEN, International Press Institute... Дэлхийн мэргэжил нэгтнүүд маань яасан ч олон байгууллагад нэгддэг юм. Тэдгээрт Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай, харин сэтгүүлчдийн ёс зүйн кодгүй (энэ оны хоёрдугаар сард Чөлөөт сонины холбооныхон ийм зарчим баталсан тухай шинэ мэдээлэл хараахан ороогүй байх юм), ганц нэг сонин ажилтнуудынхаа баримтлах ёс зүйн кодыг баталсан гэх мэтээр тэмдэглэжээ. Харин эрх баригчдад дарамтлуулсан, хавчлага шахалт дор зүдэрч байгаа тухай үг өгүүлбэрүүд нүдний өмнө зурсхийх нь олон.

Эх нутагтаа тэвчих аргагүй дарамт шахалтад өртсөн, амь насанд нь аюул занал учирсан тохиолдолд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд олон улсын мэргэжлийн холбоодод ханддаг. Тэндээс өмгөөлөл, дэмжлэг эрэхийнхээ наана бид эндээ мэргэжлийн түвшинд ажиллаж чадсан эсэхээ эргэн харах цаг болжээ. Тод улаан цаасаар том гэгч зүрхний дүрс хайчилж самбарт наасан нэгэн лекцэд аз болж суусансан. Хариуцлагатай сэтгүүлзүй, хэвлэлийн эрх чөлөө энэ тэр гэх дэндүү ерөнхий, албархуу үгсийг бие биедээ бүү номлоорой. Жирийн хүний тухай бичээрэй. Түүний нүдээр амьдралыг хараач. Жагсаал цуглаан болж буйг тээр дээрээс хяламхийж, хөндлөнгийн үгээр бүү дамжуулаач. Олны дунд яваа эрийн нүдээр үйл явдлыг зураглаж, түүний бухимдлыг, ар гэрт нь хоцорсон гэргий, хүүхдийнх нь зовлонг давхар мэдэрч сураарай гэсэн тайлбар хэлээд мөнөөх багш зүрх өөд заалаа. Yзгээ шүүрч, үгээр дайтахынхаа өмнө тодхон улаан зүрх рүү хараад авахад илүүдэх юмгүй. Тэгсэн цагт сэтгүүлч сайдын амаар томорч бөмбөгдөхгүй, хувийн амьдралын хамгийн эмзэг хэсэг рүү хайхрамж хайргүй довтлохгүй.

Хорь дөнгөж шүргэсэн А.Эрдэнэтуяа торны цаана хэд хоног суув. Шүүх засаглал түүний зүрхийг мохоож, уран бүтээлийнх нь гараан дээр шоронгоор айлгажээ. Бүгдээрээ түүнийг ингэж өрөвдөж, өөрт нь хүн ёсоор хандаж байгааг мэдэрсэн болов уу. Тэгвэл «Монголын нэг өдөр» сонинд нийтлэгдсэн материал Д.Мөрөнгийн гэр бүлийнхэнд ямар сэтгэгдэл төрүүлсэн бол? Шоронгийн дүнсгэр камерт байх хугацаандаа ингэж тунгааж үзсэн эсэх нь сонин. Ер уншигчдад ямар ач холбогдол, тустай мэдээлэл билээ? Д.Мөрөн нууц хүүхэдтэй байх эсэх нь тийм чухал зүйл үү? Б.Клинтон Моника Левинскийд татагдсаныг олонх америкчууд үзэн ядаж хүлээн аваагүй шүү дээ. Төрийн түшээ өө сэвгүй, нэр төр өндөр байх учиртайг нийтлэлээрээ сануулах гэсэн юм бол том сэдвийг ул суурьтай нягтлан хөндөх хэрэгтэй юм биш үү. Хариугүйхэн халтуурдсан сэдэв гэнэт л өндөр аван дуулиан болж, Эрдэнэтуяад Монголын сэтгүүлзүйн дээд шагнал амлах шахав. Хямдхан сэтгүүлзүй, өнгөцхөн хийрхэлд нөгөө эрхэм гишүүн өөрөө хүртэл автаад, А.Эрдэнэтуяаг хамгаалах хэвлэлийн хурал зарлах дөхөж онигоонд орлоо.

Гүтгүүллээ, доромжлууллаа, нэр төрөө сэргээлгэнэ гэх гомдол жилээс жилд нэмэгдсээр байна. Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухай эрх зүйн маргаантай 31 хэргийг 1991 онд шүүх шийдвэрлэжээ. Yүнээс найман жилийн хойно ийм гомдол заргын тоо даруй 140 болж орхисон. Доод тал нь 250 мянга, хамгийн их нь 83 сая төгрөгийг сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагаас нэхэмжилсэн байх юм. Гомдол зарга ердийн явдал болж, хариуд нь шоронд орсон нэгнээ бид баатрын ёсоор шагнасаар он жилийг үдэх хэрэг үү? Монголын сэтгүүлчид хэрхэн дарамтлуулан зовж байгааг олон улсын байгууллагад ховлон зарлахаас өөр юу хийж чадах вэ?

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар эрх баригчид ярилцаж байх явцад ашиг сонирхлоо хамгаалан ярьж бичсэн сэтгүүлч тун цөөн. Хуулийн чангаллыг арьсан дээрээ мэдэрснийхээ дараа л ийш тийш гомдол бичиж, буруугаа цайруулах арга хэмжээ сэдэж эхэллээ. Нэг хэсэг нь улстөрчдийн гарын аясаар хөдөлж, нөгөө нь мэргэжлийн алдааг өөгшүүлж байх зуур ажиллах орчин маань улам төвөгтэй болсоор. Лондонд төвтэй «19-р зүйл» байгууллага Монгол Улсын хуулиудад задлан шинжилгээ хийгээд, Эрүү болон Иргэний хуулийн гүтгэлэг, нэр төрийн талаарх заалтуудыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэсэн тайлбарыг төгсгөлд нь зүүв. Энэ нь сэтгүүлч алдаа гаргавал зөөлөн шийтгэ гэсэн өмгөөлөл биш. Мэргэжлийн стандартын үнэлэмж аль ч нийгэмд зохих ёсоор бий.

Бидний бие биеэ урамшуулдаг шагнал гэдэг юусан билээ. Олон орны сэтгүүлчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж, өндөр шалгуурыг давсан сурвалжлагуудаараа нэр хүндтэй шагнал хүртэж байна. Мэргэжлийн үнэлэмж, стандарт маань тэдэнтэй харьцуулахад хаахна харагдах бол. Мэдээллийн эрх чөлөө гэж ер юу юм бэ? Энэ үг лав л их хүчтэй юм. МАХН 2000 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө «Сэтгүүлчдийг мэдээллийн эрх чөлөөгөөр хангана» хэмээн тэмдэглэсэн харагдана. Уг нь олон нийтийг мэдээллээр хангах тухай заалтыг дэлхийд түгээмэл хэрэглэдэг. Иргэдийн мэдээлэл хүртэх эрхийн тухай дурдалгүй зүгээр л сонгуулийн өмнө шоудаж, нөгөө хэдэн сэтгүүлчийг талдаа татахаар оруулсан өгүүлбэр.

Хэвлэлийн эрх чөлөө гэх лоозонгоор бүгд тоглож, мэргэжил нэгтнүүд маань ч түүнийг хоосон зарласаар. Хэрэв чи хэн нэгний «аманд багтахааргүй» хангалттай баримт цуглуулаад, үндэслэлтэй дуугарч чадвал хожим нь эрх чөлөөний цаасан малгай эрж сандрах шаардлага гарахгүй. «Муу сайн идэш шүүрдэг элээ бус, бүргэд шиг хурц харж, түүнийх шиг өндөрт хүр» гэсэн ишлэлийг дамжуулъя. Чанарын тухай ярих цаг ирснийг энэ үг илэрхийлж байна. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль тэртээ тэргүй бидний хувьд ёслолын параднаас ялгаагүй гоёл чимэг байсан. Монголын сэтгүүлчид чөлөөт хэвлэлийн арван хэдэн жилийн түүхийг хаалт хамгаалалтгүй, явган нүцгэн туулсаар өнөөдөртэй золгосон билээ.

Афганы сэтгүүлч Абдул Хамедийн хурц дайчин үгсийг таслах гэж түүнийг Кабулын төвд хутгалсан юм. Муса Мурадовын редакцийн хоёр сэтгүүлч Чеченьд алагдсан. Түүний эрхэлдэг «Грозневский рабочий» сонины редакцийн байрыг юу ч үгүй болтол бөмбөгдсөн. Одоо Мурадов Москвагаас бичиж байгаа. Гэхдээ үг нь мохоогүй, үнэнийг хэлсэн хэвээр. Эд бол 2003 оны Хэвлэлийн эрх чөлөөний төлөө CPJ-ийн шагналыг хүртсэн хүмүүс. Тэдний ижил халуун цэгт Монголын сэтгүүлчид ажиллаагүй. Гэхдээ мэдэхгүй чадахгүйн бэрхшээлийг өнгөрсөн арван хэдэн жилд туулан давсан байх юм. Энэ хугацаанд мэргэжлийн чансаа гэх ганц шүүгч сэтгүүлчийн хөдөлмөрийн буруу, зөвийг ялгаж ирсэн. Өнөө тэр хэмжүүр, өмгөөлөгч, яллагчийн үүргийг олон нийт гүйцэтгэж чадна. Тиймээс ч Эрүүгийн болон Иргэний хуулийн зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг хууль тогтоогчдоос шаардаж байна.

Сэтгүүлчдийг дайрсан жинхэнэ халдлага Монголд хараахан эхлээгүй. Улс төр, бизнесийн явцуу бүлэглэлүүд хүрээгээ тэлж, далд нууц явдлууд нэмэгдэх тусам, мөнгөний мөрөөр мөшгих бүрийд бидний ажиллах орчин халуун болно. Өнөөдөр сайдын хөлд сууж буй хүмүүс тэр битүү, бохир орчныг өөгшүүлэн цэцэглүүлэгчид, иргэн, төрийн хооронд гоёмсог бүтээлгээр далдалсан ваакум бий болгогсод юм.

«Бодит үнэнийг харуулсан хэмээн итгэн эдгээр зургийг хэвлэсэндээ уншигчдаасаа хүлцэл өчье» хэмээн Daily Mirror сонины зөвлөлийнхөн саяхан уучлал гуйсныг санаж байгаа биз ээ. Дэлхийн хэвлэлийн буурал түүхэн дэх анхдагчдын нэг Daily Mirror Засгийн газар, Ерөнхий сайдаас бус олон нийтээс хүлцэл өчсөн юм. Британийн армийн албан хаагчид Иракийн хоригдлуудыг хэрхэн тамлан даажигнаж байгааг харуулсан гэрэл зургийг эхний нүүртээ тавихдаа, Хатан хаан, Тони Блэйр хоёроос мэдээж зөвшөөрөл хүсээгүй. Хэрэв тэр зураг бодитой зүйл байсан бол Их Британийн үндэсний эрх ашгийг умартсан гэж Daily Mirror-ыг олон нийт шүүх байсан болов уу? Хэвлэлийн эрх чөлөөний тухай том яриа ийм мөчид л сонсогдох учиртай. Яг ийм тайлбараар л мөнөөх гутамшигт зургийг нийтэлснийг нь их британичууд уучлах байлаа.

Бие даасан, хараат бус үйл ажиллагааны өөр нэг илрэл бол ВВС-гийн жишээ. Түүнийг 1926 онд Хатан хааны зарлигаар үндэслэсэн гэдэг. Өнөөг хүртэл үйл ажиллагааных нь дүрмийг төр боловсруулж, Удирдах зөвлөлтэй нь гэрээ байгуулсан янзаараа. Тони Блэйрийн танхим ВВС-гийн ажилд хошуу нэмэрлэдэггүй гэж хэчнээн мэлзээд нэмэргүй. Хэдийгээр олон нийтээс авсан хураамжаар ВВС-г санхүүжүүлдэг ч Британийн төр, засгийн байнгын хяналт, шахалт дунд оршин тогтнодог. Тэглээ гээд ВВС доктор Келлигийн үхлийн шалтгааныг Засгийн газартай холбож буруутгахаас эмээгээгүй юм. «Цагийн хүрд»-ийн тоймчийн яриатай уг тохиолдлыг харьцуулаарай л даа. Том, жижиг улсад ялгаагүй мэргэжлийн үнэлэмж нэг л шалгууртай. Сайдыг та шүүмжилж чадах уу? Сайд таны бэлтгэсэн материалыг няцааж дийлэх үү? Нийтлэлийг тань үзэх гэж тэр эрхэм өглөөний шинэхэн дугаарын хуудсыг салганасан гараараа яаран эргүүлж суугаа бол сэтгүүлзүй үүргээ биелүүлж байгаа хэрэг.